сонин mn
 “Бидний цөөхөн Монголчууд” төслийн санаачлагч М.Зоригтын Улсын аварга тариаланч Д.Батболдтой хийсэн ярилцлагыг хүргэж байна.
 
Өнөөдөр та бүхнийг Монгол Улсын аварга тариаланч Д.Батболдтой уулзуулж байна. Сайн байна уу, та?
 
Сайн байна уу? Манай Эрдэнэтчүүд бол намайг тариаланч гэхээсээ илүү “Морины” Батболд гэдгээр нь мэднэ. Эрдэнэтийн хурдан морины уралдааныг 20 гаруй жил тайлбарлаж байгаа, алдарт уяач хүн л дээ. Гэхдээ гол ажил маань газар тариалан. 
 
Та аль нутгийн хүн билээ?
 
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат. Нутгаасаа 1973 онд сургуульд сурах гэж анх гарсан. Тариат сумын 10 жилийн сургуулийг төгсөөд, ХААИС-д 5 жил сурсан. ХААИС төгсөөд Улаан Толгойн САА-д эхнэр маань эдийн засагчаар, би инженерээр томилогдож ирсэн юм.
Эхнэр маань Ховд аймгийн Чандмань сумынх. Гэхдээ Өвөрхангай аймагт өссөн. Бид хоёр Улаан Толгойдоо их олон жил ажиллаж, амьдарсан даа.
 
Газар тариалангийн мэргэжлийг та өөрөө сонгов уу? Аав ээжийн зөвлөгөөг дагав уу?
 
Төрсөн өдрийн төөрөг гэдэг шиг анхнаасаа миний өөрийн сонголт байсан. Газар тариалангийн салбарт хувь заяагаар холбогдсон. Аав маань ч хөдөө аж ахуйн мэргэжилтэй хүн ямар ч үед хоолтой унтдаг гэж хэлдэг байсан. 
 
Аав тань юу хийдэг хүн билээ?
 
Аав маань энгийн л малчин. Би чинь 14 хүүхэдтэй айлын дундах нь. 
 
Танай гэр бүлээс газар тариалангийн мэргэжилтэй хэдэн хүн байна?
 
Гурав, дөрөв нь газар тариалангийн салбарт ажиллаж байсан шүү. Намайг дагаад ажиллаж байсан. Нэг эрэгтэй дүү маань, бас нэг эмэгтэй дүү маань гээд. Одоо ч ажиллаж байгаа нь ч бий. 
 
Аав ээж тань миний хүүхдүүд  газар түшвэл сайн явна гэж харж дээ?
 
Тэгэлгүй яахав. Би 5 хүүхэдтэй. Тэднээс маань том хүү удам залгасан тариаланч болсон. Өөрийн компаниа байгуулаад, 1000 шахам га газарт үр тариа тариалаад явж байна. Нэг хүү, нэг охин маань банкны мэргэжилтэй. Нөгөө хоёрын маань нэг нь эрх зүйч, нөгөө нь барилгын мэргэжил сонгосон. 
 
Ач зээ нараас газар тариалангийн салбарт дурлах юм уу?
 
Том хүүгийн маань хоёр хүүхэд их дуртай шүү. Ялангуяа том хүү нь одоо 10-р ангид сурдаг юм. Тэр ач маань комбайныхаа компьютерийн бүх тохиргоог хийнэ. Трактораа бариад хороо цацна. “Ковид-19” гээд сургууль танхимаар хичээллэхгүй байгаа учраас тариалангийн талбай дээрээ л ажиллаж байна. 
 
 
Та хүүхдүүдийнхээ тухай ярихаараа хөөрөөд л, маш их жаргалтай байгаа ажиглагдлаа?
 
Тэгэлгүй яахав. Хүүхдүүд мэргэжлийг маань өвлөж аваад, сайхан ажиллахыг харах үнэхээр бахархмаар. Мөн техник технологи хөгжиж байгаа үед газар тариалангийн ажлаа технологийн хөгжилтэй хослуулаад авч явж байгаа нь маш сайхан юм даа. 
 
Та газар тариалангийн салбарт хэдэн жил ажиллаж байна?
 
Би ХААИС төгсөж ирээд л ажиллаж эхэлсэн. Энэ жил 42 дахь намрынхаа ургацыг хураах гэж байна. Анх засварын инженерээр ажиллаж эхэлсэн. Мөн эндээ намын дарга болж нэг үзсэн. Манай Улаан Толгойд том ферм байдаг байсан. Фермийн тэжээлийг бэлдэх асуудалд хүндрэл үүсээд, намын даалгавраар түүнийг нь шийдэх гэж хоёр жил ажилласан. Тэнд ажиллах хугацаандаа улсаас зохион байгуулдаг болзолт уралдаануудад хоёр жил дарааллан түрүүлсэн. Эхний жилдээ 27,000 тонн дарш бэлдэх төлөвлөгөөг 38,000 тонн бэлдэж давуулан биелүүлж байлаа.
 
Төрийн ямар ямар шагнал хүртэж байв?
 
1997 билүү, 1998 онд Алтан Гадас одонгоор шагнуулсан. Мөн Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугийн Одонгоор мөн шагнуулсан. Тухайн жилд Эрдэнэт хотод гурван хүн л “Алтан Гадас” одон авч байлаа. Төрийн одон, медалийн шалгуур тухайн цагт өөр байсан шүү.  
 
Тэр үеийн та бүхэн маань л өнөөдрийн энэ газар тариалангийн хөгжлийг эхлүүлсэн шүү дээ. Монгол Улс мал аж ахуйн орон байсан бол одоо газар тариалан үнэхээр сайн хөгжиж байна?
 
Газар тариалангийн хөгжлийг дагаад хөнгөн үйлдвэр олноор байгуулагдаж байна. Түүнийг дагасан олон ажлын байр улс оронд бий болж байна шүү дээ.
 
Таны хувьд 42 дахь жилдээ ургац хураах гэж байна. Жил бүр л өөрийн гэсэн онцлогтой байдаг байх. Энэ жил ямар онцлог ажиглагдаж байна?
 
Энэ жил хур бороо ихтэй. Цаг агаар ч таатай. Ургац маш сайн байна. Гэхдээ хүнсний ногооны хувьд зэрлэг ургамал их ургаж, ажиллагаа нилээн шаардаж байгаа. Будаа өндөр ургаад налалт үүсэх тал мөн ажиглагдаж байна. Болц оройтох гэдэг ч юм уу хүндрэлтэй тал бас үүсэж байна.
 
Ургац сайн хэдий ч нөгөө талдаа ийм эрсдэл үүсэж байна. Үүнд зохицож бэлтгэл хийх шаардлагатай. 
 
42 жилийн туршлагатай хүн энэ зэргийн бэрхшээлийг шийдвэрлээд, ард нь гарчих байх. Үүнээс өөрөөр энэ жил таны санааг зовоож байгаа асуудлууд юу байна?
 
Техникийн бэлтгэл сайн хангагдсан. Ер нь техник маш сайн хөгжиж байна. Өнгөрсөн жил хүү маань 1000 гаруй га газарт ургасан тариаг 7-8 хоногт л бүрэн хураачихсан. Тэгэхээр техник тал дээр санаа зовох зүйлгүй. Нөгөө талдаа налалт үүсэх, будааны чанар бага зэрэг муу буюу хорчгор будаа гарах магадлал бас бий. Үүнд л бага зэрэг санаа зовж байна. Тийм учраас будааны чийг арилгаж хатаах, салхи оруулах зорилгоор талбайгаа захлаж янзлан бэлдэж байгаа. 
 
Яг ийм тохиолдолд салхи оруулах хэрэгтэй гэдгийг ном сурах бичигт бичиж заасан байдаг юм болов уу? Эсвэл 42 жилийн туршлагын үр дүнд бий болсон арга уу?
 
Ном сонин дээр бичсэн зүйл ч ховор доо. Олон жил ажилласан туршлага л юм. Түүнээс яг сурах бичиг дээр нарийвчилж бичсэн зүйл байхгүй шүү дээ. Манайхан нэг хэсэг зөвхөн сурах бичгээр явах гэж оролдсон үе бий. Дараа нь сурах бичгээ орхиод, шинжлэх ухаанаа ч хаячихаад “Өнөөдөр яах вэ? сайн өдөр мөн үү?” гэж асуугаад л, “Бороо хур оруулж өгөөч” гэдэг ч юм уу, лам хуврагаар шийдүүлэх гэж оролдож байсан. Уул овоогоо тахих аргадах зүйл бол бид угаасаа л тэнгэр эрхсийн дор амьдарч байгаа учраас байлгүй яахав. Тэнгэр эрхэсийн нөлөөлөл их байдаг учраас түүнийг аргадах зан үйл бол байна. Нутаг усаа дээдлэж шүтэх бол Монголчуудын уламжлал шүү дээ. Энэ бол байх асуудал. Гэхдээ хэт их туйлшрах юм бол энэ нь буруу болчихно.
 
БНХАУ-д очоод тариалан эрхэлдэг залуутай уулзсан юм. Тэгэхэд энгэртээ нэг үзэг зүүчихсэн явна. Түүнийгээ гаргаж ирээд газарт хатгаад, тэдэн см гүнд тэдэн хэмтэй байна гэж яриад л... Хөрсний дулаанаа хэмжээд одоо тариалахад болох нь гэдгээ мэдчихдэг. Тэгээд түүнийг хараад ламаас асуух биш, шинжлэх ухааны хөгжлийг зөв ашиглаад явах нь илүү үр дүнтэй юм байна гэж бодсон. Дээр үед хуруугаа газарт зоож үздэг байсан л даа. Хуруугаа тултал хийхэд үзүүрт дулаан мэдрэгдэж байна. Хөрсний дулаан тэд орчим байна гэдэг ч юм уу. Тийм барометр шиг болчихсон хуруунуудтай тариаланчид ч нэлээн байсан. Энэ мэтчилэн мэдрэмж, туршлага бол аль ч сурах бичиг дээр байхгүй шүү дээ. Үүнийг амьдралаас л сурч байгаа юм. 
 
 
Энэ жилийнх шиг ургацыг өмнө нь хэдэн оны үед хурааж байв?
 
Энэ жилийн төлөв байдал, ургацын гарц 1990 оны үеийн багцаанд л очих болов уу? 1990 онд Ш.Гунгаадорж гуай Монгол Улсын Ерөнхий Сайд байхад Монгол Улс түүхэндээ хамгийн их ургац буюу 700,000 гаруй тонн будаа хурааж авч байсан. Төв цэнгэлдэх хүрээлэнд хүртэл дүүрэн будаа хураачихсан байсан. Тэр үеийнх шиг жил болох болов уу гэж горьдож байна. 
 
Нээрээ тийм шүү дээ. Би бас саналаа. Стадион дүүргээд будаа асгачихсан байсан шүү дээ?
 
Тийм, тийм. Тэгээд би бодож байсан. Амьдрал мэддэг, өөрөө тухайн ажлыг хийж үзсэн, агрономич хүн Ерөнхий Сайд болоод үнэхээр тухайн салбарт үр дүн гарч гэж.  Хаврын зөвлөгөөн дээр өөрийн биеэр ирээд, ингэж тарих ёстой гээд л... Өөрийн биеэр тариан талбай дээр очиж үздэг ийм хүн байсан даа, Ш.Гунгаадорж гуай.
 
Таны яриаг сонсоод нэг зүйл санаанд орлоо. Нэг жил айхтар хүнд өвөл болоод, юм тасарчих гээд байж л дээ. Тэгэхэд Улаанбаатар хотыг дулаанаар хангах, гэрэл цахилгаанаар хангах үүрэгтэй Налайхын уурхай дээр Сайд нь өөрөө оччихсон хоол хийгээд, өглөө оройд уурхайчдаа үдэж оруулаад, гарч ирэхэд нь тэвэрч аваад л... Ингээд 45 хоносон байгаа юм. Тэгэхээр хуучны хүмүүсийн ажлын төлөө санаа зовдог, өөрөө ханцуй шамлаад ордог хандлага мундаг байжээ...
 
Тийм шүү. Үнэхээр хийж чадаж байгаа хүмүүсээ урамшуулдаг. Тэр хүмүүсээ түшиж, даалгавар өгдөг. Дараа нь үр дүнг нь тооцож, бусдад нь хийсэн зүйлийг нь сурталчилдаг. Ийм хандлага бол их байсан. 
 
Та тийм сайхан үед хүмүүжиж, дадлагажин, төлөвшсөн байна. Тэгэхээр танаас гэрэл гэгээ л цацрана. Одоогийн залуус, таны хүү, хүүхдийн хүүхдүүд дээр ямар ялгаа ажиглагдаж байна?
 
Нийгмийн чиг хандлага өөрчлөгджээ. Бидний үед иргэн хүн төрийн өмнө үүрэгтэй байсан. Төр мөн үүрэгтэй байсан. Өнөөдөр энэ нь байхгүй болчихлоо. Төр иргэн хүний аюулгүй орчинд ажиллах, амьдрах орчин нөхцлөөр, аюулгүй хүнсээр хангахын төлөө үйл ажиллагаагаа зориулж байсан. Иргэн хүн төрийн өмнө ажилтай байх, гэр бүлээ авч явах үүргийг хүлээдэг байсан. Гэтэл өнөөдөр төр иргэн хүнд бүхнийг хийж өгөх ёстой мэт боддог болж.
 
Зарим залуус 30, 40 настай бидэнд төрөөс хоолны талон, тэтгэмж өгч байхад 70 хүрч байгаа та ажил хийж яах юм бэ? Төрөөс тэтгэвэр, тэтгэмж аваад зүгээр суугаач. Бид нар энэ тэтгэмжээр хоёр идэхгүй, хоосон хонохгүй болоод байна гэх ухааны юм ярьдаг болчихож. Өнөөдрийн иргэддээ хандаж байгаа төрийн чиг хандлага огт өөр болж. Монгол хүн Монголоороо үлдэе гэвэл өөрөө өөрийнхөө амьдралыг авч явдаг тэр сэтгэхүйг суулгах шаардлагатай. Үүнийг заавал хийх ёстой. Үгүй бол Монгол хүн Монголоороо үлдэж чадахгүй. 
 
Өнөөдөр олон залуучууд найз нөхдөөрөө, гэр бүлээрээ, байгууллагаараа ургац хураалтанд ирж оролцоё гэдэг санал, санаачилга гаргаж байна. Энэ нь таны яриад байгаа зүйлийн эхлэл мөн үү?
 
Тэгэлгүй яахав, яах аргагүй мөн. Яагаад гэвэл хүнсний аюулгүй байдал гэдэг бүх нийтийн үйл хэрэг байх ёстой. Аюулгүй хүнсээр хангана гэдэг бол төрийн нэг том үүрэг. Тэр үүргээ биелүүлэхийн төлөө бүгдийг дайчилдаг байсан. Цэрэг, оюутнууд, сурагчид гээд л... Тэр байтугай намрын ургац хураалтын үед өрөөндөө сууж байдаг албан хаагч гэж байдаггүй байлаа шүү дээ. Бүгд л тариан талбай дээр гардаг байсан.
 
1977 онд Зүүнхараагийн САА-д байхад Хөдөлмөрийн баатар Ц.Цэрэн-Очир Зүүнхараагийн ургацын штабыг удирдаж байсан. Нэг өглөө 06 цагт хүрч ирээд та нар 06 цаг болж байхад унтаж байдаг. Хэзээ ундаа ууж, хэзээ ажилдаа гарах юм бэ? Намрын шар нартай үед ургацаа хурааж авахын төлөө гэгээтэй уралдаж ажиллах ёстой. Үүний төлөө та нар явах ёстой. Энэ бол иргэдээ хүнсээр хангах үйлсэд оруулж байгаа та нарын хувь нэмэр гэж ярьж байсан. Энэ мэтчилэн оюутан залууст яриа их хийдэг байсан. Дараа нь намар ургацын үйл ажиллагааг дүгнээд ХААЯаман дээр хурал хийж байхад Төв аймгийн нэг оюутан хүүхэд, бид хоёрт яамнаас сайшаалын үнэмлэх, 50 төгрөгтэй өгч байгаа юм. Түүнийг нь аваад би үнэхээр хүнс бэлтгэх үйлсэд хувь нэмрээ орууллаа даа гээд баярлаж л байсан. 
 
Таны ярьж байгаа зүйлс өнөөдөр маш чухал ач холбогдолтой гэж ойлгож байна.  Улаанбаатарын оршин суугчид “Ковид-19” гээд 2 жил гэрээсээ гарч чадсангүй. Хятадаас хүнсний ногооны дутуу хэрэгцээгээ хангах эсэх нь хил гаалиас хамаараад эргэлзээтэй байна. ОХУ-аас буудайн дутуу хэсгээ авч чадах нь уу, үгүй юу? Гэтэл нөгөө талаас байгаль, эх дэлхий маань буян хишгээ хайрлаж энэ сайхан зуныг, энэ сайхан арвин ургац өгч байгаа үед бид бүх нийтээрээ ханцуй шамлаад орох ёстой юм болов уу. Үүнийг л залуустаа ойлгуулах гээд л тантай, та бүхэнтэйгээ уулзаад яваа юм. Ер нь бүх нийтийн үйлс гэдгийг зөв ойлгуулж,  манлайлах ёстой юм болов уу?
 
Тийм ээ. Тэгж байж Монгол Улс хөгжинө. Хүнсээ өөрөө хангаж байж л урагшлана гэхээс биш ,бусдад даатгачихаад, хэзээ өгөх бол гээд сууж болохгүй. Нэг л өдөр хилээ хаахад хүнсний асуудалд хүндрэл үүсч байна шүү дээ. Тиймээс л хуучин нийгэмд хүнс бол бүх нийтийн үйлс байх ёстой гэж шийдвэр гаргаад, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө бүх хүндээ ойлгуулж, энэ ажилд оролцох нь бүх нийтийг хүнсээр хангахад оруулж буй том хувь нэмэр гэж ойлгуулж ярьдаг байсан. 
 
Таны хэлсэнчлэн чанар маш чухал. Ургац их, мөн будааны чанар муу гарах магадлал өндөр байгаатай холбоотойгоор өмнөх жилүүдээс илүү хүний гар ажиллагаа маш их хэрэгтэй болох нь гэж ойлгож байна. Танай аж ахуй дээр жишээлбэл хэдэн хүн ажиллах хэрэгцээ гарч байна?
 
Манай тариалангийн талбай дээр 20 орчим хүн ажиллах шаардлагатай. Манай хүү дээр бас 20 шахам хүн ажиллана. Ингээд 40 гаруй хүн ажиллах хэрэгцээ гарах жишээтэй. 
 
Энэ 40 хүнийг өмнө нь яаж олж ажиллуулдаг байсан бэ?
 
Танил тал, ах дүү нарынхаа хүүхдүүдийг гуйна. Цэргийн хүүхдүүд гуйна.
Гэх мэтчилэн янз бүрээр л үзнэ. Ямар ч байсан болгоод л байдаг. Энэ жил “Ковид-19” гээд цэргийн ангиуд ажилд гарахгүй байгаа юм байна. Гэхдээ цаанаас нь хуваарь гаргаад, Орхонд байгаа 2 цэргийн ангийн нэгийг нь Орхон аймагт байгаа газар тариалангийн газруудад ажиллуулах юм шиг байна. Үүн дээр нэг зүйл хэлэхэд гадуур худал мэдээлэл яваад байна. Энэ нь юу вэ? гэхээр ажилгүй хэдэн хүн байна гээд л.
Үүнд би их шүүмжлэлтэй ханддаг юм. Сүүлийн үед цүнх баригч гээд нэр томьёо хүртэл бий болчихож. Ийм хүмүүс худал мэдээлэл их дамжуулаад байгаа юм шиг ээ... Нэг багийн засаг дарга манайд хэдэн ажилгүй хүн байна гээд бичээд өгчихдөг. Яг газар дээр нь очихоор завтай хүн нэг ч байдаггүй. Ажилд хүн авья гэхээр Орхон аймагт төчнөөн ажилгүй хүн байна, тэндээсээ ав гэдэг. Гэтэл хүн олддоггүй. Бүгд ажилтай, завгүй. Иймэрхүү системийн гажигт орчихсон буруу зүйл яваад байна. 
 
Жишээ нь тариа ногоо хураах ажилд гэр бүлээрээ явмаар байна. Бид нийлээд наймуулаа байна. Аав  ээж, ахлах ангийн 2-3 хүүхэдтэйгээ ажилламаар байна гэж надтай ярьж байна. Хүүхэд энд ирээд нэмэртэй юу? Хөдөлмөрийн үр шим, хөлсөө урсгахыг, гэр бүлийн халуун харьцааг мэдрэх гэх мэт ямар сайн нөлөөтэй юм бол? Гэр бүлээрээ ирээд тэвш дүүрэн ногоотой харьж ч болох нь байна шүү дээ?
 
Тэгэлгүй яахав. Ажлынхаа хөлсний тодорхой хувьд өөрсдийн гараар хураасан ногоо цагаагаа хямд үнээр авахаар тохироод ирж болно. Үнэхээр ажил хийе гэсэн хүн байх юм бол бид аль болохоор дэмжихийг боддог. Байр сууц, хоолоор нь хангана. 
 
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхантай уулзаж ярилцсан. Тэгэхэд яамны зүгээс тариаланчид, хөдөлмөр эрхлэгчдийг хооронд нь зуучлаад, хуулийн хүрээнд гэрээг нь хийж өгөх ажлыг зохион байгуулья гэж байна. Энэ бол одоо үед яг хэрэгцээтэй зүйл юм болов уу?
 
Тэгэлгүй яахав. Манай Улаан Толгойнхон бол багаасаа ажил хийгээд сурчихсан, маш хөдөлмөрч хүүхдүүд байдаг. Дунд сургуулийн сурагчид нь ч гэсэн ялгаагүй. Эрдэнэтээс заримдаа 20, 30-тай залуучууд авчраад ажил хийлгэх үе байна. Гэтэл тэд нар манай сургуулийн хүүхдүүдээс дор байх жишээтэй. Ирээд баахан юм нэхээд л... Эсвэл би хэдэн цаг ажиллачихлаа, амармаар байна, явмаар байна гээд л...
Тэгэхээр бас нэг талдаа бид нар цаг нартай уралдаж байгаа үедээ бэлэн юм нэхээд байх биш, ажил хийгээд сурчихсан, дадлагатай хүмүүсээ авч ажиллуулах сонирхол илүү. 
 
Таны хэлсэн шиг зүйлийг Төв аймгийн Жаргалантад ногоо тарьж байгаа нэг залуу бас ярьж байна. Ирж ажилласан хүмүүстээ ажлын хөлсний тодорхой хувийг нь хүнсний ногоогоор нь өгье, бөөний үнээр нь шүү. Мөн ирэх хаврын хэрэгцээнд нь хадгалж байгаад явуулья гэж ярьж байсан. Энэ бол тухайн айлд нилээн дэмжлэг болох зүйл мөн биз?
 
Тийм ээ. Бидэнд ч Эрдэнэт оруулаад зарж байснаас газар дээр нь өгчих нь илүү төвөг багатай. Одоо ч гэсэн талбай дээрээсээ өгч л байдаг юм. Төр халамжийн бодлогоо багасгаад, иргэдээ ажилтай болгох талаас нь анхаараад өгөх хэрэгтэй байгаа юм. Хөдөлмөр эрхэлж байгаад нь илүү өгдөг болох ёстой.
 
Төрийн албан хаагчид ч гэсэн адилхан. Улаан Толгой сүүлийн хэдэн жил улсад хамгийн их ургац авч байгаа. Гэтэл манайхыг хариуцсан, газар тариалан эрхэлсэн ажилтан нь бусад газрын ажилтнуудтай адилхан цалин авч байгаа шүү дээ. Гэтэл тэр хүмүүсийн үүрэг оролцоог төр үнэлээд илүү урамшуулдаг болчихвол бусад нь дагаад толгойгоо ажиллуулна. Нөгөө хүмүүс маань ч өвөл зүгээр суухгүй. Хаврын ажлаа бодоод, яаж илүү ургац авах вэ? гэдэг тал дээр бидэнтэй ажиллана. Тэгэхээр төрийн албан хаагчийн цалин хөлсний системийг ч өөрчлөх хэрэгтэй юм болов уу. Тэгвэл төрийн албан хаагчид нь ч ажилдаа сэтгэлээ зориулдаг болох байх аа. Одоо бол хэн дарга нартаа тал засаж байна, тэр нь  л сайн явж байна шүү дээ. 
 
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг дарга албан хаагчидтайгаа хамт амралтын өдрөөр тариан талбай дээр ажиллаад, олсон орлогоороо өөрсдөдөө хөрөнгө оруулна гэж ярьж байна. Таны сая шүүмжилсэн дарга нарын зарим нь өөрсдөө ийм санаачлага гаргаад эхэлсэн байна шүү...
 
Сайн байна. Ийм хүмүүс л олшроод байвал Монгол Улс маань хөгжинө.
 
 
 
Монголоо хөгжүүлэхийн тулд төр ч бай, хувийн хэвшил ч бай дээр дооргүй хүмүүсийн сэтгэхүй өөрчлөгдөх хэрэгтэй. Тийм учраас нэн тэргүүнд төрийн зүгээс хүмүүсийн сэтгэхүйг өөрчилж, үйлдвэржилт, баялаг бүтээгч бий болгох, хөдөлмөрлөж байгаа хүмүүсээ үнэлдэг болох ёстой.
 
 
 
Энэ систем рүү орох ёстой болов уу. Тэгж байж Монгол Улс өөрийнхөө  хэрэгцээг хангах чадалтай болно. 
 
Маш их баярлалаа. Тантай ярилцаад их урам авлаа. Үнэхээр л таны хэлснээр нийтээрээ хөдөлчихвөл үр шимийг нь маш сайн мэдэрнэ. Үр шимийг нь мэдрээд эхэлчихвэл цаашдын хандлага нь бүр ихсээд ирэх юм болов уу?
 
Тэгэлгүй яахав. Үүнийг сайн сурталчлаад, санаачлага гаргаж байгаа хүмүүсийн хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлээд түүнийгээ олонд таниулаад байх юм бол олон нийтэд хүртээл болж таарна. 
 
Танд баярлалаа. Ургац арвин байг. Эрүүл байж, урт удаан наслаарай. Үр хүүхдүүддээ, нутаг усныхандаа олон жил хань түшиг болж яваарай гэж ерөөе.
 
Баярлалаа.
 
 
 
Ярилцсан: Мөнхчулууны Зоригт
 
Гэрэл зургийг: Ц.Нямдорж
 
Бичгийн хэлбэрт оруулж, найруулсан: Sonin.mn сайт