sonin.mn
ШУА-ын Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Э.ОДБААТАРТАЙ агаарын бохирдлын сэдвээр ярилцлаа.
 
-Агаарын бохирдлын судалгааг аль бүсэд хэдий хугацаанд хийсэн бэ. Судалгааныхаа үр дүнгээс хуваалцана уу?
 
-Би 2012 онд МУИС-ийн Газарзүй-геологийн сургуулийн газарзүйн ангийг төгсөөд тус хүрээлэнд ажилд орсон, газарзүйч, зайнаас тандан судлаач мэргэжилтэй. 2018 оноос бохирдлын чиглэлийн судалгааг сонгон авч, агаарын бохирдлын судалгааг хийж эхэлсэн. Одоогийн байдлаар газарзүйч хүний хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдлын тархалт хөдөлгөөн, газарзүйн байрлалаас хамаарсан ялгаатай байдлын талаар судалгаа хийж байна. Агаарын бохирдлын судалгааг хийхэд үндсэн бохирдуулагчид гэж байдаг. Үүнд нарийн, бүдүүн тоосонцор буюу PM2.5, PM10, мөн хүхрийн давхар исэл SO2, нүүрстөрөгчийн давхар исэл CO2, нүүрстөрөгчийн дутуу исэл СО, азотын давхар исэл NO2 болон азотын хийнүүд NOx, газрын түвшний озон О3 зэрэг агаарт цацагдсан бодис багтдаг. Эдгээр бодисыг Улаанбаатар хотод нийслэлийн Агаарын чанарын алба болон Ус, цаг уур, орчны шинжилгээний газруудын 10 гаруй станц дээр 30 минутаас нэг цагийн давтамжтай хэмждэг юм. Миний хувьд эдгээр бодисоос тоосонцор буюу PM2.5, PM10 үзүүлэлтийг судалж байгаа бөгөөд эдгээр станцын мэдээнээс гадна өөрийн явж хэмжсэн хэмжилтүүдийг ашиглаж байгаа. Улаанбаатар хо-тын хувьд PM2.5, PM10 бохирдлын гол эх үүсвэр бол бүх төрлийн шатаах зуухны яндангаас гарч байгаа утаа, тортог байдаг. Мөн шороон зам, барилгын ажлууд бас агаар дахь тоосонцорын агууламж нэмэгдэхэд ихээхэн нөлөө үзүүлж байна.
 
-Иргэд шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдол буурсан гэж үзэж байгаа. Ер нь хэдий хэмжээгээр буурсан бол?
 
-2018 оны нэгдүгээр сарын эхний 10 хоногийн мэдээ болон энэ оны нэгдүгээр сарын эхний 10 хоногийн мэдээнүүдийн 24 цагийн дундаж мэдээг харьцуулж үзсэн. Нарийн ширхэгт тоосонцорын бохирдол буюу PM2.5-ын бохирдол хоёр дахин буурсан үзүүлэлтэй гарсан. Гэхдээ энэ бол тайвшрах мэдээ биш.
Агаар гэдэг нь өөрөө динамик шинжтэй учраас нэг цагийн дундаж, 24 цагийн дундаж гэх мэт тодорхой хугацааны дунджаар хэмждэг. ДЭМБ-ын тогтоосон нарийн тоосонцорын 24 цагийн дундаж хүлцэх агууламж 25 μгр/м3 байдаг бол Монгол Улсын агаарын чанарын стандарт 50 μгр/м3. Харин бодит хэмжилтээр бол 2018 онд буюу шахмал түлш хэрэглэхээс өмнөх үед Улаанбаатар хотын агаар дахь нарийн ширхэгт тоосонцорын агууламжийн 24 цагийн дундаж нь 600-700 μгр/м3, харин шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш буюу 2021 онд нарийн тоосонцорын агууламж 200-300 μгр/м3 болсон байна. Бүдүүн ширхэгт тоосонцор мөн энэ түвшинд буурсан байгаа. Тоосонцорын бохирдлын нэг эерэг тал нь нүдэнд манан хэлбэрээр харагддаг. Тоосонцор дунджаар хоёр дахин багассан болохоор харагдах орчин арай илүү тунгалаг болж, ард иргэдэд агаарын бохирдол алга болсон мэт санагдаж байгаа байх. Гэхдээ эдгээр үр дүнг ДЭМБ-ын стандарт, монгол орны агаарын чанарын стандартуудтай харьцуулахад ДЭМБ-ын стандартаас 10 дахин их, манай орны өөрийн стандартаас тав дахин их үзүүлэлттэй, хүний эрүүл мэндэд хортой хэвээр байгаа юм. Тэгэхээр агаарын бохирдол одоо ч гэсэн өндөр хэвээр байна.
Мөн судалгаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлын нэг өдрийн оргил үе болох өглөө 05:00-08:00 цаг, орой 18:00-00:00 цагийн хоорондын хэмжилтүүдийг ашиглаж байгаа. Энэ хугацаанд агаарын бохирдлын нэг удаагийн хэмжилт 1800 μгр/м3 хүрэх үе байдаг. Ялангуяа Толгойт, 1-р хорооллын арын дэнж, Баянхошуу, ханын материал, Зүүн салааны тойрог орчим, Зурагт, Шархад, Цайз зэрэг газарт өндөр үзүүлэлттэй гардаг. Харуй, бүрий цаг болохоор харанхуйд тоосонцрын агаарын бохирдол нүдэнд харагдахаар илт мэдрэгддэггүй. Тоосонцрын агууламж буурсан ч эсрэгээрээ хүхрийн давхар исэл, угаарын хий 2-3 дахин нэмэгдсэн байгаа. Тийм болохоор зарим мэдрэмтгий хүн агаар дахь хүхрийн үнэрийг мэдэрдэг. Хүхрийн давхар ислийн агууламж их байх нь нөхөн үржихүйн тогтолцоонд илүү сөрөг нөлөөтэй буюу төрөлхийн гажиг, дутуу төрөлт, үргүйдлийг бий болгодог гэж үздэг.
 
-Дэлхийн бусад оронд ч агаарын бохирдол гэдэг шийдэх ёстой асуудал хэвээр байгаа. Манай хөрш Хятад улс энэ асуудлыг шийдэж чадаж байгаа шүү дээ. Бидэнд гаднын орноос туршлага судлах боломж бололцоо хэр байдаг вэ. Тэдгээрээс Монголд хэрэгжүүлж болох ямар арга хэрэгсэл байна гэж харж байна вэ?
 
-Дэлхийн бусад хотын агаарын бохирдол болон нийслэлийн агаарын бохирдол хооронд эх үүсвэр болон тархалтын хувьд ялгаа байна. Ихэнх оронд голчлон үйлдвэрийн үйл ажиллагаа болон машины утаа, тоосноос үүдэлтэй агаарын бохирдол ярьж байгаа. Тэдгээр орны хотод зам болон үйлдвэрийн бүсээ дагаад агаарын бохирдол ихтэй бүс гэж дотроо эрс ялгардаг. Харин манайд бол ахуйн дулааны асуудлаас болж агаар хэтэрхий их бохирдож байна. Бас нэг том асуудал нь агаарын бохирдол үүсгэгч гэр хороолол маань салхиныхаа дээд талд, өндөрлөг газарт байрладаг. Ингэснээр салхи болон хүндийн хүчний нөлөөгөөр утаа хотын төв рүүгээ нүүж ирдэг. Тэгээд хот маань ерөнхийдөө бүхэлдээ утаагаар бүрхэгдсэн төрхтэй болж, агаарын бохирдлын ялгаатай байдал эрс мэдрэгддэггүй.
 
 
 
Манай орны гэр хорооллын өрхүүдийг дулаанаар хангах асуудлыг шийдэх хэрэгтэй. Дулааны шугам тавих эсвэл цахилгаанаар халдаг сайн системийг нэвтрүүлэх нь чухал. Зуух тарааж, нүүрсний үнэ буулгадаг шигээ цахилгаанаар халдаг хүний биед хоргүй төхөөрөмж тараагаад, цахилгааны үнийг буулгах нь манай төр ойрын хугацаанд хийж чадах хялбар бөгөөд арай бага зардалтай арга болов уу гэж хувьдаа боддог. Тэгвэл хүйтний улирлын агаарын бохирдол эрс буурна.
 
 
 
Мөн хотын төвөөс үйлдвэрүүдээ гаргах хэрэгтэй байна. Арьс ширний үйлдвэрүүд, Таван толгойн шахмал түлш ачих үйлдвэр, цэвэрлэх байгууламж гэх мэт нь Улаанбаатар хотын агаарын бохирдолд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг цэгүүд. Зуны цагт Улаанбаатар хотын агаар дахь тоосонцрын бохирдол бас өндөр гардаг. Зун долоодугаар сард 24 цагийн дундаж PM2.5 агууламж ойролцоогоор 50 μгр/м3 болдог. Энэ нь шороон зам ихтэй, цэцэрлэгжүүлэлт бага хийгдсэнтэй холбоотой. Ер нь Улаанбаатар хот цэцэрлэгт хүрээлэн маш багатай хот. Энэ тал дээр бид БНХАУ-ын туршлагаас сурах хэрэгтэй. Бээжин, Тяньжин зэрэг томоохон хот бол цэцэрлэгжүүлэлтийг маш сайн хийж, хиймэл нуур усан оргилуурыг олноор барьсан байдаг. Энэ нь агаарын бохирдлыг шүүх болон хотыг хэт халалтаас хамгаалах үүргийг давхар гүйцэтгэж байна. Хотод агаарын бохирдлыг шүүх зорилгоор ямар мод таривал илүү зохимжтой вэ гэсэн судалгаа хүртэл хийсэн байдаг. Бээжингийн Цинхуа их сургуулийн хотын экологич Жүн Янг гэдэг хүн нарийн тоосонцрыг шингээх чадвараар нь моддыг жагсаахад нарс, агар гэх мэт шилмүүст мөнх ногоон моднууд хамгийн сайн агаар цэвэршүүлэгч гэж судалгааны үр дүн гарсан байх юм. Барбара Махер болон Ланкастерийн их сургуулийн багш нарын “Моддын тоосонцор барих чадварын судалгаа”-гаар мод нь тоосонцрын бохирдлыг 30-70 хувь багасгаж байгааг тогтоосон. Тэгэхээр айл бүр мод тарих нь агаарын бохирдлын эсрэг, өөрсдийн эрүүл мэндийн төлөө хийж чадах хамгийн энгийн үр дүнтэй арга болж байна. Тяньжин хотод явж байхад зам дагууд дандаа арц мод тарьсан байсан нь одоо бодоход зам дагуух тоосонцрын бохирдлыг шүүх зориулалттай байсан мэт санагдаж байна. Иймээс бид гэр хорооллын айлуудын хашаанд мод тарих ажлыг эрчтэй зохион байгуулах хэрэгтэй. Нэн ялангуяа шилмүүст модыг тариулах ёстой. Айл болгон дор хаяж ганц мод арчлаад явчих чадвартай, ганц мод багтчих талбайтай гэж бодож байна. Үүнийг хороо, хэсгийн ахлагч нар айлуудаараа яваад шахаж шаардаад байвал хийж болох ажил.
 
-Улаанбаатар хотын агаарын бохирдол ард иргэдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар бодит судалгаа байдаг уу. Яг яаж хордоод байгааг баримтаар тогтоож байгаа юу?
 
-Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдэлтэй эрүүл мэндийн судалгааг Монголын Үндэсний статистикийн газар жил бүр гаргаж байгаа. Тэрийг олж уншвал агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл, нас баралтын талаар маш дэлгэрэнгүй статистик мэдээлэлтэй болно. Агаарын бохирдол ахмад настнууд, нялх хүүхэд, жирэмсэн эх болон харшил, хууч өвчтэй хүмүүст хамгийн хүндээр нөлөөлдөг. Өрөөр хэлбэл, миний яриад байгаа нарийн ширхэгт тоосонцор буюу 2.5 микрометр болон түүнээс жижиг хэмжээтэй, хүний үсний ширхгийг 30 дахин хуваасантай тэнцхүйц хэмжээний маш нарийн ширхэгтэй хатуу, шингэн, хий төлөвтэй химийн нэгдлүүд байдаг. Эдгээр нь хүний хамраар орж уушгинд хүрээд, цулцангуудад нэвчдэг. Энэхүү нэвчсэн бодис цааш судсанд хүрч биеийн бүх хэсэгт тархсанаар зүрх судас, амьсгалын замын өвчин, нөхөн үржихүй, жирэмсэн эхийн урагт хүртэл нөлөө үзүүлнэ. Хүний биед орж байгаа эдгээр бодис олон жилийн туршид бага багаар ингэж тасралтгүй хуримтлагдсаар архаг хууч өвчнүүдийн суурь болж өгдөг.Мөн агаарын бохирдол ихтэй газар төрсөн хүүхдүүдийн санах ой, сурах чадвар муу болж байна гэсэн судалгаа хүртэл байдаг. Бас нэгэн сонирхолтой судалгаа байдаг нь харагдах орчин муу үед аливаа хүнд бухимдал төрүүлдэг гэсэн дүгнэлт юм. Тоосонцрын энэ бохирдол гадна орчны харагдцыг бууруулснаар хотын хүн амыг сэтгэлзүйн хувьд тавгүйтүүлж, дархлаа муутгах, өвчинд мэдрэмтгий болгох үндэс болж байдаг. Энийг бид өдөр тутмынхаа амьдралаар мэддэг шүү дээ. Өглөө хөшгөө нээгээд цэлмэг сайхан байвал “ямар сайхан байнаа” гээд сэтгэл сэргээд, харин утаа ихтэй тоос манантай байвал “яана аа” гээд л зовиноод эхэлдэг. Энэ нь бидний мэдрэлийн системд хэрхэн хортойгоор нөлөөлж байгааг бид тэр дор нь мэдэх боломжгүй юм.
 
-Агаарын бохирдолд дан ганц гэр хороолол бус автомашины утаа зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөөлж буй зүйлсийг судалсан уу?
 
-Өмнө нь хэлсэнчлэн, гэр хороолол бол Улаанбаатар хотын агаарын бохирдлын үндсэн бөгөөд дийлэнх эх үүсвэр. Гэр хорооллоос гарч байгаа агаарын бохирдол нийт агаарын бохирдлын дунджаар 80 хувь болдог. Үүний дараагаар автомашинаас гарч байгаа утаа, тоос шороо 10 хувь, тэгээд гурван том дулааны цахилгаан станц зургаан хувь орчим, үлдсэн багахан хэсэг нь хог шороо, хөрсний бохирдлоос гардаг. Тэгэхээр манай улс юуны түрүүнд гэр хорооллын дулаалгын асуудлыг шийдчих юм бол агаарын бохирдол 80 хувиар буурах нь. Энэ бол том үзүүлэлт. Агаарын тоосонцрын бохирдол 50 хувь орчим буурахад л Улаанбаатар хот цэлмээд ирснийг бид бүхэн энэ жил харцгаасан. Тэгэхээр бид ямар нэгэн аргаар төрөл бүрийн “зуух” хэмээх халаалтын системээс салах хэрэгтэй.
 
-Агаарын бохирдлыг дахин бууруулж бүр алга болгоход бид цаашид юуг хийх хэрэгтэй вэ?
 
 
 
 
-Агаарын бохирдлыг бүр “00” болгоно гэж бол байхгүй л дээ. Гэхдээ байж болох хамгийн бага түвшинд хүртэл аваачих хэрэгтэй. Энэ бол олон улс орнуудын мөрөөдөл болоод байгаа асуудал. Ингэхэд маш олон ажлыг хийх ёстой.
 
 
 
Улаанбаатар хотын бүх зуухыг сольж, цахилгаан эсвэл дулааны шугамаар халдаг болгох хэрэгтэй. Мөн айл өрхүүд хашаандаа болж өгвөл чадах чинээгээрээ их хэмжээний шилмүүст мөнх ногоон мод тарих нь чухал. Энэ бол ард иргэд өөрсдөө хийж чадах агаарын бохирдлын эсрэг нэлээд үр дүнтэй ганц арга. Мөн гэр хорооллын дундуур явж байгаа шороон замуудыг хучих. Энэ бол бас нэлээд хөрөнгө шаардах байх. Эцэст нь цахилгаан машинуудын хэрэглээг ихэсгэх ёстой. Ингэснээр одоогийн агаарын бохирдлын хэмжээ 90 хувь гаруй буурна. Дулааны цахилгаан станцуудыг нүүлгэнэ гэдэг бол манай орны хувьд бас их том асуудал тул энэ талаар одоохондоо ярих хэрэггүй байх.
Хот гэдэг бол ард иргэд тав тухтай, эрүүл аюулгүй амьдарч ажиллах нөхцөл бүрдсэн газар байх ёстой. Гэтэл манай бусад жижиг хотын агаар бас муудаад эхэлсэн. Өөрийн нүдээр очиж харж байсан утаатай хотууд бол Баянхонгор, Чойбалсан, Алтай байна. Манай ихэнх хот дулааны цахилгаан станцгүйгээс болоод уурын зуухаар хотоо халаадаг. Тэдгээр уурын зуухаас гарч байгаа утаа, дээр нь нэмээд хот бүрд байгаа гэр хорооллоос гарч байгаа утаатай нийлээд тухайн хотын агаарыг хангалттай бохирдуулж чадаад байна. Эдгээр хотод яг нарийн хэмжилт хийж үзээгүй болохоор баримт дээр тулгуурлаж хэлэх юм алга. Нүдээр харсанаа хэлж байна. Тэгэхээр бусад аймгийн төвийнхөн бас агаарын бохирдолдоо санаа тавьж эхлэх хэрэгтэй болох нь. Улаанбаатарт ч хөдөө орон нутагт ч агаарын бохирдлын эх үүсвэр нь гэр хороолол болохоор одоо манай улсад хувийн орон сууцны халаалтын шинэ шийдэл гаргах цаг нь болсон байна.
 
 
 
МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ