sonin.mn
-ХУВИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДИЙН 44.2 ХУВЬ НЬ БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН МЭРГЭЖИЛТЭЙ-
 
Мэргэжлээ оновчтой сонгоно гэдэг амаргүй даваа. Монголд эрэлт ихтэй, насан туршдаа ажлын байртай байх мэргэжил олон бий. Гэвч төгсөгчдийн олонх нь мэргэжил сонгох тал дээр даган дуурайх маягаар сэтгэлийн хөөрлөөр ханддаг аж. Бид өнгөрсөн долоо хоногт Монголд төдийгүй олон улсад хамгийн эрэлттэй мэргэжлийн талаар хүргэсэн. Харин энэ удаа эрэлттэй мэргэжлээр элсэлт авдаг их, дээд сургуулийн талаар мэдээлэл хүргэхийг зорилоо. Нэг зүйлийг дурдахад, манай улсад дээд мэргэжилтэн бэлтгэдэг сургууль олон учраас бүгдийг нь судална гэдэг төвөгтэй тул заримыг нь онцолсон юм.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 88 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байгаагаас 18 нь төрийн өмчийн оролцоотой бол бусад нь хувийн хөрөнгө оруулалттай.
 
 
 
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2030 он хүртэлх Монголын хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлийн судалгааг гаргахад цэцэрлэгийн багш, бага ангийн багш, боловсруулах үйлдвэрлэлийн салбар дотроо газрын тосны инженер, уул уурхайн ашиглалт, технологийн инженер, сэргээгдэх эрчим хүчний инженер зэрэг мэргэжил багтсан.
 
 
 
Үүнээс гадна аж үйлдвэрлэл, бүтээн байгуулалт ихээр хийгдэж буй цаг үед энгийн ажилчин, мэргэжилтний хэрэгцээ улс, орнуудад эрэлттэй байсаар байна. Гэхдээ дэлхий дахинд техник, технологи асар хурдацтай хөгжиж буй цаг үед мэдээллийн технологи хамгийн чухал бөгөөд алсдаа энгийн ажилтны хэрэгцээ үгүй болно гэх судлаачдын таамаглалыг мартаж болохгүй. Тухайлбал, 2030 он гэхэд мэдээллийн технологи одоогоос хэд дахин хөгжиж, давамгайлах нь цаг хугацааны л асуудал болсон гэдгийг энд сануулах нь зүйтэй. Тиймээс 1995-2015 онд төрсөн хүмүүсийг дижитал үе буюу XXI зууны технологийн хөгжүүлэгчид гэх болсон. Тэгвэл программ хангамж, график дизайны мэргэжил Gen Z үеийнхэнд хамгийн тохиромжтойг олон улсын судлаад онцолж байна.
 
ТӨГСӨГЧИД МЭРГЭЖИЛ СОНГОХДОО ГАРГАДАГ НИЙТЛЭГ АЛДАА
 
Ерөнхий боловсролын сургууль төгсөж буй хүүхдүүд ажил, мэргэжлээ сонгохдоо хэд хэдэн нийтлэг алдаа гаргадаг байна.
Тухайлбал, эцэг, эхийн шаардлага, хүсэл сонирхлоор мэргэжлээ сонгодог. Зарим нь элсэлтийн ерөнхий шалгалт өгсний дараа шалгалтаас авсан оноогоо харгалзан мэргэжлээ оноолтоор шахуу сонгож байна. Үүнээс үүдэн нийгэмд зарим мэргэжлийн илүүдэл үүсэн, ажилгүйдэл ихэсч байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Мэргэжлээ сонгохдоо би юу хийвэл хамгийн аз жаргалтай байж чадах вэ гэдгээ сайн мэдэж байх хэрэгтэй. Төгсөгчдийн гаргадаг нийтлэг алдааг дурдвал:
1. Харагдах байдалд дурлах
2. Эцэг, эхийн мөрөөдлийг биелүүлэх
3. Элсэлтийн ерөнхий шалгалтын оноонд суурилах
4. Тулгалт
5. Сэтгэл зүйдээ тааруулж мэргэжил сонгох
Эцэг, эхийн мөрөөдлийг биелүүлэх гэсэн хэсэгт аав, ээжийнхээ хийж байсан ажлыг уламжлан авч, үргэлжлүүлэн хийхийг хэлж байгаа юм. Цэрэг, цагдаа болон барилгын салбарт ийм тохиолдол гарах болсон. Тэгвэл мэргэжлээ зөв сонгох хамгийн сайн арга нь тухайн мэргэжлээ сайтар судалж, өөрийн зорилгоо тодорхойлох явдал юм. Монголын эрэлттэй байгаа мэргэжлээр элсэлт авдаг зарим сургуулийг хүргэе.
Авто замын барилга: ШУТИС-БАС, “Сэрүүлэг” дээд сургууль, Техник технологийн сургууль, Үндэсний техникийн дээд сургууль, Тээврийн дээд сургууль
Бага ангийн багш: МУБИС, “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургууль, “Дорнод” их сургууль, “Дархан” дээд сургууль,
СӨБ-ын багш: МУБИС, “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургууль, “Дархан” дээд сургууль, Архангайн багшийн сургууль, “Дорнод” их сургууль
Геологи: ШУТИС, МУИС
Гидрогеологи: ШУТИС, ХААИС
Тидромеханик, инженер: ШУТИС, ХААИС
Усны нөөц экологи: ШУТИС, МУИС
Уул уурхайн ашиглалтын технологи: ШУТИС
Уул уурхайн машин төнөг төхөөрөмж: ШУТИС
Малын эмч: ХААИС
Мэдээллийн систем: ШУТИС-Холбооны сургууль, ХААИС, МУИС
Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт: ШУТИС, “Дорнод” их сургууль,
Сантехник, инженерийн байгууламж: ШУТИС, Техник технологийн дээд сургууль,
Сэргээгдэх эрчим хүч: ШУТИС, МУИС
Нано инженерчилэл: МУИС
Биотехнологи: ШУТИС, ХААИС, МУИС
Цөмийн эрчим хүч: МУИС, ШУТИС
 
Үүнээс гадна IT чиглэлээр ШУТИС, МУИС-аас гадна “Шинэ Монгол”, “Хүрээ” гэх мэт 10 орчим дээд сургууль элсэлт авч, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж байгаа юм. Тэгвэл маркетингийн менежерийн мэргэжлээр элсэлт авдаг төрийн болон хувийн хэвшлийн 40 гаруй сургууль байна. Энэ нь дээд боловсрол олгодог хоёр сургууль тутмын нэг нь маркетингийн менежер бэлтгэдэг гэсэн үг. Гэхдээ үүнээс ч их байж мэднэ.
Нэг тоо баримтаас жишээ авч танилцуулахад, манай улсын их дээд сургууль төгсөгчдийн 54.6 хувь нь төрийн өмчийн, 45.4 хувь нь хувийн сургууль төгсдөг байна. Энэ бол хоёр жилийн өмнө гарсан судалгаа. Хувийн их, дээд сургууль төгсөгчдийн 44.2 хувь нь бизнесийн удирдлагын мэргэжлийн чиглэлээр төгссөн байгаа нь бараг хоёр төгсөгч тутмын нэг нь энэ чиглэлийн мэргэжил эзэмшчээ гэсэн үг. Тэгвэл сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт ид өрнөж буй барилгын салбарын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа төрийн болон төрийн бус 20 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний дөрөв нь төрийнх бол үлдсэн нь хувийн сургууль юм.
 
 
 
Дөрвөн жилийн өмнө 4000 гаруй төгсөгчөөс авсан судалгаанд тэдний тодорхойлсноор ажил эрхлэхэд дутагдаж буй ур чадварт багаар ажиллах, харилцаа, гадаад хэлний мэдлэг, математик сэтгэлгээ, тооцоолон бодох зэрэг хувь хүний хөгжлийн чадварыг нэн түрүүнд нэрлэсэн байна. Мөн ажил олгогч нар ялгаагүй дээрх чадварууд дутмаг байгаатай санал нэгджээ.
 
 
 
Эцэст нь, төгсөгчдийг ЕБС сургууль төгсөхөөс өмнө мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөрт хамруулах, мэргэжил сонголтод нь анхаарах хэрэгтэй байна. Мэргэжил сонголтоо зөв хийгээгүйгээс үүдэлтэй мэргэжилд тохирох ажлаа олж чадаагүй шалтгааны улмаас ажилгүй, эзэмшсэн боловсрол, мэргэжил, ур чадварт тохирохгүй ажил хийж байгаа төгсөгч цөөнгүй. Нөгөөтэйгүүр бүгдээрээ их, дээд сургууль төгсөх албагүй юм. МСҮТ-д сурч, мэргэжил эзэмшсэн ур чадвартай сайтай тогооч сард 2-3 сая төгрөг, сайн гагнуурчин 1.5 сая төгрөгийн цалин авдаг. Хийн гагнуур хийдэг мэргэшсэн боловсон хүчний цалин цагаараа хэмжигддэг. Гэтэл ийм сайн мэргэжилтэн хөдөлмөрийн зах зээл дээр хомс байдаг, ажлын байр нь байнгын эрэлттэй байдгийг мэргэжлийн хүмүүс онцолсныг дурдъя.
 
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин