sonin.mn
Оройн цагаан гэгээ тасарч, үдшийн бүрий угтлаа. Гадаа аниргүй ч дотор үзэгчид тоглолтын аяз, хэмнэлд орж, хөг, найранд умбаж байна. Үдшийн тэнгэрт бүүдгэр саран гарахтай зэрэгцээд тасралтгүй хөгжим хангинаж, ая дуу эгшиглэсэн өнөөх концерт шувтарч үзэгчид ч захаасаа гарч одлоо. Тэдний нүүрэнд тодорсон баярын мишээлээс тоглолт ямар болсныг бэлхнээ харж болно. “Сайхан тоглолт үзлээ, авьяаслаг уран бүтээлчид байна” гэж шагширч байснаас тайзны засал чимэглэгч, гэрэлтүүлэг, дууны техникчид гээд арын албаныхны талаар ганц үг ган хийдэг үзэгч тун ховор. Алга ташилт, магтаал, сайшаалын ард тэд л үлддэг байх даа гэсэн нэхэл хатуухан бодол үе үехэн зурс хийнэ. Аливаа урлаг соёлын болон бусад арга хэмжээг зохион байгуулахад тайзны засал чимэглэл тун чухал. Тоглолтын гадаад үзэмжийг улам тодруулж, үзэгчид нүдээрээ харж таашаал авахад тухайн тайзыг зассан байдал ихээхэн нөлөөлнө. Тайзыг гоё байлгадаг хүмүүс бол тайзны засал, чимэглэлчид. Тэдний нэг нь Ю.Энхбаатар. Мөрдэсгүй цэргийнхний төлөөлөл тэрээр 2010 оноос хойш ЦДБЭЧ-д тайзны засал чимэглэлчээр ажиллаж байна. Нийтлэлийн баатар маань анх 1994, 1996 онд Зэвсэгт хүчний 027, 310 дугаар ангид аж ахуйн албанд ажилласнаар Зэвсэгт хүчинтэй холбогдсон түүхтэй. Дараа нь тогоочийн курст суралцаж төгсөөд мэргэжлээрээ 11 жил ажиллахдаа хувийн байгууллагад сүүлийн таван жилийг нь өнгөрүүлсэн байна. Нэгэнт гарт орж, дадсан мэргэжил тул үргэлжлүүлэн тогоочоороо ажиллаж болох байв. Гэсэн хэдий ч ЦДБЭЧ гэх өнөр айлын нэг гишүүн болохоор зорьсон нь өнөөдрийн Ю.Энхбаатарыг бүтээх сонголт болжээ. Сонирхуулахад, Ю.Энхбаатар ҮБХИС-ийн Ахлагчийн сургуулийг радиотелеграфчин мэргэжлээр төгссөн. Цэргийн хүн болох хүсэлтэй байсан хэдий ч тэр бүр санаснаар нь болоогүй гэнэ. Гэхдээ ажлын дөрд оруулсан энэ салбартаа үлдэж байвал цолтой, цолгүй нь чухал биш гээд мөрдэсгүй цэргийнхний төлөөллийг нэгээр нэмжээ. Гараа сайн бол бариа сайн гэдэг шиг аливаа ажлыг чамбай эхлүүлж, эцсийг үздэг нэг тийм унаган зангаараа мэдэхгүй чадахгүйн зовлон гэлтгүй номыг нь ч, номхныг нь ч тэр сурахаар болж МУСТА Ш.Ганбаатарын "гараар” орсон. Энэ талаар Ю.Энхбаатар “Мэдлэг хомс, дадлага нимгэн, цагаан цаас шиг амьтан байсан би Ш.Ганбаатар багштай таарсан нь тун азтай. Энэ хүнгүйгээр юу сурч, мэдэх байсан юм, бүү мэд” гээд шинэ ажилдаа ороод эхэндээ эмээж, адгадаг байснаа ч хуучиллаа. Ингээд удтал “номын дуу” сонссон тэрээр ажилдаа дадаж тайз чимэглэхээс гадна шаардлагатай үед дуу чимээ, гэрлийн техникчдийг орлох болж. Ингэхдээ аль нэг ажлыг нь цалгардуулдаггүй, нэгийг нөгөөгөөр нь алдаггүй чанарт ч бас суралцсан гэдгийг нь хэлэх нь зүйн хэрэг байх. Одоо Ю.Энхбаатар анги, байгууллагуудын урлаг, соёлын зэрэг төрөл бүрийн арга хэмжээнд ч өөрийн зүгээс дэмжлэг үзүүлж хамтарч ажилладаг учраас хэдийнээ “нүүртэй” болоод амжсан. Тэгэхээр түүний ажил зөвхөн ЦДБЭЧ-ын тайзаар хэмжигддэггүй аж.
 
 
 
Түүний хувьд хамгийн дурсамжтай үе гэвэл, “Хүннү” дуурьтай холбогддог гэнэ. Тус дуурийн тайз, засал чимэглэлийг өөрөө гардаж, бэлтгэлийг нь хангахын тулд гурван шөнийн нойроо барсан гэнэ. Мэдээж эрхэлсэн албандаа эзний ёсоор хандсаныг нь үнэлж түүнийг 2012 онд БСШУЯ-ны жуух бичгээр шагнажээ. Мөн МУСТА цол, тэмдэг ч түүний энгэрт нь гялалздаг. Тэрээр 2017 онд МУСТА болсон бөгөөд тухайн жилдээ яг энгэр дээрх цол тэмдэг, шигээ гялалзсан амжилтыг үзүүлсэн гэдгийг гэрчлэх хүн цөөнгүй таарсан шүү.
 
 
 
Ю.Энхбаатар өөрийгөө бүжиглэх дуртай, бас эвсэлтэй гэхээр нь “Алтны дэргэдэх гууль шарлана гэгч” л болж дээ гэж цаашлуулбал няцааж байна. Багын л дур, сонирхол нь бүжиг гэнэ. Өмнө нь Цэргийн төв эмнэлгийнхний дунд зохиогдсон урлагийн тэмцээнд оролцохдоо ЦДБЭЧ-ын тайзнаа анх удаа гарч үзжээ. Тухайн үед энэ тайзнаа хожим бүрмөсөн "үлдэнэ" гэдгээ яахан мэдэх билээ. Энэ талаар ярихаар Ю.Энхбаатарын нүүрэнд үе үехэн баярын мишээл тодроод ирнэ.
Түүний аав С.Юра мөн л энэ салбараас гавьяаныхаа амралтад гарсан. Тэрээр Цэргийн төв эмнэлэгт 40 гаруй жил сантехникийн инженерээр ажиллажээ. Бага байхын аавыгаа дагаж цэргийн ангиудаар орж гарч, цэргийнхэнтэй уулзаж, нүдэнд нь эрээн хувцастай хүмүүс үе үехэн үзэгдсээр байсан нь ирэх цагийн байсан ч юм уу даа.
 
 
 
Тэрээр иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийг сурталчлах, хүүхэд залуусыг цэрэг-эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд жинтэй хувь нэмрээ оруулдаг ЦДБЭЧ гэх том айлын нэг эд эс нь болж явдгаараа ихээхэн бахархдаг. Цэргийнхнийгээ ихэд хүндэтгэдэг. Мөн тийм дайны хүндлэлийг ч цэргийнхэн нь түүнд үзүүлдэг.
 
 
 
Ажлын ачаалал ихтэй, өдөр шөнөгүй тоглолтын бэлтгэл гээд завгүй өдрүүд их. Тоглолтынхоо ард гарлаа гэхэд тоглолтын дараа буюу хөшигний ард олон ажил өрнөнө. Ингээд шөнөөр гэр рүүгээ довтолгох нь цөөнгүй.
 
Ю.Энхбаатарын ханийг С.Бямбажав гэдэг. Цэргийн төв эмнэлгийн ахлах тогоочоор ажилладаг, ахлах ахлагч цолтой цэргийн бүсгүй. Тус эмнэлэгт 20 гаруй жил ажиллаж байгаа аж. Ю.Энхбаатар, С.Бямбажав нар гал голомтоо бадрааснаас хойш гурван сайхан хүүхдийг төрүүлж, өсгөжээ. Том охин нь ЭМШУИС-д сурдаг бөгөөд бас л цэргийн эмч болох хүсэлтэй. Өссөн орчин, аав, ээжийнх нь ажил мэргэжлийн онцлог нөлөөлсөн болоод ч тэр үү хос тангарагтан болохоор шийдсэн бололтой. Харин багачуудыгаа ямартаа ч цэргийн алба хаалгана, бусад сонголтыг өөрсдөд нь үлдээнэ гэлээ. Мэдээж ардчилсан нийгэмд амьдарч байгаагийн хувьд бидэнд сонголт хийх эрх нь нээлттэй. Гэхдээ хуулиар хүлээсэн үүргээ ч биелүүлэх нь зөв. Ю.Энхбаатар энэ талаар “Цэргийн алба хаах нь иргэн хүний журамт үүрэг. Би цэргийн алба хүнд юуг өгч чадах вэ гэдэг талаас нь хардаг юм. Ямартаа ч эх орныхоо төлөө тангараг өргөсөн хүн өрх гэр, хань ижлээ өнгө зүстэй аваад явчих дайны болно гэдэгт итгэдэг. Ямар ч үед үүрэг, хариуцлага хүлээх чадвартай болоод төлөвшчихнө шүү дээ. Цаашлаад ахлагч, офицер болж албаа сайн хаавал энхийг дэмжих ажиллагаанд явж, улсынхаа нэрийг өндөрт өргөх боломж бий. Гэхдээ хүүхдүүддээ цэргийн хүн бол гэж тулгахгүй, ямартаа ч цэргийн алба нь хаалгана. Бусдыг нь өөрсдөө шийдэг” гэсэн юм. Ю.Энхбаатар тоглолтын тайзыг гоёдог. Харин амьдралыг яг зассан тайз шигээ гэрэлтэж, мөнхөд тиймээрээ байгаасай гэж хүсдэг юм билээ. Мөрдэсгүй цэргийнхний төлөөлөл буюу тайзыг гоёгчийн тухай товч өгүүлэхэд ийм буюу.
 
 
Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин