sonin.mn
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Энэ жил Хуурай замын цэргийн командлалаас ахлагч нар руу чиглэсэн ямар ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байна вэ? Ялангуяа сургалт, бэлтгэлийн чиглэлээр ...
 
-Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн хэмжээнд ахлагч нарын асуудлаар 2020 онд олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан зарим ажил, арга хэмжээг цахим хэлбэрээр зохион байгууллаа. Тухайлбал, өнгөрсөн 4 дүгээр сард Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн удирдлага, нэгтгэл, ангийн ахлагч болон даргалах бүрэлдэхүүний зарим ахлагч нартай цахим хурал хийж, ахлагч нарын сахилга, хариуцлага, ёс зүй, мэргэжил, ур чадвар, үүрэг гүйцэтгэлт, нийгмийн асуудлууд гэсэн өргөн хүрээнд ярилцсан. Хурлын төгсгөлд Хуурай замын цэргийн штабын даргын албан даалгавар, Хуурай замын цэргийн ахлагчийн зөвлөмжийг нэгтгэл, ангиудад хүргүүлсэн бөгөөд сар бүр тайлан авч нэгтгэн дүн шинжилгээ хийж байна. Мөн Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын даргалах бүрэлдэхүүний ахлагч нарыг чадваржуулахад анхаарч байгаа. Энэ ондоо багтаагаад даргалах бүрэлдэхүүний ахлагч нарын албан тушаалын болон бие бялдрын шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа байдал, ажлын гүйцэтгэлд нь үнэлгээ өгнө.
Түүнчлэн энэ сарын 14-15-ны өдрүүдэд Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн ахлагч, ажиллагааны ахлагч нарын цугларалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ цугларалтаар олон сэдвийн хүрээнд сургалтыг явуулж, сургалтын төгсгөлд хүн нэг бүрээр дүгнэх юм. Үргэлжлээд Зэвсэгт хүчний даргалах албан тушаалын ахлагч нарын цугларалт явагдана.
 
-Гүйцэтгэх албан тушаалын ахлагч нарын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх талаас нь нэлээд анхаарч байгаа гэсэн. Энэ тухайд?
 
-Хуурай замын цэрэг гэлтгүй Зэвсэгт хүчний хэмжээнд гүйцэтгэх албан тушаалын ахлагч нарын үүрэг, оролцоог нэмэгдүүлж, тэдний ур чадварыг дээшлүүлэх, тэр хэмжээгээр албан тушаалын зэрэглэлийн цол, цалин, шатлалыг ахиулахад нь анхаарч байна. Ялангуяа цэргийн мэргэжлийн зэрэгтэй ахлагчийн тоог нэмэгдүүлэх, сургалт, дадлагуудыг тогтмол зохион байгуулах зэргээр тэдний ажилдаа ахиж дэвших боломжийг дээшлүүлэхэд чиглэсэн ажлуудыг түлхүү зохион байгуулж байна. Нөгөө талаас манай нэгтгэл, ангиудын удирдлагууд гүйцэтгэх албан тушаалын ахлагч нарын ажилдаа тогтвор суурьшилтай ажиллах, өсөж дэвших, ур чадвараа нэмэгдүүлэх боломжийг нь олгож байх ёстой юм.
Дараагийн дугаарт командлалын Хүний нөөцийн хэлтэс, Цэргийн сургалт, соёл хүмүүжлийн хэлтэстэй хамтраад судалгаа гаргаж байна. Энэ нь тэтгэвэр, чөлөөндөө гарах хугацаа нь ойртсон ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдад энгийн хос мэргэжил эзэмшүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
 
 
 
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудад нэн шаардлагатай тогооч, хүнд машин механизмын оператор, гагнуурчин, зам гүүрийн мэргэжилтэн зэрэг мэргэжлүүдээр цэргийн гэрээт болон хугацаат алба хаагчийг сургаж, төгсгөсөн өмнөх туршлага бидэнд бий. Өдгөө эдгээр залуус бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцоод явж байна.
 
 
 
Бие хүний төлөвшилтөд чиглэсэн сургалт, уулзалтуудыг ч мөн зохион байгуулж байгаа гэсэн ...
 
-Бие бүрэлдэхүүний гол цөм болсон ахлагч нарын хувь хүний хүмүүжил, төлөвшил, ёс зүйд анхаарч байна. Тухайлбал, Хуурай замын цэргийн командлал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтын ажиллагаагаа эхлүүлээд явж байна. Гол зорилго нь зөвхөн ахлагч нараар хязгаарлахгүйгээр тухайн нэгтгэл, ангид алба хааж байгаа бүх хүнд чиглэсэн өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна. Нэгдүгээрт, гэр бүлийн үнэ цэн, итгэлцэл, гэр бүлийн эерэг харилцаа, хоёрдугаарт, алба хаагчдын хөгжил, гуравдугаарт, хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг анхаарч хамтран ажиллана.
 
-Нэгтгэл, ангиуд “Ахлагчийн өдөр”-тэй болсон. Энэ тухай тодруулахгүй юу?
 
-Нэгтгэл, ангиудад “Ахлагчийн өдөр”-ийг сард хоёр удаа зохион байгуулж байна. Энэ өдрөөр иргэний нийгэм, төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллагуудтай хамтран хууль, дүрмийг сурталчлах, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, ёс зүй, сахилга, хариуцлага, манлайллыг дээшлүүлэх чиглэлээр яриа, таниулга хийж байгаа юм.
Мөн энэ өдрөөр ахлагч нарын идэвх, манлайлалд суурилсан олон ажлууд зохион байгуулагдаж хэвшээд байна. Үүний тод жишээ бол Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн ахлагч нар санаачлан нэгтгэлийнхээ байрлалд Ерөнхий цэргийн саадын зурвасыг шинээр хийж төхөөрөмжилсөн. Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн ахлагч нар англи хэл, компьютерийн танхимыг байгуулж сургалтад ашиглаж эхлээд байна. Энэ мэтчилэн олон ажлыг нэрлэж болно. Цаашид ахлагчийн албанд чиглэсэн олон бүтээлч ажлыг хэрэгжүүлэх ба ахлагч нарт зориулсан сургалтын гарын авлага, цахим хичээлүүдийг бэлтгэн ирэх сургуулийн жилд ашиглахаар ажиллаж байна.
 
 
Ахлах дэслэгч Д.БОЛОРМАА
Эх сурвалж: "Соёмбо" сонин