sonin.mn
Нэгэн зууны босгыг давах гэж байгаа Зэвсэгт хүчний түүхэнд тод мөр үлдээн баяжиж буй хуудас нь яахын аргагүй энхийг сахиулах ажиллагаа юм. Эдүгээ 18 жилийн хугацаанд давхардсан тоогоор 18000 гаруй энхийг сахиулагч үүргээ нэр төртэй гүйцэтгэжээ. Тэдний дундаас энэ түүхэнд өөрийн тод мөрөө үлдээж яваа эрхэм  хурандааг "Редакцын уулзалт" буландаа урьж оролцууллаа. Тэр бол Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, хурандаа Б.Эрдэнэбат юм.
 
Цаашдаа энхийг сахиулах ажиллагаанд Зэвсэгт хүчний оролцоо ямар байх вэ, энэ тухай ярилцлагаа эхэлье?
 
-Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах үйлсийн эхлэлийг тавьсан хүн нь ЗХЖШ-ын орлогч дарга, Энхийг сахиулах ажиллагааны газрын анхны дарга, хошууч генерал Г.Рагчаа гэдгийг бид мэднэ. Гэхдээ хошууч генерал Р.Гаваа агсны бичсэн номыг уншиж байхад тэр бээр АНУ-ын Ази-Номхон далайн командлалын албаны хүмүүстэй 1990 онд уулзах үеэрээ энэ асуудлаар ярилцаж, Монгол Улсын Зэвсэгт хүчний байр суурийг илэрхийлж байсан удаатай юм билээ. Ингээд хууль, эрх зүйн орчин бүрдсээр 2002 онд анх хурандаа Р.Даваадорж, Ч.Ерөөлцэнгэл нар Бүгд Найрамдах Ардчилсан Конго Ард Улсад НҮБ-ын “MONUSCO” ажиллагаанд ажиглагчаар үүрэг гүйцэтгэсэн. Тэднийг явахад Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч, уулзсан байдаг. Эндээс анх удаа хилийн чанадад үүрэг гүйцэтгэсэн цэргүүдээ төр, засаг ямар их ач холбогдол өгч, хүндэтгэж байсныг нь харж болно. Харин цэргийн баг оролцсон анхны ажиллагаа бол 2003 онд явагдсан "Иракийн эрх чөлөө" ажиллагаа бөгөөд мотобуудлагын ротыг барилга-инженерийн салаатайгаар илгээж байлаа. Үүнээс цааш Афганистан, Чад, Сьерра Леон, Судан, Өмнөд Судан улсад монгол цэрэг хөл тавьж, үүрэг гүйцэтгэсэн. Хэдийгээр бидний зэвсэглэл, техник НАТО-ийн орнуудын цэргүүдтэй харьцуулахад сайн биш ч сахилга, зохион байгуулалт, мэргэжлийн үүрэг гүйцэтгэлтээрээ бусдаас илүү гэдгээ дэлхийд харуулж чадсан. Нөгөө талаар өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд удирдлагын түвшинд үүрэг гүйцэтгэх чадвартай  бүрэлдэхүүн бэлтгэгджээ. Тиймээс цаашдаа НҮБ-ын цэргийн ажиллагаанд удирдах бүрэлдэхүүнийг түлхүү оролцуулах боломж бидэнд бүрдсэн гэсэн үг. Үүнд сектор командлагчаас дээш хүчний командлагч хүртэлх албан тушаалууд, мөн НҮБ-ын Нью-Йорк хот дахь төв штабт хүмүүсээ түлхүү илгээх боломжтой. Дараагийн алхам бол хилийн чанадад тусгай хүчний, барилга-инженерийн болон бусад тусгай мэргэжлийн цэргийг оролцуулах явдал юм.
 
Анхны ажиллагаандаа явж байснаас эхлээд "UNMISS" ажиллагааны секторын штабын даргаар үүрэг гүйцэтгэх хүртэлх хугацаанд та хэдэн удаа энхийг сахиулсан бэ?
 
-Ирак, Сьерра Леон, Косово, БНӨСУ-д тус тус энхийг сахиулжээ. "Иракийн эрх чөлөө" ажиллагааны хоёрдугаар ээлжээр бид олон улсын “Чарли” баазын хамгаалалтыг хариуцдаг байсан. Мэдээж Ойрх Дорнод, Африк тив хоёрын цагийн байдлыг харьцуулахад маш өөр. Ойрх Дорнодод олон үндэстний цэргүүдийн эсрэг хэрэглэдэг зэвсэг, арга техник нь маш боловсронгуй бөгөөд энэ утгаараа аюулын зэрэг ч маш өндөр. Харин БНӨСУ-д 2008-2009 онд цэргийн ажиглагч, 2013-2014 онд батальоны захирагчаар үүрэг гүйцэтгэсэн. Тэр үед батальон гурван өөр газар Парианг, Румбек, Вауд ротуудаа тараан байрлуулсан байв. Энэ нь цагийн байдал хүндэрсэн үед ротуудаа нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахад бэрхшээл учруулж байлаа. Харин "UNMISS" ажиллагааны Өмнөд секторын штабын даргаар үүрэг гүйцэтгэхэд олон улсын түвшинд хүмүүсийг удирдаж, асуудлыг илүү том зургаар харж ажилласан. Миний даргаар нь ажилласан штаб нь хүний нөөц, ар тал, ажиллагаа, холбоо зэрэг хэлтэстэй бөгөөд 30 гаруй хүн үүрэг гүйцэтгэдэг байсан. Олон улсын цэргүүдийг удирдлагаар хангаж ажиллахад миний өмнө оролцож, сурч байсан олон улсын сургалт, дамжаанууд маш хэрэг болсон. Мөн миний төгссөн АНУ-ын Агаарын цэргийн хүчний Команд штабын коллеж, Дайны коллеж зэрэг нь удирдлагын түвшинд шийдвэр гаргах, стратегийн түвшинд асуудлыг харахад тус болсон.
 
Таныг "UNMISS" ажиллагаанд цагийн байдлын хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэснийг мэднэ. Энэ тухайгаа дурсан ярина уу?
 
-2013-2014 онд "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байхад Өмнөд Судан улсад зөвхөн Засгийн газрын болон Засгийн газрын эсрэг хүчин л гэж байсан бол дөрвөн жилийн дараа секторын штабын даргаар эргээд очиход Засгийн газрын эсрэг хүчний маш олон бүлэглэл, намууд бий болчихсон, цагийн байдал нь улам ээдрээтэй болсон байв. Намайг цэргийн багийн захирагчаар очиход цагийн байдал маш тогтворгүй болсон нь ойлгомжтой байсан. Биднийг 2013 оны 12 дугаар сарын 19-ний орой Бентьюд очиход НҮБ-ын мужийн зохицуулагчаас эхлээд бусад хүмүүс надад хандан “Удахгүй НҮБ-ын бааз руу орон гэрээсээ дүрвэсэн 2000 гаруй хүн орж ирнэ. Энэ үед монгол цэрэг яаж үүрэг гүйцэтгэх вэ?” гэж асуусан.
 
Тэр үед би энэ асуудлыг цэргийн багийн нийт бүрэлдэхүүнд хэлээгүй. Цэргүүдээ сэтгэл зүйн хувьд тайван байлгах гэж тэр шүү дээ. Ингээд орой 21.00 цаг болоход баазын ойролцоо хэдэн зуугаараа буудалцаад эхэлсэн. Тэр үед Бентьюгээс НҮБ-ын энгийн ажилчдыг бааз руу татан гаргалтаар авчрах ажиллагааг манай цэргийн баг зохион байгуулсан. Бид шөнөжин НҮБ-ын шархадсан ажилчдад өөрсдийн эмнэлгийн ороох, боох материалаараа тусламж үзүүлж байлаа. Тэр үед Жубад НҮБ-ын штабт холбооны даргаар үүрэг гүйцэтгэж байсан дэд хурандаа Э.Болор надтай холбоонд орохдоо өөрийн байрлаж байгаа баазад өрнөж байгаа цагийн байдлын талаар хэлсэн. Тодруулбал, цагийн байдал хүндэрч 30 гаруй мянган дүрвэгч баазад ороод ирчихсэн, эмх замбараагүй байдал үүсэж аюулгүй байдал алдагдлаа гэсэн. Тэгтэл удалгүй Бентьюд НҮБ-ын албаны хүмүүс хуралдаж, олноороо ирж байгаа хүмүүсийг баазад байрлуулах талаар ярьж эхлэв ээ. Би ч авсан мэдээлэлдээ тулгуурлан энэ асуудлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлэхэд НҮБ-ын ажилчид дүрвэгсдийн хүний эрх зөрчигдөнө, баазад нэвтрүүлэх нь зүйтэй гэх мэтээр ярьж байлаа. Харин би “Тэгвэл ямар нэгэн юм болж, дүрвэгчид та нар руу дайрвал аюулгүй байдлыг чинь бид нар хариуцахгүй шүү” гэж хэлсэн. Ингэж бааз руу дүрвэгч оруулах асуудлыг шийдвэрлэсэн нь цагийн байдлыг хүндэрч, цэргүүдээ болон бусад хүмүүсийг элдэв эрсдэлд орохоос сэргийлж чадсан.
 
 
 
Энэ үед мөн миний хэрэгжүүлсэн нэг зүйл нь холбоо давхцуулахгүй байхад анхаарсан явдал юм. Ингэхийн тулд өөрөө баазын хамгийн өндөр цэгт гараад бүх холбоог хүлээлгийн горимд шилжүүлж, батальоноо удирдлагаар хангадаг байсан. Иракт болсон бидний гашуун туршлага бий. Харуулын цэг дээр байсан алба хаагч халдлага болоход сандарсандаа "Харрис" станцын тангентыг нам атгачихсан. Түүнээс болж бааз даяараа ямар ч холбоогүй болсон.
 
 
 
Тун сонирхолтой түүх байна. Мөн танай цэргүүд нефть ачиж явсан усан онгоцыг хамгаалж байхдаа халдлагад өртсөн тохиолдол байдаг ...
 
-Малакалд байсан Энэтхэгийн батальон манайхаас завь жолоодох хүн байна уу гэж асуусан. Би тэгэхэд нь манайд тэнгисийн цэрэг байхгүй, чадахгүй гэхэд танайд хийлдэг завь байгаа түүнийгээ хүмүүстэйгээ өгөөч гэсэн юм. Учир нь нефть ачдаг том усан онгоц нь эрэгт ойртолгүй завиар хүмүүсээ зөөж эрэг рүү гаргадаг онцлогтой юм билээ. Тэр үүргийг манайхан гүйцэтгэхээр болсон хэрэг. Жубагаас Малакал хүртэл 750 км газар Нил мөрний урсгал сөрж 19 хоног тус усан онгоц явсан. Батальоны зүгээс дөрвөн залууг энэ ажиллагаанд томилсон. Гэтэл асуудал яасан гэхээр анх Жубагаас уг онгоцыг хөдлөхөд нь Энэтхэгийн цэргүүд хамгаалж байхдаа Бор хэмээх газарт бужигнаанд оролцож байсан орон нутгийн хэдэн цэрэг хувцастай нөхдийг буудаад унагаачихаж. Үүнээсээ болж цаашид үүсэх нөхцөл байдлаас зугтааж, хамгаалалтаа Непалийн цэргүүд рүү шилжүүлж өгсөн байгаа юм. Ингээд хүнээ алдсан босогчид удалгүй Малакал орчимд усан онгоцыг ирэхэд нь отолт хийсэн. Энэ үед ахлах ахлагч Ц.Төрбаатар над руу сансрын холбоогоор ярихад цаана нь буун дуу тачигнах чимээ тод сонсогдож, байдал нэлээд хүнд байгаа нь мэдэгдсэн. Халдлага нь сүүлдээ автомат, гранатомёт болоод явчихсан. Тэр үед гранатомётын сумны хэлтэрхийнд манай нэг цэргийн алба хаагч шархадсан. Бидний зүгээс нисдэг тэргээр татан гаргалт хийлгэхээр 12.00 цагт хүсэлт явуулахад  НҮБ-ын олон дарга нараар дамжин хугацаа алдсаар маргааш нь зөвшөөрөл гарч нисдэг тэрэг очсон. Хэрвээ цэргүүд хүнд шархадсан бол тэндээ маш хүнд байдалд орох байлаа. Мөн отолт болсон газраас холгүй Малакал дээр Энэтхэгийн батальон байрлаж байсан ч тэд огтхон ч хөдлөөгүй.
 
Цагийн байдал хүндэрсэн үед Танд хамгийн түрүүнд ямар бодол төрдөг вэ?
 
-Тийм үед энэ олон аавын хүүхдүүдийг эсэн мэнд эх оронд нь авч очих юм сан л гэж бодно. Ер нь Цэргийн багийн захирагч хүн бүтэн нойртой хоноход тун хэцүү. Гэхдээ цагийн байдал өөрчлөгдөж, хүндрэхэд цэргүүд илүү сахилга баттай болдог. Мөн нэгэн тохиолдлыг нэмж хэлэхэд, баазын хойно 20 гаруй километрт байрлах нефтийн үйлдвэрт Орос, Кени, Этиопийн иргэд халдлагад өртөөд хүнд байдалд орсон. Хүчний командлагч “Чи эдгээр хүмүүсийн амь насыг аварч чадах уу?” гэхэд нь би бээр “Хэрвээ та үүрэг болговол чадна” гэсэн. Ингээд хоёр хуягт тээвэрлэгчтэй бүлэг томилоод буудалцаан болж байгаа газар руу илгээн тэдгээр хүмүүсийг татан гаргаж, эмнэлэгт хүргэж өгсөн. Энэ явдлыг Угандад байдаг ОХУ-ын Элчин сайдын яамнаас сайшааж, ажиллагаанд баярлалаа гэдгээ албан ёсоор илэрхийлснээр "UNMISS"-ын нэр хүнд өндөрт өргөгдсөн. Гэтэл бид ирээд удаагүй байхдаа Кени, Этиопийн 3-4 мянган хүнийг татан гаргалт хийгээд явуулж байхад нэг ч улсаас нь баярлалаа гэдгээ илэрхийлээгүй. Энэ нь цэвэр дипломат ёстой холбоотой.
 
Хилийн чанадад үүрэг гүйцэтгэсэн хүмүүст эх орноо хайрлах сэтгэл илүүтэй төрдөг. Танд ч гэсэн энэ мэдрэмж төрсөн байх ...
 
-Би хүүхэд байхдаа хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан бөгөөд 13 настайдаа Румын улсад зохиогдсон олон улсын тэмцээнд оролцож байсан. Тэмцээн дууссаны дараа биднийг Румынийн лагерьт амраахад хоол нь усан шөл байсан бөгөөд далайн эрэгт сууж байхдаа ямар сайхан эх оронтойгоо анх удаа мэдэж билээ. Тэгээд эх орон руугаа буцахдаа "МИАТ"-ын онгоцонд суугаад үхрийн хэрчсэн мах идээд хөлс гоожиж, эх орондоо газардаад сэнгэнэсэн агаараар нь амьсгалах ямар сайхан байдгийг ч мэдэрсэн.  Дараа нь "Иракийн эрх чөлөө" ажиллагаанд очоод дайны хөлд нэрвэгдсэн хүмүүсийг хараад, Өмнөд Суданд амьдарч байгаа хүмүүс, тэдний орчин, нөхцөлийг нь хараад бид чинь ямар сайхан, аугаа эх оронтой юм бэ гэж өөрийн эрхгүй бодсон. Энэ бодол бол ажиллагаанд явсан хүн бүрд төрдөг. Гэхдээ заримдаа хөгжингүй Америк, Канад зэрэг улсаар явж байхад эх орон минь хаана нь яваад байна даа гэсэн бодол ч төрнө. Гэвч хөгжил гэдэг нь дан ганц байшин барилгаар хэмжигдэхгүй, хувь хүний ёс зүй, ёс суртахуун энд том байр эзэлнэ гэж боддог.
 
Та цагийн байдал хүндэрсэн тэр үед өөрийгөө хэрхэн зоригжуулсан бэ?
 
-Цагийн байдал хүндэрсэн талаар тэр үед ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавт илтгэл өгсөн. Тэгэхэд "жанжин" дарга надад ганцхан богино өгүүлбэр л хэлсэн. Тэр нь “Чи дарга биз дээ” гэж. Тэр үг намайг их зүйлийг бодоход хүргэсэн. Мөн нэгэн урам зориг авсан зүйл нь бригадын генерал Д.Баярсайханы надад явуулсан мэйл байлаа. Тэр үед Баярсайхан дарга БНӨСУ-ын Секторын командлагчаар явах гээд цагийн байдлыг судалж байсан. Тэр хүн мөн Иракийн хоёрдугаар ээлжээр манай цэргийн багийн захирагчаар явсныг та бүхэн мэднэ. Д.Баярсайхан генерал захидлынхаа эхэнд “Эрхэм дүүгийн амрыг эрье ...” гэсэн байсан. Би уул нь цэрэг нь шүү дээ, гэтэл надад хандаж тэгж бичсэн нь их дотно сэтгэлийг төрүүлсэн. Тэр бээр цааш нь би наана чинь болж байгаа цагийн байдлыг нэлээд ажиглалаа гээд надад тулгарч болох эрсдэлүүдийн талаар бичсэн. Ингээд төгсгөлд нь “... Би Иракт байхдаа нэг баазыг л хамгаалж байсан. Гэтэл чиний хувьд ротууд чинь тус тусдаа байрлачихсан, цагийн байдал тун ээдрээтэй, энэ үед батальоныг удирдлагаар хангахад хүндрэл гарна. Гэхдээ эрхэм дүү алзахгүй гэдэгт найдаж байна” гэсэн байлаа. Яг нуулгүй хэлэхэд, би тэр захиаг ганцаараа уншаад сэтгэл маш их хөдөлж, нулимс дусааж байсан. Цэргийн багийн захирагчийн зовлонг ганцхан Цэргийн багийн захирагч л ойлгоно гэдэг үг бий. Магадгүй Баярсайхан даргад 2004 онд тохиолдож байсан хүнд үе миний нөхцөл байдалтай тухайн үед таарч байсан биз. Тэр захидал надад сэтгэлийн их дэм өгсөн.
 
Энэ бүхний дараа та хэр их магтаал хүртсэн бэ?
 
-Магтаал гээд байх зүйл авч байгаагүй. Тэгээд ч ямар нэгэн магтаал сайшаалын төлөө би тэнд томилогдоогүй. Энд нэг зүйл хэлэхэд би тухайн үед зарим ангийн захирагч нарт үнэхээр гомдсон. Заах аргын цугларалт дээр хошууч генерал Ж.Бадамбазараас зөвшөөрөл авч, ангийн захирагч нарт хандан залуусаа амраагаарай, тэд хэдэн зуу, мянгаар нь үхсэн хүнийг харсаар ирсэн шүү. Маш хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн шүү гэхэд зарим ангийн захирагч нар залуусыг маань шууд маргааш нь л ажилд нь оруулсан байсан.
 
Ярилцлагын төгсгөлийн асуултыг танд үлдээе.
 
-Бид энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа энэ 20 жилийн хугацаанд тийм ч дардан замаар энэхүү нэр хүндийг олж аваагүй. Тодорхой хэмжээгээр цэргийн алба хаагчид маань эрсдэлд орж байсан. Тиймээс яг 2002-2022 онд хийсэн, алдсан, оносон бүхнээ багцлаад нэг мөр болгосон гарт баригдахаар ямар нэгэн зүйл хийх болжээ. Энэ нь зургийн цомог, ном, эсвэл сэтгүүл хэлбэрээр ч байж болох юм. Ямар ч байсан монгол цэргийг хилийн чанадад очиж үүрэг гүйцэтгэсэн 20 жилийн түүхээ бид баримт болгон авч үлдэх ёстой гэж бодож байна.
 
 
Ахмад М.МӨНХЗОРИГ
Эх сурвалж: "Соёмбо" сонин