sonin.mn
Их тэсвэр тэвчээр, бүсгүй хүний уян зөөлөн ухаан зааж, эх орныхоо төлөө амь биеэ дайчлан зүтгэж яваа 40 гаруй эмэгтэй хурандаа Монголд бий. Тэдний нэг нь Л.Ганчимэг. Тэрээр Зэвсэгт хүчний анхны эмэгтэй эмч хурандаа юм.
Зэвсэгт хүчинд хурандаа цолтой эмэгтэй цэргийн алба хаагч ганц байсан тохиолдол тун саяхан. Тэгвэл энэ тоо өнөөдөр гарын 10 хуруутай дүйцэхээр нэмэгдэж буй нь эмэгтэй цэргийн алба хаагчид нь эрчүүдтэй мэргэжил, чадвар, арга барил, ур ухаан, албан тушаалаараа эн тэнцүү болж байгаагийн илрэл гэлтэй.
Зэвсэгт хүчний хоёр дахь хурандаа хэмээн цоллогдож, эмэгтэй цэргийн алба хаагчдаа хурандаа гэх эрхэм хүндтэй цолонд араасаа далласан, нэгэн эрхмийг энэ дугаарынхаа зочноор урилаа. Тэр бол Зэвсэгт хүчний Жанжин штабын Ар талын газрын Эрүүл мэндийн хангалтын хэлтсийн дарга, хурандаа Л.Ганчимэг юм.
Тэсвэр тэвчээр, бүсгүй хүний уян зөөлөн ухаан зааж, эх орныхоо төлөө амь биеэ дайчлан зүтгэж яваа 40 гаруй эмэгтэй хурандаа Монголд бий. Тэдний нэг нь Л.Ганчимэг.
 
 
Хурандаа аавын охин, хурандаа ханийн гэргий, эмч мэргэжилтэй анхны эмэгтэй хурандаа гээд их олон ховор хувь тохиол бүрдсэн түүнийг өдгөө Зэвсэгт хүчинд танихгүй, мэдэхгүй хүн тун цөөн. Цэргийн эмч аавынхаа удмыг залгаж тэртээ 1996 онд Анагаах ухааны их сургуулийг төгсөөд Цэргийн төв эмнэлэгт эмчээр ажиллаж эхэлснээс хойш "цэргийн" гэх тодотголтой газраас хөндийрөлгүй 23 дахь жилдээ Зэвсэгт хүчиндээ алба хааж байгаа юм. Түүнийг сургуулиа төгсөөд Цэргийн төв эмнэлэгт анх ажилд орох үед аав Лхагвасүрэн нь хурандаа цолтой БХЯ-ны Хүн эмнэлгийн хэлтсийн удирдах албан тушаалд ажиллаж байсан нь одоогийн ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтэс бөгөөд тэр үед охин нь тэрхүү эрхэм хүндтэй албыг хаших юм гэж хэн ч тааварлаагүй нь дамжиггүй.
Анх эмчийн тангаргаа өргөж эмч хэмээх нэр зүүх болсон цагаас эхлэн тэрээр аливаа зүйлээс шантралгүй албандаа, мэргэжилдээ хоёргүй сэтгэлээр зүтгэн мэдэхгүй, чадахгүй бүхнээ өөрийн хүчээр давж төдийгөөс өдий хүртэл явсны үр дүнд одоо мянга мянган цэргийн алба хаагч, тэдгээрийн гэр бүлийн эрүүл энхийг хариуцан ажилладаг хариуцлага өндөртэй албанд хүргэхэд нөлөөлсөн гэлтэй.
Цэргийн эмнэлэгт ажиллах хугацаандаа дамжих ёстой бүхий л шатлал, шалгуураа давж дэвшихийн зэрэгцээ сурч боловсрох, ахиж дэвших боломж бүрийг алдалгүй, цаг хугацаандаа өөртөө бүрдүүлж чадсан чадварлаг нэгэн. Тухайлбал, тэрээр англи, герман хэлтэй бөгөөд гадаад хэлнийхээ ид шидийг мөн ч их хүртэж байгаа талаар дурссан. Хүн сурч болно. Гол нь түүнийхээ үр дүнг харах, хэрэгжүүлэх нь чухал гэж тэрээр хэлэх дуртай. ХБНГУ-д суралцах хугацаандаа татан буугдаж байсан эмнэлгийн 300 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг Цэргийн төв эмнэлэгт тусламжаар оруулж ирэх ажлыг санаачлан ажил хэрэг болгож чадсан. Мөн 2006 онд Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хоёр сар ажиллах хугацаандаа үндсэн үүрэг болох эмчийн үүргээ гүйцэтгэснээс гадна Дундговь аймгийн Засаг даргатай уулзаж зургаан сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ангийн эмнэлгийг бүрэн засварлаж байсан гэдэг. Түүнчлэн 2011-2012 онд Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт ажиллах хугацаандаа төсөл бичиж 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг олж диализийн аппаратын танхимыг байгуулж байсан зэрэг нь түүний цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн төлөө хийж байгаа олон ажлын нэгээхэн хэсэг нь байлаа. Түүний энэхүү идэвх санаачилгатай зохион байгуулж байсан ажлууд нь зарим хүнд таатай санагддаггүйн дээр олон ч эсэргүүцэлтэй тулгарч байсан үе ч бий. Магадгүй энэ бүхий л шалгуур, хийж хэрэгжүүлж байсан ажил, арга хэмжээ бүгд нь түүнийг одоогийн албан тушаал, арга барилд бэлтгэж байсан гэлтэй.
 
 
Түүний өргөсөн тангараг төдийгөөс өдий хүртэл зүтгэж байгаа нэг чиг бол цэргийн алба хаагч нэг бүрийн эрүүл мэндийн асуудал юм. Үүнийхээ төлөө ч тэр хүлээсэн үүрэг, эрхэлсэн ажилдаа эзэн нь байж чадсан гэлтэй. Хэлтсийн хамт олонтойгоо цэргийн алба хаагч нэг бүрийн эрүүл мэндийг илүү хамгаалахын төлөө олон ч зүйлийг санаачлан ажиллаж, эхнээсээ ажил хэрэг болгон үр дүнг нь хүртэж байгаа юм. Тухайлбал, гамшиг ослын үед бэлэн байдалд байхын тулд дайчилгаатай хээрийн сургуулийг анх удаа зохион байгуулжээ. Өмнө нь эмнэлэг бие даан хээрийн сургууль хийж байсан тохиолдол байгаагүй бөгөөд тус хээрийн эмнэлгийг бэлэн байлгахын тулд шаардлагатай олон зүйлийг хөөцөлдөж, зөвшөөрөл авсан нь түүний мэргэжилдээ, эрхэлсэн ажилдаа, салбартаа ямархан хэрэгтэй хүн болохыг нь бэлхнээ батлаад өгөх юм. Мөн гамшиг ослын үед хөдөлгөөнтэй байх ёстой учраас цэргийн хээрийн эмнэлгийг ажиллуулах ёстой байдаг. Одоо бид 2-3 хээрийн эмнэлгийг дэлгэн ажиллуулах хүчин чадалтай болсон бөгөөд олон улсын хээрийн сургуульд ч эмнэлгээ гарган ажиллуулдаг болоод байгаа юм.
Үүнээс гадна Зэвсэгт хүчний цэргийн нэгтгэл, ангиудын эмнэлгийг нийгмийн даатгалд хамруулахын тулд магадлан итгэмжлэлтэй болгохоор ханцуй шамлан дараагийн ажилдаа ороод байгаа. Ингэснээр Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын эмнэлгүүд нэг шат ахихын зэрэгцээ боловсон хүчний хомсдолоос бүрэн ангижрах юм. Түүгээр ч үл барам ҮБХИС дээр Сувилахуйн сургуультай болж өөрсдөө цэргийн сувилагч нараа бэлтгэх, нийгэмдээ бэлтгэж гаргах хэт холын биш ажлууд ч түүний төлөвлөгөөнд бий гэнэ.
Түүний ажил дан ганц Зэвсэгт хүчиндээ эргэлдээд байх бус бусад эрүүл мэндийн байгууллагуудтайгаа байнгын харилцаатай байж Зэвсэгт хүчнийхээ эрүүл мэндийн асуудлуудаа сайжруулах талаар бүхий л боломжийг бүрдүүлж чаддаг. Тухайлбал, энэ жил хугацаат цэргийн бүх алба хаагчид, цэргийн ангиудын эмч, сувилагч болон БХЯ, ЗХЖШ-ын алба хаагчдыгаа томуугийн вакцинд бүрэн хамруулах, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан нэгтгэл, ангиудын эмнэлгээ засаж чадсан тохиолдолд эмнэлгийн болоод түргэн тусламжийн машины тоног төхөөрөмжөөр хангах зэрэг тун олон ажлыг хэрэгжүүлээд байгаа юм. Энэ бүгд нь гол баатрын маань харилцаа, хамтын ажиллагааны үндсэн дээр ажил хэрэг болж чаддаг юм.
Эрч хүч, хүсэл тэмүүлэл дүүрэн Ганаа эмч маань гурван хүүхдийн ээж. Эхний хоёр хүүхдэдээ их л хатуу ээж байсан даа гэж тэр дурссан. Онц л сурах ёстой гэх хатуу шаардлагатай тэрээр муухай бичсэн, муу дүн авсан зэргээр шалтаглан эргэлзэх зүйлгүй том хүүхдүүдийнхээ дэвтрийг ураад, шөнөжин суулгачихдаг байсан гэдэг. Харин бага охин дээрээ өнөөх хатуу чанга ноён нуруу нь хугарч, хэт зөөлрөхийн зэрэгцээ онц сурах нь чухал бус зөв хүн болж хүмүүжүүлэх тал дээр тулж ажиллаж эхэлсэн гэнэ. Хүүхдүүд нь хоорондоо багагүй зайтай төрсөн учир нэг үе том нь оюутан байхад дундах нь сурагч, бага нь цэцэрлэгт байж. Энэ үед тэрээр “Надад боловсролын бүх салбар байна” хэмээн хошигнодог байсан гэдэг. Өдгөө том хүү нь Австрали улсад ажиллаж, амьдардаг бол дунд охин нь МУИС-ийн 4 дүгээр дамжааны оюутан. Харин бага охин нь 9 дүгээр ангийн сурагч гэнэ. Хойш тавьж болохгүй төрийн ажлыг цалгардуулалгүйгээр явуулахад түүний ээж бүхий л талд нь өмөг түшиг болдог гэнэ. Яг л ээж шигээ эмээ болж үр ач нараа харж, үр хүүхдүүддээ тус болох нь түүний мөрөөдөл гэсэн. Ийм сайхан бат бөх гэр бүлийг бий болгон, олон сайхан хүүхдүүдээ сайн хүн болгон хүмүүжүүлсэн ээжээрээ цаг үргэлж бахархаж, баярлаж явдгаа энэ үеэр дурдаж байсан. Мөн түүний нийгмийн идэвхтэй, аливаад санаачилгатай, эерэг хандлага зэрэг нь ээжээсээ өвлөж авсан зан аж. Ийм л сайхан ээж, эмч, дарга, хурандаа төрүүлж өсгөсөн тэр ижийд бид ч бас талархмаар.
 
 
Торолгүй үргэлжилж байсан бидний яриа ханийнхаа талаар ярихгүй юу гэж асуугаад гол баатраа уйлуулснаар хэсэг завсарлав. Дунд сургуулийн зэргэлдээ ангийн хүүтэйгээ гэр бүл болж амьдралынхаа 20 жилийг хамт үдсэн ханиа алдаад нэг жилийн нүүрийг үзэж байгаа түүнд хань гэдэг үг одоо ч эмзэг сэдэв хэвээрээ аж. Энэ намар тэд 20 жилийн ойгоо тэмдэглэхээр төлөвлөсөн байсан хэдий ч хатуу орчлонтой нүүр тул гэсэн аятай, сайхан хань нь тэнгэрт хальсан. Одоо хэр нь л гадаа машинаа халаагаад хүлээж байгаа юм шиг, оройтоод ороход халуун хоолоо хийгээд, хаалга тайлаад өгөх юм шиг, баяр жаргал, уйтгар гуниг тохиолдоход утсаа шүүрээд залгах гээд, ямар нэг шийдвэр гаргахдаа хаа нэгтэйгээс ханиа эрсээр байгаагаа энэ үеэр нулимс дуслуулан хэлж байсан. Нэгэн биеийн нөгөө тал болсон хүний хань гэдэг хүний амьдралд ийм л их орон зайг эзэлдгийн жишээ энэ гэлтэй.
Гэсэн хэдий ч түүнийг түших ижий аав, үр хүүхдүүддээ ээж, охин байхын зэрэгцээ аав нь, хүү нь байх давхар үүрэг түүнд ирсэн. Тийм учир амьдралд бөхийх, ухрах эрхгүйгээр нүүр бардам, хүсэл тэмүүлэл дүүрэн инээд цацруулан алхаж явна.
 
 
Хошууч Д.ОЮУНГЭРЭЛ
Эх сурвалж: Монцамэ агентлаг