sonin.mn
Ковидын анхны давлагаа намдахад Ерөнхий сайд Нарендра Моди цар тахлыг ялснаа зарлаж байлаа. Европ, АНУ-д цар тахлын хоёр дахь давлагаа оргилдоо хүрч байхад Моди Энэтхэгийн дэд бүтэц, ковидын бэлэн байдлын талаар бахархалтай мэдэгдсэн. Гэтэл халдварын тархалт хяналтаас гарч, Энэтхэг хамгийн их гарз амссан улс боллоо. Шинэ Делид чандарлах газруудын түлээ дуусаж, гудамжны модыг огтолж, цөхрөнгөө барсан хүмүүс асах бүхнийг ашиглаж байна. Нийтийн талбай, автомашины зогсоолыг чандарлах газар болгожээ. Цар тахалд туйлдсан Энэтхэгийн хөрөнгийн биржийн шинэ валют нь хүчилтөрөгч болжээ. Тус улсын элитүүд эмнэлгийн ор, хүчилтөрөгчийн баллоныг ямар ч үнээр авахад бэлэн байна. Энэ төрлийн далд зах зээл ч эрчимтэй хөгжиж эхэлжээ. Сүйрч буй зурагтай нийтлэлүүд олон улсын хэвлэлүүдэд гарч байхад эрх баригчид нь коронавирустэй холбоотой жиргээ, хаштагийг цахим сүлжээнд хоригложээ. Цар тахал дэгдэж эхлэх үед шинжээчид “Энэтхэг хамгийн их хохирол амсана. Тус улсын 700-800 сая иргэн халдвар авч, хоёр сая хүн үхнэ” гэж таамаглаж байсан юм. Дэлхийн хүн амын 18 хувь нь амьдардаг улсад шинээр илэрсэн “В.1.617” хувилбарын хувьд давхар мутацид орсон коронавирус юм. Энэ хувилбар бусад вирустэй харьцуулахад халдварлах чадвар нь 20 хувиар илүү ажээ. Вирус судлаач Шахид Жамилийн хэлснээр, энэхүү мутацид орсон хувилбар нь дархлааны тогтолцоог дарангуйлж, хүний эрүүл мэндэд аюул учруулж байна. Энэтхэг улсын амьдралын нөхцөл байдал, хүн амын нягтрал халдварын мутацид орсон хувилбар тархах, шинээр үүсэхэд нөлөөлжээ.
 
1.3 ТЭРБУМ ХҮН АМТАЙ УЛСЫГ ТУСГААРЛАЖ ЧАДАХ УУ
 
Дэлхийн 40 гаруй улс Энэтхэгт тусламж үзүүлэх санал тавьжээ. Энэтхэгийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр Ази, Европын орнууд эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тусламж үзүүлэх саналаа албан ёсоор илэрхийлсэн байна. Их Британи, ОХУ-аас хүчилтөрөгч баяжуулагч төхөөрөмж болон амьсгалын аппаратыг тусламжийн шугамаар Энэтхэгт нийлүүлжээ. Түүнчлэн Хятадын Засгийн газрын тусламжийн хүчилтөрөгч үйлдвэрлэх төхөөрөмжийн эхний багц Энэтхэгт хүрсэн байна. Европын холбооны гишүүн таван улс хүчилтөрөгч, вирусийн эсрэг эм бэлдмэлийн тусламж илгээжээ. Тухайлбал, Герман улс 50 сая еврогийн өртөг бүхий эм, амны хаалт зэрэг тусламжийн бүтээгдэхүүн Энэтхэг рүү тээвэрлэхээр бэлтгэж байгааг Эрүүл мэндийн сайд нь мэдэгдсэн байна. Японы Засгийн газар Энэтхэгийн эрүүл мэндийн тогтолцоог дэмжих үүднээс бусад улс оронтой хамтран тус улсад яаралтай тусламж илгээхээр төлөвлөжээ. Одоогоор Энэтхэг улс хүчилтөрөгч үйлдвэрлэх төхөөрөмж 550, хүчилтөрөгч баяжуулагч төхөөрөмж 4000 ширхэг, бусад эм бэлдмэлийг олон улсаас хүлээж авч байгаа юм байна. Үүний зэрэгцээ Энэтхэгийн Гадаад хэргийн яам вирусийн эсрэг “Ремдесивир” болон бусад эмийн хомсдол үүсэж байгааг үндэслэн олон улсыг цаашид нэмэлт тусламж үзүүлэхийг уриалжээ. Олон улсын шахалт дор Вашингтон Энэтхэг улсад вакцин үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдийг багтаасан эмнэлгийн нөөцөөр хангахаа мэдэгдсэн. Мөн 100 сая ам.долларын өртөг бүхий эм, хүчилтөрөгчийн цилиндр 1000 ширхэг, амны хаалт 15 сая ширхэг, түргэвчилсэн оношлуур нэг сая ширхгийг илгээжээ. АНУ-ын засаг захиргаа Өвчинд хяналт тавих, урьдчилсан сэргийлэх төвийн зөвлөмжийг харгалзан Энэтхэгээс ирэх иргэдэд хязгаарлалт тогтоолоо. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, АНУ Энэтхэг дэх гадаадын ихэнх иргэнийг хилээрээ нэвтрэхийг түр хугацаагаар хоригложээ. Харин Энэтхэг дэх Америкийн иргэдийн хувьд эх орондоо эргэн ирэх боломжтой ч хилээр нэвтэрч буй гадаадын иргэдийн нэгэн адил коронавирусийн шинжилгээний хариу сөрөг, халдварлаад эдгэрснээ нотлох шаардлагатай юм. Энэтхэг гаралтай америк иргэд энэ шийдвэрийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан бодлого гэж шүүмжилж байна.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин