sonin.mn
Үндэсний их баяр наадам өнгөрөөд удаагүй байна. Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдээр телевизийн олон сувгаар “Мандухай сэцэн хатан” кино гарч үзэгч олны мэлмийг мялаасан. Энэхүү кино ганц наадмын өдрүүдээр ч бус Цагаан сар, Улс тунхагласны баяр гээд монгол түмний уламжлалт, үндэсний олон баяруудаар айл бүрийн хоймрыг чимж байдаг Монголын уран сайхны сор болсон кинонуудын нэг. Хэдэн ч удаа үзсэн уйдамгүй энэ кино үеийн үед сонирхол, бахархал, омогшлыг төрүүлж үзэгч олноо зурагтын өмнө уяж чаддаг тийм л агуу бүтээл. Энэ киноны тухай ярихтай зэрэгцээд хэн бүхний сэтгэлд нэн тэргүүнд Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Намсрайн Сувд буудаг нь дамжиггүй. 
Ардын жүжигчин Н.Сувд бол БНМАУ-ын Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит шагналт, СГЗ Цэндийн Намсрай гуайн охин. Түүний ээж БНМАУ-ын Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит шагналт, МУАЖ Лувсанжамцын Цогзолмаа. Тэр бээр монголчуудын дунд олон сайхан дүрээрээ мөнхөрч, хүндлэгдэн яваа урлагийн тод авьяастан юм. “Мандухай сэцэн хатан”-ы дүрээрээ олноо алдаршсан тэрээр хүүхэд байхын жүжигчин болох мөрөөдөлтэй байсан бөгөөд түүнийгээ биелүүлэхээр 1970 онд буюу 22 настайдаа ОХУ-ын Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг тайз дэлгэцийн жүжигчин хэмээх хүссэн мэргэжлээрээ төгсжээ. Тэрбээр сургуулиа төгсөн эх орондоо ирсний дараа Монгол кино үйлдвэрт жүжигчнээр ажилд орсон гэдэг. Жүжигчин бүсгүйн анхны жүжгийн дүр нь Н.Островскийн “Инжгүй хүүхэн” жүжгийн Ларисагийн дүр бол дэлгэцийн бүтээлийнх нь анхны дүр “Эхлэл” киноны Хорлоогийн дүр аж. Н.Сувд 1973 оноос Хүүхэд, залуучуудын театрт орон тооны жүжигчнээр орж “Ичээнд нь” уран сайхны киноны солиотой хүүхний дүр,  “Моторын дуу” киноны дуучин, “Анхны хайрын дууль” киноны Янжин, “Хань” киноны Наран, “Хүний амь” киноны Сарантуяа зэрэг олон арван дүрийг бүтээсэн юм. Тэр бидний зүрх сэтгэлд томоохон орон зайг эзлэх “Мандухай сэцэн хатан”-ы дүрийг дэлгэцнээ 41 настайдаа амилуулснаар Төрийн шагнал хүртсэн юм.  
 
Ийнхүү түүнтэй амьдрал, уран бүтээл, Зэвсэгт хүчний талаар хөөрөлдсөнөө хүргэж байна.
 
Таны хүүхэд наснаас ярилцлагаа эхэлье ... 
 
-Юуны өмнө Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний “Соёмбо” сонины уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд цэргийнхэн гэхээр л цог золбоо, зовхи нь өөдөө шижигнэсэн сайхан залуусын дүр төрх хамгийн түрүүнд буудаг. Тийм ч хүмүүстэй олон удаа хамтран ажиллаж байсан, тэднийг хүндэлж явдаг гэдгээ эхэнд нь хэлэхийг хүслээ. 
Би хотын унаган хүүхэд. Одоогийн Соёлын төв өргөөний буурин дээр ДБЭТ-ын ард цэцэрлэг маань байсан. Тэр үеийг санахаар кино, жүжиг их үзүүлж, цасан охин болгож, урлаг руу хазайх эхлэлийг минь тавьсан болов уу гэж боддог. Х.Чойбалсан гуайн хөшөөний урдхан талын хоёрдугаар сургуульд суралцсан. Гэр МУИС-ийн ард, сургууль урд байлаа. Бусад хүүхдийн адил дугуйланд хамрагдан сургууль, гэрийн хооронд гүйж бага насаа өнгөрүүлсэн дээ. Сургуулийн бүжигчин хийж, урлаг тал руугаа явдаг байлаа. Арван жилийн сургуульд Цээсрэг гэж хөгжмийн багш байв. Тэр бээр хөгжмөө ч заана, концертоо ч найруулна. Пионерын ордон анхны элсэлтээ авахад аав, ээж маань намайг бүжгийн дугуйланд оруулсан түүхтэй. Цээсрэг багш намайг бүжиглүүлэхийн тулд гэрт ирж буурайгаас зөвшөөрөл авна. Учир нь буурай маань тэр бүр явуулдаггүй байлаа. Багш гэрт ирэхээр буурай “Би бүжигчин, жүжигчин болгох гэж хүүхдээ танай дугуйланд өгөөгүй” гэдэг сэн. Тэгээд гуйж, гуйж л авч явна. 
 
Та жүжигчин биш, бүжигчин байж. Энэ талаар огт мэдээгүй юм байна ... 
 
-Москва хотод мэргэжлийн сургууль төгссөн хойноо л жүжигчин болох гараагаа эхэлсэн. Тэр болтол бүжигчин байсан. Жавзан, Жавзмаа, Нэргүй, Гүрбазар нарын мундаг багштай байлаа. Пионерын ордны бүжгийн дугуйланд анх элсэхэд Тонтор, Нэргүй гэж багш нарын шавь болж байсан. “Аз жаргалын эрэлд” гээд дуулалт жүжгийг Пионерын ордонд тавьж байсан. Отгон гавьяат жаахан охин байхдаа дуулж, би бүжиглэдэг байсан юм. 
 
 
Сургуулиа төгсөж ирээд бүтээсэн анхны дүрийн тухайд ... 
 
-Сургуулиа төгсөж ирээд  Монгол кино үйлдвэрт жүжигчнээр ажилд орсон. Ажилдаа ороод нэг их удалгүй  Н.Островскийн “Инжгүй хүүхэн” жүжгийн Ларисагийн дүрд тоглосон. Дэлгэцийн бүтээлийн хувьд анхны дүр маань “Эхлэл” киноны Хорлоогийн дүр байлаа. Үзэгчдийн сэтгэл зүрхэнд тод үлдсэн “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” кинонд ч бас төгсөж ирээд удаагүй байхдаа тоглож байсан. 1971 он, тэгэхэд би том хүү Т.Бат-Оргилоо төрүүлэх дөхчихсөн байсан. Киноны зураг авч дууссаны дараа томоо гэдэстэй байлаа. Жүжигчин Ц.Цэнд-Аюуш, У.Осор, Б.Дамчаа гуай нар “За чи замдаа төрчхөв дөө” гээд л сандарч байж билээ.  
 
Та хэдийнээс эхэлж театрын жүжигчин болсон юм бэ?
 
-Сургуулиа төгсөж ирээд гурван жилийн дараа буюу 1973 онд Хүүхэд, залуучуудын театрт орон тооны жүжигчнээр орсон. Тогтмол уран бүтээл хийж, байнга тайзан дээр гарах хүсэл минь намайг театр луу авчирсан. Дараа нь Э.Оюун, Х.Нацагдорж гээд томчууд “Инжгүй хүүхэн” жүжигт намайг тоглуулахаар сонгож Драмын театрт авчирсан. Одоо бодоход театрт тэнцэх, эсэхийг шалгаж л байсан болов уу. Тэр үед ямар гоё вэ, намайг тайзан дээр гаргалаа гэж баярлаж явснаас өөрийг бодож байсангүй. Түүнээс хойш театртаа өдийг хүртэл ажиллаж байна даа. 
 
Сүүлийн үед ажиллаж байгаа уран бүтээлийнхээ талаар танилцуулахгүй юу?
 
-Хамгийн сүүлд манай театрын хамт олон Л.Н.Толстойн “Анна Каренина” жүжгийг үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болоод байна. Хөл хорионы улмаас хойшлогдоод байгаа бөгөөд ирэх намар театр үүд хаалгаа нээж үзэгчидтэйгээ шинэхэн жүжгээрээ уулзах болно. Мөн миний бие СУИС болон КУДС-д багшилдаг бөгөөд сүүлийн үед төгсөх ангийн оюутнуудын дипломын ажлууд дээр ажиллаж байна. 
 
Та ярилцлага эхлэхийн өмнө хэлж байсан цэргийнхэн гэхээр л зовхи нь өөдөө жавхаалаг хүмүүс байдаг гэж. Зэвсэгт хүчнийхэнтэй олон удаа хамтран уран бүтээлд оролцож байсан биз ... 
 
-Тэгэлгүй яах вэ. Монголын кино урлагийн уран бүтээлд Монголын Ардын Арми, Зэвсэгт хүчний оруулсан хувь нэмэр маш их. Миний хувьд “Хил дээр”, “Гонгор баатар”, “Мандухай сэцэн хатан”, “Анхны хайрын дууль”, “Дандар баатар” зэрэг олон кинонд хамтран ажиллаж байсан бөгөөд энд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний мянга мянган алба хаагчидтай мөр зэрэгцэн, хамтран зүтгэж, үзэгчдийн сэтгэл зүрхэнд хадгалагдан үлдсэн олон сайхан уран бүтээлүүдийн ард гарч байсан. Энэ бүхний цаана тэдний зохион байгуулалттай, нэг хамт олон болж хамтран ажиллах чадвар хамгийн гайхалтай нь байдаг. Мөн тэдний ур чадвар дээр маргах зүйлгүй.
 
 
 
Уран бүтээл гэдэг нь хамтын бүтээл. Тиймээс гол дүр гэлтгүй нэг цэргийн гүйцэтгэж байгаа жижиг хэсэг ч киноны үйл явдал байдаг учир тэдний оролцоо маш чухал байх нь дамжиггүй. Үүнийг ч тэд маш сайн мэдэрч, үүргээ нэр төртэй гүйцэтгэдэг гэж хардаг. 
 
 
 
“Мандухай сэцэн хатан” бол Монголын кино урлагийн сор болсон бүтээл. Энд Зэвсэгт хүчний оролцоо маш чухал байсан. Энэ талаар та юу хэлэх бол ...
 
-“Мандухай сэцэн хатан” уран сайхны кино Зэвсэгт хүчний олон цэргийн алба хаагчдын хүчинд бүтсэн уран бүтээл гэж хэлэхэд хилсдэхгүй. Тус кинонд Зэвсэгт хүчний удирдах албан тушаалтан, цэрэг дайчдаас гадна арын албаныхан болох эмч, тогооч, угаагч гээд нүсэр бүрэлдэхүүнтэй оролцож байсан. Эмч нь эмнэлгийн бүлэгтэйгээ, угаагч нь халуун ус, угаалгын цехтэйгээ, тогооч нь гал тогоо, талхны цехтэйгээ гэх мэт маш том бүрэлдэхүүн оролцсон. Халагдах цэргүүд нь халагдах хугацаанаасаа хоёр сарын өмнө зураг авалтын байрлалд очиж байсан гэдэг. Арын албаныхныг тооцоогүйгээр 5000 гаруй бие бүрэлдэхүүн байсан юм. Зураг авалт үргэлжлэх хоёр сарын хугацаанд Зэвсэгт хүчний зохион байгуулалт, байр байдал, ахуй хангалт гээд маш олон зүйлийн талаар ойлголттой болж байсан бөгөөд тухайн үед хоёр хүүгээ цэргийн албанд явуулахад татгалзах зүйлгүй юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Гэвч манай хүүхдүүд гадаадад сургууль төгсөөд цэргийн алба хаах боломж хараахан олдоогүй юм. Мөн энд нэг зүйлийг сонирхуулахад Мандухай хатанд тоглуулахаар дүрийн сонгон шалгаруулалтад оролцож байсан маш олон хүүхнүүд ирсэн байлаа. Тэдний дунд цэргийн бие хаа, нуруу туруу гээд маш үзэсгэлэнтэй бүсгүйчүүд байсан шүү. Магадгүй мэргэжлийн ур чадвараараа л би шалгарсан байх.  
 
Цэргийн алба хаасан залуус нэг л өөр биз ...
 
-Би яг тэгж хэлэх гэж байлаа. Бие бялдрын хөгжлөөс эхлээд тэр сэтгэлгээ, үзэл бодол гээд эх оронч үзэл нэвт шингэсэн санагддаг. 
 
Саяхан даа, 2017 онд та “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зураг авалт хийж Зэвсэгт хүчний хэд хэдэн ангид очиж байсан. Тухайн үед таныг цэргүүдээр хүрээлүүлчхээд ярилцаад, хамт дуулж байсныг тань санаж байна. Энэ үед танд юу бодогдож байсан бол ...
 
-УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Батлан хамгаалахын сайд байх үед манай нэвтрүүлгийн зочноор оролцож Зэвсэгт хүчний 330, 186 дугаар ангид очиж зураг авах боломж олдсон. Тэр бол миний хувьд мартагдашгүй дурсамжуудын нэг. Уулзахад нэг тийм ижий аавыгаа санасан сэтгэлээр хүндлэл, хайрыг тэрхэн зуур түгээж байсан нь мэдрэгдсэн. Тийм ч учраас тэдний тэр хүндлэл хайранд өлгийдүүлж хэсэг зуурч гэсэн ээж, аавыг нь  орлосон болов уу гэж бодож байсан. 
 
 
Сүүлийн үед манай Зэвсэгт хүчний олон цэргийн алба хаагчид энхийг дэмжих ажиллагаанд оролцож байна. Эдгээр энхийг сахиулагчдын маань талаарх таны бодол ...
 
-Тэд бол миний бахархал. Ганц миний ч бус, хаана ч үүрэг гүйцэтгэсэн тухайн орны цэргийн алба хаагчид төдийгүй орон нутгийн иргэдийн бахархал болж байдаг. Тэдгээр энхийг сахиулагчдын дунд миний хүүгийн найзуудаас Афганистан, Судан зэрэг оронд үүрэг гүйцэтгээд ирсэн хүмүүс ч цөөнгүй байдаг юм. Тэдэнтэй уулзаж байхад тэдний сэтгэл зүй бол үнэхээр хүмүүнлэг, хүн төрөлхтний төлөө гэсэн сэтгэхүй нь илүү хөгжсөн байдаг юм болов уу гэсэн мэдрэмж төрдөг юм. Энэ л сэтгэхүй, ур чадвар, үйл хэргээрээ тэд дэлхийд нэрээ гаргаж байдаг учраас тэднээр бахархахгүй байхын аргагүй юм. 
 
Бид хоёрын ярилцлага тун удахгүй албандаа ирээд удаагүй шинэхэн байлдагч, хилийн чанадад үүргээ гүйцэтгэж байгаа энхийг сахиулагч гээд Зэвсэгт хүчний гэх тодотголтой бүхий л цэргийн алба хаагчдад хүрнэ. Тэдэнд зориулж та юу хэлэх вэ?
 
 
 
-Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө гэдэг нь энэ улс оршин тогтнож дэлхийд данслагдаж, нэрээ цуурайтуулж байгаад цэрэг таны оруулж байгаа хувь нэмэр маш их шүү гэдгийг онцолъё. Та нар бол дэлхийн хэмжээнд Монгол Улсын нүүр царайг тодорхойлж байдаг хүмүүс юм.
 
 
 
Та бүгдэд баярлалаа гэж хэлэх боломжийг олгосон цэргийн сониныхоо хамт олонд талархал илэрхийлье. Та бүхэнд эрүүл энх байж, үүргээ нэр төртэй гүйцэтгэхийг хүсье.
 
 
Хошууч Д.ОЮУНГЭРЭЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин