sonin.mn
Батлан хамгаалахын сайд асан, чөлөөнд буй дэслэгч генерал Лувсангомбын Моломжамц абугайг дагалдан түүний унасан газар, угаасан ус Булган аймгийн Хутаг-Өндөр, Баян-Агт сумдаар аялах завшаан тохиолоо. Айсуй жил буурал генералын ижийгээс хүй тасарч хүмүүний ертөнцөд мэндэлсний 85 насны ой тохионо. Энэ үйл явдлыг угтаж ах дүү нартайгаа учран золгох, хүүхэд насны гэгээн дурсамж хөглөх төрсөн нутгаараа явж дүрс бичлэг хийх, гэрэл зураг авахад аяллын зорилго оршиж байв.
Нийслэл хотоос ургах нараар үдүүлэн мордсон бид Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвөөс холгүй орших “Арвин” гэх өгөөмөр нэртэй амралтын газар аяны дөрөө мултлав. Оройтож морилсон зочдоо хүлээж хоол, цай бэлтгэн цурам хийлгүй хүлээж суусан С.Өсөхбаяр гэх зочломтгой эмэгтэйд талархах учиртай. Чамлахааргүй хол замыг туулан шөнө хугасалж ирсэн бид нойрон далайд умбаж орхижээ. Хаалга дуугарах чимээнээр сэрж өндийвөл Моломжамц генерал хэдийн босож өглөөний дасгал хийгээд орж ирж байлаа. Ахмад хүнээс илүү унтаж буйдаа дотроо гэмшин түргэхэн хувцаслав.
“Арвин” амралт өргөн Сэлэнгийн салаа хөвөө, өндөр эрэгт бууриа засжээ. Гол дагаж хөнгөн манан суунаглаж, хос хун тэртээд хөвөхийг ажихуй хаа нэгэнтээ харсан үзэсгэлэнт байгалийн уран зураг нүдэн дээр амилав уу гэлтэй сэтгэгдэл төрүүлэв. Нутагтаа ирсэн эхний өглөө буурал генерал эртлэн боссон нь бие хөнгөрч, сэтгэл хөдөлсний илрэл аж. Төрсөн нутаг гэдэг хэн бүхэнтэй хүйн холбоотой явдаг ариун шүтээн ажгуу.
 
Өглөөний цайгаа уучихаад сумын төв рүү хөдөлж Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Бүрэн дунд сургуулийг зорилоо. Маргааш нь буюу 9 дүгээр сарын 26-ны өдөр болох хичээлийн байрны шинэ өргөтгөлийн нээлтэд бэлтгэн багш, сурагчид ажил ихтэй байх үеэр таарчээ. Сургуулийн захирал Д.Ган-Эрдэнэ биднийг найрсаг хүлээн авч өрөөндөө урив. Ууган төгсөгчөө гэнэтхэн ороод ирсэнд сэтгэл догдлон буй нь илт байлаа. Моломжамц генерал Намнан уулын хошууны бага сургуульд эрдэм ном сурч, ээжийнхээ оёж өгсөн даавуун цүнхээ үүрэн мориор сургуульд явдаг байснаа дурсан ярилаа.
Д.Ган-Эрдэнэ захирал “Манай сургууль 1925 онд Намнан уулын хошууны Намнангийн хүрээний буурин дээр хоёр гэр, 20 хүүхэдтэй үүсэн байгуулагдсан. Анхны захирал Муузай Ламзав гэж хүн байсан. Намнан сум татан буугдаж, Хутаг-Өндөр сум байгуулагдахад багш нар нь үхэр тэргэн дээр гэр, ширээ, самбараа ачиж ирснээр Хутаг-Өндөр сумын сургууль үүссэн түүхтэй” гэж өгүүлэв. Сургууль өсөн дэвжсээр өдгөө Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль болж өргөжжээ. Уньт, Хантай гэсэн харьяа хоёр бага сургуультай. Цогцолбор хэлбэрээр нийтдээ 1000 гаруй сурагчтай томоохон сургууль болсон байна.
Сургуулийн өмнөх талбайд Хатанбаатар Сандагдоржийн Магсаржавын цээж хөшөө сүндэрлэх ажээ. Мэндэлснийх нь 120 жилийн ойгоор 1998 онд БХЯ-наас 5 сая төгрөгөөр ивээн тэтгэж уг хөшөөг босгосон тухай Д.Ган-Эрдэнэ захирал бидэнд сонирхуулсан. Дашрамд дурдахад, тус сургуулийн сурагчид монгол бичгээр аймагтаа эхний гуравт өрсөлддөг уламжлалтай гэнэ. Цэдэнжав гуайн 1940 онд туурвисан “Хатанбаатар Магсаржавын товч түүх”, Хорлоогийн Чойбалсангийн 1942 онд бичсэн “Магсаржавын товч түүхийн тухай” номууд, “Монголын нууц товчоо” бүтээлээс хуулбарлан модон дээр бийрээр хичээнгүй бичиж ханандаа байрлуулсан харагдана. Энэ бүхэн сурагчдын гараар бичигдсэнээрээ онцлог. Нэг бүтээлд 12 сурагчийн гарын ур орсон гэхэд ялгагдахааргүй жигд болжээ.
Хүүхдүүд шуугисан эрдмийн өргөөнд зочилж, сурагч ахуй насаар хангалттай аялсан бид “Арвин” амралт руугаа буцлаа. Тэр үдэш зочдын хөл тасарсангүй. Нутгийн генерал ирсэн сураг тэр дороо тархжээ. Зүгээр суухаас гээд “таван гар” үзэж суутал хаалга сэвхийтэл онгойж Хутаг-Өндөр сумын Төрийн сангийн даамал Пүрэвхүүгийн Даваажамц, гэргий Түмэн-Аюушийн Оюунтуяатайгаа орж ирэв. Генералтай хамаатан садны холбоотой улс аж. Тэд Сэлэнгэ мөрний ариун усаар ундаалж ургуулсан ургацын дээжээр биднийг дайллаа. Нүүр хагарах зуурт бидний яриа ч нийлээд явчихав. Даваажамцын аавынх нь отгон дүү Дэндэвийн Базарсад гэж ЦИС-ийн Артиллерийн тэнхимийн багш, хурандаа агсныг таних юм. Оюунтуяагийн ах бэлтгэл дэд хурандаа Түмэн-Аюушийн Содном ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан гээд “буу халаад” явчихав. Биднийг ид ярьж суутал сургуулийн захирал Д.Ган-Эрдэнэ давхиад буулаа. Амралтын газрын босс П.Түмэн, С.Өсөхбаяр нар нэмэгдэж дурсамж дэлгэсэн хөөрөлдөөн жинхэнэ утгаараа өрнөв.
 
Маргааш нь Хутаг-Өндөр сумын 240 хүүхдийн хичээлийн байрны өргөтгөлийн нээлтийн ёслол болов. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулуун, Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, Хутаг-Өндөр сумын Засаг дарга П.Итгэлбаяр, Боловсрол, соёл урлагийн газрын дарга Э.Түвшинмөнх болон албаны бусад хүмүүс, өргөтгөлийн барилгыг барьсан “Алтайн Бумбат өргөө” компанийн захирал Ц.Хадбаатар, Заах аргын сургалтад ирээд байсан Баян-Агт, Сайхан сумын багш нар, сурагчид оролцов. Энэ арга хэмжээний “чимэг” болсон зочин бол мэдээж, тус сургуулийн 1947 оны сурагч, дэслэгч генерал Лувсангомбын Моломжамц байлаа.
Буурал генерал энд хэлсэн үгэндээ “Монгол хүн болж төрсөн азтай, тэр дундаа Булган заяатай, Хутаг-Өндөр, Намнангийн сургуулиас эрдмийн аянд дөрөөлсөн хүмүүсийн нэг ээ, би. Ардаар овоглосон Ардчилсан засаг хүнийг ямар болгож хүмүүжүүлдгийг өөрийнхөө амьдралаар харуулж явна. 13 настайдаа 9 дүгээр сарын 26-ны энэ өдөр монгол дээл, гутлаа тайлаад Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерын сургуулийн сурагчийн дүрэмт хувцас өмсөж байсан. Энэ өдрөөс хойш 72 жилийн хугацаа өнгөрчээ. Хатанбаатарын нэрэмжит төрөлх сургуулиа, 13 настай анх орсон Офицерын сургуулийг маань өвлөж яваа ҮБХИС-ийн "Тэмүүжин Өрлөг" сургуультай шефийн холбоо тогтоож өгье. Сургууль дээрээ өөрийн буланг байгуулъя, багш, сурагчдын солилцоог дэмжиж ажиллана” гэж ярихад олон түмэн талархан хүлээж авав.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Аливаа улс үндэстний хөгжил боловсрол, соёл дээр тулгуурладаг. Төр, засгаас орон нутгийн хөгжлийг ахиулах, түүний гол үндэс болсон боловсролыг сайжруулах, тэр тусмаа хүүхэд багачуудынхаа сурч боловсрох нөхцөл бололцоог хангах том бодлогыг авч яваа. Удахгүй 100 жилийн ойгоо тэмдэглэх Хутаг-Өндөр сумын дунд сургуульд шинэ өргөтгөл ашиглалтад орлоо. Энэхүү ёслолд аавтай маань хамт 4 дүгээр анги төгссөн Моломжамц генерал ирж оролцсонд баяртай байна” гэж хэллээ.
Хичээлийн байрны шинэ өргөтгөл ашиглалтад орсноор өглөөнөөс үдшийн бүрий болтол гурван ээлжээр хичээллэж ирсэн үе түүх болон үлдэж хоёр ээлжээр хичээллэдэг болжээ. Баярын уур амьсгалыг “Монгол туургатан” хамтлагийн авьяаслаг сурагчдын тоглолт чимж, сумын Соёлын төвийн хөгжмийн багш Н.Мөнхзаяагийн бөмбөрийн цохилт намрын хонгор салхитай хоршин өвөрмөц хэмнэл, айзам төрүүлж байх шиг санагдсан.
Эл өдрийн морин цаг дор Хутаг-Өндөр суманд бас нэгэн үйл явдал тохиов. Сумын төв рүү дөтлөх Гуртын хөтөл дээр Соёмбот хөшөө сүндэрлэн босжээ. Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, өнөөгийн сайн сайхан амьдралын төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан Ардын Хатанбаатар С.Магсаржавт зориулж хүндэтгэлийн цогцолбор байгуулж буй аж. Энд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Соёлын сайд, доктор, академич С.Чулуун, Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатар, Батлан хамгаалахын сайд асан, чөлөөнд буй дэслэгч генерал Л.Моломжамц, БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа, ХХЕГ-ын дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан, Булган аймгийн төр, захиргааны байгууллагын удирдлага, Хутаг-Өндөр сумын иргэдийн төлөөлөл хүрэлцэн иржээ. Хүндэтгэлийн цогцолборыг санаачлагч Улаанбаатар хот дахь Хутаг-Өндөр сумын нутгийн зөвлөлийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр ёслолыг нээж хэлсэн үгэндээ “Энэ хөшөө бол нэгээхэн хэсэг нь. Талбайн 80-аад хувь нь цэцэрлэгт хүрээлэн болно. Хатанбаатарын музей байгуулагдана. Энэ хүний тухай бичигдсэн номын дэлгүүр, кофе шоп, 50 машины зогсоол бий болно. Энэ бүхэн нутгийн зон олон Та бүхний хичээл зүтгэлээр цогцлон босно гэдэгт итгэлтэй байна” гэв.
“С.Хатанбаатар бол Монгол туурганы төлөө зүтгэж явсан хүн. Тагна Тувагаас Өвөрлөгч Монголын тэр олон хошуудын тусгаар тогтнол, ард иргэдийн эрх чөлөөний төлөө гэсэн сэтгэлийг өвөрлөж сэлэм эргүүлж явсан гарамгай зүтгэлтэн юм” хэмээн С.Чулуун сайд түүхч хүний хувьд ончтой сайхан өгүүлэв. Хошууч генерал Ж.Гүррагчаа “1981 онд болсон Монгол, Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгээр 10 хүний дүр бүхий медалионыг сансарт авч явсан. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ардын Хатанбаатар С.Магсаржав, Ю.Цэдэнбал гэсэн 4 монгол хүний дүр тэр дотор орсон. Тэр утгаар нь би Хатанбаатарыгаа Монгол Улсынхаа иргэний хамт сансарт ниссэн гэж хэлэх үндэстэй” гэж тодотголоо.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатар уншиж сонордуулав. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр энд хэлсэн үгэндээ “Ардын Хатанбаатар С.Магсаржав 1911-1922 онд Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөөх зэвсэгт тэмцлийг манлайлан удирдаж, 30 гаруй удаагийн дайн, байлдаанд ямагт ялалт байгуулж, 1921-1927 онд Цэргийн явдлын яамны дэд сайд, сайд, Бүх цэргийн жанжнаар ажиллаж Ардын журамт цэргийг орчин үеийн байнгын цэрэг болгон хөгжүүлэх үйл хэргийг удирдсан цэргийн нэрт зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин байсан” гэж тэмдэглэв.
Булган аймгийн Засаг дарга З.Батзориг “Манай аймгийн уугуул Ж.Лхагвасүрэн, Ж.Гүррагчаа, Л.Моломжамц нар Хатанбаатар С.Магсаржавын тэргүүлж агсан Цэргийн явдлын яам, өдгөөгийн Батлан хамгаалах яамны сайдын бүтээлч үйл хэргийг үргэлжлүүлж явсан. Монгол Улсын 50 баатар байдгийн хамгийн олон нь буюу 7 нь Булган нутгийнх. Ирэх он жилүүдэд анхдагч алдартнуудынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх, монгол цэргийн түүхэн уламжлалыг хадгалж явахад аймаг, орон нутаг анхаарч ажиллах болно” гэж хэллээ.
 
“Хатанбаатар” судлаач, түүхийн ухааны доктор, бэлтгэл хурандаа Г.Мягмарсамбуу индэрт уригдав. Тэрээр “Хатанбаатарынхаа араас эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэн тулалдсан Булганы бүх баатарлаг эрчүүдийн дурсгалд зориулсан цогцолбор гэж ойлгож байна. 1921 онд Ардын журамт цэрэгт элсэж, 1931 онд “Ардын журамт цэргийн партизан” гэсэн үнэмлэхийг албан ёсоор авч Журамт цэргийн удаа дараагийн дурдатгалд нэр ус нь бичигдэн мөнхөрсөн хүмүүс юм” гэв.
Нээлтийн туузыг хайчилж, дурсгалын цэцэг өргөснөөр энэхүү арга хэмжээ өндөрлөв. Булган нутгийн зоригт хүү Ардын Хатанбаатар С.Магсаржавын суу алдрыг журмын нөхөдтэй нь мөнхөлсөн гэрэлт хөшөө ийнхүү хан тэнгэрт цоройж, хангай дэлхийг эрхшээн сүндэрлэн оршвой.
Өглөө эртлэн хөдөлж Хутаг-Өндөр сумын төвийн баруун толгойг ороон давхисаар Сэлэнгэ мөрний эрэгт тулж очив. Энд гатлага онгоц буюу нутгийнхны “перевоз” гэж нэрлэх усан тээвэр үйлчилж байна. Биднийг очиход "Портер" машинд гэрээ ачсан хүмүүс малаа гол гаргаж байлаа. 50 орчим метрийн өргөн, 4 метр гаруй гүнтэй, эрчлэн урсах мөрөнд “Перевоз”-оо сурмагхан ажиллуулж буй элбэгхэн дээлтэй хөрслөг бор залууг М.Мөнхнасан гэнэ. Сум, багийн удирдлагаас зөвшөөрөлтэй, олсон орлогоор цалинждаг гэж ярилаа. Том машиныг 15000, жижиг тэргийг 10000, гэрийг 20000, мотоциклийг 2000, явган хүнийг 1000 төгрөгөөр гол гаргадаг ажээ. Жуулчин аялагчид, амрагч, загасчид гээд өдөрт хөл тасардаггүй гэнэ.
Инженерийн цэргийн холбооны Хүндэт ерөнхийлөгч Моломжамц генерал түүнд мэргэжлийн зөвлөгөө өгч, Зэвсэгт хүчинд гүүр ус гатлалтын мэргэжлийн анги байдаг юм. Шаардлага гарвал туслалцаа авч болно шүү гэж хэлсэн. Хариу барьсан уу, эсвэл хүндлэл байв уу. Генералын машинд хөнгөлөлт үзүүлж, гол гаргасан.
Сэлэнгэ мөрний нөгөө эрэгт мотоциклтой залуу ирчихсэн хүлээж зогссон нь бидэнд газарчлах үүрэг хүлээсэн Ч.Мөнхтөр байжээ. Тэрээр нутаг орондоо нэртэй хоньчин, Хөдөлмөрийн баатар Д.Бямбаагийн эхнэрийн дүүгийн хүү ажээ. Бямбаа баатар, Моломжамц генералын ах Б.Ламжав хоёр нэг айлын баз хүргэд гэдгийг тодотгох учиртай. Хөтөч залуу давхиж гарлаа. Бид ч хоцрохгүйг хичээн манаргав.
Мотоцикл дагасан бартаат замын аялал өндөрлөж Сэлэнгэ мөрний хөвөө Тэрэм гэдэг газар намаржиж буй Ганчулууны Ганбаярынд хүрлээ. Тэднийх Хутаг-Өндөр сумын Тээл багийн малчид. Гэргий Э.Золбоотой гэр бүл болж 10-аад жил мал маллаж байгаа. Дээр өгүүлсэн Д.Бямбаа баатрын үр сад ажээ. Бидэнд газарчилсан “шумахер” Мөнхтөрийнх тэднийхтэй саахалт харагдсан.
“Өртөө алба”-ыг Ганбаяр залгуулж “Пад пад” трактораар биднийг Хануй гол гаргах үүрэг хүлээсэн болохоор бид цааш хөдлөв. “Пад пад”-ын хойноос мөр дагасаар түргэн урсгалт, тунгалаг уст Хануй голын гарам дээр ирлээ. Машинаа унтрааж “Пад пад”-д чирэгдэн чулуу ихтэй голоор саадгүй гарав. Голын нөгөө эрэгт хар тэрэгтэй хүмүүс ирчихсэн биднийг тосож авлаа. Тэдний дунд Моломжамц генералын төрсөн ах Бадрахын Ламжав гуай буюу "Агаа" нь алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүгээ барин зогсоо сэтгэл уярам дүр зураг тодров. Нутаг орондоо ирэх бүр "Агаа" нь үр хүүхдүүдээ дагуулж ийнхүү гүн хүндэтгэл үзүүлж угтдаг уламжлал тогтжээ. "Агаа"-г дагаж түүний хүү Отгонбат, Шалши, охин Түвшинжаргал, хүргэн Б.Ганзориг нар хүрэлцэн иржээ.
 
 
Угтах ёслолын дараа "Агаа"-гийнхан биднийг Хануй гол Сэлэнгэ мөрөнтэй нийлэх голын уулзвар үзэхийг урилаа. Энэ хүртэл явчихаад ховор олдох боломжийг алдаж яахан болох билээ. Уг гармаас Хануй уруудаж 3 километр шахам явж хоёр голын уулзвар хүрлээ. Өргөн Сэлэнгэ мөрөнд уулын түргэн урсгалт тунгалаг Хануй дагаар орох мэт нийлэн одох авай. Энэ газар ах дүү хоёр мөр зэрэгцэн зогсож байгаад анхны ярилцлагаа өгөв, бид ч хожим дурсах зургаа татуулав.
“Төрийн ёслол"-ын хар өнгөтэй тэрэг газарчилсаар бид Сэлэнгэ мөрөнг өгсөн давхилаа. Замдаа нэгэн элстэй толгой дээр түр зогсож хоймор нутгийн үлэмж төгөлдөр зургийг хальсанд буулгав. Моломжамц генералын эрдэм номонд шамдаж суусан Намнан сумын төв буюу эрт цагийн алдар түүхтэй Намнан уулын хошууны туурь тэртээ хойно цайвалзан харагдана. Хувьсгалын өмнө олон ламтай томоохон хийд байсан. Хэлмэгдүүлэлтийн үеэр 9 машинаар лам нарыг ачиж явсан гашуун түүхтэйг "Агаа" бидэнд ярьж явав.
Эндээс мөн л Сэлэнгээ өгсөж давхисаар Дулаан нуга гэх газар орших “Хөх эрэг”-ийн бууцанд очлоо. Бид Булган аймгийн Баян-Агт сумын нутагт хөл тавьсан гэдгийг хэлэх учиртай. Сэлэнгэ мөрний урд салааг хөвөөлөн орших энэхүү өндөр эрэгт Моломжамц генералын эцгийн гэрийн буурь оршдог ажээ. Нутгаа зорих бүрдээ тэрээр энэхүү ариун газарт мөрөө тамгалах дуртай. "Агаа" болон дүү нар нь тусгай гэр барьж, цагаан эсгий дэвсэж хүлээж авдаг, хүндэлж цайлдаг болсноор цөөнгүй жилийг үджээ. Хануй гол дээр биднийг угтаж авсан хүмүүсээс гадна "Агаа"-гийн том хүү Л.Ядамжав, Л.Очирхүү, Л.Баярсайхан, бэр Б.Нарантуяа, Н.Ууганжаргал нар хоол, цайгаа бэлтгэн хүлээж авав.
 
"Агаа"-гийн хань нь Банзрагчийн Больсүрэн гэж даруухан, ажилсаг эмэгтэй байжээ. Тэд таван хүү, таван охин төрүүлж өсгөсөн нь өнөөдөр ач, зээ 20 хүү, 20 охин болсон байна. Аав, ээжийн хөдөлмөрч чанар, арваараа амьдралыг мэдэрдэг ухаан билэг хүүхдүүдэд нь өвлөгдөж, дор бүрнээ ихийг хийж, бүтээж явна.
Б.Ламжав гуай гарын ур дүйтэй бурхан ухаантай хүн юм. Хануйн гол дээр Болгарын мэргэжилтнүүдтэй хамт гүүр бариад “Дипломгүй инженер байна” гэж үнэлэгдэж зураг хөрөг нь сонин хэвлэлд нийтлэгдэж байжээ. Сумандаа тоосгоны үйлдвэр санаачлан байгуулж ажиллуулсан. Насаараа сумын туслах үйлдвэрт ажиллаж, Баян-Агт сумынхаа цөөнгүй барилга байшинг барьж босголцжээ. Бас мэргэн буудагч, анчин гэдгээр нь олон хүн түүнийг бахдал болгон ярьдаг. Социализмын үед сумын ангийн төлөвлөгөө тасрах аюулаас авардаг ганц анчин нь байжээ. Арван хүүхдээ мөр бүтэн, гэдэс цатгалан өсгөж, бүгдэд нь байшин, гэр барьж өгч амьдралын босго алхуулсан ачийг нь ч бас дурдахгүй өнгөрч боломгүй.
Сэлэнгэ мөрний хөвөөнд өглөө эртлэн босоцгоолоо. Тэрүүхэн дор мөрөн, гол шуугин урсаж, тохойд нь хос хун, ангир шувууд чуулж, алсад хан Намнан уул сүмбэрлэн цэнхэртэж, Дулаан нугад хот айл, мал сүрэг налайж, Монголын их амар амгалан жинхэнэ утгаараа оршин байна. Цай уугаад бид өмнийг зорин мордлоо. Тэгш Жаргалант уулын баруун үзүүр Хөндлөн Дэвсэг гэх газар хүрэв. Энэ бор толгой Моломжамц генералын очихоор зорьсон газруудын нэг ээ. Бурхан аавыг нь энэ газарт оршоосон учир сэтгэлийнх нь үзүүрт мөнхөд оршдог аж. Москва хотноо цэргийн академид сурч байхад аавынх нь бие муу байна гэсэн цахилгаан иржээ. Сайхан сэтгэлт хүмүүсийн тус дэмээр зүтгэсээр байж ирэхэд аав нь гурав хоногийн өмнө мөнх бусыг үзүүлж энэ толгой дээр хөдөөлүүлсэн байв. Ээж, дүү нартаа хань болж, өвөлжөөнд нь буулган ухаан санаа дэн дунхан арваад хоноод буцсан гэдэг.
Бид хүлгийн жолоог Баян-Агт сумын зүг залав. Замын хажуугаар булш хиргисүүр нэлээд тааралдаж байгаа нь Булган нутаг эртний хүмүүсийн өлгий нутаг байсан гэж үздэг археологичдын дүгнэлтийг баталж байлаа. Сумын төвийн баруун хойно Их Агт уулын өвөрт орших оршуулгын газарт очив. Энд Моломжамц генералын өргөж авсан ээжийг нутаглуулжээ.
 
Моломжамц генералыг академийн төгсөх курсэд байхад ээж нь нас баржээ. Бие нь тааруухан байгаа тухай цахилгаан авч хэдэн хоног ирж сахив. “Ээж нь одоо дажгүй, явж дипломоо бичихээ бод” гэсэн тул арга буюу буцсан гэнэ. Москва хотод очоод 7 хонож байтал үнсээд угтах ээжгүй болсон харуусалт мэдээ хүлээн авчээ. Ингэж хорвоод хамгийн үнэтэй хоёр эрдэнээ алдан байж Цэргийн инженерийн академийг дүүргэсэн хүн дээ гэж буурал генерал хоолой зангируулан өгүүлэв ...
Нутгаа зорьсон аялал буурал генералд маань шинэ эрч хүч, урам зориг, сэтгэлийн тэнхээ өгсөн нь дамжиггүй. Дагалдан явсан бидэнд газар үзэж, хүнтэй танилцсан мартагдашгүй аялал боллоо. Энэхүү аяллыг дэмжиж тусалсан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Булган аймгийн төр, захиргааны байгууллагууд, Хутаг-Өндөр, Баян-Агт сумын удирдлага, ард иргэд, генералын төрсөн ах Бадрахын Ламжавын хүүхдүүд, ач, зээ нар, танил дотнын бүх хүмүүст гүн талархал илэрхийлэх учиртай.
 
Л.Моломжамц генералдаа урт нас, удаан жаргалыг хүсэн ерөөе!
 
Бэлтгэл хурандаа Г.НЯМДОРЖ