sonin.mn
Зам, гүүрийн тухай буюу Монголын авто замын салбарын түүхийг ярихад хамгийн эхэнд ой тойнд буудаг хүн бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Намбарын Лхагвадорж юм. Автозам хэмээх улсын хөгжил, дэд бүтэцдээ хэрхэн анхааран ажиллаж байгааг харуулдаг том салбараас 92 жилийн хугацаанд гурван баатар төрсний хоёр дахь нь Н.Лхагвадорж. Тэрбээр авто замын салбараас төрсөн анхны Хөдөлмөрийн баатар  Дашжамцын Базаргүрийн шавь юм. Ийн Авто замчдын өдрийг тохиолдуулан  түүнийг “Амьдралын тойрог” буландаа урилаа.
 
САЛБАРТАА ҮНЭНЧ ЗҮТГЭСЭН 51 ЖИЛ
 
Бүхэл бүтэн 100 жил хорвоогийн тоосыг хөдөлгөж амьдрах хувь олон хүнд тохиодоггүй. Тиймдээ ч монголчууд нэгнээ “100 насалж зургаадай таяг тулаарай” хэмээн ерөөж, 100 настнуудаа ихэд хүндлэн дээдэлдэг уламжлал өдгөө ч хэвээрээ. Тэр дундаа сонгосон мэргэжил, салбартаа амьдралынхаа 50 гаруй жилийг зарцуулна гэдэг бас л ховор завшаан, нөр их хөдөлмөр, тууштай байдал шаарддаг. Зам, гүүрийн барилга трестийн  гүүр барилгын ангийнхан Монголын анхны төмөр бетон гүүр болох Зайсангийн гүүрийг барьснаас хойш буюу гүүрийн салбар үүсч хөгжсөний 57 жил тохиож байна. Тэгвэл бидний нийтлэлийн эзэн Монголын авто замын салбарыг хөгжүүлэхэд хүч хөдөлмөрөө зориулан, олон төмөр бетон гүүрийг барьж байгуулахад хичээл зүтгэл, санаачлага гарган 51 дэх жилдээ ажиллаж байна. Тиймээс Монголын гүүрийн салбарын үүсэл, уналт, сэргэлт, өсөлт хөгжлийг хамгийн сайн мэдэх хүн нь Н.Лхагвадорж юм.
Тэрбээр долдугаар ангиа төгсөөд ЗХУ-ын Техник мэргэжлийн сургуульд хоёр жил суралцаж 1970 онд төгсөөд Зам, гүүрийн барилга трестийн гүүр барилгын ангид анх мужаанаар орж байв. Энэ хугацаандаа ажлынхаа хажуугаар оройгоор 10 дугаар анги, эчнээгээр одоогийн  ШУТИС-ийн хүнд машин механизмын механик инженерийн ангийг төгсжээ. Ийн өсөж дэвшиж, ур чадвар, мэдлэгээ нэмэгдүүлсээр 29 жил бригадын даргаар ажиллахдаа  автозамын салбарт анхны аж ахуйн тооцоотой бригад, Хөдөлмөр зохион байгуулалт, урамшууллын бригадыг байгуулан салбартаа шинийг санаачлан ажилласан юм. Энэ хөдөлмөр, хичээл зүтгэл, ажилдаа зориулсан чин сэтгэл, ур чадварыг нь үнэлэн түүнийг 2005 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатраар шагнасан билээ. Мөн тэрбээр салбарынхаа тэргүүний инженэрээр гурван удаа шалгарч байсан юм.
Ардчилсан хувьсгалын дараахан 1991 онд гүүрийн байгууллага таван салбар болж хувьчлагдсанаас өдгөө хүртэл үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа ганц нь Н.Лхагвадоржийн ажиллаж байгаа “Гангүүр” компани юм. Бетон гүүрээрээ салбартаа тэргүүлэгч тус компанийн үндэс суурь Монголд гүүрийн салбар хөгжсөнтэй салшгүй холбоотой билээ. Тэд Оросын  мэргэжилтнүүдтэй хамтран 1964 онд Улаанбаатарт анхны  бетон гүүрийг барьж байсан бол өдгөө нийслэлээс гадна хөдөө орон нутагт олон гүүрийг барьж, ашиглалтад оруулж, эх орны хөгжил дэвшилд өнгө нэмсээр л байна.
 
Тэрбээр Монголын авто замын салбарыг хөгжүүлэхэд хүч хөдөлмөрөө зориулан, олон төмөр бетон гүүрийг барьж байгуулахад хичээл зүтгэл, санаачлага гарган 51 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хөдөлмөр, хичээл зүтгэл, ажилдаа зориулсан чин сэтгэл, ур чадварыг нь үнэлэн түүнийг 2005 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатраар шагнасан билээ.
 
“1990-ЭЭД ОНД 200 МЕТР ГҮҮРИЙГ 3-4 ЖИЛ БАРЬДАГ БАЙВ”
 
“Анх 1990-ээд онд 200 метр гүүрийг 3-4 жил барьдаг бол байсан бол одоо нэг жилийн хугацаанд барьж байгаа нь манай улсын гүүрийн салбар хэрхэн хөгжсөний илрэл юм. Энэ нь техник технологи, тоног төхөөрөмж сайжирсантай холбоотой. Учир нь 2000 он хүртэл гүүр барих ихэнх ажиллагаа гар байсан учир бүтээгдэхүүний хэвээ банзаар хийгээд нимгэн төмрөөр өнгөлдөг байжээ. Энэ үед гүүрэнд худган суурь хийдэг байсан бол одоо өрөмдмөл суурь хийж гүүрийн нэвтрэх чадвар,  даацыг сайжруулан ажиллаж байгаа” гэж Н.Лхагвадорж инженер ярилаа. Тухайлбал, 80-120 тоннын даацтай машинууд гүүрэн дээгүүр явдаг болсонтой холбогдуулан хийц нь өөрчлөгджээ.
Энэ тухайгаа Н.Лхагвадорж “1990-ээс 2003 он хүртэл эдийн засаг хэцүү байсан  ч эзэмшсэн мэргэжилдээ үнэнч явлаа. Салбараа орхилгүй, гүүрээ барья, салбараа хөл дээр нь тогтооё гэсээр өдгөө хүрлээ. Харахад бүгд нэг ижил мэт боловч гүүр болгоны зураг төсөл, хийц нь өөр. Гүүрийн чанар ажилчдын ур чадвараас шалтгаалдаг. Усан дотор усны ая харж бид ажлаа хийдэг. Гол, мөрөнтэй үзэсгэлэнт байгальд ажилладаг нь гүүрийн салбарын хамгийн сайхан нь. Хүний ажиллах чадварыг шалгадаг салбар бол гүүр. ОХУ-ын Техник мэргэжлийн сургуулийг 19-үүлээ төгснөөс 11 нь гүүрийн ангид хуваарилагдсан. Бид төгсөж ирээд Тэрэлжийн модон гүүрэн дээр ажиллахдаа уулнаас модоо авчраад бэлтгээд цавчаад боловсруулаад бүх явцыг өөрсдөө гардан гүйцэтгэж гүүрээ барьдаг байсан. Өмнө нь 3-4 жил нэг гүүртэй “ноцолддог” байсан бол одоо жилд 1-2 гүүр барьдаг. Сүүлийн гурван жил Хэнтий аймагт ажиллаж, гурван гүүр ашиглалтад орууллаа” гэв. Түүнийг хүүхэд байх үед манай улс долдугаар анги төгссөн хүүхдүүдийг мужаан, гагнуурчин,өрлөгчнөөр Орост хоёр жил сургадаг байв. Тэд үйлдвэрүүдэд шинэ, залуу чадварлаг ажиллах хүчин болон төгсөж ирдэг байжээ. 
 
ГҮҮРЭЭ БАРЬЖ ДУУСГАН ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ НЬ ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ МӨЧ
 
Улаанбаатар дахь Дамбадаржаа, Гацуурт, Гурвалжингийн гүүр болон Сонсголонгийн гүүрнээс эхлээд олон гүүрийг “Гангүүр” компани барьж, Н.Лхагвадорж инженер биечлэн оролцсон юм. Тэрбээр баруун гурван аймгаас бусад 18 аймагт очиж гүүр барьсан бөгөөд зарим аймагт түүний барьсан 4-5 гүүр бий. Эдгээрээс Булган аймгийн Тэшиг сум дахь  380 метр гүүр нь Монголын хамгийн урт гүүрт тооцогддог аж.
Энэ тухайгаа “Хаана ч очсон барьсан гүүртэйгээ таардаг. Гүүрэн дээгүүрээ явахад энэ гүүрийг барихад тийм  зүйл тохиолдож байлаа гэсэн дурсамжууд санаанд орж ирдэг. Хамгийн сүүлд Хэнтий аймгийн Биндэр сумын 209 метр гүүрийг наймдугаар сард ашиглалтад өглөө.Хоёр жил бороо их орсон тул ус ихтэй байсан. Усыг давах,  шилжүүлэх гээд бидний ажил нэлээд сунжирсан. Гүүрийг барихад их төлөвлөлт шаарддаг. Даац, усны түвшин, цаг агаарын байдал гэсэн олон зүйлийг нарийн тооцоолдог. Гэхдээ нэг гүүр барьж дуусгаж улсын комисст өгчхөөд хамт олонтой ярилцаад сууж байхдаа маш их аз жаргалтай байдаг. Одоо Дарханы гурван жижиг гүүрэн дээр ажиллаж байна. Ер нь  тендэрт шалгарч байгаа компаниуддаа зэрэглэл тогтоох хэрэгтэй. Сайн компаниудаа дэмжиж ажиллах нь чухал. Гүүрийн ажил тасралтгүй үргэлжилж байх ёстой” гэж ярилаа.
 
“Хавар гараад намар гэртээ ирдэг. Энэ нь залуучуудад ажиллахад хүнд байдаг болов уу. Миний хувьд хөдөө явахад гэр бүлээрээ явдаг учир бие биедээ түшигтэй амар байдаг” гэж Н.Лхагвадорж ярилаа.
 
АЖИЛЛАХ ХҮЧНЭЭР “ЦАНГАЖ” БАЙНА
 
Гүүрийн салбарын хүчин чадал, хөрөнгө оруулалт жил ирэх тусам дээшилж, үндэсний компаниуд хөгжиж байгаа нь сайн хэрэг. Гэвч ажиллах хүчин, хүн олдохгүй нь энэ салбарыг цаашид улам хөгжүүлэхэд “чөдөр” болж байгааг Н.Лхагвадорж баатар онцлов. Гангүүр компанийн тухайд 120 гаруй ажилтантай байсан одоо 60 орчим хүн үлджээ.
Энэ талаар Н.Лхагвадорж “Одоо манай компанид анхны ажилчдыг залгамжлаад орсон хүмүүс, үр хүүхэд нь ажиллаж байна. Гэвч ихэнх нь тэтгэвэртээ гарах хугацаа нь дөхөж явна. Хүүхдүүдийн хүүхдүүд нь гээд залуу хүмүүс орж байгаа ч  ажиллах хүчин хүрэлцэхгүй байна. Цалин хангалттай, ажлын орчин сайн ч шинэ ажилтнууд цөөн хоног ажиллаад л гарчихдаг. Манайх 25-26 настай нэг, хоёр ажилтантай. Компанийн хувьд ажиллах хүчнээ сэлбэх гэж их хичээж байна. Манай гүүрийн барилгын ажилд оролцъя гэвэл бид баяртайгаар хүлээн авна. Бүх талаар нь тусалж ажиллана. Гүүрийн салбар ажиллах хүчнээр үнэндээ “цангаж” байна. Залуучууд ажил битгий голоосой. Ямар ч ажлыг сайн хийхэд сайхан амьдрах боломжтой. Тиймээс ажил голохгүйгээр ажиллаасай гэж хүсч байна.
 
 
 
Нэг зүйлд тогтвор суурьшилтай, зорилготой,тууштай,  байх ёстой. Хийж байгаа ажилдаа дуртай л бол цалин бага гээд хаяад явдаггүй. Өөрсдөө ажиллаж байж л улс орон хөгжинө.Хүний чадсаныг би яагаад чадахгүй гэж бодох хэрэгтэй.Өөрсдийн хүчээр босгосон амьдрал үнэ цэнтэй, бат бөх байдаг” гэсэн юм.
 
 
 
ГЭР БҮЛИЙН ТАВАН ГИШҮҮНИЙ ДӨРӨВ НЬ  НЭГ САЛБАРЫНХ
 
-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Лхагвадорж 1953 онд Төв аймгийн Баянзүрх сум буюу одоогийн Эрдэнэ суманд төржээ. Түүний аав Нацаг нь барилгачин, ээж нь оёдолчин байв. Дөрвөн дүүтэй, айлын том хүү учир ээждээ тусалж, амьдралаа сайжруулахын тулд долдугаар ангидаа ОХУ-д мужаанаар суралцахаар шийджээ. Тэрбээр хоёр охин, нэг хүүтэй. Үүнээс хүү, том охин, эхнэр нь “Гангүүр” компанид хамтдаа ажилладаг. Хүү нь хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан бол охин нь нягтлан бодогчоор ажиллаж байна.
Хүүхдүүд тань гүүрийн салбарт ажиллахад та нөлөөлсөн үү гэвэл “Хүүхдүүд өөрсдөө мэргэжлээ сонгосон. Ихэнхдээ хөдөө ажилладаг байсан учир хүүхдүүдийн боловсрол, хүмүүжилд эхнэр анхаардаг байсан. Гурван сард гараад арванхоёрдугаар сард гэртээ ирдэг. Энэ нь залуучуудад ажиллахад хүнд байдаг болов уу. Миний хувьд хөдөө явахад гэр бүлээрээ явдаг учир бие биедээ түшигтэй амар байдаг” гэсэн юм. Эхнэр Ц.Норжмаа  нь барилгын мэргэжилтэй ч 1993 оноос хойш   хамт ажиллаж байгаа аж.
 
 
Түүний гэрийн хойморт Монголын бахархалт гэр бүл, Тэргүүний өрх гэсэн өргөмжлөлүүд өлгөөтэй байсан нь Н.Лхагвадорж баатар ажил мэргэжилдээ ч шилдэг нь байхын сацуу гэр бүлдээ ч цаг зав, зүрх сэтгэлээ зориулан бат бөх, бахархалт гэр бүлийг цогцлоосныг илтгэж байв. Тэрбээр “Зууны мэдээ” сониноор дамжуулан Авто замын салбарт ажиллаж байгаа болон “Гангүүр” компанийн хамт олондоо авто замын салбарын 92 жилийн ойн мэндийг хүргэснийг уламжилъя.
 
 
Хөдөлмөрийн баатар Н.Лхагвадорж хоёр охин, нэг хүүтэй. Үүнээс  хүү,том охин, эхнэр Ц.Норжмаа нь “Гангүүр” компанид хамтдаа ажилладаг. Хүү нь хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан бол охин нь нягтлан бодогч мэргэжилтэй. Түүний аав Нацаг нь барилгачин, ээж нь оёдолчин байв. Дөрвөн дүүтэй, айлын том хүү учир ээждээ тусалж, амьдралаа сайжруулахын тулд долдугаар ангиасаа ОХУ-ын Техник мэргэжлийн сургуульд мужаанаар суралцахаар шийджээ.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин