sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ANI/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Иракийн Ерөнхий сайд Мустафа аль-Казымигийн ордонд болсон халдлагыг зэмлэн буруушаагаад, гэм буруутай этгээдүүдэд шийтгэл хүлээлгэхийг ням гарагт уриалжээ.
 
 
 
Иракийн нийслэл Багдад хот дахь Ерөнхий сайдын ордонд тэсрэх бодис суурилуулсан дроноор халдсан явдал ням гарагт гарсан юм. Ерөнхий сайд хөнгөн бэртсэний улмаас эмнэлэгт хүргэгдсэн талаар “Al Arabiya” телевиз мэдээлсэн бол хожим нь М.Казыми эсэн мэнд байгаагаа “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Иракийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Ерөнхий сайдын аюулгүй байдлын албаны хэд хэдэн ажилтан шархадсан байна.
 
 
 
А.Гутерреш Иракийн Ерөнхий сайдын амь насанд халдахыг завдсан явдлыг эрс зэмлэн буруушаагаад, тайван, хүртээмжтэй яриа хэлэлцээ өрнүүлэх замаар санал зөрөлдөөнөө шийдвэрлэхийг улс төрийн хүчнүүдэд уриалсныг НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик уламжилжээ. Мөн АНУ, Египет, Ливан, Катар, АНЭУ, Кувейт, Франц, Украины эрх баригчид Иракт болсон халдлагыг зэмлэн буруушаасан мэдэгдэл хийсэн байна. 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг