sonin.mn
Цэргийн нэгдсэн дээд сургуулийн кафедрын дарга, багш нар 1980-аад онд хот, хөдөөгийн Ерөнхий боловсролын сургуулиудаар явж, алдар гавьяаны хос одонтой төрөлх сургуулийнхаа үйл ажиллагааг танилцуулахын хамт сурлага, сахилгаар тэргүүний төгсөх ангийн сурагчдыг сонгож, цэргийн сургуульдаа элсэн суралцахыг уриалан урьдчилан шалгаруулж байсан түүхтэй.
 
 
 
Тэр л жишгээр 1986 оны зун хот, хөдөөгөөс шилэгдэж, улмаар элсэлтийн шалгалтад тэнцсэн залуус Цэргийн нэгдсэн дээд сургуулийн хашаанд цугларсан юм. Манай курс Улс төрийн курс байсан болохоор сурлага сайтай хүүхдүүд цугларсан нь ойлгомжтой бөгөөд энэ үед тус сургуулийн зөвхөн улс төрийн ангид элсэгчид “нэгдүгээр групп” нэрийн дор нийгмийн ухаанаар суурь шалгалтыг өгөхийн хамт түүх, орос хэлний шалгалтад ордог байлаа.
Ингэснээр 1986 оны 8 дугаар сарын нэгний өдөр биднийг анх “карантин”-д гарахад Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нэр хүндтэй захирагч, дарга нарын нэг хэмээн хүндлэгдсэн “Омбоо” буюу дэд хурандаа Олонбаяр сургалтын төвийн даргаар томилогдон цэргийн анхан шатны бэлтгэлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж байсан юм.
 
Харин “карантин”-ы жагсаалын дарга нь Ерөнхий цэрэг, Улс төр, Холбоо, Артиллери, Танк, Ар тал зэрэг бүхий л курсийг нэгтгэсэн “том албан тушаал” байсан ба тэрхүү албанд улс төрийн дөрөвдүгээр курсийн сонсогч, ахлах түрүүч Л.Гантөмөр ажилласан юм. Биднийг “карантин” буугаад үндсэн курст суралцах үедээ лавшруулан танилцахад эрхэм Л.Гантөмөр маань Д.Сүхбаатарын нэрэмжит цалинт онц сурлагатан байж билээ. Мөн карантинд байх хугацаанд төгсөх курсийн сонсогч Нямбуугийн Бумцэнд курсийн орлогчоор томилогдон цэргийн хэргийн анхан шатны сургалтыг гардан удирдсан юм. Ийнхүү “карантины орлогч” хэмээн хүндлэгдсэн Н.Бумцэнд хожим нь хурандаа цол хүртэж, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч, ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байлаа.
Бидний курсийн захирагчаар ахмад Дашзэвэгийн Пүрэвдаш томилогдон ажилласан бөгөөд өндөр нуруулаг, цэргийн дүрэмт хувцсыг ганган гэгч нь өмсдөг, захиран даргалах болон командлах ур чадварыг төгс эзэмшсэн дарга байснаар бид өдгөө ч бахархаж явна. Өнөөдрийн өндөрлөгөөс эргэн харахад, тухайн үед рот, курсийн захирагч нар академи, курст сурч, албан тушаал дэвшин томилогдсоноор ойр ойрхон солигдож байхад харин ахмад Д.Пүрэвдаш бид бүхэнтэй бүтэн дөрвөн жил хамт явсан нь ховор тохиолдлын нэг бөгөөд бид өнөөдөр ч байнгын холбоотой байж, “эрхэм генерал”-аа хэмээн хүндэтгэн дууддаг юм. Учир нь манай курсийн сонсогч Лхамсүрэнгийн Алтангэрэл Онцгой байдлын комиссар буюу “генерал” цол, Батаагийн Болдбаатар, Зундуйн Майдар бид гурав хурандаа цол хүртэж, мөн хэд хэдэн офицер мөрдэстэй албанд зүтгэсэн болохоор захирагчаа тийнхүү хүндэтгэсэн хэрэг.
Тухайн үед ротын захирагчаар хожим Увс аймгийн ЗДТГ-ын Цэргийн хэлтсийн дарга болсон хурандаа Д.Бадамдорж, хошууч Б.Элбэгсайхан нар ажиллаж, цэргийн алба, аж ахуйг анги, салбарт хэрхэн зохион байгуулах талаар бодит үлгэр жишээг үзүүлж явсан юм. 
 
 
Бидний сонсогч үе дурсамж дүүрэн өнгөрсөн бөгөөд үндсэндээ гурван жилийн хугацаанд цэргийн хуаран буюу “казарм”-д байрлаж, цэргийн хэрэгт шамдсанаар ёстой л ахмад үеийнхний хэллэгээр “Ясны офицер”-оор бэлтгэгдэж билээ. Харин 1989 онд сургуулийн захирлаар тухайн үеийн Ардын Их Хурлын депутат, хошууч генерал Д.Бямбацогт томилогдож ирснээр дөрөвдүгээр курстээ бид гадуур гарч суралцдаг болж билээ. Бидний дийлэнх нь 10 дугаар анги төгсөөд ирсэн залуус байсан ба Лхамсүрэнгийн Алтангэрэл, Нямаагийн Батсүх, Батаагийн Болдбаатар, Гонгорын Цолмон нар цэргийн албаа үлгэр жишээ хааж байгаад элсэлтийн шалгалтад тэнцэж, бидэнтэй хамт суралцсан юм. Харин Дамбийнямын Лувсандорж хуучнаар ЗХУ-д Цэргийн нисэхийн сургуульд суралцаж байгаад манай курсийн идэвхтэй сонсогчийн нэг болсон. Лууяа ах маань хойд хөршид сургуульд суралцаж байсан болоод тэр үү, семинар, дадлагын хичээлд олон ч тэргүүн туршлагыг шинээр нэвтрүүлэхэд санаачилгатай ажиллаж, гуравдугаар курст нэг хэсэг хугацаанд курсийн захирагчийн орлогчоор томилогдон бидэнд ахын сэтгэлээр ханддаг байсан нь саяхан мэт санагдана. Энд ганцхан бодит жишээг дурдахад, манай курс анх удаа “Оюутан төвтэй сургалт”-ыг эхлүүлж, аливаа семинарын хичээлийг оюутнууд өөрсдөө удирдаж, оролцож, дүгнэж, багш зөвхөн сонсдог, дүгнэлт гаргадаг, хөндлөнгөөс ажигладаг болсон нь өнөөгийн сургалтын аргыг аль эрт сэдсэн хэрэг хэмээн дүгнэхэд хүргэлээ.
Манай курсийн захирагчийн орлогчоор түрүүч Гонгорын Цолмон, Лхамсүрэнгийн Алтангэрэл, эвлэлийн үүрийн даргаар ахлах түрүүч Батаагийн Болдбаатар, тасгийн захирагчаар Сосорбарамын Батмөнх, Нямаагийн Батсүх, Лхамсүрэнгийн Мөнхжаргал, Цэрэнсодномын Хашчулуун нар томилогдож ажилласан. Харин миний бие нэгдүгээр курстээ ухуулагч, хоёрдугаар курсээс эвлэлийн үүрийн нарийн бичгийн даргын сонгуульт үүргийг хүлээж, ахлах түрүүч цолтой байсныг түүх гэрчлэх биз. Мөн 1990 онд ЦНДС-ийг долоон төгсөгч “Онц” дүнтэй төгссөний гурав нь манай курсийнх байсан ба Доржийн Даваасүрэн, Гончигийн Буянцог бид гурав сургуулиа онц дүнтэй төгссөнөөрөө өдгөө бахархаж явна.
 
 
Биднийг төгссөн жил “цагаан морин жил” байсан ба эх орон даяар ардчиллын салхи салхилж, их, дээд сургууль төгсөгчид түүх, нийгмийн ухааны улсын шалгалтаас татгалзаж, шүүмжлэл, өөрийн шүүмжлэлийг бодитой өрнүүлж байсан тухайн үед бидний журамт нөхөд эрдэм мэдлэгийн их уурхай болсон “Жанжны сургууль”-аас ажил, амьдралын гараагаа зөв эхэлж, эрдэмтэн багш нарынхаа заасан замаар зүтгэж яваа минь учиртай. Бидэнд “Улаанхуарангийн 10 марксистууд” хэмээгдсэн алдарт багш нар хичээл зааж, Нийгмийн ухааны тэнхимээс Улсын Их Хурлын 4 удаагийн гишүүнээр сонгогдсон, Монгол Улсын Ерөнхий сайд Ренчиннямын Амаржаргал, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ нар тодорч, Шинжлэх ухааны доктор, профессор, хурандаа Г.Мягмаржав, тэнхимийн дарга, ҮБХИС-ийн анхны хүндэт доктор, доктор, профессор, хурандаа Б.Банзрагч, ахлах багш, доктор, профессор, дэд хурандаа Б.Галиндэв, ҮБХИС-ийн профессор багш А.Гэлэгжамц нар Монгол Улсын Гавьяат багш цолыг хүртэж алдар цуугаа дуудуулснаар бид бахархал дүүрэн яваа.
Тэрчлэн бидний дээд он буюу 1989 оны төгсөгчдөөс Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Гүрсэдийн Сайханбаяр нар тодорч эрдэмтэн багш нарынхаа заасан эрдэм, өөрсдийн эзэмшсэн мэргэжлийнхээ оргилд нь хүрч буйд манай курсийнхэн тун хүндэтгэлтэй хандаж байгааг уламжлаарай гэснийг нь ёсоор болгож буй минь энэ билээ. 
 
 
Манай курсийн сонсогчид намрын ургац хураалтад тогтмол амжилттай оролцож, сургуулийн жилүүдэд зохион байгуулсан олон арван уралдаан, тэмцээнд ямагт эхний байруудад шалгарч явсны тод жишээ нь сар бүр сургуулийн удирдлагаас дүгнэдэг уралдаанд хэд хэдэн удаа эхний байрыг эзэлж, рот, курсийн захирагч нараа баярлуулж явснаар илэрдэг. Түүний дотор бид нэгдүгээр курстээ сургуулийн боксын аварга шалгаруулах тэмцээний жин тус бүрд нэг тамирчин оролцуулж, өндөр амжилт гаргаснаар түрүүч Лхамсүрэнгийн Алтангэрэл, Сосорбарамын Батсүх, Гонгорын Мөнхбат нар Ардын Армийн боксын аварга шалгаруулах тэмцээнээс цөөнгүй медаль хүртэж явсан нь тодхон санагдана. Тэрчлэн манай курсийн хамт олон сургуулийн урлагийн үзлэг, цэнгээнт бүжгийн тэмцээнд тогтмол эхний байранд шалгарч оролцдог байсан нь бидний нийгмийн идэвхийг илэрхийлсэн тодхон дурсамжийн маань нэг. Энэ үед ахлах түрүүч Батаагийн Болдбаатар “Гэр бүлийн концерт”-оо найруулж, аялан тоглолт хийсэн нь бас л нэг бахархал. 
 
Нөгөө талаар бидний бусад курсээс ялгарах нэг онцлог нь ЦНДС-ийг сурталчлах ажлыг Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудад тусгай хөтөлбөрөөр зохион байгуулж ирсэн нь өндөр үнэлэлт авсан арга хэмжээ байлаа.
Манай курсийн сонсогчдоос тодорсон Онцгой байдлын комиссар, Шадар сайд болон Ерөнхий сайдын зөвлөхийн алба хашиж буй Лхамсүрэнгийн Алтангэрэл, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга асан хурандаа Батаагийн Болдбаатар, “Талх чихэр” компанийн Ерөнхий захирал асан Хадбаатарын Батцоож, Татварын Ерөнхий газрын ажилтан Найдангийн Галбадрах, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтан Зинамидэрийн Хадбаяр, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Цэрэнсодномын Хашчулуун, хувийн хэвшлийн салбарт амжилт гаргаж яваа Сосорбарамын Батмөнх, Доржийн Даваасүрэн, Лхамсүрэнгийн Мөнхжаргал, Сүмбэрэлийн Пүрэвсүрэн, Лхагважавын Баатархүү, Шагдарын Энх-Амгалан, Гонгорын Цолмон нараар бид ямагт бахархаж явна. Тэр л бахархам хүмүүсийн нэг нь би өөрөө байж, Зэвсэгт хүчний анги, салбаруудад ротын улс төрийн орлогчоос хороо, бригадын захирагчийн орлогчийн албанд томилогдож, хуучнаар Монголын Ардын Армийн Улс төрийн газар буюу өнөөгийн ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн даргын өндөр хариуцлагатай албыг хоёр удаа хашсаны зэрэгцээ өдгөө Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний “Соёмбо” сонины эрхлэгчийн нэр хүндтэй албанд зүтгэж буй нь бидний үеийнхний сургалт ямархан үр нөлөөтэй явсны бодит илрэл гэж дүгнэхээс өөр аргагүй.
Мөн Нийслэлийн Багануур дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Зундуйжавын Майдар, ҮБХИС-ийн Аюулгүй байдлын сургуулийн Цэргийн албаны офицер, хошууч Нэргүйн Төгсбаясгалан нарын офицерууд өнөөдөр мөрдэстэй албанд амжилт дүүрэн зүтгэж явна. Манай курсийнхнээс Н.Батсүх, З.Майдар бид гурав “Үндэсний” тодотголтой цэргийн дээд боловсрол олгох, Зэвсэгт хүчний даргалах бүрэлдэхүүнийг бэлтгэх үндсэн үүрэг, зориулалт бүхий Батлан хамгаалахын удирдлагын академийг төгссөнөөрөө ямагт бахархаж явдаг юм.
 
 
Өдгөө манай курсийн хамт олон “Монгол цэргийн өдөр”-Зэвсэгт хүчний ойн баяраар тогтмол уулзалдаж, сонсогч ахуй насны баяр хөөр дүүрэн амьдралаа дэлгэн эрдэмтэн багш нар, захирагч, дарга нараа байнга ярьж, илэн далангүй яриа өрнүүлэх ажлыг тогтмолжуулсан бөгөөд сүүлийн жилүүдэд тухайн үеийн курсийн орлогч, эрхэм комиссар Лхамсүрэнгийн Алтангэрэл энэхүү ажлыг шууд хариуцан зохион байгуулж байгаад талархал илэрхийлье.
Он цаг улирах тусам одоо юм шиг санагдах дурсамж дүүрэн амьдралын нэгээхэн жилүүдэд хамтдаа байж, уриа, дуугаа цуурайтуулж явсан улс төрийн курсийн андууддаа ЦНДС-ийн Улс төрийн анги төгссөний 30 жилийн ойг тохиолдуулан сайн сайхан бүхний ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
Сайн санааны үзүүрт тос гэдэг сэн. Санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэх болтугай.
 
 
Хурандаа Б.ОТГОНБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин