сонин mn
Ардчилсан хувьсгалын хойно өмнө нийтдээ Монгол Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар 10 шахам жил ажиллаж, “коммунист Монголын” гээсэн, устгасан, доромжилсон уламжлалт Буддын шашинийг сэргээхэд ихээхэн хувь нэмэр оруулсан хүн бол Энэтхэгийн төр, нийгмийн зүтгэлтэн Их Бакулла Ренбүүчий мөнөөс мөн билээ. Тэр аугаа их хүнтэй Монголд анх танилцаж, хожим Шинэ Дели хотноо уулзан учирч, ЭСЯ-ны өмнөөс барьсан зоог дайллагад оролцон, сургаал айлдварыг нь сонсч явлаа.
Их хүн Монгол оронд дипломат албаа өндөрлөсний дараа Шинэ Дели хотноо амьдарч байсан бөгөөд Улаанбаатарт байгуулсан “Бетүүб” хэмээх сүм хийдийнхээ ажлаар үе үе манай оронд морилон ирж, сүсэгтэн олон шавь нартайгаа уулзаж учирдаг, ном сургаалаа айлддаг байлаа. Номын их хүч, хураасан нигүүсэл буяныхаа ачаар Их Ренбүүчий урт насалсан даа. Лав л ер хол давсан байх. Тэр их хүн намайг Дели дэх Монгол Улсын ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байхад буюу 2003 оны 11 дүгээр сард тэнгэрт хальсан билээ. Элчин сайдын яамныхан бид Шинэ Дели дэх Жамму Кашмир муж улсын төлөөлөгчийн газар очиж, тэр аугаа их хүнтэй салах ёс гүйцэтгэв. Монголоос ч тэр үеийн Ерөнхий сайд Н. Энхбаярын бие төлөөлөгч, түүний гадаад бодлогын зөвлөх Ё. Отгонбаяр ирж байсныг санаж байна.
Чухам энэ үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ж. Гүррагчаа тэргүүтэй манай цэргийн төлөөлөгчид Энэтхэг Улсад айлчилсан юм. Миний бие Монгол, Энэтхэгийн хоорондын батлан хамгаалах салбарын харилцааг мөн хариуцдаг байсан тул айлчлалын бэлтгэлийг хангах, хэрэгжүүлэх гэж нэлээд хүчин чармайлт, цаг зав гаргасан санагдаж байна. Сайд Ж. Гүррагчаагийн ээжийн бие муудсан тухай хэл сураг төвөөс ирсэн тул тэрээр албан ёсны арга хэмжээгээ арга буюу хагас дутуу дуусгаж, Делид нэг хоноод нутгийн зүг одсон. 
 
Айлчлалын бүрэлдэхүүнд хошууч генерал Магсаржав, Улаанхүү, дэд хурандаа Ганбаатар, мөн миний бие орж байлаа. Манай армийн туршлагатай бөгөөд нэр хүндтэй энэ хоёр ахмад генерал тулхтай, буурь суурьтай, ажил хэрэгч, элдэв илүү зангүй ёстой сайн хүмүүс байна лээ шүү. Дэд хурандаа Ганбаатарыг урьд нь мэдэх юм. Батлан хамгаалах яамны Гадаад харилцааны хэлтэст олон жил ажиллаж байна даа.
 
Идэрхэн насны энэ эр сэргэлэн цовоо, хөгжилтэй, англи хэлний сайн мэдлэгтэй, харилцааны соёлтой манай орчин үеийн шилдэг залуусын нэг гэж би боддог юм. Сүүлд нэг уулзахад Сьерра Леоне-д НҮБ-ын Энхийг сахиулах хүчний цэнхэр дуулгатан болон одох гэж байсан. Тэрээр Монгол нутгаас Африкийн энэ оронд ээлж дараалан очсон зуу зуун цэрэг эрсийн манлайд лавтай орох дайчин эр билээ.  
Энэтхэг улс үнэхээр цэрэг зэвсгийн их гүрэн болохоор зочдоо ч их “том” авдаг юм билээ. Хөдөө гадаа олон муж-улс, цэргийн тойргоор явахад үргэлж цэргийн онгоц хөлөглөнө. Цэргийн ёс журам, дэглэм их чанга бөгөөд их нэр хүндтэй. Хангамж сайтай. Арга ч үгүй биз дээ. Энхийн энэ цаг дор гэхэд л Кашмирийн асуудлаас болж Пакистан улстай зарлаагүй дайн хийж, олон арван цэрэг эрс өдөр бүр шахам амь насаа алдаж байгаа юм чинь. 1962 оны Энэтхэг, Хятадын хилийн мөргөлдөөнийг үнэн хэрэгтээ дайн байсан гэж армийнхан нь ярьдаг юм билээ. Хөрш Хятад орны “судлаач” Энэтхэгийг дайнд ялж, дархан цолоо Хятад гүрэн дуудуулж байсан тухай “Монголыг Хятадад нэгтгэх тухай” номлолдоо айлдсан байна лээ. Тийм болохоор Энэтхэг гүрэн цэрэг армидаа тусгайлан ханддаг биз ээ. 
 
Бидний айлчлалын хөтөлбөрт Жамму Кашмир муж-улсын Ладах нутагт зочлох аялал тусгагдсан байлаа. Энэ нутаг бол далайн түвшинээс дээш 5000 гаруй метр өндөрт оршдог бөгөөд Их Бакула Ренбүүчийн унаган газар шороо бүлгээ. Ладахын нийслэлийг Ле/х/ гэнэ. Тэнд бид очсон өдөр Их Ренбүүчийг чандарлах ёслол болж байлаа. Ле хотын баруун өмнө орших манай нийслэлийн Зайсан толгойтой их төстэй газар Бакула багшийг чандарлаж байлаа. Толгодын энгэрт чандрын улаан гал дүрэлзэн асах нь тэртээ холоос тод харагдах агаад энэ нь галын бурхан амилж байна уу гэлтэй үзэгдсэн. Хүний тоогоор өргөсөн зул галын бурханыг хэд хэдэн хүрээ болон тойрон асах нь алсаас харахад бидний үл мэдэх гараг ертөнц тэнгэрээс буусан юм уу гэлтэй харагдсан. Их хүнийг сүүлчийн замд нь үдэж буй мянга мянган ладах хүн гал, зулаа тойрон байх нь хана хэрэм мэт байсан. Дэлхийн дээвэр Их Химлайн их хүү ийнхүү эх газартаа шингэн байхад уулс нь бөхийж харагдсан, ус нь татарч үзэгдсэн дээ. Ингэж энэ эх дэлхийн дээвэрт Их Ренбүүчийг үдэлцсэн билээ би.
 
ДЭЛХИЙН ДЭЭВЭРТ БАЙРЛАХ ХИЛИЙН СУМАН
 
Энэ дэлхийн хамгийн өндөр цэгт байрладаг хилийн суман Энэтхэг оронд тухайлбал, дээр өгүүлсэн Ладахын нийслэл Ле хотын хойд Хайрханд байрладаг юм билээ. 
Лалын Бүгд Найрамдах Пакистан улстай хаяа залган орших Ле хотод хилийн цэргийн томоохон анги байдаг бөгөөд бид тэр ангийн зочид болон очсон хэрэг. Анги дээр хүрэлцэн ирэхэд хилийн цэргийн дайчдын хэсэг хүндэтгэн жагсаж, захирагч, түүний удирдлагын бие бүрэлдэхүүн сүр жавхлантай хүлээн авлаа. Ангийн үйл ажиллагаатай танилцаж, санал бодлоо солилцон хэсэг саатсаны дараа манай төлөөлөгчдийг энэ дэлхийн хамгийн өндөр цэгт байрладаг хилийн суманд зочлуулж танилцуулах юм болов. 
 
Ангиас нэлээд зайтай газар биднийг машинаар аваачсан нь цэргийн нисэх хүчний буудал ажээ. Буудалд очиход ёс заншлынхаа дагуу тэргүүнээ алчуураар боосон сардар үндэстний хошууч генерал биднийг тосон авав. “Очих ёстой хилийн цэргийн суман тэр өндөрт байгаа” гэснийг ажвал эгц цавчим өндрийн орой манан дунд орон гаран зүүрмэглэж харагдав.
 
 Буудлаас шууд л нисдэг тэргэнд суулаа. Ийнхүү суухын өмнө нисдэг тэргэнд сансрын нисгэгчийн хувцас гэлтэй зузаан цагаан өмсгөл хүний тоогоор нэгийг ачдаг байна. Хөөрлөө. Нисдэг тэрэг нүргэлээд, чих дөжрөөд дээшлэх тусам эвгүй ээ. Эхлээд их л додигор доошоо юм харж явлаа. Ле хот, түүний ойролцоох уулс… уулсын бэлд танк, хуягт машин хүртэл харагдав. Яаж тэднийг энэ өндөрт аваачдаг тухай бидний хөтөч, Энэтхэгийн Батлан хамгаалах яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга, дэд хурандаагаас хожим асуухад цэргийн ачааны тусгай онгоцноос шүхрээр дээрээс нь хаядаг гэсэн юм. Цэрэг, техник, хоол хүнсийг нь ч ялгаагүй шүхрээр хаядаг ажээ. Яагаад гэвэл авирч гарах боломжгүй гэнэ. Хөөрөх тусам дотор эвгүйрхэв. Тэгтэл хошууч генерал хүчил төрөгчийн багийг хошуундаа углахыг “тушаав”. Харин өөрөө ямарч баг зүүлгүй хээв нэг явах ажээ. Би ч нэрэлхэх юмгүй шууд л багийг зүүлээ. Хүчилтөрөгч гэж мэдэгдэх юм алга. Резиний үнэр л ханхлаад байх шиг байв. Сэмхэн хамт яваа нөхдөө ажиглавал манай генералууд багийг зүүхгүй, харин үе үе үнэрлэх ажээ. Гадны генералаас дутахгүй гэхдээ ингэж байна гэж би дотроо бодож, тэднээр бахархах сэтгэл төрж явлаа. Генералууд нь баг зүүхгүй болохоор манай Ганбаатар дэд хурандаа гүрийж байнаа. Би гараар занган баг зүү гэв. Тэр харин хааяа хааяа үнэрлэх ажээ. Сардар генерал хилийн сумантайгаа байнга холбоо барьж явлаа. Би гэдэг хүн одоо ингэж байгаа юм чинь тэр дээр 7000 метрт яана гэж бодож явав. Бас тэгээд тэр сансрын юм шиг өмсгөлийг яаж өмсөж, өмссөн хойноо хэрхэн хөдөлж явахыг төсөөлөхөд бэрх байв. Хилийн сумангийн оргил мананд хучигдсан тул түр буцаж бууна гэж сардар генерал гэнэт айлдав. Буцаад буулаа. 
Цэргийн нисэх буудалд цай цүй болон хэсэг хугацаанд саатах зуур хилийн суман байрлах тэр өндөр Хайрхан хэзээ цэлмэхийг хүний өөрийгүй харна. Ёстой их яруу найрагч Б. Явуухулангийн “Тэхийн зогсоолын” баатрууд шиг. Тэртээд сүндэрлэх тэр их оргил өтгөн манан дунд нэг ил гарч, нэг далд орно. Сардар генерал хилийн сумантай байнга ярих бөгөөд нэгэнтээ “амжихгүй болох шив” гэснээр найдваргүй болсныг бид ч ойлгов. Яаж очно хэмээн бэргэж байсан миний хувьд харамсах ч шиг. Дэлхийн дээврийн энэ цорын ганц хилийн суманг үзэж чадаагүйдээ тэр л дээ…Харин сардар генерал биднийг ангидаа аваачиж, зочлох ёстой байсан сумангийн тухай кино үзүүлсэн нь эгээ л очсон мэт санагдуулав. Хилийн сумангийн цэрэг эрс шүхрээр бууж, зэвсэг хэрэгсэл, хоол хүнс бүх хангалт, хангамжийн зүйлээ мөн л шүхрээр буулган хүлээн авах ажээ. Тэдний сууц, агуулах нь газар нүхлэн орсон мөсөн агуй байлаа. Харуулын байр нь мөсөн бүрхүүл, хад асга хосолсон цавчим энгэр, хад цохио байна лээ. Тэд “сансрын” гэж миний өмнө томъёолсон цагаан хувцастай түүртэлгүй албаа хааж харагдсан. Тэсвэр хатуужилтай тэр цэрэг эрс халуун орны мөсөн их Хайрхан –дэлхийн дээвэр Химлайд алба хааж байгаа…  
 
2007 он
 
 
Нийтлэлч Түндэвдоржийн Залаа-Уул