sonin.mn
Байлдааны гавьяаны одонт “Эх орны манаа” сонин 80 жилийнхээ ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Тус сониныг Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах албанаас эрхлэн гаргаж байгаа бөгөөд 80 жилийнхээ ойн хүрээнд цөөнгүй ажлыг зохион байгуулжээ. Тухайлбал, “Эх орны манаа” сонины гэрэл зурагчин, ахлах дэслэгч Л.Номингэрэл Монгол Улсын дархан хилийг таван удаа тойрохдоо авсан Хил хамгаалах байгууллага, хилчдийн үйл ажиллагааг харуулсан шилдэг гэрэл зургаараа “Хилийн өнгө” гэрэл зургийн үзэсгэлэнг дэглэн нийтийн хүртээл болгосон бол эрдэмтэн, судлаач, Төрийн цэргийн болон бусад хууль сахиулах байгууллагын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэргэжилтнүүдийг оролцуулсан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж сониныхоо цаашдын бодлого, чиглэлийн талаар ярилцсан юм. Хурлын дараа Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгынхан “Эх орны манаа” сонины 80 жилийн ойд зориулсан баярын тоглолтоо толилуулсан.
 
Уншигч танд “Эх орны манаа” сонины ойд зориулсан олон үйл ажиллагааг тоймлон хүргэвэл ийм байна. Харин тэдний алдар гавьяа, ололт амжилтыг дагуулсан 80 жилийн талаар товчхон бөгөөд багцлан хүргэж байна.
 
МАХН-ын Төв хорооны Тэргүүлэгчдийн 1940 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “... Улс орныг батлан хамгаалах үүрэг, зорилтыг улмаар бататган бэхжүүлэх, Хязгаарын ба Дотоодын цэргийн улс төр, байлдааны бэлтгэлийг чанаржуулан сайжруулах, хилийг хамгаалагчдын сахилга бат, улс төрийн мэдлэг, хүмүүжлийг дээшлүүлэх хийгээд тэднийг эх орон, засагтаа хязгааргүй хайртай болгон хүмүүжүүлэх” зорилгоор “Эх орны төлөө” нэртэйгээр анхны үсгээ өрж, дардсаа буулгасан нь өнөөдрийн 80 жилийн бахархам түүхийн бодит шастир болсон “Эх орны манаа” сонин билээ. Энэхүү сониныг эх орныхоо дархан хилийн төлөө халуун амь, бүлээ цусаа зориулсан эрэлхэг дайчид дайны гал дор, хээрийн нуувчид гараас гарт дамжуулан уншиж байсан нь “Эх орны манаа” сонины түүхэнд гүйцэтгэсэн үүргийг бодитоор гэрчилнэ.
1913 онд “Шинэ толь” хэмээх сонин бичиг гарсан үеийг Монголын үндэсний сэтгүүл зүй үүссэн цаг үе хэмээн тэмдэглэдэг. Үүний дараа “Монголын үнэн” сонин 1920 онд, “Ардын цэрэг” буюу “Улаан Од” сонин 1924 онд анхны дугааруудаа уншигчдын хүртээл болгож байсан түүхтэй. Харин “Эх орны манаа” сонин нь 1940 онд анхны дугаараа уншигчдын гарт хүргэсэн гэдэг ч үүнээс өмнө хүргэж байсныг архивд байх сонины хуудаснууд гэрчилнэ. Учир нь "Улаан од" сонины орлогч эрхлэгч, батальоны комиссар С.Равдан 1939 онд "Эх орны төлөө" фронтын сониныг бэлтгэх үүрэг аван ажиллаж байсан юм. Халхын голын байлдааны үед нуувчинд хэвлэгдэн фронтын тэргүүн шугамд байлдаж буй цэрэг дайчдын гарт хүрч байсан тус сонин нь цэрэг дайчдад өөрийн улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй дархан байдлынхаа төлөө амь биеэ үл хайрлан тэмцэхийг уриалан зоригжуулж байжээ.
 
 
 
1939 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр милитарист Япон үг дуугүй бууж өгөх тухай актад гарын үсэг зурснаар “Эх орны төлөө” сонин түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэн дахин хэвлэгдээгүй юм. Харин маршал Х.Чойбалсан 1940 онд тус сониныг Хязгаарын цэргийн хэвлэл болгох тухай аман үүргийг Улсын Бага хурлын Тэргүүлэгч нарт өгсөн байдаг. Энэ үеэс л Хязгаарын цэргийн буюу Хилийн цэргийн сонин хэмээх одоогийн өнгө төрх нь бүрэлдэж эхэлсэн түүхтэй.
 
 
 
“Эх орны төлөө” сониныг Хязгаарын цэргийн хэвлэл болгоход тухайн үед үүсээд байсан цэрэг, улс төрийн байдал ихээхэн нөлөөлсөн байдаг. Тухайлбал, дэлхийн ихэнх улс орнууд капиталист, социалист, милитарист, нацист системд хуваагдан цэрэг-улс төр, үзэл зөрчилдөөн, дэлхийн II дайн хэдийнээ эхэлсэн, Монгол Улсын зүүн болон өмнөд хязгаараар болж байсан зэвсэгт бүлэглэлийн өдөөн хатгалга нь улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд байнгын аюул занал учруулах болсонтой шууд холбоотой юм.
1945 онд “Эх орны төлөө” сонин нь “Эх орны манаа” хэмээх шинэ нэртэй болж эрхлэгчээр нь В.И.Лениний нэрэмжит Цэрэг-Улс төрийн академийг төгссөн О.Цэрэндорж 1951 оны 12 дугаар сар хүртэл буюу “Улаан Од” сонинтой нэгтгэх хүртэл ажиллажээ. 1950 онд 10 жилийнх нь ойгоор “Эх орны манаа” сониныг БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр Байлдааны гавьяаны одонгоор шагнасан бөгөөд ингэснээр одонтой цөөн сонины нэг болсон.
1951 онд “Улаан Од” сонинтой нэгтгэх болсон гол шалтгаан нь Хятадад хувьсгал ялж, хоёр социалист орны дунд байгаа мөн дэлхийн дайн дуусаж, энх тайван цаг ирсэн гэж үзэн Монгол Улс цэргээ тодорхой хэмжээнд хорогдуулахад Хязгаарын цэрэг татан буугдсантай холбоотой юм. Нэгэнт Хязгаарын буюу Хилийн цэрэг нь татан буугдсан тул сонин ч даган хэвлэгдэхээ больсон аж.
 
 
Цаг үеийн байдлаас үүдэн “Эх орны манаа” сонин нь хоёронтоо татан буугдаж Бүх цэргийн төв хэвлэл “Улаан Од”, “Тусгаар тогтнол” буюу одоогийн “Соёмбо” сонинтой нэгтгэгдэж байсан боловч нийгмийн шаардлагаар тухай бүрдээ уншигч нартаа эргэн ирж байсан юм.
1970 онд Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч гуай дархан хилийн, алтан Соёмбот баганыг анх үзсэн өдрөө
Сүлдэт баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас
Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь бий
Сая ардын итгэл багтсан Сүхийн их талбайгаас
Тэртээ хилийн багана хүртэл энхрий нутаг минь бий ... хэмээн тэрлэсэн тухай ярилцлагыг 10 гаруй жилийн өмнө “Эх орны манаа” сонины нэгэн дугаараас уншиж билээ. “Эх орны манаа” сонин нь хилчдийн ололт амжилт, дайчин замнал, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, төр, засаг, удирдлагын бодлого, шийдвэрийг сурталчлан таниулах хариуцлагатай үүргээ гүйцэтгэсээр байна. Энэ нь түүнийг эрхлэн гаргаж байсан үе үеийн эрхлэгч, сэтгүүлчид, идэвхтэн бичигч, уншигч хилчдийн хамтын бүтээл нь болж идэж дуусахгүй оюуны “талх” нь байсаар байна.
Мөн Хил хамгаалах байгууллагын алба, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хилчдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, тэднийг сурган дадлагажуулах, мэдээллээр хангах, мэдлэгийг арвижуулан бататгахад “Эх орны манаа” сонин томоохон үүрэг гүйцэтгэж байгааг онцлох нь зөв биз.
 
 
Олон улсад сонинуудыг хамрах хүрээ, хандах бүлгээр нь найман ангилалд авч үздэг. “Эх орны манаа” сонины хувьд анх “Ангиас гаргаж үл болно” гэсэн анхааруулгатай хэвлэгдэн гарч байсан ба 1990 оноос нийтэд хүртээмжтэй байдлаар хэвлэгдэх болсон байдаг. Ингэснээр нийтлэлийн агуулга, чанарт эрс өөрчлөлтүүд гарсан ба одоо ч гарсаар байна. Тухайлбал, “Уншигчид”, “Захидал задлахад”, “Сэтгэлд уяатай торгон хил минь”, “Дархан хилийн домогт сургамж”, “Үзэл бодол, байр суурь”, “Хамгаалалт бидний үүрэг”, “Сонор сэрэмж-хилчний зэвсэг”, “Надад хэлэх үг байна”, “Хилчин уран зохиол”, “Хэн яагаад хил зөрчив” зэрэг нүүр, буланг эрхлэн гаргаж Хил хамгаалах байгууллагын өнгө төрх, хилчдийн амьдрал ахуй, албаны ололт, амжилтаас гадна алдаа гажуудлыг нь засан залруулахад өөрсдийн тусгалыг оруулж тэдний санал бодлыг тусгаж байсан. Дээр хэлсэнчлэн олон улсад сонинуудыг хамрах хүрээ, хандах бүлгээр нь ангилдаг талаар хэлэхэд, “Эх орны манаа” сонины хувьд нийтлэлийн бодлого, хүртээмжийнхээ чанараар мэргэжлийн үндэсний хэмжээний сонин гэх ангилалд маргаангүй багтах хэвлэл болон төлөвшиж чадсан байна.
Хүний амьдралын 80 жил гэдэг богино хугацаа биш бөгөөд “Эх орны манаа” сонин 1972 онд 1000, 1986 онд 2000 дахь дугаараа гаргаж байсан бол 2021 онд 3000 дахь дугаараа хилчдэдээ хүргэхээр итгэл өөд тэмүүлэн ажиллаж байна.
 
 
Ахмад Э.ОЧХҮҮ