сонин mn
УИХ-ын гишүүн асан, “Мөнхчулуун” сангийн тэргүүн, “Бидний цөөхөн Монголчууд” төслийн санаачлагч М.Зоригтын Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржантай хийсэн ярилцлагыг толилуулж байна.
 
Дөрвөн жилийн өмнө “Бидний цөөхөн Монголчууд” төсөл Баян-Өлгий аймагт ажиллаж байхад та Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга байсан, харин өнөөдөр ирэхэд Баян-Өлгий аймгийн Засаг дарга болчихсон байна. 4 жилийн өмнөх Д.Бауыржан маань зан ааш нь яг л хэвээрээ байна. Харин их завгүй болж. Ажил үйлс нь өөдрөг үү?
 
Одоогоос яг 4 жилийн өмнө танай “Бидний цөөхөн Монголчууд” төслийн баг Баян-Өлгий аймагт, Алтай таван богдод ирж ажиллаж байсан. Тэр үед “Бидний цөөхөн Монголчууд” төсөл, манай аймгийг олон нийтэд таниулах ажлууд Баян-Өлгий аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд маш том тус дэм болсон. Манай нутагт сайхан зун боллоо. Миний хувьд ажлаа аваад нилээдгүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хийсэн ажлын маань 70 гаруй хувь нь “Ковид-19”ын халдвартай тэмцэх ажил байсан. Өнгөрсөн өвлөөс хойш л энэ өвчинтэй тэмцэж байна. Гэхдээ энэ өвчин удахгүй арилах байх. Тэр үед “Бидний цөөхөн Монголчууд” төсөл Монгол орны маань хамгийн сайхан, онгон дагшин байгальтай энэ нутаг, ард түмний маань соёл уламжлалыг дэлхийд түгээж ажиллана гэдэгт итгэж байна. 
 
Ховд аймгаас Баян-Өлгий хүрэх автозам үнэхээр сайхан болжээ. Эргэлт, халтиргаа гулгааг тооцож хийсэн байгууламжууд гээд үнэхээр сайн бүтээн байгуулалт болсон байна. Энэ замын үр өгөөж Баян-Өлгий аймагт, нутгийн иргэдэд ямар нөлөө үзүүлж байна?
 
Зам гэдэг маань өөрөө маш том дэд бүтэц. Та Зам Тээврийн Сайд байсан хүн мэдэж байгаа байх. Зам гэдэг холыг ойртуулдаг, ажлыг хөнгөвчилж, цаг хугацааг хэмнэдэг. Монгол Улс маань бүх аймгуудаа босоо тэнхлэгийн замаар холбож чадлаа. Ховд, Баян-Өлгий аймгууд уржнан жил засмал замаар холбогдсон. Өмнө нь ямархуу бартаатай, ямар муу зам байсан гэдгийг та мэднэ. Уг шинэ замыг БНХАУ-ын компани сайн зураг төсөлтэйгээр, стандартын дагуу барьж гүйцэтгэсэн. Коронавирусээс шалтгаалж хил гааль хүндэрсэн үед бүх хүнсээ Улаанбаатар хотоос авч байна. Хүнсний аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Өмнө нь хүнс Улаанбаатараас бараг замдаа хугацаа нь дуусахаар буюу 7-10 хоногт ирдэг байсан бол одоо 24 цагт багтаад, заримдаа 30 цагт л орж ирж байна. Энэ утгаараа хамгийн наад зах нь иргэдийн эрүүл мэндэд, хэрэглэгчдийн эрх ашигт хэрэгтэй зүйл болсон. Нөгөө талаараа хүмүүсийн харилцаа холбоо сайжирсан. Ховд аймгийн иргэд Баасан гаригийн орой Толбо нууранд ирж амраад, Ням гаригт буцаж байна. 200 км газарт 2 цаг гаруй давхиад орж байна. Гэтэл өмнө нь Ховд аймаг руу нэг өдөр явна, очоод нэг өдөр ажлаа амжуулна, буцаад нэг өдөр замд гээд нийт 3 хоног болдог байсан. Одоо бол өглөө гараад оройдоо ороод ирж байна. Энэ нь зам гэдэг маань хөгжлийн хамгийн том хаалга, гарц байдаг гэдгийг харуулж байгаа байх.
 
Мөн өмнө нь Ховд ч юм уу, Говь-Алтай явж байгаа бол заавал Өлгий хотоор дайрч гардаг байсан. Гэтэл энэ зам дагуу 12 цэцэрлэг, 6 сургууль, маш олон үйлчилгээний төвүүд байрладаг. Үүнээс үүдэн хөдөлгөөний аюулгүй байдал, түгжрэл гэх мэт асуудлууд үүсдэг байсан учраас одоо аймгийн төвийг тойруулж 18,8 км зам, 204 метр бетонон гүүр барьж байна. Энэ зам ашиглалтанд орсноор Улаанбаатар руу, Говь-Алтай руу явж байгаа тээврийн хэрэгслүүд Өлгий хотоор дайрахгүй шууд явчихаж болно гэсэн үг юм. Ингээд Ховдтой засмал замаар холбогдчихлоо. Одоо Увс аймагтай мөн холбогдчихвол болох гээд байна. Энэ мэтчилэн зам сайжирснаар эдийн засагт тун сайнаар нөлөөлнө. Баян-Өлгий аймагт 6-7 махны үйлдвэр байгуулагдсан. Эдгээр үйлдвэрүүдэд нийлүүлэхээр Баянхонгор аймгаас, Говь-Алтай аймгаас  мал ачаад өдөртөө ирж байна. Энд авчраад Халал аргаар боловсруулаад БНХАУ- руу гаргаж байгаа. Хэрэв зам тавигдаагүй бол амьд хонийг Баянхонгороос авчрах гэж дор хаяж 3 хононо. Тэр хооронд малын чанар муудна. Тэгээд би бас мөрөөдөөд байна л даа. Цаашдаа төмөр замтай болчих юмсан гээд. Хэрэв төмөр замтай болчихвол улам сайхан хөгжих байх. 
 
Замын-Үүд, Улаанбаатарыг холбосон зам ашиглалтанд ороход тээврийн үнэ нь хүртэл дагаад бууж байсан. Энд бас тийм зүйл мэдрэгдэж байна уу?
 
Тэгэлгүй яахав. Шатахууны зарцуулалт багасна. Ядаж л машины дугуй хагарахгүй.
 
Нэг жолооч багадаа 2 туслахтай явдаг байсан бол одоо нэг туслахтай явдаг болж байна. Зарим жолооч туслахгүй ч явж байна гэх мэтээр зардал хэмнэгдэж байгаа. 
 
Баян-Өлгий аймагт ороод ирэхэд иргэд, аж ахуйн нэгжүүд идэвхжиж, хөрөнгө оруулалт эрс нэмэгдсэн нь нүдэн дээр харагдаж байна?
 
Өлгий хотод анх төрийн нэг, хувийн хэвшлийн нэг гээд хоёр шилэн барилга баригдсан. Харин одоо хажуугийн барилгууд нь бүгд шилэн барилга баригдаж байна. Би үүнийг АНУ-ын Нью-Иорк хот дахь Уолл Стрийт гэж гудамж шиг болно гэж яриад байгаа юм. Зах зээлийн хуулиараа хэн чанартай, соёлтой үйлчилгээ, боломжийн үнэ санал болгож байна тэнд л бүгд очдог. Өнгөрсөн 2020 оны зун Алтай Таван Богдод 20,000 гаруй дотоодын аялагчид ирсэн гэсэн тоо бий. Тэгэхээр Алтай Таван Богд хүрэх 17 км замыг засаж нэг төв зам болгохгүй бол хаа сайгүй яваад талхлах эрсдэл өндөр байна. Хуучин замаар нь явах гэхээр шавар намагт суучих гээд байдаг. Тэгэхээр аргагүй тараад олон салаа зам үүсгээд байна л даа. 
 
 
 
Өнгөрсөн жилийн тэр олон жуулчид асар их хэмжээний хог үлдээсэн гэж сонссон. Цэвэрлэсэн үү?
 
Яг сайн ажиглаад байхаар хотоос ирсэн хүмүүс хог хаядаггүй юм байна. Харин эдгээр аялагчид маань машиндаа хогоо ачиж яваад, айлын өвөлжөө, хаваржааны хог дээр аваачиж хаядаг. Тэгэхээр нь нутгийн иргэд маань дургүйцээд байдаг. Магадгүй 100 хүний 10 нь буюу нийт аялагчдын 10 хувь нь хогоо хаячихдаг байж магадгүй. Үлдсэн 90 хувь нь соёлтой болжээ. Үүн дээр нэг менежмент буюу төвлөрсөн хогийн цэг хийх ёстой юм байна. Ер нь дотоодын аялал жуулчлал гэдэг нь оршин сууж буй иргэд, малчиддаа их ашигтай юм байна. Нутгийн иргэдтэй уулзаад ярилцахаар гадаадын жуулчид ирэхээрээ хоол ч иддэггүй, цагаан идээ зэргийг ч худалдан авдаггүй. Орчуулагч нь хашиж байгаад л буцаагаад аваад явчихдаг гэнэ. Харин дотоодын аялагчид нь зөвхөн малчид ч гэлтгүй сумын төвийн иргэдэд ч өгөөжтэй. Наад зах нь Казак түмний хоол бесбармак идье гээд цайны газарт ч орлого оруулдаг юм байна л даа. 
 
Баян-Өлгий аймаг гэхээр хүмүүс зөвхөн Алтай Таван Богдыг л яриад байдаг. Гэтэл Баяннуур сум гэхэд түүнээс дутахааргүй, бараг илүү сайхан газар байна. Үүнийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Зөвхөн Алтай Таван Богд гэхгүйгээр Баян-Өлгий аймгаар аялаад явах тусгай маршрут гэж бий юу?
 
Аялал жуулчлалд зориулж 5 маршрут бэлдэж байгаа. Баян-Өлгий аймгийн хөгжлийн нэг чухал гарц нь үнэхээр аялал жуулчлал мөн л дөө. Засгийн Газрын өргөтгөсөн хурал дээр би хэлж байсан юм. Улаанбаатар хотыг нэгдүгээр бүс, Хэнтий аймаг хоёрдугаар бүс, Хөвсгөл аймаг гуравдугаар бүс гээд зарлачихлаа. Баян-Өлгий аймгийг дөрөвдүгээр бүс болгоод зарлаж өгөөч ээ гэдэг хүсэлт тавьж байсан. Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт Баян-Өлгий аймагт аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэдэг зүйл орчихсон байгаа. Баян-Өлгий аймаг өөрөө аялал жуулчлалын 5 багц маршрут гаргаж байгаа. Нэгдүгээрт, Алтай таван богд, Хурган нуур, Хотон нуур, Хүрхрээ гээд. Хоёрдугаарт, урагшаагаа Даян чиглэлд, Цэнгэл хайрхан, Даян, Хар нуур гэх мэт. Гуравт, Буянт-Алтай, Ёлын ам чиглэлд. Ёлын ам бол хүний бүү хэл малын хөл хүрээгүй онгон дагшнаараа байгаа газар шүү дээ. Байгалийн үзэсгэлэн нь бол бишрэхгүй байх аргагүй. Гэхдээ зам харгуй нь маш хэцүү. Дараагийнх нь Толбо нуур, Чихэртэй нуур, Хөх Сэрхийн нурууны дархан цаазат газар гээд нэг маршрут гаргана. Тав дахь маршрут нь Цамбагарав уулаа түшиглэж гаргаж байгаа юм. Асгатын уурхай ч бас байгаль нь тансаг сайхан шүү дээ. Гэх мэтээр Баян-Өлгий аймгийн аялал жуулчлалын маршрутыг гаргачихаад байгаа. Дотоодын аялал жуулчлал, гадаадын аялал жуулчлалыг хамт авч явах ёстой.
 
Мөн тансаг зэрэглэлийн аялал жуулчлалыг бас зохион байгуулах ёстой юм байна. Улаанбаатараас Өлгий хүртэл онгоцоор нисээд, Өлгийгөөс нисдэг тэргээр Алтай Таван Богд руу очоод, Хотон, Хурган нуурыг үзүүлээд буцдаг ч юм уу. Яг энэ санаатай төстэй төслийг “МАК”-ийн үүсгэн байгуулагч Б.Нямтайшир 110 сая долларын санхүүжилттэйгээр Хурган нуурт хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа.
 
Энэ төсөл нь онгоцны буудал, 5 одтой зочид буудал, цэвэрлэх байгууламжтай, гэр кемптэй юм байна лээ. Мөн өвлийн аялал жуулчлалыг их сонирхож байна лээ. Түүнчлэн экстрим төрлийн аялал жуулчлалыг хэрэгжүүлэхээр сонирхож байгаа гэсэн. Гэхдээ нэг бэрхшээлтэй асуудал байгаа нь Алтай Таван Богд дархан цаазат газар учраас би аймгийн Засаг дарга хэдий ч тэнд нэг ширхэг хадаас хадах, жорлонгийн нүх ухуулах эрх байхгүй. Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайдад шийдэх эрх нь байдаг. Бидэнд тэр бүү хэл зогсоол хийх, жорлон барих, хогийн цэг байгуулах ч эрх байхгүй. Ер нь Яам, Засгийн Газар тухайн аймагт нь тодорхой хэмжээний эрхийг нь олгох хэрэгтэй юм байна гэж бодогддог.
 
Би өмнө нь Алтай Таван Богд руу хэд хэдэн удаа очиж байсан. Тухайн үед надад машинтай явах хэрэггүй юм байна гэж бодогдсон л доо. Харин таны хэлээд байгаа замыг тавьчихвал газраа талхлахгүй байх боломж бий болчихоор харагдаж байна?
 
Тэгэлгүй яахав. Нэгдүгээрт, газар орноо талхалж байна. Хоёрдугаарт ,аялагчид маш их ядардаг. Баруун бүсийн таван аймаг юугаараа өрсөлдөж, нэгнээсээ юугаараа дутуу байна, илүү байна гэдэг судалгааг жил бүр хийдэг юм. Увс, Баян-Өлгий, Ховд гээд манай аймаг эхний 2, 3-р байрт явж байгаад 2017 онд 4, 5-р байр руу унасан юм. Энэ юунаас болов гээд анализ хийсэн чинь зочид буудлын ор хамгийн багатай байна гэдэг хариу гарсан. Тухайн үед аймгийн хэмжээнд 214-хөн ортой байсан. Мөн байсан 3, 4 кемп нь тав тухгүй, гаднаа жорлонтой ч гэдэг юм уу, тодорхой асуудлууд байсан. Иймээс аялал жуулчлал эрхэлдэг байгууллагуудтайгаа уулзаад байгаа байдлаа өөрчилье гэдэг асуудлыг ярилцсан. Үр дүнд нь одоо 33 кемп бий боллоо. 840 гаруй зочид буудлын ортой болсон байна. Үйлчилгээ, стандарт өндөр сайжирсан. Ерөнхийлөгчийн өрөөтэй буудал ч байна. Тэнд амарсан хүмүүс Сингапурт байгаа мэт л байна гэж хэлж байсан. Туркууд ресторан, зочид буудал бариад ашиглалтанд оруулчихлаа. Тэр зочид буудлын зөвхөн бохирын шийдэл нь гэхэд л нэг тэрбум төгрөгийн өртөгтэй байх жишээтэй. 
 
Бусад аймгуудтай харьцуулахад Баян-Өлгий аймгийн хөгжлийн хурд их өндөр байгаа ажиглагдлаа. Тэгэхээр Баян-Өлгий аймгийн маргааш, нөгөөдрийг хэрхэн харж байна? Орон нутгийнхаа хөгжлийг хэрхэн төсөөлж байна вэ?
 
Та үнэхээр зөв асуулт асуулаа. Одоогоос 4 жилийн өмнө “Бүргэд” фестиваль зохион байгуулахад Монголд байгаа бүх нисэх онгоц Өлгийд буусан шүү дээ. Нэг өдөрт 16 онгоц газардсан. Гэтэл ирсэн хүмүүст нь зочид буудал олддоггүй. Тухайн үед би нэг уриалга гаргасан юм. Өлгий хотод байгаа 1400 хаусны ядаж 400 нь ирсэн зочиддоо, жуулчиддаа 2 өдөр түрээслүүлчихээч ээ гээд. Алсын хараа, цаашдийн хөгжлийг хэрхэн харж байна гэхээр Засгийн газар “2050” гээд хөтөлбөр гаргачихлаа. Үүнээс гадна бид НХХЯ-ны дэд сайд С.Зулпхартай уулзаж, мэргэжлийн хүмүүсээр дүгнэлт гаргуулж, аймгийнхаа алсын харааг тодорхойлж, хөтөлбөр гаргая гэдэг хүсэлт тавьсан. Баян-Өлгий аймаг яалт ч үгүй аялал жуулчлалын том бүс болох ёстой. Х.Нямбаатар сайд нэг сайхан зүйл ярьсан шүү дээ. 72 цагийн жуулчдад зориулсан виз гэж. Боомт дээр ирээд хөнгөвчилсөн журмаар шууд 72 цагийн виз аваад, үзэх газраа үзчихээд буцаад гарчихдаг. Тийм боломж бий болчихвол БНХАУ-д маш их жуулчид бэлэн байгаа. ОХУ-аас ч чамгүй жуулчид ирэх байх. Энэ нь эдийн засгийн хувьд маш их хөрөнгө оруулалт болно.
 
Мөн Асгатын мөнгөний орд ашиглалтанд орчихвол манай аймгийн хувьд олон боломж нээгдэнэ гэж харж байгаа.
 
Дэд бүтэц, онгоцны буудлаа сайжруулах шаардлага байна. 21 аймгаас хамгийн жижиг онгоцны буудалтай нь Баян-Өлгий. Шөнийн гэрэлтүүлэггүй, явалтын зам бага гэх мэт зовлон бас бий. Саяхан надад нэг танил маань Өлгий хот хурдацтай томорч байна. Үүнийг дагаад Улаанбаатарт ямар асуудлууд байна, тэр бүх л асуудал таны толгойн дээр бууна. Утаа, түгжрэл, зогсоол гээд түмэн асуудал гарч ирнэ шүү гэсэн. Өлгий хот яагаад ингэж тэлээд байна вэ гэхээр газар нутгийн хэмжээгээрээ Говьсүмбэр аймгийн дараа орох жижиг атлаа хүн ам ихтэй. Нөхөн үржихүй өндөр, жил бүр 10,000 хүүхэд шинээр мэндэлж байна. Энэ үзүүлэлтээрээ 21 аймгаас хамгийн өндөр нь. Мөн Өлгий хотод ирж суурьших тоо тогтмол нэмэгдэж байгаа. Өлгий хот 45,000 оршин суугчтай болчихлоо. Энэ нь нэг талаасаа өргөжөөд байгаа мэт боловч ажилгүйдэл гэдэг том асуудал тулгарч байна. Засаг дарга болсноос хойш надтай уулзаж байгаа бүх хүн ажил л сурагладаг. Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 22,000 хүн ажилгүй байна. Жилд 80-100 хүн тэтгэвэрт гарч, харин 800 хүн их, дээд сургууль төгсөж ирдэг. Эдгээр төгсөгчдийн ар гэрийнхэн нь ирээд “Д.Бауыржан даргаа, энэ хүнийг ажилд аваач” гэдэг. Гэтэл орон тоо байдаггүй. Үүнээс болоод нөгөө хүмүүс маань гомдох асуудал гардаг. 
 
22,000 гэдэг их тоо байна шүү?
 
Хөдөлмөрийн бирж дээр албан ёсоор бүртгэлтэй ажил хайж буй 8,000-9,000 хүн байна. Зарим аймгуудад энэ тоо 1,500-2,000 байдаг. Гэтэл Баян-Өлгий аймагт 9,000 хүн байна гээд боддоо. Үүн дээр  яах аргагүй төрийн бодлого хэрэгтэй байна. Социалист нийгмийн үед төрийн бодлогоор л Налайх, Шарын гол, Орхон, Дархан, Хөтөлд байдаг казак түмнийг ажилтай болгодог байсан. Энэ асуудалд анхаарал тавиач ээ гэж Засгийн Газрын тэргүүндээ хүсэлт гаргана гэж бодож байна. 
 
Социализмын үед ч Казак түмнийг цөөнх гэдэг утгаар нь биш, илүү зохион байгуулалтай, хариуцлагатай гэдэг утгаар нь ажилд томилдог байсан байх. Монгол Улсын дундаж хүн амтай сум 3,000 хүнтэй гэж бодвол 22,000 ажилгүй залуус гэдэг маань долоон сумын хүн ам байна шүү дээ. Тэгэхээр энэ их хүнийг зөвхөн Баян-Өлгий аймагт шингээж, ажилтай болгоно гэж байхгүй. Улаанбаатар болон бусад орон нутагт өрнөж байгаа бүтээн байгуулалтад зохион байгуулалттайгаар оролцуулах хэрэгтэй болов уу?
 
Саяхан Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа томоохон төслийн удирдлагуудтай уулзсан. Манай аймгаас ажиллах хүч аваач ээ гэж. Хамгийн гол нь байрлах байр, идэх хоолон дээр нь анхаарал тавиад өгөөч ээ гэсэн. Бид чинь Халал мах иддэг учраас тэр тал дээр нь анхаарахгүй бол болохгүй. Бололгүй яахав гэдэг хариу өгсөн. Тэдний зүгээс хамгийн гол тавих шалгуур нь тухайн төсөл дээр доод тал нь 2-3 сар тогтвортой ажиллах шаардлагатай гэж байна. Би хариуд нь асуудал байхгүй ээ, архи ууж ажлаа таслахгүй. Хамгийн гол нь цалингаа цагт нь олгох хэрэгтэй гэдэг шаардлагыг тавьсан.
 
Монгол Улсын Засгийн Газар гадаад руу ажиллах хүч гаргахдаа гэрээ байгуулдаг шүү дээ. Үүнтэй адилхан танай аймаг ч ийм гэрээ байгуулаад 1,000 залуугаа ажлын байраар хангах ёстой байх?
 
Тэгэлгүй яахав. Тухайн компанитай хариуцлагын гэрээ хийнэ. Мөн Оюутолгой, Тавантолгой руу явуулья гэдэг асуудлыг ярилцаж байна. 2017 онд аймгийн ИТХ-ын дарга болчихоод Цагаан хад явсан юм. Ингэхдээ хэд хэдэн компаниар орж уулзсан. Тэгж яваад нэг залуутай уулзаж ярилцаад хэдэн жолооч ажилд оруулья гэж тохирсон. Улмаар Өлгийд буцаж ирээд надаас ажил сураглаад байсан 57 настай ахад энэ хүнтэй яриадхаач гэлээ. Нөгөө ах маань ч холбогдоод нэг хүүтэйгээ хамт очоод 2, 3 сар ажиллаад буцаж ирсэн. Тэгээд ахиад нэг хүүгээ аваад буцсан. Ингэж явсаар одоо тэр компанийн 20-иод жолоочийн ахлах болчихсон ажиллаж байна. Авч очсон хүмүүсээ архи уулгахгүй, цаг бариулж, цалинг нь ар гэрт нь явуулчихдаг  зохион байгуулалтанд орчихсон. 
 
Казакууд хариуцлагатай, архи ууж ажил тасалдаггүй, зохион байгуулалт сайтай гэдгийг хүн бүр мэднэ. Үүнийг л бренд болгох хэрэгтэй юм болов уу? Тэгэхгүй бол 22,000 ажилгүй залуу гэдэг асар их тоо шүү...
 
Энэ үнэхээр том тоо. Үүнийг таамгаар яриагүй. Манай аймагт хөдөлмөрийн насны 70,000 хүн байна. Үүний 7,000 нь ахмад, 18,000 нь малчин, 6,000 нь төрийн албан хаагч, 7,000-8,000 нь хувийн хэвшилд ажиллаж байна.
 
Ингээд бодохоор 22,000-23,000 залуус ямар ч ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа юм.
 
Баян-Өлгий аймагт 580 эмэгтэй гадаад дотоод худалдаа эрхэлдэг гэсэн. Энэ бол бас мундаг “арми” шүү дээ?
 
Улаанбаатар хотод “Тод”, “Янмал” гээд оймсны үйлдвэр байдаг шүү дээ. Тэдгээр үйлдвэрийн бүтээгдэхүүнийг чамгүй хувийг энэ эмэгтэйчүүд ОХУ, Казахстан руу гаргаж борлуулдаг. Гэхдээ энэ асуудалд эрхзүйн орчин бас учир дутагдалтай. 3,000 төгрөгийн оймсыг ОХУ-руу гаргаад 3,200 төгрөгөөр борлуулдаг. Гэтэл худалдаж авсан Орос хүн цаашаагаа 9,000 төгрөгөөр зарж байна. Яагаад гэвэл Монгол хүн хилийн дагуу наймаа хийх эрхгүй. Хязгаарлалттай. Увс аймгийн Цагаан улт гээд алдартай гутал бий. Үүний бараг 50% нь манай аймгаар дамжиж, БНХАУ-ын Шинжаан Уйгарын Казакуудад борлуулдаг. Иймээс энэ асуудлыг анхаарч, шийдэж өгөөч гэж УИХ-ын гишүүдэд байнга ханддаг. “Энэ 580 эмэгтэйг мартаж болохгүй шүү. Эдгээр эмэгтэйчүүдэд эрхзүйн орчин талаас нь туслаач ээ. Ядаж хоёр цүнх бараа гаргачихдаг болгоод өгөөч ээ” гэж. 
 
Хөндлөнгөөс ажиглаж байхад та урамтай сайхан ажиллаж, амьдралаа мэдээд байна уу даа гэж харагдаж байна. Хүмүүсийн ам ч их гайгүй байна. Таны ажилд амжилт хүсье. Баян-Өлгийчүүд маань байгаль дэлхий шигээ өнгөлөг сайхан байна. Үеийн үед ийм өнгөлөг байгаарай. Улам өсөж, дэвжээрэй гэж ерөөе.
 
Баярлалаа. Миний хувьд өмнөх 4 жил  аймгийн ИТХ-ын дарга хийж байсан учраас тулгамдсан асуудал юу вэ? гэдгийг мэднэ. Засаг дарга болчихоод эдгээр асуудлаа бодлогын хүрээнд ингэж шийдэх ёстой шүү гээд үргэлжлүүлээд аваад явч байна. Хамгийн хүндрэлтэй байгаа асуудал бол ажилгүйдэл. Таныг надтай уулзана гэж сонсоод, ажлын байрны тухай асуудлыг л олон нийтэд хүргэх юмсан гэж их хүслээ. 
 
 
Ярилцсан: Мөнхчулууны Зоригт
 
Гэрэл зургийг: Ц.Нямдорж
 
Бичгийн хэлбэрт оруулж, найруулсан: Sonin.mn сайт