sonin.mn
Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж заавал бий. Хэмжээ хязгаараа алдвал утга учраа гээдэг нь жам. Утга учраа алдаад ирэхлээр үр дагавар нь бүдгэрч эерэгээсээ эсрэг рүү шилждэг. Энэ нь ялангуяа завсрын хийгээд түр хугацааны зүйлд бүр их хамааралтай. Үүнийг хэлэхийн учир гэвэл дэлхий дахиныг цочоож бүр сандаргаж байгаа “COVID-19” хэмээх цар тахал өвчинтэй монголчууд хэрхэн тэмцэж байгаа вэ гэдэгт тайлбар, эргэцүүлэл хийхийг зорьсон юм. Жил гаруйн өмнөөс цар тахал “ирж явна” гэх чимээнээр монголчууд ч айсан. Манай төр, зааг ч урьд өмнө нь гарч байгаагүй энэ гай гамшгийн эсрэг тун шаргуухан тэмцэж эхэлсэн. Хэдийгээр тийм гайтай өвчин өмнө нь тохиолдоогүй ч энэ үеийнхэн ухаарч эсрэгцэн зогсоход ямар арга барилаар хандахаа эхэндээ олж ядсан л даа. Гэхдээ гадны орнуудын жишээ, олон улсын байгууллагуудын заавар зөвлөмж ч хэрэг болсон л байлгүй. Нэг хэсэгтээ цар тахлыг хорьж чадсан. Уг өвчин дэлхийн дийлэнх улс оронд тархаж түмнийг сөхрүүлж хойд, урьд хөршид газар аваад байхад манай улс цар тахлыг дотооддоо алдаагүй бараг цорын ганц орон гэгдэж нэгэн үе “онгирч” байлаа шүү. Гэтэл яасан бэ. Магтаалдаа жаахан мансуурч монголчуудад энэ өвчин халдахгүй мэт аяглан тайвширч сонор сэрэмжээ сулруулснаас нэг л өдөр тэр өвчнийг дотооддоо алдчихсан. Энэ хэний буруу байв гэвэл өндөржүүлсэн бэлэн байдал зарлан заримдаа хэт сүржигнэх маягтай байсан ч Засгийн газар, Улсын онцгой комиссын ажлын эхлэл тун зөв байсныг даанч хожуу мэдсэн л дээ. Нэгэн үе төр, засгийнхан ч, ард иргэд ч хариуцлагатай байж чадсан. Сүүл сүүлдээ Монголын хууль гурав хоног гэгчээр болж хаа хаанаа хариуцлага суларсан. Яг энэ цаг үе өнгөрсөн оны сүүлч үе. Хөл хориотой байж ч үзэв. Түмнээрээ хичээж өвчлөлтэй тэмцэв. Олон нийтийн арга хэмжээ баяр ёслолоо мартах шахсан нь үнэн. Үүний хүчинд өвчний тархалт намжих аяс бий болсон. Даангүй хөдөө орон нутагт. Шинэ жил, цагаан саргүй хавартай золгосон. Гэтэл дараа нь яасан бэ. Ерөнхийлөгчийн сонгууль бас одон медалийн шагнал, зарим баяр, ой гээд ёстой бужигнуулсан. Ийнхүү өнгөрсөн бүхнийг сөхөөд ярих юм бол ихийг хэлж болох л доо. Цар тахал өвчин олон түмэнд гайтай байсан ч төр, загсийнханд зарим ашиг тусаа өгсөн гэх зэргээр даваа гүвээтэйхэн бурж ч болно.
 
Гэвч тэр бүхнийг орхиж цар тахалтайгаа зэрэгцэн оршиж байгаа өнөөдрийн тухай л санаа бодлоо хуваалцмаар байна. Долдугаар сарын 20-дын үеийн мэдээг сонсвол хоногийн 24 цагт 4000-5000 орчим хүнд шинжилгээ хийхэд 1200-1400 тохиолдол шинээр бүртгэгдэж дөрвөөс найман хүн эндэж байна гэнэ. Өнгөрсөн сарын сүүлчээр халдвар авсан тохиолдол 2000 их давж нас барагсад арав гарч байсан. Одоо ч өвчлөл буураагүй л байна. Улсын хэмжээнд 160 гаруй мянган хүн өвчилж 700 гаруй хүнээ энэ аюулт өвчнөөр алдчихаад байна. Бас сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр коронавирусын мутацлагдсан “Дельта” гэдэг хувилбар ороод ирчихлээ ийм тохиолдол долоо, найм бүртгэгдлээ гэж мэдээлэв. Хамгийн аюултай нь энэ шинэ вирус коронагаас илүү хурдан халдварладаг гэх юм.
 
Байдал ийм байхад Засгийн газар ч тэр, Улсын онцгой комисс, эрүүл мэндийн яамны ажил илт мууджээ. Хоногт бий болсон өвчлөл, эндэгдлийн мэдээг л хэлэх төдий байх болов.
Яг үнэнийг хэлэхэд дээрх газруудын удирдах хүмүүс сайд дарга нарын үг, хандлага иргэддэ энэ өвчинтэйгөө холилдоод л байж бай, өвчлөх эсэх өөрөөс чинь шалтгаална гээд орхиж байгаа мэт л харагдах юм. Хувь хүний хариуцлага гол нь байж болно. Гэхдээ Засгийн газар, Улсын онцгой комиссын сүүлийн үеийн эргэж буцсан шийдвэр гай тарьж байна гэж болно. Бод л доо. Нэг үе үзэгчгүй наадам хийнэ гэж байлаа. Тэгснээ өвчлөл ихэслээ гээд улсын баяр наадмыг хойшлуулахаар шийдвэр гаргачихав. Үүний дараа их юм болсоон. Нэг хэсэг нь наадмаа боль гээд жагса байхад нөгөө хэсэг нь “үгүй ээ наадамлана” гэж сөрөг жагсаалд нэгдсэн. Улсын Их Хурлынхан болоод эрх мэдэлтнүүдийн лообий ч Засгийн газар, УОК-ынхонд дарамт шахалт үзүүлэх болсон нь ажиглагдсан. Үүнээс ч болсон уу, олон түмний сэтгэл санааг засах гэсэндээ ч тэр үү улсын баяр наадмыг хойшлуулах шийдвэртэйгээ зэрэгцүүлээд олон хоногийн урт амралтыг хэвээр үлдээж нийслэлийнхнийг аяла, зугаал. Аймаг орон нутаг тэдэнд битгий саад тавь гэсэн хачин лүндэн буулгасан юм.
 
Энэ шийдвэрийг хальт сонссон нийслэлийнхэн уяанаасаа тавигдсан мэт арван зүгтээ тарж салхилж зугаалсан. Далимд нь хөдөөгийн ах дүүс, танил талаараа зочилж холилдож амжсан.
 
Үүний дараа юу болов гэвэл. Цар тахал өвчний тархалж нийслэл гэдэг савнаасаа халиад өвчлөл, эндэлгүй аймаг сумгүй шахам болчихлоо. Өчигдрийн мэдээгээр гэхэд нийт 1249 шинэ тохиолдлын 504 нь Улаанбаатарт 745 нь орон нутагт гарлаа гэж байна. Орон нутаг дахь өвчлөл нийслэлийнхээс хол давчихлаа. Энэ нь нийслэлийнхэн сая хөдөөлсний уршиг юм. Одоо хэнд хариуцлага тооцох вэ гэсэн асуултад хариулт олдохыг байлаа шүү дээ. Явцгаа, тарцгаа гэсэн шийд өгсөн Засгийн газар, УОК-ын буруу юу, зуу зуугаараа зугаалж амжсан иргэдийн буруу юу. Ёстой л аль аль талдаа баланс барина гээч болж. Гэтэл сая Улсын онцгой комисс бас нэг эргэж буцсан тэнэг шийдвэр гаргалаа. Яг хорогдоо дааганы үлгэр шиг. Ээ та минь наадмыг хойшлууллаа гэснээ мартсан мэт ирэх сарын наймнаас улсын баяр наадмын бөхийг үзэгчгүйгээр барилдуулья. Морины уралдааныг орон нутагт нь зохион байгуулж болно гэсэн шийдвэрийг гаргачихсан байх юм.
Юун өнөө бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал, нэг дор 5-10-аас илүү хүн цугларч болохгүй, олон нийтийн арга хэмжээг хориглоно гэсэн чинь яалаа. Иймээс л саяын шийдвэрийг тэнэг шийдвэр гээд байна л даа. Нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн буруу шийдвэр яагаад гаргав гэж асуумаар. Энэ асуултад УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан ямар нэг арга саам хийсэн хариулт өгөх байх л даа.
 
Нэг хачирхалтай нь УОК-ын сүүлчийн хурлаа “хаалттай хурал” гэж зарлаад энд яригдсан зүйлүүдийг мэдээлэх шаардлагагүйг сайд, дарга нартаа сануулсан байх юм. Хуралд суусан нэгний ам алдсанаар,
 
-Энэ сайд дарга нар чинь бөхөө ч барилдуулья морио ч уралдуулья гэж бараг хоёр гараа өргөж байх юм. Нэг л учир байх шиг. Сүрхий дарамт шахалтад оров уу лообийд автав уу мэдэхгүй гэсэн юм.
 
Тэр хоёр гараа өргөх шахам морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг их дэмжсэн хүний нэг нь Хөдөлмөр, Нийгмийн Хамгаалалын сайд А.Ариунзаяа гэнэ. Хачирхалтай юм. Тэр олон зуун морийг чинь хүүхэд унаж уралдана мэдээж. Тэд бүгд вакцинд хамрагдаагүй байж таарна. Одоо нийт өвчлөгсдийн 10 гаруй хувь хүүхэд гэдэг. Тэгвэл энэ тоо улам өснө гэсэн үг. Энэ аймшигтай төсөөлөл тэр сайдад хамаагүй гэж үү. Нийгмийн хамгаалалын гэсэн хаягтай албан тушаалтай сайд шүү дээ. Цаашлаад сур, шагайнхан барьцаад гарч ирнэ дээ. Улсын Их Хуралд ч морь яримтгай, уяач нэртэй гишүүд бий. Тэд энгийн олныг турхирч Сүхбаатарын талбайд морьтонгууд жагсахад нэмэр өгсөн гэдэг ч үнэн л дээ. Тэд морин спорт уяачдын холбооноос илүү эрх мэдэл гаргаж байгаа байж мэднэ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд гэж бүр учраа олохоо байсан хүн. Цаанаас нь чи тэгж хэл гэвэл мэдээлж суудаг юм шиг байна лээ. Саявтар тэр халдварын тархалт сүүлийн нэг сард тогтвортой байна гэж мэдэгдэв. Эмч хүн математикч байх албагүй л байх. Гэвч бага ангийн хүүхэд ч бодож чадахаар тоонд эргэлзэж байх юм. Урьд нь хоногт 10 гаруй хүнд шинжилгээ хийхэд 2000 илүү халдварын тохиолдол бүртгэгдэж байсан бол одоо 4000-5000 хүнд шинжилгээ хийхэд 1200-гаас дээш тооны тохиолдол гарч байна гэдэг чинь 4-5 хүн тутмын нэг нь халдвартай байна гэсэн үг. Өссөн байгаа биз. Тэгэхээр буураагүй бас тогтвортой гэж хэлэх боломжгүй юм. Энэ сайд тулагарсан асуултад голдуу судалж байгаа гэж хариулдаг юм билээ. Бас л баримжаа багцаагүй бусдын үгээр ажилладгийнх нь жишээ байх. Эцэст нь хэлэхэд бичигч миний тэнэг шийдвэр гэж нэрлээд байгаа Улсын баяр наадмын бөхийг барилдуулах, морин уралдаан зохион байгуулах нь цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдалтай ч харшилсан цаашлаад хадлан тариа хурааж авах, өвлийн бэлтгэлийг хангах намрын хойшлуулшгүй их ажилд саадтай биш гэж үү.
Цар тахлын гайт өвчнөө хумихад нэрмээс болж магадгүй ээ. Шуудхан хэлэхэд цар тахлын тархалт улам нэмэгдэж Монгол тэр чигээрээ халдварын голомт болчихоод байхад баяр наадмаа хойш тавьж бүр шинэ арга барилаар ажиллаасай даа төр, засгийнхан минь. Ухааран болгооно уу гэж мэхийн ёсловой.
 
Д.ЦЭРЭННАДМИД
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин