sonin.mn
ВАРШАВ. /PAP/. Беларусьтай залгаа хил дээр үүссэн цагаачлалын хямрал олон сар, жилээр үргэлжлэхийг үгүйсгэхгүй гэж Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий мягмар гарагт парламентын гишүүдийн асуултад хариулахдаа мэдэгджээ.
 
 
 
“Бид Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн энэхүү өдөөн хатгалгатай олон сар, улирал, магадгүй олон жилийн турш тэмцэхийг үгүйсгэхгүй" гэж Моравецкий хэлсэн байна. 
 
 
 
Ойрхи Дорнод болон Африкийн орнуудын олон мянган дүрвэгч Польштой залгаа хил рүү хөдөллөө гэж Беларусийн Улсын хилийн хороо даваа гарагт мэдээлсэн байна. Орой нь тус байгууллагаас мэдээлэхдээ, хил орчимд дүрвэгсдийн нөхцөл байдал туйлын хүнд байгаа бөгөөд Польшийн аюулгүй байдлын албаныхан тэднийг нэвтрүүлэхгүй байгаагийн улмаас 2000 гаруй дүрвэгч, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүд хилийн шугам дээрх Польшийн өргөст торны өмнө гацаад байна, улмаар дүрвэгчид өргөст торыг давахыг оролдож байна гэж мэдэгджээ.
Харин Польшийн эрх баригчид Беларусьтай залгаа хилээр дүрвэгсэд хууль бусаар нэвтрэхийг оролдож байгаагийн улмаас зэвсэгт мөргөлдөөн гарахаас болгоомжилж байгаагаа мэдэгдсэн байна.Беларусьтай хил залган оршдог Литва, Латви, Польш улсууд хил дээр үүссэн цагаачлалын хямралд Минскийг буруутгаж байгаа юм. Сүүлийн үед Беларусьтай залгаа хил орчимд саатуулагдсан хууль бус цагаачдын тоо нэмэгдэх болсонтой холбоотойгоор Польшийн Ерөнхийлөгч тус улстай хил залгаа нутаг дэвсгэрт онц байдал тогтоож, хилийн хамгаалалтад цэрэг, цагдаа нарыг дайчилжээ.
Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко цаашид ЕХ-ны орнуудыг чиглэсэн хууль бус цагаачдын урсгалыг тогтоон барьж чадахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Барууны орнуудын хориг арга хэмжээний улмаас үүнд зарцуулах "мөнгө ч, хүч чадал ч алга" гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг