sonin.mn
Монголын түүхэнд холбоотой Хар хотын тухай “Дейли Херитаж” сайтад онцолжээ. Ингэхдээ Хар хотыг монголчууд сөнөөсөн гэх явган яриаг үгүйсгэсэн байна. БНХАУ[1]ын Өвөрмонголын баруун хязгаарт орших Жуян нуурын ойролцоо эртний Хар хотын балгас байдаг. Энэ бол нийтийн тооллын 1032 онд Баруун Сягийн эзэнт гүрнийг байгуулсан Төвөд-Бурман овог аймгийн холбоо Тангутын бэхлэлт хот, шашин, урлаг, худалдааны төв байжээ. Баруун Ся бол Умард Торгоны зам буюу Ганьсугийн хонгилын гол чиглэл байсан аж. Чингис хаан Ганьсугийн хонгилд хяналтаа тогтоох зорилгоор Баруун Сяг довтолж, уйгуруудыг байлдан дагуулах аян дайнаа эхлүүлсэн. Баруун Ся улс монголчуудын тэлэлтийг эсэргүүцэн, алба гувчуур өгөхөө больж, харилцаагаа тасалсан байдаг. Үүний хариуд Чингис хаан Баруун Ся руу ойролцоогоор 180 мянган цэргийн хүчээр довтолж, 1226 онд Хар хотыг эзэлжээ.
 
 
Монголчуудын удирдлага дор энэ хот цэцэглэн хөгжиж байсан бөгөөд Марко Пологийн тэмдэглэлд Эдзина хот гэж бичсэн байдаг. Марко Поло “Цөлийн захад хойд зүгт орших Эдзина хэмээх хотод хүрэв.
 
 
Энэ нь Тангут мужид харьяалагддаг. Оршин суугчид нь тэмээ, үхэр ихтэй” гэж бичжээ. Хар хот нь 145 жилийн туршид монголчуудын хяналтад байж, элсэн цөлийн дундах ногоон арал, үржил шимт хөрстэй байсан нь нүүдэлчдэд таатай нутаг байв. Хар хотод монгол, тангуд, хятад хүмүүс гол төлөв амьдарч байсан бөгөөд торгоны замаар зорчих перс, араб худалдаачид түр суурьшжээ. Хот монголчуудын мэдэлд байхдаа будда, ислам, загалмайтны шашны сүм хийдүүдтэй байжээ. Хожим Мин улсын цэргүүд 1372 онд Хар хотыг эзлэхдээ усны эх булгийг таслах шийдвэр гаргасан байдаг. Тэд Эзний голын усыг суваг шуудуу ухаж урсгалын чигийг нь өөрчилж, гольдрилыг элс шороогоор дүүргэж хотыг усгүй болгожээ. Амьдралын эх булаг болсон Эзний гол ширгэснээр хүмүүс Хар хотыг орхин оджээ. Эртний домогт хотыг 20 дугаар зууны зууны эхэн үед дахин нээх хүртэл говь цөлийн элсэнд дарагдан мартагдсан байдаг.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин