sonin.mn
Манай оронд хуурайшилтын улирал эхэлсэн. Үүнтэй холбогдуулан ой хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Х.АНХБАЯРТАЙ ярилцлаа.
 
-Ойрын өдрүүдэд гал түймрийн дуудлага хэр ирж байна вэ. Ихэвчлэн ямар учир шалтгаанаас үүдэн гал түймэр гардаг вэ?
 
-Улсын хэмжээнд энэ сарын 26-ны өдрийн байдлаар зургаан аймгийн 12 суманд 14 удаагийн ой, хээрийн түймэр гарч нийт 280.669 га талбай түймэрт өртөөд байна. Он гарсаар нийслэлийн нутаг дэвсгэрт обьектын 628 удаагийн дуудлага бүртгэгдсэн. Хаврын хуурайшилтын улирал болсонтой холбогдуулан сүүлийн өдрүүдэд өнжмөл шар өвс шатсан дуудлага цөөнгүй гарч байна. Гал түймрийн шалтгаан нөхцөлийг шалгаад үзэхэд ногоон бүсэд оршин сууж буй иргэд хашааныхаа шар өвсийг ил гал гаргаж шатаах, гагнуур хийснээс оч үсрэх, татсан тамхины цогоо бүрэн унтраахгүй байх зэргээс буюу иргэдийн анхаарал болгоомж, хайхрамжгүй үйлдлээс ихэвчлэн болсон байдаг.
 
-Өмнөх жилүүдтэй харьцуулахад дуудлагын тоо ямар байна. Өнгөрсөн жилийн энэ үед та бүхэнд хэдий хэмжээний дуудлага ирж байв?
 
-2019 онд нийслэлийн зөвхөн ногоон бүсэд 476 удаагийн шар өвс шатсан дуудлага ирсэн. Өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн алба, Цагдаагийн удирдах газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг таван байгууллагын алба хаагчид дөрөвдүгээр сарын 6-наас зургаадугаар сарын 10-ны өдөр хүртэл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн хяналт шалгалтыг зохион байгуулсны үр дүнд нийт 276 удаа шар өвс шатсан дуудлага гарсан нь өмнөх онтой харьцуулахад 42.2 хувиар буурсан үзүүлэлттэй байлаа.
 
 
-Ер нь түймрээс үүдэн байгаль дэлхийд ямар хор нөлөө учруулж, иргэд санхүүгээрээ хэр хохирч байна вэ?
 
 
 
-Ой, хээрийн түймэрт өртсөн экологийн болон эд хөрөнгийн хохирлын үнэлгээг хийхэд өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдож учирсан хохирлыг тооцож ажилладаг. 2019 онд гэхэд л өнжмөл шар өвс шатааснаас болж хүрээлэн буй орчин, иргэн, хуулийн этгээдэд 15.3 тэрбум, өнгөрсөн онд 7.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байгаа юм.
 
 
 
-Иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж ногоон байгууламж галд өртөж, мод бут сөөг шатсан хохирлыг хуулийн дагуу хэрхэн барагдуулж хариуцлага тооцдог вэ?
 
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Монгол Улсын Зөрчлийн тухай хуулинд зааснаар гал түймрээс учирсан хохирол, нөхөн төлбөрийг буруутай этгээдээр гаргуулж торгуулийн шийтгэл ногдуулж шийдвэрлэдэг.
 
-Урин дулааны цагт зуслангийн бүсэд гал гарсан тохиолдолд та бүхэнд ямар эрсдэл учирдаг вэ. Зуслангийн айлууд их чигжүү, машин орох зайгүй мэт байршсан байдаг шүү дээ.
 
-Тийм ээ. Иргэдийн суурьшлын бүсэд гал түймрийн дуудлагаар очиж, галыг унтрааж ажиллахад маш хүндрэлтэй байдаг. Учир нь, нэг байшин шатахад түүнээс гарах эрсдэл нь зэргэлдээх айлуудад дамжин тархах нөхцөл бүрдсэн, тусгай зориулалтын автмашин очиход хүндрэлтэй, ойролцоох гал түймэр унтраах ангиас алслагдмал, хаяг тодорхой бус зэргээс үүдэн хүндрэл үүсдэг тал бий.
 
-Та бүхэн өнгөрсөн жилийн хувьд хэчнээн хэмжээний хохирол учрах, эрдэнэт хүний амь нас эрсдэхээс авран хамгаалж ажилласан бэ?
 
-Өнгөрсөн онд гал түймрийн аюулаас 1744 иргэний амь нас, 86.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг Онцгой байдлын алба хаагчид авран хамгаалсан байна. Дуудлагын хувьд улирал бүрийн онцлогоос шалтгаалж дуудлага, мэдээллийн тоо янз бүр байдаг. Хүйтний улиралд галлагаатай холбоотойгоор дуудлага өсөх, хуурайшилтын улиралд ой, хээрийн болон шар өвсний түймэр ихээр нэмэгдэх зэрэг өөрчлөлт гардаг. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын байгууллагаас жил бүр иргэд олон нийт рүү чиглэсэн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
 
-Энэ жилийн хувьд аль бүс нутагт түймрийн эрсдэл өндөр байна вэ. Орон нутагт хүнээс шалтгаалж ой хээрийн түймэр гарах тохиолдол хэр байдаг вэ?
 
-Дээр дурдсанаар улсын хэмжээнд энэ сарын 26-ны өдрийн байдлаар Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Булган, Дорнод аймгийн 12 суманд нийт 14 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна. Шалтгаан нөхцөлийг хуулийн байгууллага шалгаад үзэхэд хүний буруутай үйлдлээс улбаалан гарсан байдаг. Ил задгай гал түлэх, үнс нурмаа бүрэн гүйцэт унтраахгүй байх, автомашины янданд оч баригч хийгээгүй, аюулгүй байдлаа сайтар хангаагүйн улмаас гал түймэр гардаг нь тогтоогдсон.
 
-Манай орон нутгийн гал унтраах, аврах ангийнхан тоног төхөөрөмжөөр хэр хангагдсан байдаг вэ?
 
-Онцгой байдлын байгууллагаас алба хаагчдын болон албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд жил бүр үе шаттайгаар тусгай зориулалтын автомашин, техник, тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмжийн хангалт, шинэчлэлтийг хийсээр байна. Орчин үеийн дэвшилтэт багаж зэвсэглэмж, техникээр хангагдсан гэсэн үг.
 
-Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг иргэдэд хүргэхэд хэрхэн хүлээж авдаг вэ. Иргэдэд анхааруулж хэлэх зүйл юу байна вэ?
 
-Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цаашлаад иргэдийн орон гэрт зөвшөөрлөөр нэвтэрч, ахуйн галын аюулгүй байдал нь хэрхэн хангагдсан талаар иргэдэд мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгч, илэрсэн ноцтой зөрчлийг газар дээр нь арилгуулж ажилладаг.
 
 
 
Цахилгаан хэрэгслээ залгаатай орхихгүй, гэмтэлтэй болон шаардлага хангахгүй цахилгааны утас, уртасгагч ашиглахгүй байх, шингэрүүлсэн шатдаг хий буюу газ ашиглахдаа аюулгүй байдлаа сайтар хангах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй, ил задгай гал түлэхгүй, үнс нурмаа битүү таглаа бүхий саванд хадгалж ачуулж байх зэрэг та бүхний мэдэж байх ёстой зүйлдээ ухамсартай хандаж өөрийн болон гэр бүлийн хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахаас гадна таны эд хөрөнгө үүнтэй салшгүй холбоотой гэдгийг дахин сануулж хэлмээр байна.
 
 
 
 
-Ой хээрийн түймэр гарсан үед иргэд санаачилгаараа гар бие оролцож хамт унтраалцах тохиолдол хэр байдаг вэ?
 
-Орон нутгийн болон томилгоожсон мэргэжлийн анги, сайн дурын иргэд ой, хээрийн түймэр унтраах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, иргэний үүргээ биелүүлж, мэргэжлийн байгууллагад дэмжлэг үзүүлж байгаа тохиолдол цөөнгүй байна. Үүнд бид бүхний зүгээс маш их талархаж, сайшаалтай байдаг. Гэхдээ тэр бүр иргэдийг дайчлаад түймэр унтраах үйл ажиллагаанд оролцуулах, аюулгүй байдлыг хангуулах, хүн нэг бүрийн хувцас хэрэгслээр хангахад асуудалтай. Ямар нэгэн байдлаар хувь хүн бэртэх, түлэгдэх эрсдэлээс сэргийлэн тэр бүр голомтод ажиллуулахыг хүсдэггүй. Учир нь, тухайн хүний аюулгүй байдлыг бас бодож байгаа юм.
 
 
 
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин