sonin.mn
Төгөлдөр хуурын хөг аялгуу эгшиглэж, дуу хуур сүлэлдэн байдаг Дуурийн театрт нам гүм ноёлжээ. Хоёр давхраар гарангуут концертмейстер, дуучин хоёрын хоршил, цааш хэд алхахад энэ цагийн шилдэг, залуу балетын жүжигчидтэй уулзаж тэдний бүтээх дүрийн тухай сонирхон хуучлах сайхан. Одоо тэд юу хийж байгаа бол. Уг нь жилийн энэ үед үндэсний сонгодог бүтээлийг үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байдаг юмсан. Залуус нь хаврын улирлыг угтан шинэ бүтээл амилуулахаар бэлтгэлээ аль хэдийнэ эхлүүлчихсэн байгаа. Жааз, модерн зэрэг бүтээлийг сонгохдоо монгол элементийг шингээж үзэгчдэд хүргэхээ тэсэн ядан хүлээж байдгийг санаж байна. Балетын жүжигчдийн зарим нь олон улсын уралдаан тэмцээнд оролцож, хаврыг баярт мэдээтэйгээр эхлүүлдэг сэн. Харин одоо тэд юу хийж байгаа бол. Ууган театрын балетын жүжигчдээс гоцлооч Б.Маралыг онцлон ярилцсанаа хүргэе.
 
-Дуурийн театрын балетын жүжигчид жилийн энэ үед “Хунт нуур”, “Цөмөөхэй” балетынхаа ард гарчихсан, үндэсний бүтээлд бүжиглэхээр бэлтгэл сургуулилалтаа хийж байдагсан. Харамсалтай нь, цар тахлын улмаас сонгодог театр нам гүмхэн болжээ. Хэдэн сар дуурийн театртаа ирээгүй та тайзаа санаж байна уу?
 
-Тэгэлгүй яахав, тайзан дээрээ гаралгүй бараг гурван сар болсон байна. Тайзаа маш их санаж байна.
 
-Үзэгчид суудлаа эзэлж, хөшиг нээгдэх мөчийг та юутай зүйрлэх вэ?
 
-Хөшиг нээгдэх мөч бол миний хувьд хамгийн догдлолтой, хамгийн хүлээлттэй, хамгийн сандралтай мөч байдаг. Ер нь их сэтгэл догдлуулсан үе гэж хэлж болно.
 
-Багаасаа тайзан дээр гарсан ч мэргэжлийн балетын жүжигчний хувиар Дуурийн тайзан дээр гарах мэдрэмж ямар байсан талаар эргэн санаач. Тухайн мөчийг юутай зүйрлэх вэ?
 
-Би хамгийн анх Дуурийн театрын тайзан дээр 2014 онд гарч байсан. Надад энэ урлагийг “А”-гаас нь эхэлж зааж сургасан, дурлуулсан мэргэжлийн багш Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Энхтуяа багшийн минь тайлан тоглолт болж би олуул хэсэгт бүжиглэж байсан юм. Тэр үед үзэгчид зөвхөн надад зориулж алга ташиж байгаа юм шиг санагдаж билээ.
 
 
-Хөлийн хуруунууд тэсвэрлэхийн аргагүй өвдөж байсан ч үргэлжлүүлэн бүжиглэхийн тулд тэсвэр тэвчээрийн хязгаарыг харуулахад юу нөлөөлдөг бол?
 
-Нөлөөлөх зүйл бол маш олон. Тайзан дээр бүжиглэж байгаад “Миний хөл өвдөөд байна болилоо” гээд орхиж явах эрх бидэнд байхгүй. Яагаад гэвэл, бэлтгэл сургуулилалт хийлгэсэн багш нарын маань нөр их хөдөлмөр, миний зарцуулсан цаг хугацаа маш хайран, үүнээс гадна театрт ирж гоё сайхныг үзэж түүнээсээ сэтгэлийн таашаал авах гэж мөнгөө төлж ирсэн үзэгчдийг бид хүндлэх ёстой. Энэ урлаг нь маш их тэсвэр, тэвчээр шаарддаг урлаг учраас тэсээд л ард нь гарах ёстой.
 
-Балетын гоцлооч… Энэ нэр хүндийн эзэн болохын тулд та бүхэн маш их хөдөлмөр зарцуулдаг. Та 2019 онд Дуурийн театрын гоцлооч болохдоо өөртөө ямар амлалт өгсөн бэ?
 
-Илүү их хичээнэ, илүү их тууштай хандана, надад итгэсэн хүмүүсийн итгэлийг алдахгүйгээр олон амжилт үзүүлж Монголын балетын нэрийг дэлхийд гаргана гэж өөртөө амласан.
 
-Сонгодог театр залуу боловсон хүчнээр бүл нэмж, дотоод төдийгүй гадаадад сургууль төгсөж, мэргэжил эзэмшсэн нэгэн үеийн залуус Дуурийн театрын тайзан дээр “дүүлж” байна. Тэдний дунд байхад та цагаан өрсөлдөөнийг мэдэрдэг үү?
 
-Миний хамгийн том өрсөлдөгч бол би өөрөө гэж боддог.
 
-Хэн гэдэг суутны ямар бүтээл таны уран бүтээлийн шуналыг хөдөлгөдөг вэ?
 
-Дуртай бүтээл их олон. А.Хачатуряны “Спартак”, А.Пушкины “Бахчисарайн оргилолт булаг”, П.И.Чайковскийн “Хунт нуур”, “Шелкунчик” бол миний хамгийн дуртай балетууд.
 
-Дурлаж, хайрладаг дүр бий юү?
 
-Жульета болон цагаан хунгийн дүр надад гоё санагддаг.
 
-Та Монгол Улсын консерваторид байхаасаа л олон улсын уралдаан тэмцээнд оролцсон. Тухайн үед монгол шинжийг агуулсан модерн бүжиг бүжиглэсэн нь лавтай. Сонирхолтой байсан уу?
 
-Олон улсын тэмцээнүүдэд монгол шинж агуулсан модерн бүжиг бүжиглэж байгаагүй.
 
-Бүжигчин хүн “олон өнгө”-тэй буюу ямар ч төрлийн бүжгийн талаар мэддэг, бүжиглэчихдэг байх ёстой юу?
 
-Ер нь бол тийм. Ихэнх бүжгийн суурь балетын дасгал байдаг. Балетаас бусад бүжгийг заавал сайн бүжиглэж чаддаг байх албагүй, мэргэжлийн түвшинд биш ч тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй байх.
 
-Балетаас гадна таны сэтгэлийг татдаг бүжгийн төрлийг нэрлэвэл. Яагаад?
 
-Контемпорари буюу модерн бүжигт дуртай. Учир нь, биеийг илүү задалж өгдөг. Суурь нь бас л балет л даа. Одоо үед гаднын бүх театр балетын тоглолтын хажуугаар модерн бүжгийн тоглолт их хийдэг болсон.
 
 
 
-Цар тахлын хоосон орон зайг ашиглан өөрийгөө хөгжүүлж байна уу. Тухайлбал, интернэтээс ямар нэгэн бүтээл сонгон судалж, өөрөө дэглэж туршилт хийсэн удаа бий юү?
 
-Энэ хэцүү цаг үеийг хий хоосон өнгөрөөх нь мэдээж хайран. Миний хувьд гэвэл гадаад хэлээ сайжруулж, мөн СУИС-д бүжиг дэглээчийн ангид суралцаж байгаа. Одоогоор онлайнаар хичээлээ үзэж байна.
 
-Өдрийн дийлэнх цагийг ажил, тэр дундаа бэлтгэлийн зааландаа өнгөрүүлдэг та бүхний хувьд цар тахал гэр бүлийнхэнтэйгээ ойр байх боломжийг өгч байгаа болов уу?
 
-Аливаа юм бүхэн хоёр талтай гэдэг шиг энэ айхавтар цар тахал хэдийгээр хэцүү цаг үеийг бид бүгдэд авчирсан ч нөгөөтэйгүүр гэр бүл, хайртай хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрөөх боломж өгч байна. Миний хувьд бол их бэлтгэлийн үеэр гэрээсээ өглөө эрт гараад бараг гэрийнхнийгээ унтах гэж байхад орж ирдэг байсан.
 
-Цаг зав гарвал хийхээр төлөвлөсөн ажлаа эхлүүлсэн үү. Ямар төлөвлөгөөтэй байна вэ?
 
-Төлөвлөж байсан зүйлээ эхлүүлсэн. Гадаад хэл сурч байгаа. Бас өмнө нь “Ямар ч байсан би бүжиг дэглээчээр сурна. Гэхдээ энэ их ажил бэлтгэлийн хажуугаар хэзээ нь сурна” гэж санаа зовдог байсан. Одоо бол харин хангалттай цаг гарч ирээд байна.
 
Түүний тухай товчхон:
 
УДБЭТ-ын балетын гоцлооч Батнямын Марал 2012-2017 он хүртэл Монгол Улсын консерваторийг балетын бүжигчин мэргэжлээр суралцан төгссөн. 2017 оноос УДБЭТ-т балетын жүжигчнээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2019 оноос гоцлооч бүжигчнээр ажиллаж байна.
 
Бүтээсэн дүрүүд:
 
П.И.Чайковскийн “Цөмөөхэй” – Шүүдрийн дусал, цас
П.И.Чайковскийн “Хунт нуур”- Вальс, том хун, па де труа, испани, сүйт хүүхнүүд
А.Аданы “Жизель” – Найзууд, сүнс
Ф.Херольдын “Дэггүй лиз”- Найзууд
Л.Делибийн “Коппелия” /Цэнхэр нүдэн бүсгүй/ – Найзууд
Ж.Чулууны “Уран хас” – 2 найз
И.Морозовын “Амттаны доктор” – Хэрээ
Ж.Амармэнд “Үйлийн 3 толгой”, Э.Чойдог “Чойжид дагина”, Л.Минкус “Дон кихот”, А.Хачатурян “Спартак”, Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг” зэрэг бүтээлд дүр бүтээжээ.
 
Шагнал:
 
-2016 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн нэрэмжит “Монголын балетын анхдугаар уралдаан”-д дэд байр.
-2018 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн нэрэмжит “Монголын балетын хоёрдугаар уралдаан”-д тэргүүн байр.
-2018 онд Монгол Улсад анх удаагаа зохион байгуулсан Олон улсын балетын анхдугаар уралдаанд амжилттай оролцож тэргүүн байрын шагнал.
-2019 онд Япон улсад зохион байгуулсан Ази Номхон далайн орнуудын балетын тэмцээнээс гуравдугаар байрын шагнал.
-2019 онд ОХУ -ын Улаан-Үд хотод зохиосон Орос-Япон-Евроазийн балетын тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байрын шагнал.
-2019 онд Залуучуудын холбооны дээд шагнал “Алтан од” тэмдэг зэрэг шагналыг хүртсэн авьяаслаг залуу уран бүтээлчдийн нэг юм.
 
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин