sonin.mn
Энэ удаа бид Зэвсэгт хүчиндээ хагас зууны түүхийг бүтээлцэж яваа Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн талаар өгүүлэхийг зорилоо. Анх 1969 онд Ардын Армийн Жанжин штабын “Радио тусгай төв” нэртэйгээр байгуулагдаж байсан тус ангийн хамт олон өнгөрсөн хугацаанд эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмрээ оруулж, тэргүүний ангийн болзлыг 18 удаа ханган Зэвсэгт хүчний болон Ерөнхийлөгчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлж ирсэн баялаг түүхээрээ бахархдаг юм.
 
ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ...
 
Анги руу нэвтрэхийн тулд мэдээж үнэмлэхээ шалгуулаад, дараа нь халуунаа хэмжүүлэх ёстой. Ном ёсоор нь хийж гүйцэтгэв. Үргэлжлүүлээд зориулалтын шингэнээр гараа ариутгаад дотогш нэвтэрлээ. Шалган нэвтрүүлэх байрандаа тусгаарлах өрөө бэлдсэн нь анхаарал татсан тул нэн түрүүнд цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тус анги ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж буй талаар сонирхсон юм. Дээд шатны байгууллагуудаас ирсэн албан бичиг, заавар зөвлөмжийг ягштал биелүүлэн мөрдөж ажиллаж байгаагийн зэрэгцээ үүн дотроо эрүүл мэндийн хангалтын чиглэлээр зарим ажлыг хэрэгжүүлжээ. Энэ талаарх төлөвлөгөөгөө ч дэлгэрэнгүй танилцуулж, шат дараатай авч хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ тухай ч мэдээлэл өглөө.
Тухайлбал, ангийн байрлалд коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн үед зохих арга хэмжээг авах үүднээс ангийн эрүүл мэндийн төвд болон шалган нэвтрүүлэх байранд тусгаарлалтын өрөөг бэлдэж, бэлэн байдлыг нь хангасан байна. Тусгаарлах өрөөнүүддээ хамгаалалтын хувцас, хэрэглэл, эм бэлдмэл, ам зайлах шингэн, бусад шаардлагатай нөөцөө татан авчээ. Мөн Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн тусгай салбарууд ч халдвараас урьдчилан сэргийлэх дэглэмийг сайтар сахиулж, дээр дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар онцолсон. 
Өөр нэг шинэлэг зүйл нь цар тахлын үед тусгай үүрэг гүйцэтгэх бүлэг. Тус бүлэг нь 25 хүний бүрэлдэхүүнтэй. Шаардлагатай дадлага, сургуулиудад хамрагдан хамгаалалтын хувцас, хэрэглэлээр бүрэн хангагджээ. Өөрөөр  хэлбэл, ямар ч үед үүрэг гүйцэтгэх боломжоор хангагдсан гэсэн үг. Энэ үеэр тус ангийн Эрүүл мэндийн төвийн дарга, их эмч, ахлах дэслэгч Г.Сүглэгмаа Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр хийдэг цар тахлын нөхцөл байдлын талаарх хэвлэлийн хурлын мэдээллийг тэр даруйд нь ангийн бие бүрэлдэхүүнд цахимаар уламжилж байв. Ингэж хэвшээд удаж байгаа гэнэ. Түүнчлэн харуул, хоногийн манаанаас буусан алба хаагчийг ангиас унаа гаргаж гэрт нь хүргэх ажлыг ч санаачилсан гэв. Энэ талаар “Бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг сахин хамгаалах, нөгөөтэйгүүр ажилтан, алба хаагчид замдаа саатахгүй, бусдад болон өөрсдөдөө эрсдэл учруулахгүй байхад зохих нөлөө үзүүлдэг” хэмээн тодотгов.
 
ТЭДНИЙ МИНЬ ТАЛААР ТҮЛХҮҮ БИЧЭЭРЭЙ
 
Хурандаа Ч.Алтангэрэл тус ангийн захирагчаар томилогдоод удаагүй ч удирдах албан тушаалд ажилласан олон жилийн туршлага, шинийг эрэлхийлэгч байдал нь тус ангийн өнгө төрхийг улам бүр засахад ихээхэн нөлөө үзүүлж байгаад ам сайтай хүн олон аж. Түүнээс ангийн үйл ажиллагаа, хэтийн төлөвийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
 
Тус ангид ирээд та ажлаа юунаас эхэлсэн бэ?
 
-Ангийн хамт олон, удирдлага, штабын бүрэлдэхүүнтэй хамтран ангийг 2020-2030 он хүртэл хөгжүүлэх ирээдүйн хөгжлийн төлөвлөлтийг хийж Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар батлуулахад бэлэн болсон. Энэхүү төлөвлөлтийн тухайд жижүүрлэлтийн техник хэрэгслийг тоон системийн программын удирдлагатай  радиопеленгатор,  өндөр  мэдрэмж бүхий хүлээн авагч, хэмжилтийн төхөөрөмжөөр сольж шинэчлэх мөн ажлын байрны ая тухтай орчин, нөхцөлийг дээшлүүлснээр хөдөлмөрийн бүтээмжийг өсгөх зэрэг онцлог, давуу талтай. Түүнчлэн алба хаагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан, нөгөөтэйгүүр  мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчний жишиг анги, байгууллагын стандартад нийцсэн хүний хөгжлийн орчин бүрдэх зэрэг эерэг үр дүн харагдаж байгаа.
 
Цэргийн сургалт бэлтгэлийн энэ жилийн онцлог юу байв ?
 
-Дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэж сургалт бэлтгэлийг явуулахад хүндрэлтэй байгаа боловч бие даалт, бүлгийн дасгалыг цахим хэлбэрээр судлуулж, сар бүр үр дүнг нь тооцож байна. Штабын сургалт бэлтгэлийн тухайд их онцлогтой. Тухайлбал, Сири, Армен, Азербайджан зэрэг улсад явагдсан дайны туршлага, сургамжийн талаар олон улсын хэвлэлүүдэд нийтлэгдсэн мэдээллийн эх сурвалжийг нэгтгэн үнэлэлт, дүгнэлт хийж, үүнийгээ штабын  хэсэгчилсэн болон нэгдсэн дадлага сургуульдаа өргөнөөр ашиглаж байна. Цаашид штабын хэсэгчилсэн болон нэгдсэн дадлага явуулахдаа газар, агаар, далай, сансар, кибер орон зайд тулгуурласан флатформыг ашиглан, сүлжээ төвтэй дайны онол, арга зүйг судлан мэдээллийн давамгайллыг бий болгохоор зорьж байна. Үүний дүнд өөрийн холбоо, мэдээллийн нэгдсэн сүлжээг эсрэг талын кибер халдлага, дайралт, нисэгчгүй нисэх хэрэгслийн галын цохилт, радио электрон тэмцлийн даралт, саатуулгаас хамгаалах техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэхэд орчин үеийн дэвшилтэт программ хангамжуудыг ашиглаж, удирдлагын тогтолцооны найдвартай ажиллагааг хангахад онцгой анхаарч байна. Мөн 2020 оны ажлын гол зорилтоо жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэлтийн хандлага, үр дүнг дээшлүүлэн шинэ шатанд гаргаж, Зэвсэгт хүчний Жанжин штабын цогцолбор шалгалтад амжилттай бэлтгэж, Зэвсэгт хүчний тэргүүний ангийн болзлыг хангах, 148 дугаар тусгай салбарынхаа 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, “Сансар”   хотхоны хашааг шинэчлэн засварлах зэрэг ажлыг хийхээр төлөвлөөд байна. 
Тэрээр ийн яриад үргэлжлүүлэн хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ололт амжилтын эзэд нь ангийн нийт бие бүрэлдэхүүн гэдгийг тэмдэглээд тэдний төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсоорой гэлээ.
 
ШИНЭ САНАА, ШИНЭЛЭГ БҮТЭЭЛ
 
Захирагчийнх нь захисан ёсоор та бүхнийг тусгай техникийн ашиглалтын инженер, ахлах дэслэгч Ж.Бямбадоржтой уулзуулж байна. Түүнийг ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан шинийг эрэлхийлэгч гэдгээр нь ангийнхан нь итгэл хүлээлгэж Зэвсэгт хүчний тэргүүний офицерт өрсөлдүүлж байгаа талаар хурандаа Ч.Алтангэрэл онцлоод амжсан. Үе тэнгийн офицер, ахлагч нар нь ч "Манай Бямбаа олон талын чадвартай мундаг залуу" гэж ам булаалдах юм билээ. Ахлах дэслэгч Ж.Бямбадорж радио телеграфын автомат төхөөрөмжийг зохион бүтээснээрээ тэргүүний офицерт өрсөлдөх шангаа татжээ. Одоо туршилт, судалгааг нь эрчимжүүлж, хэрхэн сайжруулах талаар нь анхаарч ажиллаж байгаа гэнэ. Энэхүү төхөөрөмжийнхөө талаар эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд ч хэвлүүлээд амжсан байна.
“Дэлхий ертөнцөд техник, технологийн хөгжил асар хурдацтай явагдаж байна. Зэвсэгт хүчний хэмжээнд инженер, техникийн мэргэжилтэй цэргийн алба хаагчид дотооддоо өөрсдийн нөөц бололцоог ашиглан техник, технологийн шийдэл, инновацын бүтээлийн туршилт явуулах замаар тулгамдаж буй зарим зэвсэг, техникийн асуудлуудыг шийдэх, шинэчлэлт хийх, хөгжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой” хэмээгээд тодорхой үндэслэлүүдийг ч тайлбарлаж өглөө. Энэхүү төхөөрөмжийн давуу талуудыг нэрлэвэл,  овор хэмжээ бага, авч явахад хялбар, харьцангуй хямд төсөр, тэжээл маш бага зарцуулдаг, хэрэглэхэд хялбар, ойлгомжтой, хөдөлмөрийг үлэмж хөнгөвчилсөн зэргийг дурдаж болно.
Сонирхуулахад, жижүүрлэлт болон радио телеграфын мэдээг олон цагаар нэвтрүүлж хүлээн авснаар цэргийн алба хаагчдын хувьд цахилгаан соронзон орны сөрөг нөлөөлөлд ихээхэн өртдөг аж. Үүний улмаас тархи, толгой өвдөж, мэдрэлийн ядаргаанд орох, үс цайрах шинж тэмдэг илэрдэг байна. Харин энэхүү төхөөрөмжийн тусламжтай телеграфын ажиллагааг бүрэн автоматжуулснаар телеграфчид мэдээг компьютерт оруулж, улмаар мэдээний утгыг хэвлэхдээ станцыг олон цаг чагнаж суух шаардлагагүй болох юм. Ингэснээр дээр хөндөгдсөн эрүүл мэндийн асуудалд ч эерэг өөрчлөлтүүд бий болох ач холбогдолтой аж.
 
ШТАБ БОЛ АНГИЙН УУРАГ ТАРХИ
 
 
Үүний дараа ангийн штабын дарга, дэд хурандаа Б.Сэр-Одын ажлын өрөөнд түр саатлаа. Тэрээр өдөр өдрийнхөө ажлуудыг ханын самбарт дугаарлаж тэмдэглэдэг юм байна. Биелснийг нь зөвлөөд, үгүйг нь чагталдаг. Энэ өдрийнх нь ажлын жагсаалт самбар дүүргэж харагдана лээ. Гэхдээ биелсэн нь хавьгүй олон. Үнэхээр ч тэмдэглэж авахгүй бол хүнд мартаж, санах үе бишгүй л бий гэдгийг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэх биз. Энэ үед дэд хурандаа Б.Сэр-Од доороосоо зургаа дахь ажлыг зөвлөөд биелсэн гэж үзлээ.
Тус анги өнгөрсөн сургуулийн жилд “Цэргийн сургалт бэлтгэлээр хүн нэг бүрийн бэлтгэлжилтийг нэмэгдүүлэн, албан тушаалын үүргээ мадаггүй биелүүлэхэд сурган дадлагажуулах, удирдлага, штабын бэлтгэл, салбаруудын үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлж, бэлэн байдлыг хангах” зорилгыг дэвшүүлжээ. Үүнийгээ хангаж тус сургуулийн жилд штабын бэлтгэлийг хангах сургалтад түлхүү анхаарч удирдлага, штабыг цагийн байдлын ямар ч нөхцөлд богино хугацаанд шийдвэр гаргах, байлдааны ажиллагааг төлөвлөж зохион байгуулах, штабын гар нийлэмжтэй ажиллагааг дээшлүүлэн штабын дадлага, команд штабын сургуулиа өндөр түвшинд зохион байгуулсанд алба хаагчид сэтгэл хангалуун үлдсэн тул энд зориуд тэмдэглэв. Харин энэхүү амжилтаа бататгаж, ахиулахаар “2020-2021 оны сургуулийн жилд “Удирдлага, штабыг ангийн гүйцэтгэх үүрэгтэй уялдуулан үндсэн болон бусад хуулиар хүлээсэн үүрэг гүйцэтгэх томилгоот бүлгүүдийг жигдрүүлэн, зэвсэглэл, техникийн бэлэн байдлыг ханган, үүрэг гүйцэтгэх бэлтгэлжилтийг дээшлүүлэх” зорилгыг цэргийн сургалт бэлтгэлдээ дэвшүүлэн төлөвлөгөөт ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж байна” гэдгийг дэд хурандаа Б.Сэр-Од тодотголоо. Ажил албаных нь талаар тодруулахдаа дэд хурандаа Б.Сэр-Одтой богино хугацаанд ч болов танилцлаа. Тэрээр ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн холбооны академид магистрын зэргээ хамгаалж ирээд саяхан тус ангид томилогдсон аж. Тус улсад үзэж харсан, Зэвсэгт хүчнийхээ нэгтгэл, ангиудад нэвтрүүлье гэж бодсон олон ч шинэлэг санаа, санаачилга байгаа талаар их л зүйлсийг ярьж, чих онгойлгох шиг болсон. 
Цэргийн тэтгэвэрт гарсан алба хаагчдын хувьд бусад салбарт үргэлжлүүлээд 10-15 жил ажиллах нөөц, бололцоо дүүрэн бий ч саяхныг хүртэл тодорхой хэсэг нь хамгаалагч, харуулчнаар ажилладаг байлаа. Одоо цаг үе өөрчлөгдөж хос мэргэжилтэй бэлтгэл үүрэгтнүүд ажлын талбарт олноор гарах болсон нь сайшаалтай. Тус ангийн тухайд Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч даргын саналыг үндэслэн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Политехникийн коллежтой хамтран хос мэргэжил эзэмшүүлэх зорилгоор  зарим, офицер ахлагчийг тогооч, авто техникийн засварчин, барилгын өргөн мэргэжил, гоо сайханч зэргээр суралцуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
 
ЗҮРХНИЙ ДУУДЛАГАТАЙ АНДУУД
 
Ажил үйлс, ололт амжилт, бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлагаараа онцгойрсон тус ангийн бие бүрэлдэхүүний зарим нь нэгэн ховор тохиолын эзэд байж таарав. Захирагчийн материал хэрэгслийн хангалт хариуцсан орлогч, хошууч Д.Батсүх, ангийн ахлагч, тэргүүн ахлагч П.Мөнхжаргал нар гурав дахь ангидаа хамт алба хааж байна. Хошууч Д.Батсүхийг анх сургуулиа төгсөөд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид томилогдон очиход нь тэргүүн ахлагч П.Мөнхжаргал байж таарч. Амьдрах байр нь ч нэг болж таарсан гэнэ. Үүний дараа бас л хувь тохиолоор Зэвсэгт хүчний 256 дугаар ангид зэрэг шахам томилогдсон байна. Ингэж явсаар одоо эл ангид хамтдаа алба хааж буй нь бурхны зурсан зураг ч гэмээр. Ийм сонин тохиолын эзэд одоо зүү орох зайгүй нөхөрлөх болсон нь харин өнөөдрийг хүртэлх цагийн шалгуурыг хамт давсных гэж тэд дуу нэгтэй хэлэх юм билээ. Энэ зуур цайлж суусан хоёрын яриа өндөрлөж, тус тусын ажилдаа орцгоолоо. Ангийн "Дайчин алдрын танхим"-аар орлоо. Цэцгэн хээтэй гоёмсог улаан хивс дэвссэнээс гадна дугуй хэлбэртэй сүүн гэрлийг таазнаасаа эгц доош унжуулсан нь саруул бөгөөд тохилог орчныг бүрдүүлжээ. Баруун хананд нь ангиасаа төрсөн алдартнуудын зургийг байршуулсан нь нүдэнд тод тусна. Монгол Улсын арслан Д.Ганхуяг, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Ш.Түвдэндорж нарын алдартнуудаас эхлээд тус ангийн захирагчаар ажиллаж байгаад БНХАУ-д суух Батлан хамгаалахын атташегаар томилогдсон хурандаа М.Ганбатын зургийг хүндэтгэлтэйгээр байрлуулжээ. Мөн өнгөрсөн 50 гаруй жилийн түүхийнх нь ололт амжилт, үйлс гавьяаг нь нэг шугаманд цэгцтэй өрсөн цом, өргөмжлөл, талархлуудаас харж болно.
Тэргүүн ахлагч П.Мөнхжаргал ахлагчийн зөвлөлөөс хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл өгөхдөө “Ангийн ахлагч нарын ажиллах, сурч боловсрох ая тухтай орчныг бүрдүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шйидвэрлэх зэрэг зорилт тавин ажиллалаа. Монгол Улсын хууль тогтоомж, удирдлагын баримт бичиг, тушаал, шийдвэрийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд таван зорилтын хүрээнд 37 ажил төлөвлөн хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн” гэв. Мөн “Монгол цэрэг-Энхийн төлөө” цогцолборын хөшөөнд нийт 2.585.000 төгрөгийн хандив цуглуулан бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлсэн гэдгийг онцолсон.
 
АМИН ЧУХАЛ АСУУДЛУУДЫН НЭГ НЬ АР ТАЛЫН ХАНГАЛТ
 
Захирагчийн материал хэрэгслийн хангалт хариуцсан орлогч, хошууч Д.Батсүхээр ахлуулсан комисс ангийн дулааны шугам сүлжээг “Тамирын цахиур” ХХК-тай хамтран Улаанбаатар хотын төвлөрсөн дулааны системд шинээр холбуулах ажлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар /239,838,451 төгрөг/  хийж гүйцэтгэн 50 айлын орон сууц болон "Сансар" хотхоны халаалтыг төвлөрсөн дулааны системд тус тус шилжүүлсэн байна. Түүнчлэн албаны 52 өрөөнд 2000 ширхэг секц паар суурилуулан, штабын В1 давхрын дулааны узелийг шинэчлэн сайжруулж, гадна дулааны шугамын засварт шинээр дөрвөн худаг нэмж гарган, 132 хаалтыг сольжээ. Дулаан явбал мянган лан гэгчээр шугам, сүлжээ холбох ажлыг цалгардуулалгүй хийж гүйцэтгэснээр бие бүрэлдэхүүний тав тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог эрс сайжруулсныг тэмдэглэх нь зүйн хэрэг юм.     
Ангийн үйл ажиллагаатай танилцаж явахад штабын дөрвөн давхарт хөрөөн дуу чахарч, хадаас цохих чимээ дуулдав. Үүдээр нь үл ялиг тоос манарч, модны үртэс газраар нэг хөглөрсөн өрөө рүү явж орлоо. Алба хаагчдадаа зориулж хувцасны шүүгээ урлаж байгаа нь энэ аж. Бүр хүн нэг бүрийнх гэнэ шүү. Ангийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан хийж байгаа бөгөөд 2,000,000 төгрөгийг зарцуулжээ. Цар тахлын үед иймэрхүү бүтээлч санал, санаачилга гаргасныг мэдрэмжтэй бөгөөд соргог гэж хэлмээр.  
 
ДАНДАР БААТАР АА! НААД ОХИНОО ӨВӨР ДЭЭРЭЭСЭЭ УНАГАЧИХАВ АА ...  
 
    
Ахмад Г.Одонтуяа 1996 онд тус ангийн радио чимээний курст элсэн орсон.  Дараа жил нь радио спортын III зэргийн болзол хангасан тул энэхүү ангидаа радио телеграфчнаар томилогдсон байна. Гэхдээ цол, "форм"-гүйгээр энэ ангийн хашаанд багагүй хугацааг өнгөрүүлжээ. Ийнхүү 2002 онд дэд ахлагч цолоо авч мөрдэстнүүдийнхээ эгнээнд шилжсэн байна. Дараа нь 2007 онд тусгай бэлтгэлийн багшаар офицерын орон тоонд, 2011 онд удирдах байрандаа бүлгийн даргаар тус тус томилогдсон аж. Мөн 2018 онд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт орж чиглэл хариуцсан ахлах офицероор өнөөдрийг хүртэл ажиллаж байна гэлээ. Ахмад Г.Одонтуяа хэлэхдээ “Энгийнээс цэргийн, ахлагчаас офицер болж дэвшсэн өнгөрсөн хугацаанд өөрийгөө тодорхой хэмжээнд хөгжүүлж, шат ахисан мэдлэг, туршлагыг хуримтлуулсан гэж бодож байна. Тиймээс сүүлийн жилүүдэд үндсэн ажлынхаа зэрэгцээ цэргийн сургуулийн төгсөгчид, шинээр томилогдож ирсэн ахлагч нар гээд залуу үеэ сурган дадлагажуулах чиглэлд анхаарах болсон" гэлээ. Үнэхээр ч түүнээс номын дуу сонссон алба хаагчид "Багш аа!" гэж дуудах нь холгүй юм болно. Мөн тэрээр “Анх тус ангид ирэхэд саглагар том мододтой цэцэрлэгт хүрээлэн шиг л санагддаг байлаа. Тэр үетэй харьцуулбал, анги төвийн халаалтад орсонтой холбоотой удирдах байр, офицер, ахлагч нарын  ажлын орчин, нөхцөл эрс сайжирсан. Сүүлийн жилүүдэд ангид шинээр томилогдож байгаа цэргийн алба хаагчдын хувьд гадаад хэлний мэдлэг өндөр байна, хоёроос гурван орны хэлээр ярьдаг гэж хэлж болно. Энэ нь том давуу тал. Ийм сайн боловсон хүчин томилогдон ирж байгаад ахмадууд сэтгэл хангалуун байдаг. Ангийн ирээдүй ч улам гэрэлтэй харагдаж байна. Бидний хувьд анги маань хоёр дахь гэр л гэсэн үг. Ийм л сэтгэлээр ажил, албандаа ханддаг. Гэрээ тав тухтай, тохилог, цэвэр байлгахыг хүн бүр хүсэх нь ойлгомжтой шүү дээ” гээд өөрийнхөө амьдралд тохиолдсон нэгэн сонирхолтой түүхээс хуучиллаа. 
Чих тавин сонсоход “Эгч маань Зүүнбаянд ахлах тогооч хийдэг байлаа. Би эгчийндээ очиж амрахаар явсан тэр үе  Зүүнбаянгийн нэгэн ойн баярын арга хэмжээтэй давхацсан юм. Тухайн үед хүүхэд байсан хэдий ч огт мартаагүй л явна. Дандар баатар тэргүүтэй Халхын голын баатруудтай нэг онгоцонд суусан тэр үеийн бүдэг бадаг зураглал санаанаас гардаггүй. “Дандар баатар аа, наад жаахан охиноо өвөр дээрээсээ алдчихав аа” гэж хэн нэгэн хэлж байсан нь одоо ч сэтгэлд тодхон. Өнөөх жаахан охин нь би. Халхын голын баатруудтай Зүүнбаянд ингэж очсон юм” гэснээр бидний яриа өндөрлөв.
 
ЧИ МАНАЙД ХЭРЭГТЭЙ ХҮН БАЙНА
 
 
Дараагийн онцлох цэргийн алба хаагч нь бүлгийн даргын туслах, сургагч ахлагч О.Хүрэлцэцэг. Түүнтэй ярилцах үед тэрээр эхэндээ бага зэрэг даруухан загнатал ахмад Г.Одонтуяа “За Хүрэлцэцэг минь ус залгисан юм шиг түгдчээд байх юм уу, ямар уралдаан, тэмцээнд хэрхэн амжилттай оролцсон, энэ ангийнхаа гоё сайхан гээд яриад байгаарай” гэж уриалгахан хэллээ. Түүнээс эмэгтэй хүн цэргийн алба хаагч байна гэдэг чамгүй тэвчээр шаарддаг байх гэж асуухад "Тэгэлгүй яах вэ. Ер нь эмэгтэйчүүд бид чинь эрчүүдээс илүү сэтгэлийн хаттай” гэж мөрдэстэй бүсгүйчүүдээ урамшуулж, зоригжуулав. Сургагч ахлагч О.Хүрэлцэцэгт спортын суурь сайн тавигдсан гэдгийг өөрөөс нь сонслоо. Энэ нь ч цэргийн мэргэжлийн хүн болох замыг нь дөтөлсөн биз. Тэрээр “Аав үндэсний бөх, ээж маань хөнгөн атлетикийн спортоор хичээллэдэг байсан. Би мөн ээжтэйгээ адил багаасаа хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн. Олон ч тэмцээн уралдаанд оролцож амжилт үзүүлдэг байлаа. Ингэж явахдаа нэг удаа шүүхийн шийдвэрийн хувцас өмссөн ахмад цолтой эгчийг хараад цэргийн хүн болчихвол ямар гоё вэ гэсэн бодол төрж билээ. Биеийн тамирын сургуулийг төгсөөд тус ангид энгийнээр ажиллаж эхэлсэн. Нэгэн удаа тэмцээнд оролцоод ирсний дараа ангийн удирдлагууд “Чи манайд тун хэрэгтэй хүн байна, чамайг ахлагчийн албанд улирааж авна” гэж хэлсэн. Ингээд сарын дараа цолоо авсан. Үе үеийн удирдлагууд маань тусалж, дэмждэгт талархдаг” гэлээ. Үнэхээр ч тэр үеийн ухаалаг дарга нарын шийдвэр нүдээ олсон гэдгийг сургагч ахлагч О.Хүрэлцэцэг амжилт, бүтээлээрээ батлан харуулсаар байгаа аж. Түүний хувьд 2001 оноос радио телеграфын спортоор хичээллэж 2008 онд олон улсын хэмжээний мастерын болзлыг хангажээ. Мөн Ази тивийн хоёр удаагийн аварга болсноос гадна дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа шандсаа сориод амжсан байна. 
Нар шингэхтэй зэрэгцээд сурвалжлах ажил ч шувтрав. Ингээд буцахаар зэхэхэд ангиас унаа гаргаж өгөхөөр боллоо. Зорьсон газарт маань саадгүй хүргэсэн жолооч бол холбооны техникч, тусгай техникийн засварын дарга-жолооч, ахлагч М.Бямбацогт. Түүний аав бэлтгэл дэд хурандаа Г.Мөнхжаргал нэгэн цагт энэ ангийн штабын даргаар ажиллаж байсан гэнэ. Ахлагч М.Бямбацогт аавынхаа буурийг сахиж Зэвсэгт хүчний 124 дүгээр ангид алба хааж байгаагаа бас л хувь тохиол гэж боддог. Тэрээр үргэлжлүүлэн сүүлийн жилүүдэд алба хаах орчин, нөхцөл нь сайжирсныг хэд хэдэн жишээгээр дурдаж байлаа. Зорьсон газраа ирээд жолоочид хариу талархал илэрхийлж бууснаар сурвалжилга маань өндөрлөв.   
 
 
 
Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин