sonin.mn
Яг одоо дэлхийн өнцөг булан бүрд НҮБ-ын мандаттай 14 энхийг сахиулах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд нийт 95000 гаруй цэрэг, цагдаа болон энгийн ажилтан албан хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Үүний дотор ажиглагч офицерын статусаар энхийг сахиулна гэдэг нь маш онцлогтой бөгөөд амь сөрсөн ажил болохыг би НҮБ-ын ажиглагч офицерын дамжаанд суралцсанаар мэдсэн юм.
Тодруулбал, өнгөрөгч 10 дугаар сарын 12-31-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн багш нар НҮБ-ын ажиглагч офицерын дамжааг 12 дахь жилдээ зохион байгууллаа. Тус дамжаанд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний 14 анги, байгууллагын 18 офицер, ахлагч хамрагдсан бөгөөд дамжааны нээлтийн ажиллагаанд ЗХЖШ-ын Энхийг дэмжих-Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Н.Нямжаргал хүрэлцэн ирж, суралцагчдад хандан үүрэг, чиглэл өгсөн юм. Тэрбээр “Энэ удаагийн сургалтыг Монгол Улсын Зэвсэгт хүчин дангаараа зохион байгуулж байна. Та бүхэн монгол цэргийн дэлхийн энх тайвны төлөө байгуулж ирсэн нөр их хөдөлмөр, нэр хүндийг үргэлжлүүлэн авч явах чухал үүрэг хүлээж байгаа цэргүүд юм. Тийм учраас НҮБ болон Монгол Улсын ЗХЖШ-аас тавьж байгаа шаардлага, шалгуурыг бүрэн хангаж, НҮБ-ын ажиглагч офицероор үүрэг гүйцэтгэх учиртай. Мөн ирэх оны 1 дүгээр сараас эхлэн НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх штабын болон ажиглагч офицеруудаас НҮБ-ын төв штабаас мэргэжлийн ур чадварын шалгалтыг ажиллагааны газар оронд тогтмол авч байхаар болсон. Тиймээс та бүхэн энд суралцах хугацаандаа ажиглагч офицерын эзэмших ёстой бүхий л ур чадварт сайтар суралцаж, цаашдаа монгол цэргийн нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөх нь чухал” гэж хэлсэн.
Дамжаа гурван долоо хоногийн хугацаанд монгол, англи хэлээр нийт 150 цагийн хичээлийн хөтөлбөртэй явагдсан ба эхний хоёр долоо хоногт онолын сургалт, сүүлийн долоо хоногт дадлагын сургалт явагдсан. “2008 оноос хойш тус дамжааг Америкийн Нэгдсэн Улсын “Даян дэлхийн энхийн санаачилга хөтөлбөр”-тэй хамтран зохион байгуулж ирсэн. Харин энэ жилийн хувьд дэлхий нийтэд үүсээд буй цар тахлын улмаас гадаадын багш нарыг оролцуулах боломжгүй болсон. Тиймээс тус сургалтыг бүхэлд нь Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн багш нар хариуцан зохион байгуулж ажиллалаа. Цаашдаа бид багш нарынхаа туршлага, мэдлэгт суурилан НҮБ-ын бусад дамжаануудыг олон улсын стандартын дагуу бие даан явуулах үүд хаалга нээгдэж байна. Ажиглагч офицер нь энхийг дэмжих ажиллагаанд чухал үүрэг хүлээж оролцдог учраас бид сургалтынхаа чанарт илүү анхаарсан бөгөөд суралцагч нарыг үүрэг гүйцэтгэх үеийн нөхцөл байдалтай ойртуулах зорилгоор НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд түгээмэл тохиолддог болон сүүлийн үед тулгамдаж буй асуудал, цагийн байдлуудыг багтаасан дадлагыг зохион байгуулсан нь оролцогчдын бодит цагийн байдлын орчин нөхцөлийн талаарх ойлголтыг сайжруулах, цаашид үүсэж болзошгүй цагийн байдалд зөв шийдвэр гаргаж сурахад нь дөхөм болсон гэж бодож байна. Мөн ажиглагч офицероор үүрэг гүйцэтгээд ирсэн энхийг сахиулагчдыг урьж, ажиллагааны газар оронд тохиолдсон туршлага, сургамжаас суралцагчдад сонсгосон нь энэ удаагийн дамжааны онцлог байлаа” хэмээн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн даргын орлогч, дэд хурандаа Н.Цогтгэрэл онцолсон.
 
 
Үнэхээр ч НҮБ-ын ажиглагч офицероор үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирсэн цөөнгүй офицер бидэнтэй уулзаж, өөрсдийн ажиллагааны арга, туршлагаасаа хуваалцсан. Тэр дундаа Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа "UNMISS" ажиллагаанд Хүчний командлагчийн орлогч даргаар үүрэг гүйцэтгэсэн бригадын генерал Д.Баярсайхан анх удаагаа ажиглагч офицерын дамжааны суралцагчидтай уулзсан нь үнэхээр онцлог үйл явдал болсон. Тэрбээр бүс нутагт гарч байгаа өөрчлөлтүүд, энхийг сахиулах ажиллагааны онцлог, ялангуяа, "UNMISS" ажиллагааны орчин, хэтийн төлөв, удирдлагын зохион байгуулалт, ажиглагч офицерын эзэмших ёстой ур чадварууд зэрэг олон сэдвийг хөндөж, бидэнтэй ярилцсан юм. Мөн тэр бээр “НҮБ-ын ажиглагч офицерын гол үүрэг бол НҮБ-ын “нүд”, “чих” нь байх юм. "UNMISS"-ийн Хүчний командлагчийн орлогчийн нэгэн үүрэг нь тус ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа бүх ажиглагч офицеруудыг удирдлагаар хангаж ажиллах явдал юм. Иймд би дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн сайн, муу янз бүрийн офицеруудтай ажиллаж үзсэн. Та нарын бичсэн мэдээ, тайлангууд чинь шат шатны удирдлагаар дамжсаар Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв штаб, цаашлаад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Аюулгүйн зөвлөлд хүрч, дараа дараагийн стратегийн томоохон шийдвэрүүдийг зөв гаргахад нь нөлөөлдөг. Тиймээс та бүхэн НҮБ-ын дүрэм, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Олон улсын Зэвсэгт мөргөлдөөний тухай хууль, Женевийн конвенц зэрэг олон улсын эрх зүйн тухай мэдлэг, мэдээллээ өргөжүүлж, энэ талын судалгааг тогтмол хийж байж чухам хаана, хүний ямар эрх зөрчигдөөд байгааг мэдэж, мэдээ, тайлангаа бичих болно. Ажиглагчаар ирж байгаа ихэнх офицерууд энэ талын мэдлэггүйгээсээ болж алдаа гаргах нь элбэг. Нөгөө талаар мэдээ, тайлангуудаа өгүүлбэр, утга зүйн хувьд зөв ойлгомжтой бичихийн тулд та нарт англи хэлний гүнзгий мэдлэг шаардлагатай. Энэ бол маш чухал” гэж хэлсэн. Түүнчлэн дэлхийн олон улсаас өөр соёл, зан заншилтай офицеруудтай хамтран нэг баг болж, нэг байранд амьдарч, ажиллах учир бусад улсын шашин шүтлэг, соёлын тухай ойлголтоо нэмэгдүүлж, хүн бүхэнтэй эрх тэгш харилцах талаар суралцах ёстойг сануулсан.
 
 
Онолын хичээлийн төгсгөлд бид гурван багт хуваагдаж, танхимын хичээлээр олсон мэдлэгээ хийсвэр цагийн байдалд ашиглан хэрхэн зөв шийдвэр гаргахад суралцсан юм. Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн багш нар маань ч биднийг цагийн байдалдаа илүү ойртуулах үүднээс мөн ажиллагааны газар оронд очоод санхүүгийн хэмнэлттэй байх мэдлэгийг олгох зорилгоор “Дали” хэмээх мөнгөн дэвсгэртийг бий болгож, бүх хоолоо тус мөнгөн дэвсгэртээр худалдан авч байлаа. Энэ нь ч үр дүнгээ өгч суралцагчид мөнгийг хэмнэх аргад суралцсан. Мөн баг тус бүрд ялгаатай цагийн байдлууд өгч, орон нутгийн иргэдтэй уулзалт, яриа хэлэлцээг хэрхэн хийж, мэдээлэл цуглуулах вэ гэдгийг бодит мэт цагийн байдал дээр туршсан нь маш сонирхолтой байсныг дурдах нь зүйтэй.
 
Дадлагын хичээлээр бид автомашин, холбооны техник хэрэгсэл, дуулга, хантааз зэргийг хүлээн авч, “Alpha”, “Bravo”, “Charlie” гэх гурван багт хуваагдаж, үүрэг гүйцэтгэсэн. Энэ үеэр Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн багш нар эсрэг дүрд тоглож, ажиллагааны газар оронд үүсдэг хүний эрхийн зөрчил, зэвсгийн худалдаа, зэвсэгт этгээдүүдийн НҮБ-ын ажиглагч офицерууд руу чиглэсэн халдлага, отолт, дайралт зэрэг олон төрлийн цагийн байдлыг маш үнэмшилтэй гаргаж байлаа. Тодруулбал, багш нар орон нутгийн тосгон, суурин газруудад заагдсан маршрутын дагуу хэрхэн хүрч очих, ард иргэдтэй уулзахдаа аюулгүй байдлыг хэрхэн сахих, тэдэнд итгэл төрүүлэхэд юунд анхаарах, олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын ажилтан албан хаагчидтай хэрхэн хамтарч ажиллах зэрэг ажиллагааны газар оронд ямар орчин нөхцөл, зан харилцаатай хүмүүс угтдагтай адилхан байдлаар дүрээ сонгож, мэргэжлийн өндөр түвшинд эсрэг дүрийг бүтээж байсныг бид алхам тутамдаа мэдэрч байв. Тэр дундаа НҮБ-ын ажиглагч офицерууд отолтод орж, зэвсэгт этгээдүүдийн гарт очвол юу хүлээж, ямаршуухан цагийн байдалд орж болохыг бидэнд бодит байдлаар үзүүлснийг яахын аргагүй онцлох учиртай. Заагдсан маршрутын дагуу цуваагаар хөдөлгөөн үйлдэж байхад цувааны урд болон хойно хаалт тавьж биднийг зэвсэгт этгээдүүд бүслэн авч, НҮБ-ын цэргүүд яагаад миний газар нутагт зөвшөөрөлгүй явж байгааг асуун, юу юугүй толгойд автомат буу тулган машинаас гарахыг шаардаж, бид ч хэлсэн ёсоор гарахад манай багийн гишүүдийн нүдийг таглаж, гарыг гавлаад газар хэвтүүлэн хантааз руу цохиж, чихний хажуухан талд хий буудаж байсан нь зарим хүнд үнэхээр жинхэнээсээ тохиолдоод байгаа мэт мэдрэмжийг ч төрүүлсэн юм. Тус цагийн байдал нь дадлагын хичээлийн хамгийн хүнд нь байсан бөгөөд зарим нь бүслэлтээс мултарч 2-3 километр газар алхаж, багийн байрлалдаа ирсэн. Энэ мэт ажиглагч офицерт тулгарч болох тохиолдлуудыг бодит цагийн байдалд ойртуулсан хэлбэрээр зохион байгуулсан нь бидэнд маш их мэдлэг, туршлага болсон юм. НҮБ-ын ажиглагч офицер нь зэвсэг барьдаггүй, гэвч хүний эрх зөрчигдөж байгаа цагийн байдлын хамгийн хүнд газруудад хүрч, бодит мэдээ, тайланг бичдэг чухал үүрэгтэй хүмүүс болохоор амьд үлдэхийн тулд ямар ч цагийн байдалд бэлтгэлтэй байх учиртай гэдгийг багш нар бидэнд байнга сануулж байлаа.
Бидний 17 офицер, нэг ахлагчийн дунд ганц эмэгтэй цэргийн алба хаагч байсан юм. Тэр бол Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн Байр зүй, геодезийн хангалтын тасгийн хэвлэх хэсгийн дарга, ахмад О.Булган юм. Тэрбээр “Тус дамжаанд суралцсанаар НҮБ-ын зорилго, бүтэц, зохион байгуулалт, ажиглагч офицерын үүрэг хариуцлагын талаар мэдээд зогсохгүй, дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэх сэтгэл зүйн бэлтгэлтэй болж, олон талын мэдлэгийг олж авлаа. Эмэгтэй хүн гэж хойш суулгүй эрчүүдтэйгээ эн зэрэгцэн сургалт, бэлтгэлдээ амжилттай хамрагдсандаа баяртай байна. Бид энэхүү дамжаанд суралцсанаар цаашид НҮБ-ын ажиглагч офицероор үүрэг гүйцэтгэх эрхэм зорилгодоо хүрэхэд нэг шат ахисан том алхам байлаа” гэж дамжааны төгсөлд хэлсэн юм. Үнэхээр ч тэр бээр эрчүүдээс дутахааргүй тэсвэр хатуужилтай гэдгээ харуулж, хэд хэдэн удаа багаа хүнд байдлаас авч гарсан билээ.
 
 
Дамжааны хаалтын ажиллагаанд ЗХЖШ-ын Энхийг дэмжих-Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ш.Амарбаясгалан хүрэлцэн ирж, бидэнд баяр хүргэсэн. Энэ үеэр тэрээр “НҮБ-ын ажиглагч офицерын ажиллагааны газар оронд гүйцэтгэх үүрэг маш чухал. Тэд “United Nations Military experts” буюу НҮБ-ын цэргийн мэргэжлийн алба хаагчид гэх статустай байдаг. Тийм учраас ахмадаас дээш буюу тухайн улсынхаа Зэвсэгт хүчинд 10-аас дээш жил алба хаасан ажиллагааны туршлагатай цэргийн алба хаагч байх шаардлагыг нэн тэргүүнд тавьдаг учиртай. Монгол Улсын Зэвсэгт хүчин анх 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс руу хоёр ажиглагч офицерыг илгээж байсан цагаас хойш эдүгээ мянга мянган залуус цэнхэр дуулгатны эгнээнд багтаж, дэлхийн халуун цэгт хүрч үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ бол чамлахааргүй хугацаа бөгөөд бид энэхүү туршлагадаа үндэслэн цаашдаа НҮБ-ын бусад дамжааг олон улсын стандартын дагуу бие даан зохион байгуулах бүрэн боломжтой гэдгийг энэ удаагийн сургалт харууллаа. Сургалтыг бодит цагийн байдал руу ойртуулсан хэлбэрээр зохион байгуулжээ. Би 2003 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хаммелбург хотод Бундесверийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд НҮБ-ын ажиглагч офицерын дамжаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдаас хамгийн анх хамрагдаж байсан. Тэр үед тохиолдож байсан нэгэн дурсамжаасаа хуваалцахад, бид эргүүл хийгээд явж байтал зам дээр нэгэн бөөрөнхий хэлбэртэй хар зүйл байхыг олж хараад машинаасаа буутал биднийг автомат барьсан нөхөд бүслээд шороон зам дээр удаан хугацаанд өвдөглүүлж зогсоогоод яагаад манай эзэмшил газар нутагт орж ирсэн юм, тагнуул хийж байсан уу зэргээр асуулт тавьж эхэлсэн. Энэ мэт цагийн байдлыг хөгжүүлж аль болох ажиллагааны газар оронд ойртуулсан байдлаар улс бүр өөрийн онцлогоор сургалтыг зохион байгуулдаг. Манай багш нар ч мөн дутахааргүй цагийн байдлын хүнд нөхцөлийг суралцагч нарт мэдрүүлсэн байна. Энэ сургалтыг цаашид улам төгөлдөржүүлэхэд та бүхний оруулах хувь нэмэр чухал юм шүү” хэмээн хэлсэн.
Ийнхүү Монголын Зэвсэгт хүчин анх удаа өөрсдөө бие даан зохион байгуулсан НҮБ-ын ажиглагч офицерын дамжаа гурван долоо хоногийн хугацаанд онцлог бүхнээр дүүрэн явагдаж дууссан юм. “Энхийг сахиулах нь зөвхөн цэрэг хүний хийх ажил биш ч зөвхөн цэрэг хүн л үүнийг хийж чадна” гэсэн алдарт үгийг НҮБ-ын хоёр дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Даг Хаммаршёлд тэртээ 66 жилийн өмнө хэлж байжээ. 1948 онд НҮБ-ын анхны энхийг сахиулах ажиллагаа эхэлснээс эдүгээг хүртэлх 66 жилийн хугацаанд 3900 гаруй энхийг сахиулагч амиа алдсан байдаг. Тэдгээрийг жил жилээр нь үечлэн хувааж авч үзвэл амиа алдсан энхийг сахиулагчдын тоо 2011 оноос хойш эрчимтэй нэмэгдэж байгаа гэсэн судалгаа байдаг ажээ. Тиймээс энхийг сахиулах тэр дундаа НҮБ-ын ажиглагч офицероор үүрэг гүйцэтгэнэ гэдэг нь миний дээр дурдсанчлан амь сөрсөн алба бөгөөд хэн нэгэн хүн хялбархан хийчих ажил биш гэдгийг энд ойлгуулахыг зорилоо.
 
Ахмад М.МӨНХЗОРИГ
Эх сурвалж: Монцамэ агентлаг