sonin.mn
Хатуу хөл тогтоосон ч цар тахлаас урьдчилан сэргийлж, аюулт өвчнөөс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах иргэдийн хандлага сул байна. Хүүхдүүдээ тоглоомын талбайд тоглуулахаас эхлээд өөрсдөө дур мэдэн хөл хөдөлгөөнийг нэмэгдүүлж, хатуу хөл хорионыхоо дэглэмийг үнэгүйдүүлэхээс гадна “COVID-19” вирусээр өвчлөх хүний тоо өдрөөс өдөрт өсөх шалтгаан болж буйг мэргэжлийн байгууллагын зүгээс учирлаж байгаа юм. Өчигдрийн байдлаар 1171 хүнээс халдвар илэрсэн бол уг өвчний улмаас нийтдээ 97 хүн нас барсан харамсалтай тоон үзүүлэлттэй байгаа нь иргэн бүрийг хөл хорио болон халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах шаардлагатайг харуулж байна. Манай сонины сурвалжлах баг хатуу хөл хорионы хэрэгжилтийн эргэн тойронд болж байгаа үйл явцыг сурвалжилсан юм.
Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг дэвсгэр 100 айл орчимд замын хөдөлгөөн сийрэг ч нааш цааш холхих иргэдийн хөл хөдөлгөөн татрахгүй байв. Тэдний олонх нь эмнэлэг, вакцинд хамрагдахаар ийн яваагаа холбогдох албаныханд учирлацгаана. 70 орчим насны ахмад настан “Даралтаа үзүүлэхээр өрхийн эмнэлэг явж байна. Халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахисан. Эмчид үзүүлчихээд эмийн сангаас эмээ аваад гэртээ харина” гэсээр зөрлөө.
Хатуу хөл хорионы өдрүүдэд ажиллах зөвшөөрөлтэй байгууллагын машин зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо заавал QR кодыг цагдаагийн алба хаагчдад шалгуулж зорчих зохицуулалт хийсэн. 100 айлын дөрвөн замын уулзварт хоёр цагдаа хяналт шалгалтын ажлыг хийж, зорчиж буй бүх машиныг нэг бүрчлэн шалгаж байлаа. Нэг үеэ бодвол жолооч, цагдаа нар бие биедээ харилцан хүндэтгэлтэй ханддаг болсон нь сурвалжилга хийх явцад харагдаж байсан юм. QR код нь ямар нэгэн асуудалгүй бол жолооч замын хөдөлгөөнд оролцоход ямар нэгэн саад алга.
 
Хатуу хөл хорио тогтоосон ч эмнэлгийн тусламж, үйлчилгээг зайлшгүй авах ёстой хүмүүсийн нэг хэсэг нь жирэмсэн эмэгтэйчүүд. 07:00 цагт автобусанд амжин сууж, 50 дугаар сургууль дээр очиж вирусийн шинжилгээ өгч, эргээд Сүхбаатар дүүргийн эмнэлэгт хяналтын эмчдээ үзүүлчихээд яваа тулгар биетэй эмэгтэйтэй таарав. Эмчийн зүгээс түүнд “Амгалан” амаржих газарт хэвтэх бичиг бичиж өгчээ. Жирэмсний 39 долоо хоногтой Б.Оюунтунгалаг “Зөвхөн зөвшөөрөлтэй байгууллагын машин QR кодоор зорчих шийдвэрийг УОК-оос гаргасан. Гэтэл өнөө маргаашгүй төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйчүүд эмнэлэгт үзүүлэхэд хүндрэлтэй байна. Үзүүлээд гарч ирэхэд автобус зогсчихсон учраас алхаж харихаас өөр аргагүй. Манайх Дамбадаржаад байдаг. Өнөөдөртөө багтаж амаржих газар хэвтэх ёстой. Яаж харих вэ гэж бодоод зогсож байна. Хатуу хөл хориог хүн бүхэн чандлан мөрдөх нь зөв. Гэхдээ зөвхөн зөвшөөрөгдсөн байгууллагын машин зам тээврийн хөдөлгөөнд оролцоно гэдэг өрөөсгөл санагдлаа. Жирэмсэн эмэгтэйчүүдийг бодолцож, шийдвэрээ эргэн хараасай гэж хүсье” гэлээ.
Биднийг ийн ярилцах зуур замын хажуугаар хөглөрөх хог, тамхины ишийг шар хантаазтай хоёр бүсгүй шүүрдэж, хамж цэвэрлэж байв. Тэд ТҮК-ийн ажилчид биш ч хорооноос сонгогдсон “Иргэдийн бүлэг”-ийн гишүүд гэнэ. Ажлын таван өдөр хорооныхоо тодорхой хэсгийг ийн цэвэрлэдэг талаар Ц.Эрдэнэбилэг хэллээ. Хатуу хөл хорио тогтоосон ч хүүхдээ дагуулсан хүмүүс холхиж л байх юм. Хааяа нэг шаардлага тавина. Хог цэвэрлэдэг хүний үгийг тоодог залуус ч ховорджээ. Цар тахал гарсан энэ үед иргэн бүр хариуцлагатай хандаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, гэр гэртээ баймаар байна гэдгийг захих нэгэн ч байлаа.
 
 
 
 
“Вакцинаа хийлгэхээр явж байна. Шүдний эмнэлэг орно. Хүнсээ бэлдэнэ. Жирэмсэн эхнэрээ үзүүлэхээр явж байна” зэрэг шалтгаантай хэдэн хүнтэй таарсан юм. Эмнэлгийн үйлчилгээ авах нь иргэн хүний эрх ч хүн хоорондын зайгаа барьж, өөрийгөө төдийгүй өрөөл бусдыг халдвараас хамгаалах зайлшгүй шаардлага бидэнд тулгарсныг анхаарах хэрэгтэй болжээ. 
 
 
 
Хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгийн хашаанд хүүхдээ салхилуулж яваа эцэг, эхчүүд, хөвгүүд хөл бөмбөг тоглохтой ч энэ үеэр тааралдсан юм. Тэд бүгдээрээ маскаа зүүжээ. Гэхдээ хүүхэд болсон хойно гэнэн томоогүй зангаар найзуудтайгаа уулзахдаа маскаа хэсэг хором тайлахад халдвар авах эрсдэл үүсэж байна. Тиймээс иргэн бүрийн ухамсартай үйлдлийн үр дүнд цар тахлыг давна гэдгийг энд тодотгоё.
 
QR кодоор зорчиж байгаа жолооч нарт хяналт шалгалт тавихад ямар зөрчил илэрч байгаа талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.ЭНХБОЛДООС тодрууллаа.
 
-Хатуу хөл хориог үргэлжлүүлэн тогтоосонтой холбогдуулж, Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд ямар зохицуулалтыг хийж байна вэ?
 
-Хатуу хөл хориог сунгасантай холбоотойгоор хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллагаас гудамж замд хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох үүргийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэ дагуу Улсын онцгой комиссын даргын тушаалаар Түр журмыг баталсан. Журмаар хязгаарлалтад хамаарахгүй 15 чиг үүргийн аж ахуйн нэгж, байгууллагын болон ажилтан, албан хаагчдын тээврийн хэрэгсэлд QR код зөвшөөрлийг холбогдох байгууллагаас олгож, цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнд оролцох үед нь хяналт тавьж байна.
 
-Өмнө нь тогтоосон хөл хориотой харицуулахад замын хөдөлгөөнд ямар өөрчлөлт гарсан бол?
 
-Нийслэлийн гудамж замд QR код бүхий зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулж эхэлсэнтэй холбоотойгоор эхний өдөр хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийн тоог өмнөх хязгаарлалт тогтоосон өдрүүдтэй харьцуулахад 33.3 хувь буюу 38328 тээврийн хэрэгслээр цөөрсөн. Ердийн өдрүүдэд идэвхтэй хөдөлгөөнд оролцдог тээврийн хэрэгслийн тоотой 18.6 хувьтай тэнцэх тооны тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон.
 
Энэ удаагийн хязгаарлалтын тухайд өдрийн 10:00-17:00 цаг, шөнийн 20:00-06:00 цагуудад QR код зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ч бүрэн хязгаарлаж байгаагаараа онцлог болж байна.
 
-Түр журмыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тухайд?
 
-Хэрэв тээврийн хэрэгслийн QR код зөвшөөрөлд тусгагдсан цагийг зөрчсөн тохиолдолд тухайн олгогдсон зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээг авч байна. Иргэдийн тухайд хязгаарлалтын дэглэмийг ойлгон дэмжиж, ямар нэгэн байдлаар зөвшөөрөлгүй хөдөлгөөнд оролцох үйл энэ удаагийн хөл хорионы үед гаргахгүй байгаа нь цагдаагийн байгууллагын алба хаагчдын үйл ажиллагаанд ихээхэн дэм болж байгаа юм.
 
 
С.Ичинхорлоо
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин