sonin.mn
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.ҮНЭНБАТТАЙ ярилцлаа.
 
-Хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажил ид өрнөж байна. Хаврын тариалалтын ажил ямар явцтай байна вэ?
 
-Энэ хаврын хувьд өнгөрсөн сарын сүүлийн 10 хоногт тариалангийн бүс нутгуудаар хур тунадас, цас орж хүйтэрснээс шалтгаалж, тариалалтын эхлэх хугацаанд бага зэрэг өөрчлөлт орж байна. Ер нь хаврын тариалалтын ажил тавдугаар сарын 5-наас эхэлж таримлын төрлөөсөө хамаарч ирэх сарын 10 хүртэл үргэлжилдэг. Өнөөдрийн байдлаар лууван, сармисны тариалалт эхлээд явж байгаа бол зарим бүс нутагт улаанбуудайн тариалалт эхэлсэн мэдээтэй байна. Тариалалт эхлэхэд ямар нэг хүндрэл гараагүй.
 
-Энэ онд хэчнээн га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн бэ?
 
-Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40.0 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 530.3 мянган га-д тариалалт хийж, ургац хураалтын дүнгээр 495.6 мянган тонн үр тариа, үүнээс 471.5 мянган тонн улаанбуудай, 222.4 мянган тонн төмс, 116.1 мянган тонн хүнсний ногоо, 170.1 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 3.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч 360.2 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлэн хаврын тариалалтын ажлаа эхлүүлж байна.
 
-Тариалалт хийхэд сайн чанарын үр чухал. Үрийн нөөц хангалттай бий юү?
 
-Тариалалтад зориулан дотоодын ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 5.4 мянган тонн, улсын нөөцөд 3.0 мянган тонн нийтдээ 8.4 мянган тонн буудайн үрийн нөөц бүрдүүлсний зэрэгцээ импортоор 10.5 мянган тонн үр нийлүүлснээр нийтдээ 18.9 мянган тонн улаанбуудайн үрийн нөөц бүрдүүлсэн байгаа. Тиймээс үрийн хангалттай нөөц бүрдсэн гэж үзэж болно. Өнөөдрийн байдлаар ХААДС-гаас 100 гаруй аж ахуйн нэгж, иргэнд зургаан мянган тонн улаанбуудайн үрийг 20-30 хувийн урьдчилгаатай зээлээр олгож, энэ ажил эрчимтэй явагдаж байна.
 
-Хил гааль хаалттай байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
 
-Энэ хавар импортоор 10.5 мянган тонн буудай, 170 гаруй тонн хүнсний ногооны үр технологийн хугацаанд ямар нэг саадгүйгээр нийлүүлэгдэж байна. Энэ чиглэлээр хамтран ажилласан Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Улаанбаатар төмөр зам” болон бусад аж ахуйн нэгж, байгууллага, хамт олонд тариаланчдынхаа нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.
 
-Тариаланчдыг вакцинд хамруулах ажлын явц ямар байгаа вэ. Ажилдаа гарахын өмнө хоёр дахь тунгаа хийлгэсэн байх зайлшгүй шаардлагатай биз дээ?
 
-Орон даяар вакцинжуулалтын ажил эрчимтэй явагдаж, хаврын тариалалтад ажиллах тариаланчдыг вакцинжуулалтад хамруулахаар нэрсийг гаргаж УОК болон Эрүүл мэндийн яаманд хүргүүлж хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ 15.5 мянган тариаланч нэг, хоёрдугаар тунд хамрагдсанаас нэгдүгээр тунг 9.8 мянган тариаланч хийлгэж явц нь 68, хоёрдугаар тунд 5.6 мянган тариаланч хамрагдаж явц нь 38.8 хувьтай байна. Тариаланчдыг ойрын хугацаанд вакцинжуулалтын хоёр тунд бүрэн хамруулахаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
 
-10 их наядын хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгж, ажиллагсдад 500 тэрбум төгрөгийн зээл олгоно. Танай яамны зүгээс газар тариалангийн салбарынханд 100 тэрбумыг олгоно гэж байсан.Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
 
-10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд Монгол банк, Сангийн яам, ХХААХҮЯ хамтран гурван талт гэрээг байгуулж, газар тариалангийн салбарт олгох 100 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлтөд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэсэн. Улмаар арилжааны нэр бүхий зургаан банктай хоёр талт гэрээг байгуулж, хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох ажлыг эхлүүлээд байна.
 
-Зээлийг тариаланчдад хаврын тариалалтын өмнө олгоно гэж байсан. Одоогоор хэчнээн ААН, хувиараа газар тариалан эрхэлдэг иргэн зээл авсан бэ?
 
-Банкуудтай хамтран ажиллах гэрээ байгуулагдсан тул одоо аж ахуйн нэгж, иргэдийн зээлийн хүсэлтийг хүлээн авч судлах, зээл олгох ажил дээрх зургаан банкин дээр хэрэгжиж эхлээд байна. Энэ долоо хоногт багтааж эхний аж ахуйн нэгж, иргэдэд хөнгөлөлттэй зээлийг олгох боломжтой гэж харж байгаа.
 
-Хөл хориотой байгаа энэ үед тариаланчдыг орон нутаг руу чөлөөтэй зорчиход салбарын яамны зүгээс хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
 
-Хаврын тариалалтад ажиллах бүх тариаланчийнхаа нэрийг гаргаж, Улсын онцгой комисс, аймаг, сумын Онцгой комисстой хүргүүлэн хамтран ажиллаж байна. Вакциныхаа хоёр тунд бүрэн хамрагдсан тариаланчид орон нутаг руу шууд нэвтэрч байгаа бол хоёр дахь тунгаа хийлгээгүй хүмүүс түргэвчилсэн болон PCR шинжилгээгээ өгөөд орон нутаг руу гарах боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа юм.
 
-Тариалангийн бүс нутгаар цаг агаарын нөхцөл байдал ямар байх бол?
 
-Энэ хаврын хувьд дөрөв болон тавдугаар сард олон жилийн дунджаас ахиу хэмжээний хур тунадас орж байгаа мэдээлэлтэй байна. Энэ нь мэдээж хөрсний нөөц чийг, таримлын соёололтод эергээр нөлөөлнө. Цаг уур, орчны шинжилгээний газраас тавдугаар сарын хоёрдугаар 10 хоногт ихэнх бүс нутгаар хур тунадас орох урьдчилсан төлөв ирүүлсэн байгаа. Тиймээс манай тариаланчид цаг агаарын төлөв байдал, орж буй хур тунадасны хэмжээ, өдөр шөнийн температурын хэлбэлзэл зэргийг сайтар тооцож байж тариалалт явуулах хугацаа, тарилтын гүн, үрийн нормыг тогтоох нь зүйтэй гэж үзэж байна. Энэ ташрамд нийт тариаланчдадаа хандаж хэлэхэд Дэлхий нийтээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд орж, онцгой дэглэм мөрдөн ажиллаж буй энэ цаг хугацаанд хаврын тариалалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулж, газар тариалангийн үйлдвэрлэлийг өнгөрсөн жилийн түвшнээс бууруулахгүй байхаар Засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг үр дүнтэй биелүүлж, арвин их ургац хураахыг хүсэж байна.
 
С.Ичинхорлоо
 
Эх сурвалж: Монголын үнэн" сонин