sonin.mn
Хобби болгон тухайн хүний зан чанарыг илтгэн харуулдаг. Түүн лүгээ сонгосон мэргэжилдээ хөтлөгдөн өөрийн цуглуулгаа бий болгодог хүн ч цөөнгүй. Тэдний нэг нь Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Материал, техникийн хэлтсийн техникийн хангалтын ахлах офицер, дэд хурандаа С.ДАШДОНДОГ юм.
 
Та өөрийн цуглуулгаа танилцуулна уу?
 
-Миний цуглуулга нь цэргийн зориулалтын автомашины загваруудаас бүрддэг. Өөрөөр хэлбэл, ОХУ-д үйлдвэрлэгддэг, манай Зэвсэгт хүчинд ашиглагддаг автомашинуудын загвар гэсэн үг. Мөн БНМАУ-ын маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал гуай нар болон тэр үеийн дарга, сайд нарын унаж байсан суудлын автомашинуудын загваруудыг цуглуулдаг хоббитой.
 
Анх яагаад цуглуулах болов ...
 
-Ерөнхийдөө өөрийн мэргэжлээ хобби болгосон гэсэн үг. Би хүүхэд байхын л машин, техник сонирхдог байсан. Тиймээс өөрийн мэргэжлээ ч мөн авто техникийн салбартай холбосон. Миний цуглуулгын нэг онцлог чанар нь би өөрөө Зэвсэгт хүчний 089 дүгээр ангид засварчин, жолооч байсан үеэсээ эхлээд цуглуулгад байгаа автомашинуудаа бодитоор нь жолоодож, засвар, үйлчилгээ хийж байсан. Энэ ч утгаараа илүү үнэ цэнтэй санагддаг. Улмаар Цэргийн их сургуулийг авто техникийн инженер мэргэжлээр 2001 онд төгссөн. Төгссөнөөсөө хойш 20 орчим жил мэргэжлээрээ ажиллаж, алба үүргээ гүйцэтгэж байна. Энэ нь миний анхнаасаа л сонгосон салбар учир хобби маань нь ч үүнтэй салшгүй холбоотой. Анх 2011 оноос эхэлж цэргийн зориулалт бүхий автомашины загваруудыг сонирхож нэг, нэгээр нь цуглуулж эхэлсэн. Тухайн үед энэ төрлийн загварууд ховор байсан. Харин орчин үед олдоц нь элбэг болсны  зэрэгцээ зориулалтын засварын газрууд ч нээгдсэн. Дээрээс нь ганцхан ОХУ-д үйлдвэрлэгдсэн автомашинуудаар өөрийн цуглуулгаа төрөлжүүлсэн. Жишээ нь “ЗИЛ-114”, “ЗИЛ-117” зэргийг захиалгаар хийдэг, хуяглагдсан автомашинуудын загварыг цуглуулгадаа багтаасан. Манай Зэвсэгт хүчинд ашиглагддаг ихэнх автомашины загвар надад бий. Харин суудлын автомашины хувьд бүгд хар өнгөтэйгөөрөө онцлог. Учир нь 1950-аад оны үеийн улс төрийн удирдагч нарын суудлын автомашинууд бүгд хар өнгөтэй байсан. Мөн л захиалгаар хийлгэдэг, тоноглогдсон автомашинууд гэсэн үг. Тухайлбал, “Чайка”, “ГАЗ-М1”, “ГАЗ-А” зэрэг загвар миний цуглуулгад бий.
 
 
Цуглуулгаа яаж баяжуулдаг вэ?
 
-Би ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн материал, техникийн хангалтын академид гурван жил суралцаж төгссөн. Тэр хугацаанд цуглуулгаа багагүй арвижуулсан. Орос улсад иймэрхүү төрлийн автомашины загваруудыг зардаг дэлгүүр их байдаг. Хувь цуглуулагчид ч багагүй. Манай оронд байдаггүй загварууд тэнд төрөл төрлөөрөө байдаг учир гар таталгүй худалдаж авдаг байсан. Одоо ч гэсэн ОХУ-д суралцаж байгаа монгол сонсогч нарт захиж авахуулах тал бий. Тэгэхдээ ямар ч хамаагүй үйлдвэрийн биш заавал зориулалтын, хүлээн зөвшөөрөгдсөн загваруудыг нь худалдаж авдаг. Миний цуглуулгын загварууд бүгд 1:43 хэмжээтэй. Хэмжээ тус бүрээр нь төрөлжүүлж, цуглуулж болдог гэсэн үг. Үнийн хувьд хамгийн багадаа 30, дээд тал нь 180 гаруй мянган төгрөгөөр зарагддаг. Харин ховордсон загварууд бүр ч үнэд хүрнэ. Жишээ нь миний авахаар хайж байгаа автомашины загвар 400 орчим мянган төгрөгөөр үнэлэгддэг.
 
Нийт хэдэн автомашин цуглуулсан бэ?
 
-50 орчим загвар байгаа. Цаашдаа цуглуулгаа илүү өргөн хүрээнд төрөлжүүлнэ гэж боддог. Зарим нэг эвдэрсэн зүйлсийг нь өөрөө засаж сэлбэх үе бий. Их л нандигнаж цуглуулдаг даа. Манай бага хүү надтай адил автомашин, техник сонирхдог хоббитой. Хүүхдээсээ харамлах тохиолдол цөөнгүй гарна. Цуглуулгын загваруудаа хүүхдүүддээ тоглоом биш гэдгийг нь ойлгуулахыг хичээдэг. 
 
Өөр ямар цуглуулгатай вэ?
 
-ОХУ-ын хот болгоныг дүрсэлсэн зоосон 10 рублиуд цуглуулдаг. Олдоц нь тун ховор. Оросдоо ч ховор үйлдвэрлэгддэг зооснууд. Энэ цуглуулга маань дуусах болоогүй. Тэдгээр зоосоо зориулалтын цуглуулгын хавтаст хийдэг. Хот бүрийг дүрсэлсэн байдаг болохоор зориулалтын хавтаст хотынх нь талаар тодорхой тайлбар бичээд цуглуулдаг. Одоогоор нийт 30 орчим зоос бий. 
 
Таны хамгийн үнэ цэнтэй цуглуулга юу вэ?
 
-Хамгийн үнэ цэнтэйг нь нэрлэвэл “ЗИЛ-131МТО-АТ” гэдэг засварын хөдөлгөөнт автомашины загвар. Яагаад хамгийн үнэ цэнтэйд тооцож байгаа вэ гэвэл өмнөх будаг нь сааралдуу өнгөтэй байсныг би өөрөө ногоон өнгөөр будаж янзалсан хэрэг. Ер нь автомашины загварыг будахад тусгай будаг ашигладаг. Тэр будгаар нь будсан. Багагүй хөдөлмөр зарсан учир миний хувьд үнэ цэнтэй.
 
 
Дэд ахлагч Т.ИДЭР
Эх сурвалж: "Соёмбо" сонин