sonin.mn
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр Зэвсэгт хүчний 167 дугаар ангид ажиллалаа. Тус ангийнхан үндсэн үүрэг гүйцэтгэлтээс гадна бүтээн байгуулалт өрнүүлээд тун завгүй. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хэд хэдэн объектууддаа бүрэн хэмжээний засвар, шинэчлэл хийж, ЗХЖШ-ын “Штабын бэлтгэл”-ийн үзлэг, шалгалтад бэлдэж байв. Энэ үеэр тус ангийн захирагч, хурандаа Ж.Өсөхбаяртай ярилцлаа.
 
Танай ангид хийгдэж буй засвар, тохижилтын ажлуудын талаар тодруулахгүй юу?
 
-Өөрсдийн нөөц бололцоогоор том, том объектуудаа засаж шинэчлэх боломж үндсэндээ байхгүй. Гэхдээ боломжгүй гээд гараа хумхиад суухыг хүссэнгүй. Орон нутгийн удирдлагуудтай энэ чиглэлээр нягт хамтран ажиллаж, туслалцаа авч байна. Тухайлбал, ангийн штаб, цэргийн байрандаа орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүрэн хэмжээний их засвар орууллаа. Ёстой нөгөө ханыг нь дахин өрөхөөс л бусдыг нь шинэчилж байгаа. Сангийн шугам, цахилгааны монтаж, таазыг нь бүрэн сольж, дээврийг дулаалж цутган, гадна дулаалгыг ч хийлээ. Дотоод заслаа өрөөний систем руу оруулж засаж байна. Бид 2020 оны хоёрдугаар ээлжээр татагдах хугацаат цэргүүдээ цоо шинэ орчинд хүлээж авна. Штабын байр, эмнэлгийн байраа ч бүрэн шинэчилж байна. Ангийн эмнэлэгт тусгай зөвшөөрөл байхгүй. Цаашдаа бие бүрэлдэхүүнийхээ эрүүл мэндийг бодсон ч тэрхүү тусгай зөвшөөрлийг авах шаардлага байгаа тул үүнд чиглүүлэн засварлаж байна. Аймгийн Бүсийн оношилгооны төв болон Мэргэжлийн хяналтын газрынхныг урьж, заавар, зөвлөмж ч авсан. Урсгалын зөв дараалалд оруулан эрүүл ахуйн стандартад нийцүүлж, хэвтэн эмчлүүлэгчдийнхээ өрөө, тасалгаа, орны тоог нэмэгдүүлж байгаа. Хэрэв тусгай зөвшөөрлөө авчихвал  байнгын бие бүрэлдэхүүндээ эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх ч боломжтой болно. Үүнээс гадна дотоод нөөц бололцоогоо ашиглан цэргийн гал тогоог шинэчилж, боловсруулах цехээр нь тусгаарлалаа. Энэ нь мах, ногоо, гурилаа тус, тусдаа өрөөнд боловсруулах боломжтой болсон гэсэн үг. Үүнд манай ахлах тогооч болон хүнсний албаныхан  их үүрэг оролцоотой байсныг дурдах нь зүйтэй. Ер нь манай хамт олон нэгнээ дэмжсэн, нягтарсан, баг болж ажиллах чадвартай залуусаар дүүрэн. Нэг нь бүтээлч ажил, арга хэмжээ санаачлахад бусад нь дэмжээд л аваад явчихдаг. Тэд маань дотооддоо уралдаан зарлаж, ангийн зам талбай, гэрэлтүүлгээ шинэчилж засварласан байгаа. Мэдээж бүтээн байгуулалтын бүх ажлаа өөрсдийн хүчээр хийж байна.
 
 
Чөлөөт цагийн төв болон номын сангаа ч шинэчилж байгаа юм байна ...
 
-Тийм ээ, бие бүрэлдэхүүнийхээ чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэн спортоор хичээллэж, номтой ойрхон байгаасай гэсэндээ энэ хоёр төвөө засварлаж байна. Мөн төрөл мэргэжлийнхэн, албад, салбарууд, зөвлөлүүд нэг нэг ажил хариуцаж аваад, гүйцэтгэл сайтай биелүүлж байна. Манай ар талын албад гэхэд ар талын дүрэм, журам, зааврынхаа дагуу агуулахуудаа цэгцэлж байх жишээтэй. Бид эхний ээлжид хүнсний нөөцийн агуулахаа цэгцэллээ. Үргэлжлүүлээд бусад агуулахаа тодорхой хэмжээнд засварлана. Одоо манай ангийнхны хүлээж байгаа хамгийн том ажил бол ЗХЖШ-аас зохион байгуулж байгаа “Штабын бэлтгэл”-ийн үзлэг, шалгалт юм. Өвөлжилтийн бэлтгэл ажил болон дээрх үзлэг, шалгалтын хүрээнд эдгээр бүтээн байгуулалтын ажлыг өрнүүллээ.
Аймгийн удирдлагууд “Зэвсэгт хүчний 167 дугаар ангигүйгээр манай аймагт ямар ч томоохон ажил, арга хэмжээ явагддаггүй. 
 
Цэргийнхэн орон нутагтаа үлгэрлэгч байдаг” гэж онцолж байсан. Орон нутагтаа иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх хүрээнд ямар ажил өрнүүлж байна вэ?
 
-Дэлхий дахинд тархсан цар тахлын нөхцөл байдлын улмаас олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахад хүндрэлтэй байна. Бид “Монгол цэргийн өдөр”-өөр төв талбайдаа “Нээлттэй хаалганы өдөр” өдөрлөг явуулж, цэргийн ёслолын жагсаалаар алхдаг. “Энхийг сахиулагчийн өдөр”-өөр ч гэсэн энхийг сахиулагч офицер, ахлагч нар маань ерөнхий боловсролын сургуулиудад ярилцлага, уулзалт хийдэг.  Энэ жил харин олныг хамарсан уулзалтаас илүү хувь хүн рүү ажил, арга хэмжээг илүүтэй зохион байгуулж явууллаа. Жишээлбэл, нийгмийн хариуцлагын хүрээнд амьжиргааны түвшин доогуур, олон нялх хүүхэдтэй, өрх толгойлсон хоёр айлыг сонгож аваад хашааг нь засварлаж, түлээ түлш, хэрэгцээтэй хүнсний бүтээгдэхүүнээр тусалсан. Хэдийгээр цоо шинэ өргөө цагаан гэр, шинэ хашаа бариад өгч чадахгүй ч гэсэн өөрсдийнхөө боломж бололцоонд тохируулан засварлаж, шинэчиллээ. Түүнчлэн орон нутаг дахь мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. Жолооны курсүүдтэй хамтран офицер, ахлагч, ажилтан албан хаагч, тэр бүү хэл цэргийн гэрээт алба хаагч болон хугацаат цэргүүдээ жолооч болголоо. Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвтэй хамтран барилга-инженерийн хэрэгцээтэй мэргэжлүүдээр мөн сургалаа. Насан туршийн боловсролын төвтэй хамтран офицер, ахлагч нартаа энгийн мэргэжил эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Хэзээ нэгэн цагт тэтгэвэрт гарч, энгийн байгууллагад ажиллах шаардлага гарах үед ямар ч ажлыг түүртэлгүй хийчихдэг байх ёстой шүү дээ. Амьдралд нь хэрэгцээтэй мэргэжлүүд учраас манай бүрэлдэхүүн ч дуртайяа хамрагдаж байна. Даланзадгад сумын Засаг даргын дэмжлэгтэйгээр ангидаа “Камер” төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Ингэснээр ангийн өдөр тутмын үйл ажиллагаа болон сургалт бэлтгэлүүдийг бүрэн хянах боломжтой болж байгаа юм. Мөн аймгийнхаа эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх уулзалт, ярилцлагыг явуулж, үзлэг, оношилгоонд хамрагдаж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь тус ангийн өмнөх үе үеийн захирагч, удирдлагуудын үлдээсэн суурь хөрс юм. Энэ суурь хөрс өнөөдөр ч гэсэн амжилттай сайхан үргэлжилж байна.
 
Цэргийн хүний үндсэн хөдөлмөр нь сургалт юм. Энэ тухайд ...
 
-2019-2020 оны сургуулийн жилд манай ангийн сургалт бэлтгэл огт тасалдаагүй. Ялангуяа, цэргийн гэрээт алба хаагч болон хугацаат цэргүүдийнх. Бүрэн хэмжээний тоноглогдсон Бүсийн сургалтын төв дээрээ цар тахал идэвхжсэн 1-4 дүгээр сард бид цэргийн гэрээт болон хугацаат цэргүүдийнхээ сургалтыг явуулж чадсан. Ингэснээр нэгдүгээрт, сургалт бэлтгэл тасалдаагүй. Хоёрдугаарт, тэдний аюулгүй байдал, эрүүл мэндийг бодож вакумжуулсан орчинд сургалтаа явуулсан юм.
 
Бас Англи хэлний сургалтын төв байгуулсан гэсэн ...
 
-Бие бүрэлдэхүүнийхээ гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх хүрээнд Англи хэлний сургалтын төв байгуулсан. Ахлагчийн зөвлөлөөс санаачлан хийж хэрэгжүүлсэн ажил юм. Төв маань мэргэжлийн багштай. Алба хаагчид ч тун идэвхтэй хамрагдаж байна. Цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдаа үүнд хамруулж байна. Өнөөдөр Зэвсэгт хүчинд өндөр боловсролтой цэргүүд ирж байгаа бөгөөд тэд нэг жилийг илүү завгүй, улам үр бүтээлтэй өнгөрүүлэх хүсэлтэй болчхож. Сургалт бэлтгэлийнхээ зэрэгцээ “Дарга аа, би сурмаар байна” л гэх юм. Хоёрдугаарт, англи хэлний сургалт яваагүй өдөр нь компьютеруудыг нь ашиглан зарим бүрэлдэхүүнийхээ компьютер дээр ажиллах чадварыг нь нэмэгдүүлж байна. Манай залуус ийм л завгүй байна даа.
 
Тулгамдаж байгаа асуудал байгаа л байх ...
 
-Тулгамдаж байгаа асуудал олон бий. Аль болгоныг нь тоочиж барах вэ. Бидний хувьд БХЯ, ЗХЖШ болон ХЗЦК-даа зовлон тоочихоос илүү аль болох дотооддоо шийдвэрлэж, зохицуулах талд анхаарч байна. Гэхдээ бас зохицуулж болдоггүй ажил гэж байна. Энэ бол алба хаагчдын орон сууцны асуудал юм. Манайх албан тушаалын гурван байртай. Энэ гурван байрны ердөө нэг нь л орон сууцны зориулалттай бусад нь агуулах байсныг засаж тохижуулж, айлуудаа оруулсан юм. Тийм болохоор бид бүхэн албан тушаалын орон сууцтай болох туйлын хүсэл мөрөөдөлтэй яваа.  Өмнөговьд орон сууцны түрээс өндөр байдаг учир шинээр томилогдож ирсэн алба хаагчдаа “Түрээсийн байр олоод ороорой” гэж бас хэлж чадахгүй юм. Би ч гэсэн тэдний адил залуу явсан учраас аль болох нөхцөл, бололцоог нь шийдвэрлэхийн төлөө явдаг ч орон сууцны хүрэлцээ бол үнэхээр хүрдэггүй юм.
 
 Тэртээ 1973 онд Өмнийн цэнхэр говьд үүдээ нээсэн БНМАУ-ын баатар, залуу жанжин, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит энэхүү ангид алба хааж байгаа зарим офицер, ахлагч, ажилтан алба хаагч, хугацаат цэргийн алба хаагчдын сэтгэгдлээс нь хуваалцлаа.
 
ЦЭРЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙГАА МИНЬ НЭР ТӨРИЙН ХЭРЭГ
 
Салааны захирагч, дэслэгч Г.Пүрэвдорж:
 
 
-Миний хувьд 2013 онд ҮБХИС-д элсэн суралцаад үргэлжлүүлээд БНХАУ-ын Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Хуурай замын цэргийн дээд сургуульд суралцаж төгссөн. Энэ ангидаа алба хаагаад хоёр жил болж байна. Сургуулиа төгсөж ирэхэд хүний нөөцийн офицерууд надаас “Та хаана ажиллах хүсэл сонирхолтой байна вэ” гэж асуухад нь шууд л “Хөдөө ажиллаж байвал хаашаа ч яах вэ” гэхэд энэ ангид томилсон. Хугацаат цэрэгтэй ажиллаж байгаагаа би нэр төрийн хэрэг гэж боддог. Эх орноо хамгаалахын үнэ цэн, эр цэргийн үүргийг цэргүүддээ ойлгуулж байгаа минь ч нэр төрийн хэрэг. Цэрэгтэй ажиллаад ирэхээр өөрийн эрхгүй хайрлаж эхэлдэг юм билээ. Цаашдаа илүү олон хугацаат цэрэгтэй ажиллаж, дадлагажна гэж бодож байна. Манай хамт олон их сайхан. Захирагчаасаа эхлээд энгийн ажилтан албан хаагч хүртлээ хүний төлөө сэтгэлтэй, зэмлэж бас хайрлаж чаддаг, эвсэг хамт олон. Тэднийхээ нэгэн эд эс нь болж, хүнтэй ажиллах чадвараас бага ч атугай суралцаж байгаадаа баяртай явдаг шүү. Миний ханийг Номин-Эрдэнэ гэдэг, бид П.Цэцэнгоо гэдэг хөөрхөн охинтой. Эхнэр маань Өмнөговь аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд бага ангийн багш хийдэг. Ойрын төлөвлөгөөнд энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хүсэлтэй яваа.
 
ЭХ ОРНОО ТҮШСЭН ХҮН АЛДДАГГҮЙ ЮМ ГЭЖ ААВ МИНЬ ЗАХИСАН
 
Зэвсэг засварын тасгийн захирагч, ахлах ахлагч Ч.Баттулга:
 
 
 -Зэвсэгт хүчинд алба хаагаад 15 жил болж байна. 1973 оноос хойших 47 жилийн түүхийнх нь 15 жилийг нь хамтдаа бичилцэж байгаадаа баяртай явдаг даа. Аав минь “Миний хүү цэргийн албанд ор. Эх орноо түшсэн хүн хэзээ ч алдахгүй, цэргээ дагасан хүн үргэлж сайн сайхан явдаг юм” гэсэн нь амьдралын минь зөв зам байсан шүү. Уг нь би Увс аймгийнх. Одоо бол Өмнөговь аймаг, тэр дундаа Зэвсэгт хүчний 167 дугаар анги миний төрсөн гэр мэт л санагддаг. Өмнөговь аймгаасаа хань ижилтэй болж, өнөр өтгөн айл болсон доо.  Монголын сайхан эх орноо, ард түмнээ айх аюулгүй, амар жимэр амьдруулах энэхүү эрхэм агаад хариуцлагатай үүргийг мянга мянган жил монгол цэрэг нуруундаа үүрч, өнөөгийн бидэнд буухиалан хүргэсэн. Энэхүү дайчин уламжлалыг ангийнхаа бие бүрэлдэхүүний хамт түүчээлэн яваадаа баяртай байдаг шүү. Зэвсэг засварлах нь миний хамгийн дуртай ажил.
 
ЭНЭ АНГИ МИНИЙ ХОЁР ДАХЬ ГЭР
 
Барилга, орон сууцны нярав Т.Зулзага:
 
 
-Цэргийн амьдралаар амьдарч яваа он жилүүд миний хамгийн сайхан дурсамжуудын  маань нэг. Өглөө бүр Төрийн дууллаа сонсоход ажилдаа шамдах хүсэл зориг минь илүү ихээр бадардаг юм. Манай анги миний амьдралын салшгүй нэг хэсэг юм. Өглөө бүр ангийнхаа хаалгаар орж ирэхэд гэр шиг минь их дотно мэдрэмж төрдөг. Бүх орчин нь дэндүү дотно. Алба хааж байгаа 13 жилийн хугацаанд цөөнгүй захирагчтай хамтран ажилласан. Бүгдээрээ л мундаг дарга нар байсан. Манай анги хэзээнээсээ халуун дулаан уур амьсгалтай, хамт олон нь эв нэгдэлтэй, нэгэндээ дэмтэй, атгасан гар шиг хүмүүс. Миний ханийг Д.Сайнжаргал гэдэг, бид хоёр хүүхэдтэй. Хүүхдүүд маань тусдаа гарч, амьдрал зохиосон. Хань минь мужаанаар ажилладаг ба “Танай ангид мужаанаар хийлгэх ажил байвал хэлээрэй. Очоод цааргалахгүй хийгээд л өгнө. Ханийн минь ажил миний л ажил гэсэн үг” гэж хэлдэг юм. Энэ нь гэр бүлээрээ л цэрэг, армидаа хайртай болсны маань шинж байх аа. Удахгүй барилгуудаа засварлаж шинэчлээд илүү тохитой орчинд ажиллах болсондоо баяртай яваа шүү. Зэвсэгт хүчинд мөр зэрэгцэн алба хааж байгаа генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагчдадаа өмнийн говиос мэнд хүргэе.
 
НЭГ НУТГИЙН ГУРАВ
 
Дараагийн онцлох алба хаагчид бол дэд түрүүч Д.Эрдэнэтулга, Н.Жамбалцанжид, байлдагч Д.Мөнх-Эрдэнэ нар. Тэд гурвуулаа Дундговь аймгийнх. Д.Эрдэнэтулга Дэлгэрхангай, Н.Жамбалцанжид Сайнцагаан, Д.Мөнх-Эрдэнэ Эрдэнэдалай сумынх ажээ. “Цэрэгт ирээд ямар байна вэ” гэхэд бүгдээрээ л дуу нэгтэй “Сайхан” гэж хариулав. Дэд түрүүч Д.Эрдэнэтулга “Цэрэг миний төсөөлж байснаас ч гоё юм байна. Анх хөл, гараа нийлүүлж чадахгүй будилуу явснаа бодохоор инээд хүрдэг шүү. Хөл нийлүүлээд цэргийн ёслолын жагсаалаар алхах хамгийн гоё. Биднийг өдий зэрэгтэй болгож сургаж байгаа ротын захирагч, ахлах дэслэгч Ц.Сэргэлэнбаатар даргадаа баярлаж явдаг даа. Ахын ёсоор зэмлэнэ, даргын ёсоор ч зааж зааварладаг. “Та нар нэг жилийн хугацааг хамгийн үр бүтээлтэй өнгөрүүлэх хэрэгтэй” гээд чөлөөт цагаараа ч өөрийгөө хөгжүүл гэдэг юм. Би дарга нарынхаа итгэлийг зүтгэлээр хариулах юм сан гэж хичээж явдаг даа. Хайртай ээж Ю.Батдэлгэртээ “Хүү нь албаа нэр төртэй хааж байгаа шүү. Цэргийн албанаас их зүйл сурлаа” гэдгийг цэргийн сониноор дамжуулан хүргэе” гэлээ. 
Харин дэд түрүүч Н.Жамбалцанжид “Цэрэгт ирэхээсээ өмнө Говьсүмбэр аймгийн Политехникийн коллежид суралцаж төгссөн. Цэргийн алба намайг үг дааж хатуужуулсан, үүрэг хүлээлгэж сургасан. Үг даахгүй хүн уул даахгүй гэж үг байдаг даа. Энэ их үнэн үг юм билээ. Үг дааж байж, ажил даана. Аав Х.Нямдорж, ээж С.Уранчимэг нар Цэргийн тангаргийн баяраар ирээд “Ямар сайхан чийрэг харагдаж байна вэ?” гээд магтаад л байсан” гэв. Байлдагч Д.Мөнх-Эрдэнийн хувьд дуулах авьяастай гэнэ. Сум, орон нутгийнхаа тайзан дээр зөндөө гарсан, цаашдаа “Уяачид дуулж байна” уралдаанд оролцох хүсэлтэй. Цэргийн албыг өөрийн биеэр хааж байж эх орны тусгаар тогтнол, цэргийн алба хаагчдын ажил, үүргийг маш сайн ойлгодог юм байна. Одоо бодоход хугацаат цэргийн алба хаасан болон хаагаагүй залуус андашгүй байдаг юм шиг ээ. Цэргийн алба хаасан залуусыг сагсуурч, эх оронч гэж өөрийгөө дөвийлгөж байгааг хараагүй. Төлөв томоотой, хүлээцтэй, сахилга, зохион байгуулалттай иргэн болон төлөвшсөн байдаг шүү.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин