sonin.mn
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд хугацаат цэргийн алба хаагчдаа цэргийн эрдэмд сургахаас гадна өөрийгөө хөгжүүлэх, сэтгэн бодох чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор уралдаан, тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай. Олон дунд зурах, дуулах, бүжиглэх, хөгжимдөх, хөөмийлөх, уран унших гээд олон төрлийн авьяас чадвараараа бусдаас ялгарах залуус байдаг. Энэ удаагийнхаа дугаарт содон, гайхам авьяасаараа бусдыгаа хошуучилсан хоёр байлдагчийг онцоллоо.
Санжаасүрэнгийн Мишээлт. Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн харуулын тусгай ротын нэгдүгээр салааны хоёрдугаар тасгийн захирагч, дэд түрүүч. Тэрээр 2020 оны Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын харьяа ангиудаас шалгарсан “Тэргүүний хугацаат цэргийн алба хаагч”, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн “Тэргүүний байлдагч”-аар тус тус шалгарсан нэгэн.
 
2020 оны нэгдүгээр ээлжээр Өвөрхангай аймгаас тус ангид татагдан иржээ. СУИС-ийн морин хуурын 2 дугаар курст сурч байхдаа жилийн чөлөө авч цэргийн албаа хааж байгаа бөгөөд долоодугаар ангиасаа эхлэн морин хуураар хичээллэж эхэлжээ. Багын сэргэлэн цовоо, сониуч, идэвхтэй тэрээр морин хуураас гадна гадаад хэл сурах сонирхолтой бөгөөд англи хэлний академик түвшний мэдлэгтэй аж. Зуны амралт болон бусад чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэх, хэл сурах, морин хуур тоглох чадвараа дээшлүүлэх үүднээс гадаадын зочид төлөөлөгчид хөтөч хийдэг байжээ. Тодруулбал цэргийн албанд ирэхээсээ өмнө "Mongolian Alpha Team Tour LLC”-д аялал жуулчлалын хөтөч, Монголын хэл хуурын холбоонд удирдах зөвлөлийн гишүүн, хэл хуурын туслах багш, “Mongolian Nomadic Art LLC” ерөнхий менежер, хөгжимчин зэрэг ажлыг хийж байжээ.
 
Хөдөлмөрч хүн түүнийхээ үр шимийг хүртэж байдаг гэдэгчлэн санхүүгийн хувьд ч тэр бүрэн бие даасан бөгөөд их сургуулийн төлбөр болон бусад хэрэглээний зардлаа өөрөө хариуцдаг хэмээн ам бардам хэлж байсан. 
2020 оны нэгдүгээр ээлжээр цөөн тооны хугацаат цэргийн алба хаагч татах талаар мэдээлэл аваад би энэ удаад л тэнцэж, Хүндэт харуулын ангид очно хэмээн зарлан дуудах хуудсаа өвөртлөн нутгийнхаа цэрэг татлагын товчоогоор очсон түүний хүсэл биелж хүссэн зорьсон ангидаа татагдан ирсэн нь энэ.
Эхний үед шантармаар, хэцүү байсан ч тэрээр “Эр хүн зовох тусмаа хатуужиж, эрдэнийн чулуу зүлгэх тусмаа гялалзана” хэмээн өөртөө хэлж цэргийн албандаа дадаж, дасан зохицож чадсан. Тэр ч бүү хэл ирээд дөрвөн сарын дараа анхны цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагаандаа оролцжээ.
Анхны арга хэмжээ ямар санагдсан бэ гэж асуухад тэрээр үгээр хэлэхийн аргагүй омогшил бардамналыг мэдэрсэн. Хүндэт харуулын ганган улаан хувцсаа өмсөөд, ангийнхаа хашаагаар жагсаад гарахад замын хөдөлгөөнийг түр зогсоосон байсан бөгөөд замын хажуугаар явж байгаа иргэд бичлэг хийж, зураг дараад л үнэхээр эр хүн болсондоо, цэргийн алба хааж байгаагаараа бахархсан хэмээн дурссан. Үүнээс хойш төрийн болон цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагаанд нийт 60 гаруй удаа оролцжээ. Үүнд нь Үндэсний их баяр наадмын нээлт хаалт, Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх, Төрийн далбаа мандуулах, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг угтан авах, Төрийн тахилгат уул тахих ёслолын ажиллагаанууд багтаж байна.
Энэхүү үндсэн үүргээсээ гадна тэрээр ангийн болон ротын мэдээлэл сурталчилгаа, соёл, хүмүүжлийн ажилд идэвхтэй оролцож, сагсан бөмбөг,  ширээний теннис, гар бөмбөгийн тэмцээн, урлаг соёлын бүхий л арга хэмжээнд амжилт үзүүлж “Авьяаслаг байлдагч”-аар шалгаран, мөн “Онц сурлагатан” тэмдгээр шагнагдаж байжээ.  Монгол генералын өдрийг тохиолдуулан бүх хугацаат цэргийн алба хаагчдыг төлөөлж Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хөгжимчидтэй хамтран хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон юм. Үүнээс гадна Хүндэт харуулын тусгай ротын цэргийн байрны үзэмж муудаж, эд аж ахуйн эдэлгээний хугацаа дууссан учир ХХТР-ын 65 жилийн ойг тохиолдуулан иж бүрэн засвар үйлчилгээг орчин үеийн дэвшилтэт шийдлээр тохижуулах ажилд гар бие оролцсон ажээ.
Тэрээр хэлэхдээ манай ангийн удирдлагууд надад итгэл хүлээлгэн үргэлж дэмжиж морин хуураа давтах цаг гаргаж өгсөн учир дээрх арга хэмжээнүүдэд амжилттай оролцохын зэрэгцээ бусад цэргийн алба хаагчдадаа морин хуур болон англи хэл зааж байгаа гэв. Үүнээс гадна бусад найзуудаасаа харилцан суралцаж солонгос, орос хэлний мэдлэгээ дээшлүүлж байгаа гэнэ.
Хүн цэргийн алба хаагаад дан ганц бие бялдраа хөгжүүлэх бус бүх талаараа хөгжөөд харих боломжтой байдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Тиймээс залуусыг цэргийн алба заавал хаа, чиний хамгийн зөв сонголт байх болно хэмээн захиж байсан юм.
 
 
 
Цэргийн сургалт бэлтгэлд идэвхтэй хамрагдан, дэд түрүүчийн үүргээ алдаа, зөрчил дутагдалгүй биелүүлж, салааны бие бүрэлдэхүүний хамтач, хүнлэг, нөхөрсөг харилцааг бэхжүүлэх, оюуны болон бие бялдрын хүмүүжил, сахилга батыг бэхжүүлэх талаар идэвхтэй санаачилга гарган хугацаат цэргийн албаа нэр төртэй хааж байгаа Зэвсэгт хүчний эрэлхэг, дайчин цэргүүдийн нэг юм.
 
 
 
Түүний цаашдын төлөвлөгөөг сонирхоход албаа нэр төртэй хааж дуусгаад их сургуулиа амжилттай төгсөнө. Мөн одоо сурч байгаа солонгос, орос хэлнийхээ мэдлэгийн түвшнийг дээшлүүлж, морин хуурынхаа багштай хамт гарын шавь бэлдэх хэмээн торохгүй хариулж байсан. 
Зэвсэгт хүчинд алба хааж байгаа олон олон хөвгүүд яг түүн шиг хүсэл мөрөөдөл дүүрэн нэгэн оноо үдэж, шинэ оноо угтаж байгаа. Эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, өргөсөн тангарагтай эр цэрэг та бүгдийн хүсэл бүхэн биелэх болтугай.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин