сонин mn
“Бидний цөөхөн Монголчууд” төслийн санаачлагч М.Зоригтын “Эвийн хүч” ХХК-ы захирал Ц.Баярсайхантай хийсэн ярилцлага
 
“Бидний цөөхөн Монголчууд” төсөл та бүхнийг “Эвийн хүч” ХХК-ийн захирал Ц.Баярсайхантай уулзуулж байна. Та 1990-ээд оны үед хувийн хэвшлүүдээс анх удаа Монгол Улсад шатахуун импортолж байсан санагдаж байна?
 
Тийм ээ. “Эвийн хүч” гэж компани маань Монгол Улсад хувийн хэвшлүүдээс анх удаа шатахуун оруулж ирж байсан. 1992 онд шатахууны нөхцөл байдал хүнд байсан учраас тэр үеийн Хувийн эздийн холбооны Л.Нямсамбуу гуайн гарын үсэгтэй, Орос хэл дээр бичигдсэн бичгийг аваад, тухайн цаг үеийн боломжийг ашиглан, шатахуун оруулж ирж байлаа. Тухайн үедээ хувийн хэвшлүүдэд нилээн дэм болсон байх аа. 
 
Их зориг шүү. Тухайн үеийн Орос Улс ямар байсан билээ. Хүн бүр буутай, гранаттай явдаг байсан үе шүү дээ. Оросуудад “хулхидуулж” байв уу?
 
Аймшигтай байсан шүү. Тэр бүхэнтэй нүүр тулж явлаа. Хэцүү үе байсан. 1992 оны мөнгөний дефолтоор хойшоо мах гаргаад алдчихсан. Гэхдээ надтай наймаа хийж байсан Оросуудын буруу ч биш л дээ. Нэг доллар 6 рубль байснаа 36 рубль болчихоор Оросууд өөрсдөө ч уначихаж байгаа юм. 400,000 орчим долларын мах гаргасан байсан. Хөөцөлдөж явсаар талыг нь л олж авсан даа. Энэ нь эргээд бизнест маань их нөлөөлсөн. 
 
Та аль нутгийн хүн билээ? 
 
Би Улаанбаатарын унаган хүүхэд. Таван шарынх. Аав цахилгаан станцад, ээж маань эмч хүн байсан. Тэр хоёр маань Булган чигийн хүмүүс. Би бол Үйлдвэр комбинат, Таван шарын хооронд л өссөн дөө. 
 
“Таван шар”-д хир томоотой хүүхэд байв?
 
Томоотой хүүхэд байсан шүү. Хичээлдээ сайн, ангидаа хамгийн сайн сурдаг нь байсан. 10 жилээ төгсөөд Орос явж, Мод боловсруулах үйлдвэрийн инженер мэргэжил эзэмшсэн. Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуйд жилд л 200,000 куб.метр мод тайрч байсан. Одоо тэр гэм буруугаа тариа тарьж цагаатгах гэж оролдож байна. Гэхдээ Ерөөгийн мод бэлтгэл хажуудаа мод үржүүлгийн аж ахуйтай байсан. Тэр үед  нэг мод аваад хоёр мод тарь гэдэг зарчим үйлчилж байсан юм шүү. Мөн Монголд махны бизнесийг эхлүүлж байлаа. Шатахуунаар дамжаад Бор-Өндөрт мах комбинат барьж байсан. Мөн гахайн аж ахуй байгуулж байсан юм. 
 
 
 
 
Тухайн үед махны бизнес хийгээгүй хүн ховор байх шүү. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, “ЭсЖи”-гийн Сүхээ бид дөрөв Улан-Үүдийн Махкомбинатын дарга Морозовын үүдэнд мөнгөө нэхээд сууж байдаг байлаа...
 
Хэдийд нь миний хажуугаар гарчихав? Х.Баттулгад би орчуулагч хийгээд явж байсан. Б.Дэлгэрсайханыг анх мах гаргахад нь би гаргаж өгч байлаа. Мөн “Жаст”-ын Ш.Батхүү анх намайг дагаж махны бизнест орж байсан. Чи завсар зайгаар нь явж л дээ... Морозов ч айхтар луйварчин хүн дээ. Сүүлдээ үүдэндээ хамгаалалт тавьчихаад манийгаа оруулахаа больчихсон. 1992 оноос хойш 2007 оныг хүртэл ОХУ-руу махны бизнес хийсэн. Орос хэлний мэдлэгийнхээ ачаар харин гахай огт зөөгөөгүй. Л.Нямсамбуу даргын бичиг ч их тус болсон. Түүний ачаар би Оросуудыг итгүүлж чадсан тул надад лизингээр шатахуун өгсөн. Жилийн дотор нэг сая доллартай тэнцэх хэмжээний шатахуун оруулж ирсэн. Тухайн үедээ бараг Монголын анхны долларын саятан болсон байх. Тэр үед 1500 тонн шатахуун оруулж ирсэн хүн байгаагүй л дээ. 
 
1992 он гэхээр Монгол Улс маань юм юмаар дутагдсан хэцүү үе байлаа. Таныг шатахуун оруулаад ирэхэд улс баярласан байх даа?
 
Одоо тэр тухай ярихаар томорсон болчих юм болов уу?
 
Гэхдээ 1992 онд миний оруулж ирсэн шатахуунаар Улсын наадам хийж байлаа. Тодруулбал миний авч ирсэн шатахууны үлдэгдэл Толгойтод хадгалагдаж байсныг улс авч наадам хийж байсан. АИ-80 бензин байсан л даа. 
 
Газар тариалан руу хэзээнээс, яагаад орох болов?
 
1996 онд Бор-Өндөрт мах комбинат бариад, 1999 онд гахайн аж ахуй оруулж ирсэн. Тэгээд тэжээл хэрэгтэй гэдэг үүднээс санамсаргүй газар авч, сүүлийн хэдэн жил газар тариалантай холбогдоод явж байна. Одоо 1,000 орчим га-д тариалалт хийдэг. Хэнтийд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад  5-6 жил хүнд байсан. Сүүлийн 2 жил л газар тариалан эрхлэхэд гайгүй болж байна. 
 
Одоо өөр ямар бизнес эрхлэх бодолтой байна?
 
Одоо болсоон, Зоригоо минь. Хүнд хэмжээ хязгаар гэж бий. Үүгээрээ л болно. Ер нь уул уурхай руу ороогүй. Хөдөө аж ахуйтайгаа л зууралдаж ирлээ. Өмнө хэлсэнчлэн мод тайрсан нүглээ цайруулж явна даа. 
 
Энэ зуны онцлог шинжүүдийг дурьдвал?
 
Ерөнхийдөө  урьд өмнөхтэй адил шинжтэй л зун боллоо. Гэхдээ хавар бороо хур их орсон. Үүний  ачаар зуншлага сайхан болсон. 6 сарын эхэн гэхэд манай энд мал өвсөндөө цадчихсан, зун жигдэрчихсэн байсан. Дараа нь хэсэг бороо тасарсан. Гэхдээ ургацад айхтар нөлөөлөөгүй. Сүүлийн 2 жилд цаг агаарын байдал энэ нутагт анх 1980-аад оны үед САА байгуулж байх үеийн хэмжээнд очсон шүү. 1990-ээд оныхоос ялгаатай зүйл гэвэл бороо хур ихэнхдээ аадар бороо хэлбэрээр ордог болж. 
 
Сүхбаатар, Дорнод аймгаар явж тариаланчидтай уулзахад сүүлийн жилүүдэд болоогүй дэлгэр зун боллоо гэж шагшаад л байна. Та бол байдаг л зун боллоо гэх. Яагаад?
 
Ер нь бол ийм л байх ёстой учраас гайхаж шагшаад байх хэрэггүй болов уу. Газар тариаланд хамгийн гол нь зөв технологи л барих хэрэгтэй. Нөхцөл байдлыг маш сайн ойлгож дүгнэлт гаргаж чадвал болно. Газар тариалангийн хувьд хамгийн гол асуудал нь санхүүгийн байдал л байгаа шүү дээ. 
 
Атрын нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар аян боллоо. Одоо Атрын дөрөвдүгээр аян гэж үргэлжлэх бол илүү шинжлэх ухаанжсан, технологио сольж, байгаль дэлхийдээ ээлтэй хувьсгалын шинжтэй байх болов уу? гэсэн хүлээлттэй байна. Таны хувьд?
 
Газар тариалангийн салбарт 20-иод жил явж байгаагийн хувьд бодлогын чанартай ярих зүйлүүд бий. Юуны түрүүнд хүнсний аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй. Улаанбуудайн хувьд Сэлэнгэ аймаг харьцангуй гайгүй байх.Бусдыг нь мэдэхгүй. Ер нь улаанбуудайг хүчилж тарих хэрэггүй болов уу. Учир нь улаанбуудайн ургац тогтвортой дээшилж чадахгүй байгаа. Гэтэл хойд хөрш ОХУ улаанбуудайн хураалтаараа дэлхийд тэргүүлж байна. Бид ердөө жаахан ухаантай наймаа хийхэд л болно. Мах өгдөг ч юм уу. Тэр бүү хэл гар хоосон очоод шатахуун аваад ирж болж байсан юм. 
 
ОХУ бидэнд шатахуун өгөхгүй гэсэн. Би тухайн үед худлаа биз гэж бодож байсан. Гэтэл үнэхээр өгсөнгүй. Одоо бид үнээ нэмээд, бүсээ чангалаад байж байна. Тариа будааныхаа дутууг ОХУ-гаас авдаг байсан. Гэтэл шатахуунтай адил өгөхгүй гэвэл яах билээ?
 
Өгнө. Өгөлгүй яахав. Би ОХУ-руу яваад шатахуун аваад ирж ч болно. Гэхдээ нэгдүгээрт хэдхэн монополь компани бариад авчихсан, тусгай лицензтэй болчихсон. Түүнээс биш бид очоод яриад авч чадна. Намайг 1992 онд шатахуун яриад явж байхад манай улсын хэрэгцээ жилийн 300,000 тонн байсан. Одоо нэг сая тонн хүрсэн. Тэр үед Эрхүү муж наадхаас чинь илүү хэрэглэдэг гээд инээгээд зогсож байсан шүү дээ. Тэгэхээр бидний хэрэглээ айхтар их биш. 
 
Эх оронд хэрэгтэй бол та ОХУ-руу явна биз дээ?
 
 
Залуучууд явна биз дээ, Зоригоо минь. Одоо тэгж социализмын үе шиг улаан туг бариад урд нь явна гэж байхгүй байх. 
 
 
Хэнтий аймгийн төвөөс 30 км зайтай Канад технологийн газар тариалан эрхэлж байгаа аж ахуй байна. Энэ талаар юу гэж бодож байна? Ер нь бид ямар технологиор тариалалт хийдэг юм бэ?
 
Бид нар одоо Орос ч юм уу, Хятад ч юм уу? мэдэхээ больсон шүү дээ. Канадууд биднээс дэндүү хол, дээрээс нь би Англи хэлгүй учраас сайн мэдэхгүй байна. Цаг агаарын хувьд их адилхан гэж ярьдаг боловч миний бодлоор арай өөр байх. Учир нь Канад бол далайтай ойр байдаг орон. Цаг уур арай зөөлөн байх ёстой. 
 
Сэлэнгийн Зүүнбүрэнд байдаг н.Чадраа гуай бас Канад технологиор тариалалтаа хийж байсан. Эргэлтийн талбай гэж байхгүй, 5,000 га дээрээ л жил бүр тарьдаг гэж байх юм?
 
Би ч бас тийм бодолтой байгаа. Эргэлтийн талбай гээд хагалаад, хоосон газар салхинд хийсгэж байх хэрэггүй болов уу. Гэхдээ үүнийг шийдэхийн тулд сайн бордоо хэрэгтэй, жил болгон тарья л гэж бодож байгаа бол. Хоёрдугаарт хөрсөө хамгаалах хэрэгтэй. Хамгийн гол асуудал бол хаврын салхинд хөрсөө алдчихгүй байх хэрэгтэй. 
 
Мал аж ахуйг эрчимжүүлнэ гэж ярьдаг. Тооноос чанарт шилжүүлнэ гэдэг шиг газар тариалан дээр энэ асуудлыг ярих, хийх цаг нь болчихсон юм биш үү?
 
Хийх ёстой. Тийм зүйл хийж байгаа хүмүүсээ сайн сурталчлах хэрэгтэй. Туршлагыг нь сайн судлах хэрэгтэй. Гэхдээ газар газрын нөхцөлд нь тааруулах хэрэгтэй. Ургац алддаггүй гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Тэр чинь тухайн газар нь микро орчинтой байдагтай холбоотой юм. Цаг агаарын нөлөө, голын нөлөөлөл, орчны нөлөө зэрэг их чухал. 
 
Шинэ арга технологиор тариалалт хийж байгаа газруудаар явж үзэх бодол бий юу?
 
 Явж үзнэ ээ. Газар тариалан эрхэлдэг бусад хүмүүстэйгээ нийлээд явж үзье гэж яриад байгаа. Би бас гайхаад байгаа юм. Ямар учиртай арга технологи юм бол гээд. Чихэнд сонсогдож байгаагүй тоо сонсогдоод байна. Яг тэр газар орчиндоо тохирсон технологио бариад авч чадаж уу. Тэр нь бүгдэд нь таарах уу, үгүй юу гэдэг асуудал бий. Учир нь уулын ар өвөр хоёр хүртэл унаж байгаа чийг нь өөр шүү дээ. Сэлэнгийн Товхонхан гэх мэт зарим газрууд бараг хэдэн зуун жилээр судлагдчихсан. Тэнд Хятадууд ногоо тарьдаг байсан. Агаараас харахад Хятадуудын хийж байсан ногоо услах усалгааны систем харагддаг. Тиймэрхүү голын сав дагуу газрууд бол өөр л дөө. 
 
 
Танай аж ахуйд энэ жил хүн хүч хэр их хэрэгцээтэй байгаа вэ?
 
Хүн хүч их хэрэгтэй байна. Нийтдээ арваад хүнтэй ажиллах болов уу. Хамгийн гол нь мэргэжлийн хүн байхгүй болчихоод байна. Үтрэм дээр ажиллах хүн олдчих байх. Яг комбайн бариад явах ч гэдэг юм уу, тийм хүмүүс тааруу байна. 
 
Түмэнцогт суманд н.Батмөнх гэж тариаланчийнх газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулж ажиллаж байхтай таарлаа. Малчид нь малаа маллаад, трактор комбайнаа ч барьчих юм. Жилийн дөрвөн улирал комбайн барихгүй учраас энэ нь бас зөв ч юм шиг?
 
Соёл иргэншил рүү ойртож байгаа шинж л дээ. Америк, Канад ч тийм шүү дээ. Нэг комбайнч байнга хажуудаа байлгаад байхаас илүү олон мэргэжилтэй хүн ажилладаг. Тариагаа хураахдаа урдаасаа хойшоо хураадаг. Америкийн хөдөө аж ахуй ч хүнээр их дутмаг. Дандаа гаднаас комбайнчин авдаг. Монголоос ч комбайнч авмаар байна. Ажиллах хүн байна уу гэж асууж байсан шүү дээ. 
 
Сайхан яриа дэлгэж, дурсамж сэргээсэнд тань баярлалаа. Үргэлж арвин ургацтай байх болтугай гэж ерөөе.
 
Та бүхэнд ч бас баярлалаа. 
 
Ярилцсан: М.Зоригт
Бичгийн хэлбэрт оруулж, сийрүүлсэнSonin.mn сайт, М.Чойжал