sonin.mn
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн эрхийн зөрчлийн талаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзултай ярилцлаа.
 
-Манай улсын эмэгтэйчүүдийн эрхийн нөхцөл байдал ямар байна?
 
-Үндсэн хуулиар эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй гэж тунхагласан ч бодит байдалд эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал төдийлөн сайжрахгүй бүхий л салбарт эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байна.  Хамгийн их анхаарал татсан асуудал бол  жендерт суурилсан хүчирхийлэл. Тэр дундаа охид, эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, дарамтад өртөх явдал буурахгүй хэвээр байна. Тухайлбал, Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн 144 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 7.6 дахин өссөн, зөрчлийн тоо 18.9 хувиар өссөн дүн гарсан байна. 2020 оны наймдугаар сард хүн худалдаалах гэмт хэрэг 17, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэг 10 хэрэг бүртгэгдэж, 94 хүн хохирогч тогтоогдсон. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад бэлгийн мөлжлөгийн хохирогчийн тоо тав дахин нэмэгдсэн байх жишээтэй.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, малчин, эмэгтэйчүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүд гэсэн зорилтод бүлгийн эмэгтэйчүүдийн хүний эрхийн асуудал анхаарал татсан хэвээр байна.
 
 
 
Хүний эрхийн үндэсний комисст эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар ирж буй өргөдөл гомдлыг харахад ихэнх хөдөлмөрлөх эрхийн асуудал буюу ажлын байрны дарамтад өртөх, ажлын байрны бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа асуудал маш их байна.
 
 
 
-Малчин эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөхөд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь юу вэ?
 
-Комиссын судалгаагаар малчин эмэгтэйчүүд бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэлд өртөх явдал их мөн тэдний эрүүл мэндийн асуудал ялангуяа, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ авах эрхийн асуудал анхаарал татсан.  Энэ нь хөдөө, алслагдмал байдал,  мэдээлэл, сурталчилгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хийдэггүй телевиз, радиогоос л мэдээлэл авах төдийгөөр хязгаарлагдаж байна. Ялангуяа, алслагдмал газарт амьдардаг, мэдээлэл авах боломжгүй, бичиг үсэг үл мэддэг, хөгжлийн бэрхшээлтэй малчид эрхээ ч мэдэхгүй байна.  Түүнчлэн малчин эмэгтэйчүүд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг тухайд авч чадахгүй байгаа нь бартаат зам ихтэй, орон нутагт нарийн мэргэжлийн эмч цөөн, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж хангалтгүйтай холбоотой байна. Мөн хүчирхийлэл гэдэг байх ёстой асуудал гэж үздэг уламжлалт хандлага орон нутагт их байна.
 
-Хөл хорионы үеэр гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Үүнийг дагаад эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөх нь нэмэгдсэн үү?
 
-COVID-19 хэмээх цар тахал гарч, хөл хорио тогтоосон явдал нь хүн бүрийн амьдралд тэр дундаа эмэгтэйчүүдэд үзүүлэх сөрөг нөлөөлөл их байна. Тухайлбал, эмэгтэйчүүд ихэвчлэн худалдаа, үйлчилгээний салбарт ажилдаг учраас хөл хриотой холбоотойгоор цалин хөлс орлого тасалдаж, ялангуяа өрх толгойлсон эмэгтэйчүүдэд хүндээр тусч байгаа.  Мөн 2020 оны нэгдүгээр сараас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой эмэгтэйчүүд гэр орны ажил, хоол ундаа хийх,гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндэд анхаарахаас гадна “гэрийн багш” хийх үүрэг давхар нэмэгдсэн. Мөн 0-12 насны хүүхэдтэй эцэг эхийг гэрээр ажиллах Засгийн газрын шийдвэр гарсантай холбоотойгоор дээрх үүргийн хажуугаар, албан ажлаа хийх зэргээр эмэгтэйчүүдийн гэртээ гүйцэтгэх үүрэг 1-2 дахин нэмэгдсэн байна.
 
 
 
Эмэгтэйчүүд хүчирхийлэл үйлдэгчтэйгээ нэг гэрт хоригдсон тул асуудал үүсэхэд цагдаад дуудлага өгөх боломжгүй байна. Тиймээс Франц, Аргентин улсуудад  “улаан маск хүсч байвал” тэр эмэгтэйн хүчирхийллийн тусламж гуйсан дохио байна гэж үздэг кодчилсон мессежүүдийг боловсруулж далд буй хүчирхийллийг ил гаргах арга хэрэглэсэн байна.
 
 
 
Мөн хөл хорионы үеэр хүчирхийллийн улмаас гэрээсээ цугтаж, хамгаалалтад орох гээд явж байгаа эмэгтэйчүүдийг хөл хорио зөрчсөн гэдэг хариуцлагаас чөлөөлсөн байна. Харин манай улсын хувьд энэ талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. 
 
-Хөл хорионы үеэр тусгай албанд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа вэ?
 
-Эрүүл мэндийн салбарын 81.9 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тэд халдварт өртөж, ажлын ачаалал их, сэтгэл зүйн дарамтад орж байна.  Мөн Засгийн газраас хоёрдугаар сарын 11-нээс 23-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоож, төрийн албан хаагчдыг хамгаалалтад гаргасан. Ингэхдээ бага насны хүүхэдтэй, жирэмсэн, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дайчилсан асуудал гармагч газар дээр нь очиж мониторинг хийж, Шадар сайдад зөвлөмж хүргүүлсэн.  Хатуу хөл хорионы үеэр хамгаалалтад гарч байгаа хүмүүсийн хоол унд болон  бие засах газрыг хүртэл зохицуулаагүй байсан. Энэ нь төрийн гаргаж байгаа бодлого шийдвэр хүний эрхийн мэдрэмжгүй харуулж байна. Хөл хориотой холбоотойгоор эцэг эх нь албан үүргээ гүйцэтгэхээс аргагүй байдалд алба хашиж буйгаас харгалзах хүнгүйгээр гэртээ үлдсэн хүүхэд түлэгдэх зэргээр амь насаа алдах, осол гэмтэлд өртөх эрсдэл өндөр байна. Иймд хөл хорионы үед тусгай чиг үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын хүүхдүүдийг  асран хамгаалах тусгай арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэх талаар холбогдох яаманд зөвлөмж хүргүүлсэн. Ер нь улс орноороо хүнд хэцүү байгаа үед  комисс Засгийн газар, Онцгой комиссын ажлыг шүүмжлэхээсээ илүү хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөх чиг үүргийг баримтлан ажиллаж байна.
 
-Хүчирхийллийн хохирогчдыг хамгаалдаг түр хамгаалах байрны нөхцөл байдал ямар байгаа вэ?
 
-Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд байрлан үйлчилгээ авах шаардлагатай хохирогчийг шинжилгээ өгөх,  шинжилгээний хариутай ирэхийг шаардаж буй нь зүйн хэрэг. Гэвч шинжилгээний хариу гарах хугацаа удаан  мөн гэр бүлийн хүчирхийлэл ихэнх нь шөнө оройн цагаар үйлдэгддэгээс хохирогч  тухайн цагуудаар шинжилгээ өгөх  боломжгүй  байгаагаас хүчирхийллийн өндөр эрсдэлтэй хохирогч яаралтай хамгаалалт авч чадахгүй амь нас, эрүүл мэндээ алдах эрсдэлтэй байдал үүссэн байсан.   Иймд  Комисс ХНХЯ-нд эмнэлэгт түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг хүчирхийллийн хохирогчдоос түргэн оношлуураар шинжилгээ авдаг болгох зохицуулалтыг ЭМЯ-тай хамтран шийдвэрлүүлэх талаар зөвлөж ажилласан.  Мөн хамгаалах байрны үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх ёстой. Гэтэл  хатуу хөл хорионы үеэр гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг хамгаалах байрны ажилтан, албан хаагчдад ажиллах зөвшөөрөл олгоогүйгээс үйл ажиллагаа нь тасалдах асуудал гарсан. Үүнийг  комисс  газар дээр нь зохицуулж ажилласан.  Хөл хорины үед охид, эмэгтэйчүүдээс гадна хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настнууд, бэлгийн цөөнх зэрэг хүчирхийлэл дарамтад өртөх эрсдэл өндөртэй хүмүүсийг хамгаалах тусгай арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагатай байна. 
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин