sonin.mn
Нийгэмд эрэлттэй байгаа мэргэжил цаг үеэ даган хувьсан өөрчлөгдөж байдаг. Өчигдөр эрэлттэй байсан ажил мэргэжил маргааш огт хэрэгцээгүй болох үе гардаг учир нарийн судалгаанд тулгуурлан ирээдүйн мэргэжлээ сонгох нь чухал юм. Элсэлтийн ерөнхий шалгалт хаяанд ирсэн энэ үед сурагчдад ямар мэргэжил сонгох вэ гэдэг асуулт тулгардаг. Ялангуяа өнөөгийн нийгэмд мэргэжил сонгоно гэдэг бэрх даваа болсон. Учир нь, манай улсад их, дээд сургуулийн дипломтой ажилгүйчүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа билээ. Монгол Улсад эмч, багш, хуульч, сэтгүүлч гэх мэргэжлийг хамгийн их сонгодог судалгаа байна. Гэвч эдгээр мэргэжлийг эзэмшсэн залуусын тоо бодит амьдрал дээр илүүдсэн байхад сургуулиуд нь элсэлтээ тасралтгүй авсаар байдаг. Манай улс нэг хуульчийн орон тоон дээр 10 хуульч бэлтгэсэн байдаг гэсэн судалгаа ч бас бий. Өрсөлдөөн ихтэй учир ажлын байр олддоггүй. Мөн гадаадын их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр болон хувийн зардлаар сурч буй оюутнууд ч ялгаагүй эрэлт хэрэгцээгүй, зах зээлд хахчихсан хуульч, маркетинг, бизнесийн удирдлага гэсэн мэргэжлээр суралцсаар буй. Хэдий гадаадад боловсрол эзэмшиж байгаа боловч Монголд ирээд бусдын адил ажлын байртай болно гэдэг тийм ч амаргүй аж. Одоогоос хориод жилийн өмнө хүн болгон их, дээд сургууль төгсөж байсангүй. Улсын хэмжээнд чанартай хэдхэн их, дээд сургуультай. Тэдгээр сургуульд тэнцсэн нь дээд боловсрол эзэмшээд гарна. Харин чадаагүй нь ТМС буюу МСҮТ-д суралцаж төгсөөд, шууд ажлын байртай золгодог тогтолцоотой байв. Тэгвэл өнөөдөр дээд боловсролын сургалтын байгууллагын 32.6 хувь нь их сургууль, 60.0 хувь нь дээд сургууль, 3.2 хувь нь коллежийн ангилалд багтаж, 4.2 хувь нь гадаадын салбар сургууль байдаг аж. Энэ бол 2019 оны тоон баримт. Хамгийн сүүлд Монголын оюутны холбооноос 90 гаруй их, дээд сургуулийг жилдээ 30 гаруй мянган оюутан төгсөж, тэдний гуравны нэг нь 4-6 жил сурч эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаг гэсэн судалгаа гаргажээ. Харин 60 орчим МСҮТ-ийг жилд 40 орчим мянган оюутан төгсөж, тэдний 80 хувь нь мэргэжлээрээ ажиллаж, үлдсэн хувь нь дэвшин суралцдаг гэжээ.
 
Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Банкны теллер удахгүй байхгүй болно. Зээлийн эдийн засагчийн ажлыг компьютерийн программ орлож эхэлсэн. Арилжааны 13 банк тус бүр зээлийн эдийн засагчтай байгаа бол үүнийг программ орлосноор зээл хүсэгчийг илүү судлах боломжтой” хэмээн ярьж байлаа. Шинжлэх ухаан, технологийн дэвшлийн улмаас ирэх жилүүдэд ийнхүү зарим ажил мэргэжил огт шаардлагагүй болох бол одоо байхгүй мэргэжлүүдийн эрэлт нэмэгдэх юм. Тухайлбал, “Bizness insider” сэтгүүлд өнөөгийн цэцэрлэгийн хүүхдүүдийн бараг гуравны хоёр нь одоогоор байхгүй мэргэжлийг сонгохыг бичжээ. Тэд АНУ-ын Хөдөлмөрийн товчооны урьдчилсан тооцоо, цалингийн мэдээллийг ашиглаад дараагийн 10 жилд эрэлттэй байх мэргэжлийг жагсаахад технологийн болон анагаах ухааны мэргэжлүүд тэргүүлсэн байлаа. Бүр илүү тодруулбал, хамгийн тэргүүнд сэргээгдэх эрчим хүчний техникч, инженерүүд оржээ. Нар салхины эрчим хүч нь хүн төрөлхтний гол эх үүсвэр байх бөгөөд энэ төрлийн эрчим хүчний үнэ жилээс жилд буурсаар байгаа гэсэн байна.
 
 
 
Дэлхийн өнцөг булан бүрд нар, салхины эрчим хүчний инженер техникчдийн эрэлт өсөн нэмэгдэх бөгөөд АНУ-д гэхэд 2016-2020 оны хооронд 10 мянга орчим энэ чиглэлийн мэргэжилтэн ажилд авах шаардлагатай гэх судалгаа гарчээ. Уг мэргэжлийн жилийн дундаж цалин 2019 онд 42680 ам.доллар байжээ.
 
 
 
Түүний араас лиценз бүхий сувилагч, программ хангамж хөгжүүлэгч, ерөнхий болон үйл ажиллагаа хариуцсан менежер, санхүүгийн төлөвлөгч гэсэн мэргэжлүүд айргийн тавд жагссан байх юм. Ерөнхий чиг хандлагыг харвал автоматжуулалтын инженер эрэлттэй байх тухай судлаачид хэлжээ. Учир нь, тоног төхөөрөмжийн нарийвчлал хөгжихийн хэрээр тэдний ажлын байр асар ихээр нэмэгдэх бололтой. Нэг л жишээ дурдахад пицца түгээх ажлыг ойрын таван жилд дроноор орлох тул тэдгээр дроныг ажиллуулах мэргэжилтэн хэрэг болох нь. Цалин хөлсийг үндэслэн гаргасан учраас дээрх судалгааны дүнг бодитой хэмээн үзэж болох юм. Тэгвэл “Nesta” агентлагийн хийсэн судалгаагаар багшийн мэргэжил хэзээд эрэлттэй байх бөгөөд түүний чадварыг робот хараахан гүйцэтгэж чадахгүй гэжээ. Тэдний жагсааснаар бол багшийн мэргэжлийн араас спорт, зөв хооллолтын дасгалжуулагч байгаа нь ойрын 10 жилд дасгал хөдөлгөөнд ихээхэн анхаарч спортын зааланд багагүй цагийг өнгөрөөнө гэж үзсэн байна.
 
Харин манай улсад бол хөгжлийн чиг хандлагаас шалтгаалан өөр байгаа юм. Монгол Улсын эдийн засаг төдийлөн төрөлжөөгүйгээс шалтгаалан эрэлттэй мэргэжлийн эхэнд маркетингийн менежер орсон байлаа. Монголд болон дэлхийд эрэлттэй мэргэжлийг мэргэжлийн байгууллагуудын судалгаанд үндэслэн дор дурдъя.
 
Эрэлттэй мэргэжлийн жагсаалт:
 
Маркетингийн менежер
Мэдээлэл технологийн мэргэжилтэн
Өндөр зэрэглэлийн тогооч
Барилгын инженер
Авто барилгын инженер
Гоо сайхны мэс засалч
Уул уурхайн инженер
Архитектор
Геологич
Төслийн менежер
 
Илүүдэлтэй мэргэжлийн жагсаалт:
 
Хуульч
Эдийн засагч
Нягтлан бодогч, санхүү
Түүхч, философич, улс төр судлаач
Сэтгүүлч, нийгэм судлаач, бизнесийн удирдлага
Олон улсад эрэлттэй байх мэргэжлийн жагсаалт:
Шүдний эмч
Сувилагч
Эм зүйч
Статистикч
Хиймэл шүдний эмч
Нойрсуулагч эмч
Компьютерийн систем, мэдээллийн технологийн мэргэжилтэн
Эх барих эмч
Эрүү, нүүрний гажиг заслын эмч
Хүүхдийн эмч
 
Ойрын таван жилд эрэлттэй мэргэжил:
 
Программист
Инженер
3D дизайнер
Интернэт зар сурталчилгааны менежер
Цахим орчин дахь аюулгүй байдлын мэргэжилтэн
Хот төлөвлөлтийн мэргэжилтэн
Биотехнологи, биоинженер
Сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтэн
Автоматажсан системийн оператор болон технологич
Хүнсний технологийн мэргэжилтэн
Дотоод болон гадаадын эрэлттэй мэргэжлийн жагсаалтад мэдээллийн технологийн болон автоматжуулалтын мэргэжилтэн байгааг харж болно. Мэдээллийн технологийн салбар бол орон зайг үл хамааран, ажлын цагаа өөрөө зохицуулан ажиллаж, хөдөлмөрлөх боломжтой өвөрмөц салбар. Өөрөөр хэлбэл, дэлхийн аль ч өнцгөөс ажлаа хийх боломжтой мэргэжил гэсэн үг.
 
 
 
Харамсалтай нь, манайд энэ салбарт хөдөлмөр эрхлэх ажлын байр хомс, зах зээл жижиг, мэргэжлээрээ тогтвортой ажиллах боломж бололцоо бага байдаг тул сүүлийн жилүүдэд эдгээр мэргэжлээр төгсөгчдийн тоо улам багасаж байгааг хөдөлмөрийн зах зээлийн салбарынхан онцлов.
 
 
 
Ганц хоёрхон жилийн дараа банкны теллерийн ажлыг хүн хийхгүй болохтой зэрэгцэн бид орлуулагдашгүй үнэ цэнтэй мэргэжилтэн болох шаардлагатай. Робот гүйцэтгэж чадахгүй нарийн мэргэжил, мэргэшлийг эзэмшсэн хэн ч үнэ цэнтэй хэвээр байх болно. Тиймээс нэгдүгээрт өөрийн сонирхолд үндэслэн хөрвөх чадвартай мэргэжил сонгох, сонгосон аливаа мэргэжилдээ нарийн мэргэших явдал чухал гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар байна. Гэтэл энэ нь манайд эсрэгээрээ буюу эрэлттэй мэргэжил сонгохоос илүүтэйгээр эцэг, эхийн оруулсан сургууль, эсвэл олдсон ангид нь орох явдал түгээмэл аж. Нэгэн баримт дурдахад манай улсын их, дээд сургууль төгсөгчдийн 54.6 хувь нь төрийн өмчийн, 45.4 хувь нь хувийн сургууль төгсдөг. Хувийн их, дээд сургууль төгсөгчдийн 44.2 хувь нь бизнесийн удирдлагын мэргэжлийн чиглэлээр төгссөн байгаа нь бараг хоёр төгсөгч тутмын нэг нь энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн байна. Дэлхий дээр 9000 гаруй мэргэжил байдаг бөгөөд эдгээрийг Оросын эрдэмтэн сэтгэлзүйч Е.А.Климов үйл ажиллагааных нь онцлогоор таван бүлэгт хуваажээ. Тухайлбал, хүн хүнтэйгээ харилцах, байгальтай харилцах, техниктэй, тэмдэгтийн системтэй, урлаг уран сайхны дүртэй харилцах гэх мэт.
Эцэст нь, ирээдүйд техник технологид суурилсан мэргэжлүүд нийгэмд давамгайлах нь. Тэр утгаараа бүх талын инженер мэргэжил илүү эрэлт хэрэгцээтэй болох нь. Энэ утгаараа дэлхий дахинд “хиймэл оюун ухаан, робот техник, биш дата, куантиум компьютер, компокит материал, анагаах ухааны дэвшлүүд” зэрэг зургаан сэдэв хурдацтай хөгжиж байна. Монгол хүн дэлхийн долоон тэрбум хүнтэй ажлын байраар өрсөлдөн хоолоо олж идэхийн тулд эдгээр даяаршсан мэргэжлээр суралцаж ажиллах цаг хэдийнэ болсон. Монголд дээр дурдсан эрэлттэй мэргэжлүүдээр оюутан элсүүлдэг сургууль хэр олон бэ. Үүнийг дараа нь сурвалжлан хүргэх болно.
 
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин