sonin.mn
ОХУ-ын БХЯ-ны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны Ерөнхий газраас “Олон улсын цэргийн наадам-2020”-ийн гуравдугаар шатны төлөвлөлтийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгууллаа. Тус цахим хуралд Монгол, Орос, Хятад, Азербайжан, Армен, Беларусь, Казакстан, Киргиз, Узбекистан зэрэг 11 орны төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлж ЗХЖШ-ын даргын орлогч, хошууч генерал Ж.Бадамбазар, Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Ш.Гантулга, Биеийн тамир, спортын тасгийн дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ, АТГ-ын Техникийн хангалтын дарга, хурандаа Ц.Төрмөнх, БХЯ-ны ГХАГ-ын ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Батбаяр нар оролцов. Цахим хурлыг ОХУ-ын Зэвсэгт хүчний Байлдааны бэлтгэлийн Ерөнхий газрын орлогч дарга, хошууч генерал А.В.Перязев даргалсан бөгөөд хурлын хүрээнд доорх мэдээллүүдийг солилцлоо. Үүнд “Олон улсын цэргийн наадам-2020"-ийг нийт 10 улсад зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд одоогийн байдлаар 32 орны 200 гаруй баг оролцох мэдүүлгээ өгөөд байгаа аж. Мөн Саудын Араб болон Йемен улсууд “Аюулгүй орчин” тэмцээнд, Палестин улс “Цэргийн эмнэлгийн буухиа”-д анх удаа оролцохоор болжээ.Техник хүлээж авах, бэлтгэл хийх, сугалаа явуулах, шүүгч болон талбайн шүүгчдэд сертификат олгох арга хэмжээнүүд 8 дугаар сарын 10-22-ны өдрүүдэд явагдах бөгөөд Олон улсын цэргийн наадмын нээлтийн арга хэмжээ 8 дугаар сарын 23-ны өдөр олон улсын цэргийн техникийн форум “Арми-2020”-ийн хамт зэрэг эхлэх бөгөөд хаалтын ажиллагаа 9 дүгээр сарын 5-ны өдөр болох аж. Дэлхий нийтэд тархаад байгаа цар тахалтай холбогдуулан ДЭМБ-ын заавар, зөвлөмжийн дагуу ОХУ өөрийн нутаг дэвсгэрт 13 төрлийн тэмцээнийг зохион байгуулах бөгөөд энэ үеэр улс орнуудын үндэсний соёлыг сурталчлах “Хил хязгааргүй нөхөрлөл” фестивалийг наадмын 31 дэх төрөлд тооцохоор болжээ. Иймд оролцогч орнууд өөрсдийн орны соёл, урлаг, ёс заншлыг сурталчилсан зураг, дүрс бичлэг, үзүүлэнгийн материал бэлдэж ирэхийг цахим хурлын үеэр сануулж байлаа. Түүнчлэн наадмын хүрээнд зохион байгуулагддаг бусад найман төрлийн тэмцээний үеэр мэргэжлийн урлагийн хамтлаг, чуулгуудыг оролцуулах талаар ярилцлаа.
 
ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Ш.Гантулгаас тэмцээний талаар тодрууллаа.
 
Тэмцээнд оролцох бие бүрэлдэхүүн ОХУ-д очих үед коронавирусийн эсрэг ямар арга хэмжээ авч, урьдчилан сэргийлэх вэ?
 
-Халдварт өвчний эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд “Олон улсын цэргийн наадам-2020”-д оролцогчдод тавигдах эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага, зааварчилгааг ОХУ тэмцээнд оролцогч болон зохион байгуулагч орнуудад цэргийн дипломатын шугамаар илгээж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн тус зааварчилгааг хүлээн аваад байгаа бөгөөд ОХУ бусад тэмцээн зохион байгуулагч долоон улсаас тухайн улсад мөрдөгдөж байгаа эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хүлээн авч тус зааварчилгааг мөрдөх талаар мэдээлэл харилцан солилцоод байна. Энэ хүрээнд Цэргийн наадамд оролцох бие бүрэлдэхүүн тэмцээн зохион байгуулагч улсад нэвтрэхээс 14 хоногийн өмнө өөрийн улсад тусгаарлагдах, хил давахаас гурван хоногийн өмнө коронавирусийн шинжилгээнд хамрагдаж халдваргүйгээ баталгаажуулсан байх, тус улсад байх хугацаандаа өдөр бүр ариутгал, халдваргүйжүүлэлтэд хамрагдах зэрэг заавар, зөвлөгөөг хүлээн авч зааврын дагуу бие бүрэлдэхүүн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх юм.
 
Манай улсаас тус наадамд ямар, ямар уралдаанд хэчнээн хүний бүрэлдэхүүнтэйгээр хамрагдах вэ?
 
-Дэлхийн дөрвөн улсад зургаан тэмцээнд цэргийн баг тамирчид, хоёр тэмцээнд ажиглагчаар оролцоно. ОХУ-д явагдах “Танкийн биатлон”, “Инженерийн томьёолол”, Беларусьд явагдах “Мэргэн буудагчийн зааг”, Казакстан улсад явагдах "Артиллерийн галын мастер", БНХАУ-д явагдах “Цэлмэг тэнгэр” зэрэг тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний 120 гаруй цэргийн алба хаагч, “Хурдач радист”, “Зэвсгийн мастер”-т цэргийн ажиглагчаар тус тус оролцохоор төлөвлөж, бэлтгэл ажилдаа ороод байгаа.
 
Монгол Улсад ямар төрлийн тэмцээн зохион байгуулагдах вэ?
 
 
 
-Монгол Улсад олон улсын “Аравт” морин цэргийн уралдааныг явуулна. Өнөөдрийн байдлаар “Аравт” морин цэргийн уралдаанд Монгол, ОХУ, БНКазУ оролцогчоор, Монгол Улсад суугаа АНУ, БНХАУ, БНСУ, Турк болон Япон улсын цэргийн атташе нар тухайн улсын төлөөлөл болон ажиглагчаар оролцох бол “Цэргийн ралли” тэмцээний нэгдүгээр шатны уралдааныг ОХУ-тай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.
 
 
 
“Цэргийн ралли” тэмцээнийг манай улс анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд Монгол, Орос, Серби, Беларусь, Казакстан, Киргиз зэрэг зургаан улс оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.
 
Манай оронд ирэх цэргийн алба хаагчдыг хэрхэн хүлээн авч тусгаарлах, тэмцээний нэгдсэн бэлтгэлүүдэд хамруулах талаар мэдээлэл өгөхгүй юу?
 
-Уралдааны бэлтгэл шатанд бид коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, эрсдэлийг бууруулах зорилгоор уралдаанд оролцох багийн бүрэлдэхүүнийг уралдаан эхлэхээс 35 хоногийн өмнө Монгол Улсад хүлээн авч 21 хоног тусгаарлалтад, 14 хоног хөл хорионы хяналтад байлгана. Энэ 14 хоногийн хугацаандаа багуудыг уралдаан явуулах газарт байрлуулж нэгдсэн бэлтгэлд хамруулах төлөвлөгөөтэй байгаа юм. Гэхдээ энэ бүгд нь Улсын онцгой комиссоос тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, дотоодын хорио цээрийн дэглэм энэ сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон тохиолдолд уралдаанд оролцох баг тамирчдыг 7 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсад хүлээн авснаар хэрэгжих юм. Тиймээс Улсын онцгой комиссоос гарах дараагийн шийдвэрээс шалтгаалж баталгаат төлөвлөгөө гарна гэдгийг ойлгох хэрэгтэй.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин