sonin.mn
Дэлхийн Худалдааны байгууллагын Ерөнхий захирлаар түүхэнд анх удаагаа эмэгтэй хүн, тэр дундаа Африк тивийн төлөөлөл болох анхны хүн сонгогдож, 3 дугаар сарын 1-нд албан үүрэгт ажилдаа орлоо. Энэ хүн бол Нигери улсын Сангийн сайд асан, 66 настай Нгози Оконжо-Ивеала юм. 
Хязгаарлагдмал эрхтэй ерөнхий захирлын хувьд тэрбээр Америк-Хятадын худалдааны дайн үргэлжилж буй энэ үед олон улсын худалдааны хэлэлцээнд зуучийн үүрэг гүйцэтгэх, худалдааны дүрэм журмыг шинэчлэх, Ковид-19-ийн цар тахлын үед улам газар авч буй протекционизм буюу татвараар дамжуулан худалдааг ивээх хандлагын эсрэг тэмцэх ёстой болж байна.   
 
Хүүхэд нас ба дайны жилүүд
 
Нгози Оконжо 1954 онд улс орон нь Британийн колони байх үед төржээ. Эцэг эх нь Европт сурч байсан тул 9 нас хүртлээ тосгонд эмээгийндээ амьдрах хугацаандаа ус зөөж, мод хагалж, фермерийн аж ахуйд ажиллаж байв. Эцэг эх нь Европоос буцаж ирсэн боловч гэр бүл нь аз жаргалтай золгосонгүй. 1967 онд иргэний дайн дэгдэж Нигерийн зүүн өмнөд мужууд Биафра гэдэг улсыг байгуулан тусгаар тогтнолоо зарлаж, Нгозигийн эцэг нь салан тусгаарлагчдын талд оржээ.
Иргэний дайны хүнд жилүүдэд Нгози өдөрт ганцхан удаа юм олж иддэг байсан ба хумхаа өвчин туссан 3 настай охин дүүгээ тэврээд 5 км газрыг явганаар туулж, эмчид очиж байжээ. Хожим нь тэрбээр “бэрхшээл зовлон намайг хүн болгосон” гэж дурсан ярьсан байдаг. 
1970 онд иргэний дайн дуусаж, үүнээс хоёр жилийн дараа 18 настай Нгози АНУ руу явлаа. Тэрбээр Харвардын их сургуульд эдийн засгийн мэргэжлээр бакалавр, дараа нь Массачусетийн технологийн их сургуульд магистрын зэрэг тус тус хамгаалж, 25-хан насандаа Дэлхийн банкинд ажиллаж эхэлжээ.
 
Асуудлыг шийддэг Оконжо
 
Авьяаслаг шаргуу Нгози албан тушаалын шатаар хурдан ахиж, Дэлхийн банкны Африкийн хөдөө аж ахуйн салбарыг хариуцсан мэргэжилтэн, Монгол, Малайз, Камбожийг хариуцсан хэлтсийн дарга, Ойрхи Дорнодын бүс нутгийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгчөөр дэвшин ажиллаж байв.
2011 онд Дэлхийн банкны ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдсөн боловч АНУ-ын ерөнхийлөгч асан Б.Обама дэмжээгүй аж. 2013 онд тус банкны гүйцэтгэх захирлаар томилогдсон нь ерөнхийлөгчийн дараах хамгийн өндөр албан тушаал юм. Энэ үед тэрбээр Нигерийн Сангийн сайдаар ажиллаж байв.
 
 
 
 
Сайд Оконжо бол авлигад идэгдсэн албан тушаалтнуудыг халж, төрийн албан хаагчдын тоог цөөлсөн төдийгүй олон улсад зард гарсан “Нигерийн захиа” гэгч луйврыг тас цохиж байсан хүн. Түүнээс гадна, албан тушаалтнууд, цэргийнхний шунахай зорилгод нийцүүлэн дамжуулах хоолой болон хадгалах савнаас нууцаар нефть соруулж авдаг байсан хулгайн сүлжээг хумиж чадсан байна.    
 
 
 
Оконжог нэр алдарт хүргэсэн хамгийн том гавьяа бол Парисын клубын орнуудад төлөх Нигерийн өрийг хүчингүй болох асуудлыг шийдвэрлэсэн явдал юм. Хэдийгээр үнэ нь өндөр боловч нефть борлуулсны дараа Нигерийн нэг иргэнд өдөрт ердөө 50-хан цент ногдож байгаа нь бидэнд хөгжин дэвжих бололцоог олгохгүй байна гэдгийг тэрбээр зээлдүүлэгчдэд ятган ойлгуулснаар 18 тэрбум долларын өрийг /нийт өрийн 60 хувь/ цуцлуулж чадсан байна. Түүний хэлэлцээ хийх чадвар, тууштай зан чанар нь үүнд нөлөөлснийг дурдах нь зүйтэй.  
Сангийн сайдаар ажиллаж байхдаа тэрбээр макро эдийн засгийн удирдлагыг боловсронгуй болгох, тухайлбал, нефтийн суурь жишиг үнийг тогтоох, уг үнээс давсан орлогыг тусгай дансанд хуримтлуулах гэх мэт шинэчлэлийн алхмуудыг санаачлан хэрэгжүүлж байв. Холбооны засгийн газраас муж бүрт олгодог татаасын талаарх тайланг сар бүр сонин хэвлэлүүдэд нийтэлж байх санаачилгыг гаргасан нь удирдлагын ил тод байдлыг сайжруулсан алхам болжээ. Мөн түүний удирдлагын дор Нигерийн Үндэсний статистикийн товчоо улсынхаа ДНБ-нд дүн шинжилгээ хийснээр Нигери бол Африк тив дэх хамгийн том эдийн засаг мөн гэдгийг тогтоосон байна. 
Мөн залуучууд, эмэгтэйчүүдийг дэмжих үүднээс “Нигерийн өсөн дэвжиж буй охид эмэгтэйчүүд” GWIN гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлэв. Оконжогийн оролцоотойгоор жендерийн хүчин зүйлүүдийг харгалзан үзсэний үндсэн дээр төсвийг боловсруулах тогтолцоог бий болгожээ.
 
"Боком Харам" бүлэглэлийнхний нураан сүйтгэсэн сургуулийн барилгыг сэргээн босгох ёслолын үеэр 
 
Үүний сацуу тэрбээр хатуу ширүүн шүүмжлэл, элдэв заналхийлэлд өртөж байлаа. Жишээ нь, 2007 онд сайд болохдоо 7 сая ажлын байр бий болгоно гэж амласан боловч энэ амлалтаа биелүүлж чадсангүй.
2013 онд Сангийн сайдаар дахин томилогдсон нь засгийн газар шатахуунд олгодог татаасыг цуцалсан үетэй давхацжээ. Нигери улс их хэмжээний нефть олборлодог хэрнээ түлш шатахууныхаа ихэнхийг гаднаас импортолдог гаж тогтолцоотой. Бензин өндөр үнэтэй учраас төрөөс татаас олгох замаар үнийг нь барьж байлаа. Энэ нь улсын төсөвт дэндүү их дарамт /8 тэрбум доллар/  учруулж байсан тул үүнийг зогсоох үүднээс татаасыг цуцлах шийдвэр гаргаж, уг мөнгийг дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэжээ. Гэвч энэ шийдвэрийн улмаас эдийн засаг хямарч, юмны үнэ огцом өсөв. Бензинээр ажилладаг генератороор цахилгаан гарган авдаг нигеричүүд үүнийг эрс эсэргүүцэж, үймээн дэгдээсэн тул уг шийдвэрийг цуцалж, татаасыг хэсэгчилсэн байдлаар буцаан олгож эхэлжээ.
Татаас бол авлигын нэг эх үүсвэр гэж үздэг Сангийн сайд руу дайрч давшлах нь ширүүсэв. Түүний 83 настай ээжийг хулгайлан барьцаалсан үл мэдэгдэх этгээдүүд Оконжог огцрохыг шаарджээ. Гэвч тэрбээр шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, хариуд нь “чамайг айлган сүрдүүлэх боломжийг бусдад бүү олго” гэсэн эцгийнхээ захисан үгийг хэлж байлаа. Эцэст нь, түүний эх барьцаанаас суллагджээ.
Дөрвөн хүүхдийн эх Нгози Оконжо-Ивеала шаргуу хөдөлмөр, үнэнч шударга зан, даруу төлөв байдлаараа олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн юм. Ялангуяа тансаглах дуртай, түүгээрээ бахархдаг Нигерийн дээд зиндааныхнаас эрс ялгардаг. 
 
Шаргуу бөгөөд гөжүүд Оконзо
 
Оконжо-Ивеалаг ДХБ-ын тэргүүнээр сонгохыг АНУ-ын өмнөх засаг захиргаа, ялангуяа ерөнхийлөгч асан Д.Трамп эрс эсэргүүцэж, Оконжо сонгогдвол АНУ-ыг ДХБ-аас гаргана гэж хүртэл сүрдүүлж байв. Харин Байден ерөнхийлөгч болсноор Америкийн байр суурь өөрчлөгдөж, тэрбээр ДХБ-ын ерөнхий захирлаар сонгогдлоо.
Трампын засаг захиргаа Оконжог ДХБ-ын тэргүүнээр сонгохоос татгалзаж байсны гол шалтгаан нь, тэрбээр өөрийн гол өрсөлдөгч болох Өмнөд Солонгосын Худалдааны сайд Ю Мен Хи-тэй харьцуулахад олон улсын худалдааны салбарт ажилласан туршлага багатай аж. Оконжог дэмжигчид хүртэл үүнийг хүлээн зөвшөөрч, худалдааны хэлэлцээрийн техникийн асуудлыг түргэвчилсэн байдлаар судлах шаардлага түүнд тулгарна гэдгийг нуулгүй хэлдэг. Харин Оконжо энэ бүхнийг үл тоомсорлож “худалдааны салбарт би арвин туршлагатай, надад мэдлэг чадвар бий, бусдаас илүү сайн чанарууд ч бий” хэмээн няцааж байв.
 
Тime сэтгүүлээс гаргадаг "Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалт"-нд Оконжо-Ивеала оржээ. 2014 он.  
 
Түүний тухайд “Оконжо бол шаргуу бас гөжүүд хүн” гэж Сангийн сайд байхад нь хамтран ажиллаж байсан Нигерийн Төв банкны дэд ерөнхийлөгч асан Кингсли Могалу тодорхойлон хэлсэн нь бий.
 
Шинэчлэгдэггүй зүйлийг шинэчилнэ
 
Сүүлийн жилүүдэд ДХБ тал талаас ирэх шүүмжлэлийн шуурган галд өртсөөр байгаа билээ. Өндөр хөгжилтэй баян улсууд тус байгууллагад хэтэрхий их нөлөөтэй байгаад ядуу орнууд дургүйцдэг бол худалдааны зөрчил маргааныг /Хятад-Америкийн худалдааны дайн гэх мэт/ зохицуулах чадваргүй болсон ДХБ-ыг шинэчлэх ёстой гэж АНУ үздэг. Үүний зэрэгцээ худалдааны гэрээний мониторингийн үр дүн чамлалттай байгааг гишүүн орнууд бүгдээрээ шүүмжилсээр. 
 
 
 
 
Хятад зэрэг хөгжиж буй орнуудын зүгээс дүрмээс гадуурх хөнгөлөлт чөлөөлөлтийг байнга шаардаж буй явдлыг АНУ болон бусад хөгжингүй улсууд буруушааж, ДХБ-ын дүрмийг дахин хянаж үзэх ёстой, Хятадын эдийн засгийн эрчимтэй хөгжлийг ч харгалзаж үзэх хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлж байгаа юм.
 
 
 
Энэ тухайд Оконжо-Ивеала өөрийн бодлыг хэлэхдээ “хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хувьд тоглоомын ижил дүрмийг бий болгох хэрэгтэй, МШБ-ыг ч гэсэн шинэчлэх ёстой, ДХБ-ын хувьд, шинэ үзэл санаа, шинэ дүр төрх, шинэчлэлийг хийж чадах, гишүүн орнуудтай ажиллаж чадах хүн хэрэгтэй байна” гэжээ.  
Өнгөрсөн оны 8 дугаар сард ДХБ-ын Ерөнхий захирал асан Роберто Азеведу хувийн шалтгаанаар албан тушаалаа өгснөөс хойш тус байгууллагын үйл ажиллагаа бүхэл бүтэн 6 сарын турш зогсонги байдалд оржээ. Үүнтэй зэрэгцээд Трампын засаг захиргаа дэлхий даяарх худалдааны маргаанд арбитрын үүрэг гүйцэтгэдэг ДХБ-ын Маргаан шийдвэрлэх байгууллагын гишүүдийн томилгоонд саад хийсээр ирэв. Энэ талаар Оконжо-Ивеала хэлэхдээ “МШБ-ыг шинэчлэх ёстой, ДХБ-ын хувьд, шинэ үзэл санаа, шинэ дүр төрх ба шинэчлэлийг хийж чадах, гишүүн орнуудтай хамтран ажиллаж чадах хүн хэрэгтэй байна” гэлээ. Үүнтэй холбогдуулан ДХБ-ын тэргүүнээр ажиллаж байсан Паскаль Лами ярихдаа “Оконжогийн амжилтын түлхүүр бол АНУ-ЕХ-Хятад гэсэн гурвалжингийн төвд нь ажиллах чадвар мөн” гэж дүгнэжээ.
 
 
 
 
Оконжо-Ивеала сүүлийн 5 жилд ГАВИ буюу Вакцин, дархлаажуулалтын глобал холбоог даргалснаас гадна Ковид-19-ийн асуудал эрхэлсэн ДЭМБ-ын тусгай элчээр ажиллажээ. Түүнчлэн Эдийн засаг, уур амьсгалын глобал комиссын хамтран даргалагчаар ажилласан бөгөөд эдийн засагчийн хувьд нүүрстөрөгчийн хаягдалд татвар ногдуулахын төлөө байр суурьтай хүн.   
 
 
 
Түүний дэвшүүлж буй нэгэн шинэ санааг дурдвал, эмэгтэйчүүдийг олон улсын худалдаанд илүү өргөнөөр оролцуулах, ялангуяа хөгжиж буй орнуудын эмэгтэйчүүдийн эзэмшил дэх компаниудыг албан ёсны секторт хамруулахад ДХБ анхаарлаа хандуулах ёстой ажээ.  
Ирээдүйн зорилтуудынх нь талаар түүнээс лавлахад, Нигерийн нийгмийн институтуудын сул гажууд тогтолцоог шинэчлэх талаар бичсэн “Шинэчлэгдэхгүй зүйлийг шинэчлэх нь” гэдэг номынхоо санааг өнөөгийн ДХБ-д хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж тоглоом шоглоомоор хариулжээ.  
“Асуудлуудыг шийдэж чадна гэдгээ би мэдэрч байна. Би бол хоосон чалчигч биш, харин олон танигдсан шинэчлэгч хүн. Өмнө нь ийм асуудлуудыг шийдэж байсан” гэж Нгози ярьдаг.  Түүний тухай Европын Төв банкны ерөнхийлөгч К.Лагард ярихдаа “асуудлыг шийдэх өвөрмөц арга барилтай, мэдрэмжтэй, маш ялдам энэ эмэгтэйн зөөлөн бээлий дотор хатуу гар, сэтгэлийн асар их тэнхээ нуугдаж байдаг. Энэ хүн ДХБ-ыг доргиож чадна” хэмээн үнэлжээ.
 
 
 
Б.Адъяа
Эх сурвалжууд: bbc.com
 
Forbes.ru