sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Алтай сумын хилийн цэргийн 0214 дүгээр ангиас оргосон байлдагч нарыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж буйг ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав өнөөдөр мэдээлэв. 
Тодруулбал, энэ сарын 8-ны 18.00 цагийн орчимд тус ангийн дөрөвдүгээр заставд манаанд гарч байсан байлдагч Х, М нар үүргээ гүйцэтгээд, харуулын байран дээр ирж ээлж солих явцад харуулын даргаа буудан хөнөөгөөд оргосон байна.  Хилийн харуулд хамт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Д, Т нар хилийн салбарын зүг зугтаж, энэ хэргийн талаар мэдээлжээ.
Оргосон байлдагч Х, М нар нь зэвсэглэсэн бөгөөд айлын мотоцикл дээрэмдэж, цааш зугтаасан байна. Үүнтэй холбогдуулан Говь-Алтай аймгийн цагдаагийн газар, тагнуулын байгууллага болон Алтай сумын отрядад байгаа ангийн бие бүрэлдэхүүн хамтран оргосон цэргүүдийг эрэн хайх ажиллагааг явуулж байгаа юм. Одоогийн байдлаар, Алтай сумаас 50 км-ийн зайд "Хонхор заг" гэх газарт унаж явсан мотоциклоо орхисныг нь илрүүлээд байна. 
 
Мэдээллийн дараа ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав сэтгүүлчдийн асуултад хариулав.
 
-Анх хэл дуулгасан хоёр цэрэг болсон явдлын талаар ямар мэдээлэл өгсөн бэ?
 
-Харуул дээр хоёр цэрэг үлдсэн. Харуулын дарга дарамталж байсан эсэхийг асуухад, тухайн хоёр цэргийн өгсөн мэдээллээр, тийм асуудал байхгүй, харуулын дарга нь харин ч цэргүүдтэй эвтэй харьцаж, шүлэг, яруу найраг уншдаг оюунлаг алба хаагч байсан гэх мэдээлэл өгсөн. Аймгаас гарсан цагдаа, прокурор, шүүхийн шинжилгээний бүлэг хэргийн газарт ажиллаж байна.
 
-Тухайн цэргүүд хаанаас цэргийн албанд татагдсан бэ?
 
-Оргосон хоёр цэргийн нэг нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат Х, нөгөөх нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат М гэдэг цэрэг. Ноднин намар 10 дугаар сард татагдан ирсэн. ХХЕГ-аас Отрядын хил хамгаалах байгууллага, бүх чиглэл нэгжүүдэд сэтгэл судлал хариуцсан офицерууд ажиллуулдаг. Сэтгэл судлалын тандалт, судалгаа, ганцаарчилсан уулзалтаар ямар нэгэн анхаарал татах шинж тэмдэг илрээгүй цэргүүд байсан. Ийм асуудал үүссэн шалтгааныг бид судалж байна. 
Ташрамд дурдахад, Хил дээр үүрэг гүйцэтгэж буй цэргүүд биедээ галт зэвсэгтэй, нэг цэрэгт 25 сум ногддог байна. Оргосон цэргүүд биедээ галт зэвсэг, 45 сумтай явааг тогтоогоод байна.
 
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг