sonin.mn
ЖЕНЕВ. /AFP/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ Энэтхэгт гарган авсан “Covaxin” вакциныг яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрлийг лхагва гарагт олголоо. Шинжээчдийн үзэж буйгаар, ядуу буурай орнуудад “COVID-19”-ийн вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ийнхүү шийдвэрлэсэн бололтой байна.
 
 
 
“Энэтхэгийн “Bharat Biotech” компанид гарган авсан энэхүү вакцин нь хоёр тунг хийлгэснээс нэг сарын дараах байдлаар 78 хувийн үр дүн үзүүлсэн бөгөөд хадгалах нөхцөлийн хувьд хялбар тул бага, дунд орлоготой орнуудад хэрэглэхэд ихээхэн тохиромжтой юм” гэж ДЭМБ мэдээлжээ.
 
 
 
“Covaxin” нь “COVID-19”-ийн эсрэг хамгийн сайн вакцинд тооцогдож буй “Pfizer/BioNTech”,  “Moderna” компанийн матрицын РНХ дээр суурилсан вакцинуудаас уламжлалт “идэвхгүй” технологийг ашигласнаараа ялгаатай байна. Энэхүү технологийг полиомиелит, улирлын томуу, галзуу өвчний эсрэг вакцинуудад олон арван жилийн турш хэрэглэсээр ирсэн юм.
Ийм вакцинуудыг тэгээс доош температурт хадгалах шаардлагатай матрицын РНХ дээр суурилсан вакцинуудтай харьцуулахад хадгалах нөхцөл нь хялбар байдгаараа давуу талтай бөгөөд энэ нь шаардлагатай тоног төхөөрөмж дутагдалтай байж болзошгүй ядуу буурай орнуудад тээвэрлэхэд хялбар гэсэн үг юм.
“Bharat Biotech”-ийн цахим хуудсанд бичсэнээр, “Covaxin”-ыг цельсийн 2-8 хэмд хадгалах боломжтой байна. “ДЭМБ энэхүү зөвшөөрлийг олгосноор энэтхэгчүүдийн хилийн чанадад зорчих нөхцөлийг хөнгөвчилж, вакцины хүртээмжийг тэгш байлгахад хувь нэмрээ оруулж байна” гэж Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субрахманьям Жайшанкар мэдэгджээ.
Ингэснээр “Covaxin” нь ДЭМБ-ын яаралтай журмаар хэрэглэхийг зөвшөөрсөн “COVID-19”-ийн вакцинуудын жагсаалтад орсон найм дахь вакцин болж байна. Өмнө нь тус байгууллага “Pfizer/BioNTech”, “Moderna”, “AstraZeneca”, “Johnson & Johnson”, “Sinopharm”, “Sinovac”-ийн вакцинуудад зөвшөөрөл олгосон билээ.  
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг