sonin.mn
Цэргийн төв эмнэлгийн дарга-Ерөнхий эмч, хурандаа С.Батболдтой шинэ оны босгон дээр холбогдож, их ажлынх нь хажуугаар цөөн хором утсаар ярилцлаа.
Эрхэм хурандаагийн амрыг эрье. Танд болон танай хамт олонд шинэ оны мэнд хүргэе.
 
-Баярлалаа. “Соёмбо” сониныхоо уншигчдад шинэ оны мэнд дэвшүүлье.
 
Хамт олныхоо болон мянга мянган уншигчдынхаа өмнөөс Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, ажилтан албан хаагчдадаа баярлалаа гэж хэлэх гээд ярьж байна аа.
-Баярлалаа. Ямар сайхан урам бэ. Урмын сайхан үг энэ хэцүү цаг үед эмнэлгийн ажилтан бидэнд гэлтгүй тусгаарлалт, ажиглалтад байгаа, халдвар авсан иргэдэд маань ч хүртэл эрч хүч өгөх байх.
 
 
Тэгэлгүй яах вэ. Өнөөдрийн байдлаар танай эмнэлгээс хэдэн хүн улаан бүсэд ажиллаж байна вэ?
 
-Цэргийн төв эмнэлгээс нийт 74 эмч, сувилагч, ажилтан албан хаагч ажиллаж байна.
 
Та бүхнийг онцгой цаг үед амрах завдалгүй ажиллаж байгааг бид бүхэн мэдэж байгаа. Ажилтнуудын сэтгэлзүй хэр байгаа бол? 
 
-Бид бол тангараг өргөсөн эмч хүмүүс. Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд үргэлж бэлэн байх ёстой. Үнэндээ бол ядрах эрхгүй хүмүүс гэж хэлж болох байх. Мэдээж ачаалалтай байгаа. Гэхдээ эдгэрээд гарч байгаа хүмүүсээ харахаар ядарснаа мартчихаад улам л хичээж зүтгэдэг. Дотооддоо илэрсэн нийт халдварын тохиолдлын 500 гаруйг тус эмнэлэг хүлээн авч эмчлэн сувилж байна. Сэлэнгэ, Дархан, Говьсүмбэр зэрэг аймаг, Баянзүрх дүүргийн эмнэлэгт гарсан голомт буюу халдвар авсан иргэдийг бүгдийг нь авсан гэж бодохоор эмч, сувилагч, ажилчдын маань ачаалал ямар байгаа нь  ойлгомжтой байх.
 
 
Хэдэн хүн энэ аюулт вирусээс салж эрүүл саруул болоод байна вэ?
 
-Одоогийн байдлаар 237 хүн эдгэрээд эмнэлгээс гарсан. 
 
Та нар маань хэд хоног гэртээ харилгүй ажиллаж байна вэ?
 
-Монгол Улсын Засгийн газрын тогтоол, УОК-ын шийдвэрээр Цэргийн төв эмнэлэг 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс үйл ажиллагаагаа зогсоож гадны улс орнуудаас ирж буй иргэдийг тусгаарлаж эхэлсэн. Үүнээс хойш хоногоор биш сараар тоолохоор л хугацаанд манай эмнэлгийн ажилтан албан хаагчид гэртээ харилгүй ажиллаж байна.
 
Таны хувьд ...
 
-Өмнө нь хамгийн удаан гэвэл 2 сар гаруй эмнэлэг дээрээ байрлаж ажилласан. Сүүлийн байдлаар эмнэл зүй эрхэлсэн орлогч дарга, хурандаа Р.Баянмөнх бид хоёр 11 дүгээр сарын 13-наас хойш буюу 55 хонож ажиллаж байна.
 
Шинэ оныг ажил дээрээ угтжээ...
 
-Баярлах завгүй л шинэ онтой золголоо. 
 
Эмч, эмнэлгийн ажилчдын эрүүл мэнд чухал. Халдвар авсан эмч нарын биеийн байдал ямар байна вэ?
 
-Эмчилгээгээ хийлгээд хяналтад байна. Дэлхий нийтээрээ эмч эмнэлгийн ажилтнууд халдварт өртөж байна. Эмч нарын өвчлөл тухайн орны эрүүл мэндийн байгууллагын хөгжил, эдийн засгийн хүчин чадал, бусад хүчин зүйлсээс шалтгаалж 15-30 хувьтай байна. Манай эмнэлгийн хувьд 2.3 хувьтай. Бид эмч, эмнэлгийн ажилтнуудаа энэхүү эрсдэлээс хамгаалах чиглэлээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн сайдын баталсан тушаалын дагуу бүх үйл ажиллагааг явуулахаас гадна нэмэлтээр техник, тоног төхөөрөмжийн хангалт, хяналтын ажиллагааг сайжруулах, камерын системийг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байна. Цэргийн төв эмнэлэгт 2D системийг нэвтрүүлсэн. Камерын хяналтын системийн хажуугаар бие биеэ хянах механизм гэж хэлж болно. Энэ нь үр дүнгээ өгч байгаа.  Ер нь халдвар авсан эмч, ажилтнуудын ар гэр, ахуй амьдралд нь Батлан хамгаалах яамнаас олон талын дэмжлэг, туслалцаа үзүүлж байгааг онцолмоор байна
 
 
Хамгаалалтын битүү хувцсыг эмч, сувилагчид өдөрт хэдэн цагаар өмсдөг вэ?
 
-Өдөрт 4 удаа өмсдөг. Нэг өмсөхдөө дунджаар 1.5 цаг тайлахгүй ажилладаг. Яаралтай үед цаг нар гэлгүй өмсөөд л ажиллана шүү дээ.
 
Онцгой байдлын үед ажиллаж буй эмч ажилтнуудынхаа нийгмийн асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байгаа бол?
 
-Батлан хамгаалах яамнаас Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилтнуудаа дэмжих зорилгоор санхүүгийн болон эд материал зэрэг тал бүрийн туслалцаа, дэмжлэгийг үзүүлсээр байгаа. Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу COVID-19-ийн үед үүрэг гүйцэтгэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад нэг сарын цалинг 3 дахин нэмэгдүүлж олгосоор ирсэн. Хамгийн сүүлд гэхэд Батлан хамгаалахын сайдын санаачилгаар он солигдох мөчид ажиллаж байсан 116 эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдын ар гэрт хонины мах, чацарганын шүүс болон амны хаалтыг яамнаас томилогдсон бүрэлдэхүүн хүргэж өгч баярын мэнд хүргэсэн. Мөн Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга хурандаа С.Ганбямба, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Анхбаяр нар хамтран хандивын аян өрнүүлж, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар, нийслэл болон дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын хамт олноос цугларсан 4.650.000 төгрөгийн нэг удаагийн хамгаалалтын хувцас, амны хаалтыг хүлээн аваад байна. Түүнчлэн Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн захирал, бригадын генерал П.Жаргалан захиралтай хамт олноос 10 ажилтны ар гэрт дэмжлэг үзүүлж тус сургуулийн Аюулгүй байдлын их сургуульд суралцаж буй эмнэлгийн архивч О.Оюунсүрэнгийн хүүхдийн нэг жилийн сургалтын төлбөрийн 50 хувийг хөнгөлсөн эрхийн бичгийг тус тус олгосонд манай хамт олон маш их талархаж байгаагаа илэрхийлье.
 
Та нартаа амжилт хүсээд дахин баярлалаа гэж хэлье ... 
 
-Би ч бас биднийг дэмжиж тусалж урам зориг өгч буй Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд баярлалаа гэж дамжуулъя. Ялангуяа БХЯ, ЗХЖШ, “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-ын хамт олонд талархаж буйгаа дахин хэлэхийг хүсэж байна. Бид хамтдаа хичээж, дор бүрнээ хариуцлагатай байж энэ аюулт цаг үеийг даван туулах болно. 
Цагаан нөмрөгт баатрууд маань цар тахлын аюул тулгарсан энэ цаг үед өгсөн үүрэг даалгаврыг хариуцлагатай биелүүлж, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байна. Дотоодод илэрсэн халдварын тохиолдлын 70 хувийг тус эмнэлгийн хамт олон хүлээн авч, эмчлэн эдгээжээ. Үүнээс илүү сайхан мэдээ юу байх билээ. Энх цаг ирэх өдөр ойртсоор ...
 
 
Дэд хурандаа Х.ГАНЗУЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин