sonin.mn
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол, хэт төвлөрөл, яндангийн тоог бодитоор бууруулах зэрэг олон асуудлыг шийдэх гол гарц, шийдэл нь гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах явдал юм. Ингэхдээ нэгдсэн бодлого, зохион байгуулалт, төлөвлөлттэйгөөр орон сууцны хорооллуудыг барьж байгуулан зорилтот бүлгийнхнийг хамруулах нь юу юунаас илүү чухал болоод буй. Өөрөөр хэлбэл, нийгмийн хөдөлгөгч хүч болсон дундаж орлоготой иргэд, ялангуяа залуу гэр бүлийг бодлогоор дэмжих асуудал юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ чиглэлд анхаарч ажиллахаа ч мэдэгдсэн. Тодруулбал, чинээлэг дундчуул зонхилсон нийгмийг бүрдүүлэхэд манай улсын хувьд хамгийн чухал нь орон сууцжуулах явдал тул “Залуус 1, 2, 3 хороолол”-ыг нэгдсэн зургаар барих ажлыг өрнүүлж, орлогод нийцсэн орон сууцны шинэ санхүүжилтийн загварыг Хуримтлалын нэгд-сэн сангийн тогтолцоонд шилжүүлэх тухайгаа танилцуулсан билээ. Улмаар Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд “Залуус” хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөгийг зарцуулахаар тусгасан.
Залуу гэр бүлийг дэмжиж, орон сууцжуулах дээрх шийдвэрт олон нийт ам сайтай байж, богино хугацаанд ашиглалтад оруулахыг хүсэж байгаа юм. Учир нь, цогцолбор хорооллыг барьж, ашиглалтад оруулснаар олон залуу гэр бүл байртай болж, амьдралын үндсэн хэрэгцээгээ хангаж, амар тайван амьдрах боломжтой болно. Нөгөө талаас нь харвал, зээлээр байранд орсон хүмүүс ажлаа тогтвор суурьшилтай хийж, ажлын бүтээмж нэмэгдэх зэрэг олон давуу талтай. Хамгийн чухал нь олон жил нийслэлчүүдийн толгойн өвчин болоод буй агаар, хөрсний бохирдол бодитоор буурна.
 
“ЗАЛУУС 1” ХОРООЛЛЫГ БАРИХАД ШААРДЛАГАТАЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖЭЭ
 
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөр, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд төрөөс “Залуус 1, 2, 3” хорооллыг барихаар бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн. Тиймээс тус хорооллыг барих ажлын явц, хэзээ ашиглалтад оруулах, урьдчилгаа төлбөр, ам метрийн үнэ хэд байх бол зэрэг асуултад олон нийт анхаарал хандуулж буй.
Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж, төвлөрлийг сааруулах замаар шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх хүрээнд ажлын байртай уялдсан иргэдийн орлогод нийцсэн орон сууцаар хангах зорилгоор “Залуус” орон сууцны цогцолбор хорооллын төслийг хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү хорооллыг барихын тулд хамгийн чухал нь газрын асуудлыг шийджээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд буюу одоогийн онгоцны буудлын баруун талд ТОСК-ын нэр дээрх 57 га газарт “Залуус 1” хорооллыг барихаар шийдэж, төлөвлөлтийг хийж эхэлжээ. Нийт газрынхаа 3/1-д 5000 айлын орон сууц барихаас гадна 2500 ажлын байр бий болгохоор шийдэж, арван га газарт дэд бүтцийг нь төлөвлөж буй аж. Ингэснээр хувийн хэвшлийнхэн дата центерүүдээ барьж, залуучууд ажлын байртай болох боломж бүрдэх юм. Энэ мэтээр үйлчилгээ, кино театр, орц, гарц, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг гэх зэргээр бүгдийг цогцоор нь төлөвлөж, шийдэх ёстойг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар онцоллоо. Тэрбээр “Дараагийн асуудал нь цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, холбоо. Гэхдээ тухайн хэсэгт орон сууц, барилга барихад эдгээр асуудлыг шийдчихсэн. Сүүлийн арван жилийг зарцуулж, хоногт 20 мянган куб метр бохир ус хүлээн авах чадалтай цэвэрлэх байгууламжийг ашиг-лалтад оруулсан. Ус хангамжийг Нисэхийн эцэст байдаг 1000 кубын усан санг өргөтгөх байдлаар шийднэ. Мөн сүүлийн олон жил ярьж байж шийдсэн Сонгино, Зайсангийн 110-ын цахилгаан холбоо шинэ онгоцны буудал, Оюутолгой руу цахилгаан хангах боломжтой болсон. Ерөнхийдөө барилгын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай асуудлыг шийдвэрлэсэн” гэдэг мэдээллийг өглөө.
 
УРЬДЧИЛГАА 30 ХУВИЙГ БУУРУУЛАХ БОЛОМЖ БУЙ ЭСЭХИЙГ СУДАЛЖ БАЙНА
 
Одоогоор орон сууцны хорооллын техник эдийн засгийн урьдчилсан судалгаа, эх загвар зураг боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж буй бөгөөд үүнийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан дуусгахаа холбогдох албаныхан мэдэгдлээ. Үүний дараа буюу гуравдугаар улиралд хорооллын эхний ээлжийн гадна инженерийн шугам, сүлжээ, барилгын ажлын зураг төслийг боловсруулж шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр ажлыг хэрэгжүүлэх хүрээнд инженерийн дэд бүтцийн шийдэл, хорооллын орц, гарц, түгжрэлийн асуудлыг шийд-вэрлэх автозамын сүлжээ, нийтийн тээврийн асуудлаар дэд ажлын хэсгүүдийг хол-богдох мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгуулсан байна.
Залуу гэр бүлүүд байртай болох зорилго тавьдаг ч урьдчилгаа мөнгө, арилжааны банкны шалгуурт өвдөг сөхөрдөг. Тэгвэл Засгийн газраас хэрэгжүүлж буй төслүүд санхүүгийн хувьд ямар боломж, хөнгөлөлт олгох, ялангуяа урьдчилгаа 30 хувийн тухайд баримталж буй бодлогын талаар өгч буй мэдээлэлдээ холбогдох албаныхан иргэдийн орлогод нийцсэн орон сууцаар хангах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр холбогдох шийдвэрийг гарган ажиллаж буйг онцлон дурдаж байлаа. Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны аравдугаар сарын 1-ний тушаалын дагуу ипотекийн зээлийн хүүг жилийн найман хувиас зургаа болгож бууруулснаар сарын эргэн төлөлтийн хэмжээ болон зээл авахад шаардагдах орлогын доод хэмжээ 18.3 хувиар буурч, зээлийн хүртээмж нэмэгдэж, өрийн дарамт багассан гэдгийг тодотгож байв. Ипотекийн зээлийн хүртээмжийг сайжруулах хүрээнд холбогдох тооцоо судалгааг хийхийн зэрэгцээ урьдчилгаа 30 хувийг бууруулах боломжтой эсэх асуудлыг ч мөн судалж байгаа аж.
 
 
 
 
 
“Залуус” хорооллын эхний ээлжийн орон сууцыг дээр дурдсан байршилд барихаар болсон бол дараагийн хоёр ээлжийн байршлыг Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөө, иргэдийн хөдөлгөөний урсгал, ажлын байрны төвлөрөл, нийгэм, эдийн засгийн холбогдох тооцоо судалгаанд үндэслэн шийдвэрлэх юм байна. Тухайн гурван хороолол нийтдээ 18 мянга орчим айл байхаар урьдчилан тооцоолсон бөгөөд эдгээрийг тодорхой үе шаттайгаар ашиглалтад оруулах ажээ.
 
 
 
 
“НОГООН НУУР 1008 АЙЛЫН ОРОН СУУЦ”-ЫГ БАРИХАД БЭЛЭН
 
Дээр дурдсан бодлого, зорилтын хүрээнд Засгийн газраас үндэсний томоохон, онцлох төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал, “Богд хаан” төмөр зам, босоо тэнхлэгийн олон улсын “АН-3” автозам зэрэг олон бүтээн байгуулалтыг дурдаж болно. Эдгээр төслийг үндэслэн Төв аймгийн нутаг дэвсгэрт хот суурины оновчтой тогтолцоог бүрдүүлэх үүднээс “Шинэ Зуунмод”, “Майдар” хотыг шинээр байгуулах түүхэн шийдвэр гаргасан билээ. “Майдар” эко хотыг орон нутгийн онцлог, цаг уурын нөхцөлтэй уялдуулан тогтвортой, нүүрс төрөгчийн ялгарал багатай, байгаль орчинд ээлтэй хот байхаар төлөвлөөд буй. Ингэснээр нийслэлийн хэт төвлөрлийг задлах, олон улсын жишигт хүрсэн эдийн засгийн хөгжлийн шинэ бүс болох “Шинэ Зуунмод”, “Майдар хот”, “Төвийн бүсийн тулгуур төв Зуунмод” хотыг харилцан уялдаатай хөгжүүлэх, дэд бүтцийг цогцоор шийдвэрлэх аж.
Дараагийнх нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл. Энэхүү төслийг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг бүрэн хангажээ. Төслийн барилгын талбайд орсон 11 айлтай гурван талт гэрээ байгуулсан бол долоон айл газар чөлөөлөлтөө хийж, дөрвөн айлын газар чөлөөлөлтийн гэрээг холбогдох газруудаар хянуулан, баталгаажуулж нүүлгэх, ариутгал, цэвэрлэгээг хийх ажлыг зохион байгуулж буй аж. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэх менежментийн багийн ажилтнуудын байрлах түр байр, инженерийн байгууламжийн угсралтын ажлыг хийж бэлэн болгосон байна. Барилгажих талбайн орц чөлөөлөх, дэд станц зөөх, шилжүүлэх, түр цахилгаан буюу барилгын хоёрдугаар эх үүсвэрийн ажлыг хийж дуусгажээ.
Мөн автобусны буудал шилжүүлэх орц, гарц хийх ажлыг гүйцэтгэжээ. Тодруул-бал, Цагаан байрны зүүн талын автобусны буудал шилжүүлэх орц, гарц гаргах ажлыг баталсан зураг төсөл, стандартын дагуу гүйцэтгэж, ашиглалтад хүлээн авчээ. Мөн буурь, хөрс, суурь хөрсний ус шүүрүүлэх ажлыг өнгөрсөн сард эхлүүлж, барилгын талбайд хяналтын цооног өрөмдөх, усны ундарга тогтоох зэрэг ажлыг хийж дуусгасан байна. Төслийн бүтээн байгуулалтын шавыг энэ сард тавих байсан ч цар тахлын улмаас хойшлуулаад буй тус төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм. Ингэхдээ 21 давхар, зоорьтой, найман блок барилга, барихын зэрэгцээ автозам, авто зогсоол, ногоон байгууламжтай байхаар төлөвлөжээ.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд тусгасан зорилт, арга хэмжээ буюу гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах их бүтээн байгуулалтыг салбарын яам хариуцан манлайлж, ийн хэрэгжүүлж эхэлжээ.
 
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин