2011 оны долдугаар сараас эхлэн жил зургаан сарын хугацаанд бүтээсэн “Ану хатан” түүхэн уран сайхны кино энэ сарын 18-нд “Өргөө”, “Тэнгис” театруудад нээлтээ хийлээ. Энэ кино нь Монголын домогт хатдын тухай хоёр дахь кино юм. Өнгөрсөн жил нээлтээ хийхээр төлөвлөж байсан ч өнөөдрийг хүртэл хойшлогдож, багагүй хүлээлт үүсгэсэн энэ киноны нээлтэд тун олон хүн ирсэн байв.
Б.Шүүдэрцэцэг өөрийнхөө төрсөн өдөртэй давхцуулан, киноны нээлтийг хийсэн юм. Тус кинонд XVII зууны үйл явдлыг өгүүлэх бөгөөд түүхэнд үлдсэн бодит баримтаас үндэслэж зохиол, бүх зураг, орчныг бүрдүүлж, Ойрад үндэстний хувцас, үг хэллэг, зан суртахууныг хүртэл тун нарийн судалсан байв. Монгол хатдын билэг, оюун, төрийн хэрэгт хандаж буй түвшин ухааныг хэрхэн хослуулж ирснийг харуулсан монгол хатдын хоёр дахь түүхэн кино болсон юм.
Ойрадын Зүүн гарын улсыг байгуулж, улс орны тусгаар тогтнол, амар тайван байлгахын төлөө тэмцэж буй хаан, баатруудын нэгээхэн түүхийг тус кинонд өгүүлнэ. Энэ кино нь тэр түүхэн цаг үед үзэгчдийг аваачиж байлаа. Учир нь киноны нээлтийн дараа үзсэн хүн бүр жүжигчдийн гайхалтай тоглолт, киноны дуу, дүрс чанарын өндөр түвшинд бүтсэн бүтээл, XVII зуунд очоод ирсэн мэт сэтгэгдэл төрлөө хэмээцгээж байсан юм.
Монголын орчин үеийн кино урлагийн шинэ амжилт болж чадсан киноны нээлтийн улаан хивсний ёслолын анхны зочид нь киноны ерөнхий продюссер Д.Болдхуяг, зохиолч Б.Шүүдэрцэцэг нар охидынхоо хамт ирсэн юм. Тэдний охид “Ану хатан”-ы бага болон дунд насны дүрийг эл кинонд бүтээжээ. Киноны нээлтийн арга хэмжээнд кино дэлгэцийн алтан үеийн уран бүтээлчид, жүжигчдээс гадна Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Р.Бурмаа, сумогийн их аварга Д.Дагвадорж, төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатар, киноны зөвлөх найруулагч бүжиг дэглээч С.Сүхбаатар нарын олон нэртэй алдартай хүмүүс оролцсон юм.
Мөн Холливудын алдарт найруулагч Стивен Спильбергийн дүү продюссер Нэнси Спилберг ирэхээр төлөвлөж байсан ч нээлт хойшлогдсоноос шалтгаалан амжихаа больсон аж. Харин түүний бие төлөөлөгч нь нээлтэд оролцохоор хүрэлцэн иржээ. Холливүүд, Тайван, Хятадын кино салбарын нөлөө бүхий хүмүүс мөн АНУ, Япон, БНХАУ, БНСУ, ХБНГУ-ын элчин сайдууд ч оролцсон юм.
Хамгийн сонирхолтой хэсэг нь Галданбошигт хаан Ану хатныхаа хамтаар морь унаж ирсэн нь байлаа. Ану хатанд “Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргал тоглосон бол Галданбошигт хаанд дуучин, жүжигчин М.Мягмар тоглосон юм. “Ану хатан” киноны уран бүтээлч бүрийн хүсэн хүлээсэн баярт мөч энэ өдөр тохиож, хүн бүр киногоо хэрхэн бүтээсэн талаар ярьж байлаа.
Зохиолч Б.Шүүдэрцэцэг “Анх романаа бичиж байхад миний сэтгэлд нууцхан хоёр дахь хатны дүрийг мөнхлөх хүсэл байсан. Зохиолоо бичиж дуусаад жүжиг болгосон. Харин жүжгийн дараа эрч хүчтэйгээр кино болгох ажилдаа сэтгэл шулуудсан. Дүр болоод, киноны дуу, хийц өгүүлэмж гээд бүгд өөр шинэ болсон. Хүн болгоны төсөөлдөг өнөөх өнгө төрх манай уран бүтээлээс харагдахгүй.
Найруулагчийн хувьд гэвэл эмэгтэй найруулагч ажилласан. Дүрүүдийг ч мөн адил тэр болгон кинонд тоглоод улиг домог болчихоогүй уран бүтээлчид бүтээсэн. Ану хатан киног хүний зүрхэнд цоо шинээр нь хүрээсэй гэж хүсч байсан болохоор Ану хатныг хүртэл санаанд оромгүй хүнийг сонгож тоглуулсан. Гол дүрийг гайхалтай бүтээсэн дуучин Отгонжаргал бид хоёрын тохиролцоо бол дахин нэг ч кинонд тоглохгүй гэж тохиролцсон.
Отгонжаргал маань ч гэсэн өөрөө үнэхээр гайхалтай чадварлаг тоглож чадсан, кино багийнхан бид бүгд үнэхээр биширсэн” гэв. Харин “Ану хатан”-ы дүрийг бүтээсэн Г.Отгонжаргал ч дахин өөр кинонд тоглохгүй гэдгээ хэллээ. Би дахиж кинонд тоглохгүй. Кинонд тоглоно гэдэг үнэхээр амаргүй юм билээ. Тулааны зураг авалт, тэсэрч дэлбэрэх чимээнээр морь бусгах, өдөржин зураг авалтаа л дуусгах гэж хүйтэнд даарах, халуунд халж зогсох хэцүү санагдаж байсан.
Гэхдээ Ану хатны дүрийг намайг бүтээ гэж итгэж сонгосон. Тийм болохоор би чадах ёстой гэж бодож явсаар нэг л мэдэхэд кино маань үзэгчдийн хүртээл болоход бэлэн боллоо. Дахиж өөр кинонд тоглохгүй, мэргэжлийн жүжигчид нь ажлаа хийг” хэмээв. Тус кино нь илүү өрнөлтэй, үйл явдал ихтэй, дунд хэсэгтээ илүү уянгын драм, төгсгөлдөө асар их дайн байлдаан гардаг.
Монголын 33 том тулалдааны нэг Зуунмодны байлдааныг тэр цаг үед ийм л аймшигтай байсан болов уу гэмээр харуулж чаджээ. Энэ тулалдааныг үзүүлэхдээ ойн, усны, их талын гэж гурав хувааж Туул гол дээгүүр гар аргаар агаарын зам татсан нь түүхэн киноны байлдааны зураг авалтын түүхэнд байгаагүй сонирхолтой шийдэл болсон байна. Усны тулалдааны зургийг авахдаа Туул голын Баянгийн амны усан доорхи зураг авсан нь Монголын кино урлаг дахь анхны усан дорхи зураг авалт аж.
Мөн Ану хатан, Галдан бошигт хаан хоёр ордныхоо тоглоомын өргөөнд гурван хүүхэдтэйгээ оньсон тоглоомоор наадаж буйг үзүүлсэн нь манай кино урлагт Монголчуудын оюуны энэхүү гайхамшигт бүтээлийг үзүүлсэн анхны тохиолдол болжээ. Мөн энэ түүхэн кино нь хамгийн олон гэр бүлийг хамруулж тоглуулсан гэж хэлж болохоор байна.
Тухайлбал, Ану хатны дүрийг бүтээсэн дуучин Д.Отгонжаргал охин Э.Мөнгөншагай Галдан хааны хайрт гүнж Юмчихайн бага насны дүрд тогложээ. Киноны ерөнхий продюссер Д.Болдхуяг, зохиолч Б.Шүүдэрцэцэг нарын дунд охин Б.Анима Ану хатны бага насанд, отгон охин Б.Анхилмаа нь Галдан бошигтын Юмчихай гүнжийн дунд насны дүрд тогложээ.
МУГЖ Г.Равдан, хүү Р.Баттогтохын хамт тоглосон бол, ерөнхий найруулагч Т.Алтантуяагийн нөхөр В.Агар нэгдүгээр найруулагчаар ажиллажээ. “Ану хатан” кино нь төрийн дэмжлэг гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр бүтээсэн Монголын анхны түүхэн уран сайхны кино юм байна. Түүхэн бүтээл тэр тусмаа Монголын түүхнээ нэрээ мөнхөлсөн баатарлаг Ану хатны түүх ийнхүү дэлгэцнээ мөнхөрч байна.
Г.Хишигт
Эх сурвалж: "Нийгмийн толь"
Сэтгэгдэл0
NAAD HUJAA KONINUUDAA BOLIOD UGUUCHEEEE
ШАЛ ТЭНЭГ КИНО ГЭЖ ҮЗСЭН ХҮМҮҮС ЯРИАД БАЙНА ЛЭЭ. ЗҮГЭЭР Л ЯМААН ОМОГТОЙ СОЛОНГОС ХУЖАА КИНОНЫ ХУУЛБАР.