sonin.mn

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойг уржиг­дархан тэмдэглэн өнгөрүүлж Төрийн ордонд энэ хуулийг батлалцсан АИХ-ын депутатууд цугларч санаа, оноогоо хэлэлцэн ярилцсан билээ.

1992 оны нэгдүгээр сарын 13-нд шинэ Үндсэн хуулийг батлан гаргахын тулд 76 хоног өдөр шөнөгүй хуралдаж байсан АИХ-ын депутатууд өөрсдийнх нь баталсан хуульд дордохын долоон өөрчлөлт хийсэн энэ цагийн улстөрчдөд тун ч сэтгэл дундуур байгаагаа нууж хаалгүй, тэгэхдээ их л хилэнтэй мэдэгдэцгээсэн юм. Тэдний дунд хамгийн ноцтой, хүнд гэмт хэргийг илчилсэн шинжтэй мэдэгдлийг АН-ын архаг гишүүдийн нэг С.Билигсайхан хийж олон хүний нүдийг орой дээр нь гаргасан.

Тэрбээр “Яамны Төрийн нарийн бичгийн дарга замын тендерийн ха­хуульд хоёр сая ам.доллар авч байна гэнэ. Биднийг энд хууль батлах гээд сууж байхад тэр пацаан дунд сургуулийн хүүхэд байсан. Түрийний бөөс толгойд гарахаар яадгийг харуулж байна. Р.Гончигдорж дарга аа, та одооноос эхэлж амлалт ав.

Хойтон жил Үндсэн хуулийн 23 жилийн ойг тэмдэглэхэд авлига авдаг хүндээ хариуцлага тооцдог болчихсон бай. Авлигыг өгдөгт нь ч хариуцлага тооцох эрх зүйн орчныг нь бүрдүүлж өг. Ийм муухай төр байж болохгүй” хэмээн тун ч бухимдалтай өгүүлсэн юм.

АН-ын зангарагтай улстөрчийн нэг С.Билигсайхан хэн нэгнийг гэхдээ Монгол Улсад ганцхан байдаг яамны Төрийн нарийн бичгийн даргыг хоёр сая ам. долларын хээл хахуулийн хэрэгт улайм цайм гөрдсөн бол энэ нь өөрөө гэмт хэрэг.

Харин эрхэм Төрийн нарийн бичгийн дарга яах аргагүй ийм гайхмаар их хахууль авсан нь үнэн бол 10-15 жил торны цаана суух учиртай. Монгол Улсад замын тендерийг хариуцдаг, энэ ажлыг зохицуулдаг ганц л яам бий. Тэр яамны Төрийн нарийн бичгийн дарга нь хэн гэдэг эрхэм байгааг дунд сургуулийн хүүхдүүд ч бараг л гадарлах болов уу.

Энэ ноцтой мэдээллийг АТГ даруйхан шалган тогтоож С.Билигсайхан хүн гүтгэсэн үү, аль эсвэл эрхэм Төрийн нарийн бичгийн дарга зүүдэнд ч ормооргүй тэр их хахуулийг халаасалсан уу гэдгийг нэн яаралтай шалган тогтоох ёстой. Хэрвээ Монгол Улсад шударга ёс гээч нь байдаг бол шүү дээ.

 
Д.Түвшин

Эх сурвалж: