сонин mn
/Тэмдэглэл/
 
Ийнхүү хэлэхээр хүмүүс Хойд мөсөн далайн хормой нутгуудыг эх цэнхэр гарагийнхаа зураг дээрээс сониучирхан харах биз ээ. Тэнд АНУ, Дани, Ирланд, Канад, Норвеги, Орос, Швед, Финландын умард эргийн нутаг дэвсгэр Хойд мөсөн далайн өмнөд хэсгийг эмжээрлэн оршиж байна. Эдгээр найман орныг "Арктикийн зөвлөлийн улсууд" хэмээн олон улсын нэр томъёонд тэмдэглэжээ. Энэ зөвлөл 1996 онд албан ёсоор байгуулагдсан залуухан байгууллага юм. Энэ тухай эс өгүүлэн Хойд мөсөн туйлын хормойд багтах (орших) Канад гүрний Нунавут газар нутагт зорчсон сонин хачнаас уншигч тантай хуваалцъя. 
Ийм хүндтэй завшааныг Канад улсын Гадаад Хэргийн Яам бидний 18 элчин сайдад энэ удаа олгосонд гүнээ талархах ёстой. Ер нь 2 жил тутамд зохион байгуулдаг "Умардын аялал" үнэхээр амьдралд олон удаа олдохгүй ховорхон боломж байлаа. Дашрамд дурдахад Канад улс бол эдүгээ 34 сая хүн ам, хэмжээ дамжаагаараа ОХУ-ын дараа дэлхийд хоёрт жагсах 10 сая хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, Их 8, Их 20-ийн гишүүн, өндөр хөгжилтэй орон гэдгийг хүмүүс мэднэ.
 
 
 
Монгол Канадын хооронд хөгжлийн төвшний ялгаа буй ч адил төстэй зүйлүүд ч бас олон. Үүнд би цаг агаар, өргөн уудам дэвсгэр нутаг, байгалийн баялаг, хүн амын суурьшил, геополитикийн байршил, ардчилсан тогтолцоо зэргийг оруулж буй юм.
 
 
 
МОНГОЛЖУУ ХҮМҮҮС
 
Нунавут буюу орчуулвал “Бидний газар нутаг” гэх энэ өвөрмөц оронд олон мянган жилийн өмнө Монголын хойд  нутаг, Сибир хавиас Берингийн хоолойгоор дамжин монгол төрх бүхий өнөөгийн Инуйт түмэн нүүдэллэн иржээ.
 
 
 
Харваас Монгол төрхтэй энэ ард өнөөгийн Монгол орны Цаатан ястантай амьдралын хэв маягаараа их төстэй санагдав. Тэд амьдрал ахуйн эрхээр далай түшин аж төрдгийн хувьд алдартай загасчид ажээ. Гэхдээ энэ нутагт хэдэн арван саяар бэлчих цаа бугын сүргийн эзэд ч тэд мөн.
 
 
 
 
Европын загас агнуурчид дөнгөж 400 жилийн өмнө Нунавут нутагт  орж ирсэн гэхээр үнэхээр тэд “нутгийн уугуул иргэд” ажээ. Тэд өөрийн хэл, соёлтой. Харин бүр саяхан 1950-иад оноос л уламжлалт гэр орон-урцаа хаяж, орчин үеийн сууцад шилжин суурьшсан байна. Өөрөөр хэлбэл тэр үеээс л Канадын өмнө зүгийнхэн умард нутагтаа хүрч хөгжил дэвшилд нь хөрөнгө мөнгө хаях болжээ. 
 
ЭРДЭНЭСИЙН ОРОН 
 
Канад орны нийт газар нутгийн тавны нэг, далайн эргийн гуравны хоёрыг эзлэх энэ асар баян нутаг бүхэлдээ хоёр сая хавтгай дөрвөлжин километр гэж бод доо. Монгол орноос дөрөвний нэгээр уудам ажээ. Энэ нутаг дэлхийн бөмбөрцгийн өргөргийн 60 хэмээс 85 хэмийн хооронд, цаг агаарын хувьд умард хэсгээрээ хойд туйлын нөлөөн дор оршдог учир салхи шуурга их гардаг. Богинохон зун, урт өвөлтэй. Умард хэсгээрээ газрын гадаргуу нь нилэнхүйдээ чулуун хөрстэй. Ой ширэнгэ байхгүй. Манай Монголын баруун хязгаар лугаа сүмбэр чулуун уулс хайрхан дүнхийсэн, ан амьтан, араатан жигүүртэн ихтэй нутаг юм. Энэ оронд аргал, янгир, ой модтой өмнөд хэсгээрээ уулын болон цаа буг, гөрөөс, хандгай элбэг ажээ. Бидний зочилсон Черчиль хотхоны нисэх буудлын ойр орчмыг ажиглахад манай Монголын хангайн бүсэд ургадаг цэцэг навч, мод ургамал тэр чигээрээ байна гэж хэлэхээр санагдсан шүү.
Канадын газрын тосны 10, байгалийн хийн 20 хувь Нунавут газар нутагт байна. Нөөцийн үнэлгээгээр эдүгээ тооцвол зөвхөн дээрх нь нэг их наяд долларт (трилион) хүрч буй юм. Мөн алмаз эрдэнийн их нөөц энэ нутгийн газар шороон дор хадаглагдаж байгаа аж. Ер нь Канадын баруун хойд нутаг эрдэнэсийн орон юм. Албан ёсны чулуу нь хүртэл Доржпалам (алмаз эрдэнэ). Дээр нь энэ дэлхийн цагаан баавгайн 19 их сүргийн 12 нь Нунавут нутагт амьдардаг, 3 сая далайн гахайтай юм. Гэтэл Нунавут нутагт 25 өөр омгоос гаралтай энэ орны хүн амын нэг хүрэхгүй хувь буюу 30 мянган Инуитүүд аж төрдөг. Тэд дэлхий дахинаа борлогдож буй Канадын гар урлалын бүтээгдэхүүний 10 хувийг үйлдвэрлэж, жилд 30 сая доллар олдог хэмээн албан ёсны эх сурвалжид тэмдэглэжээ. 
 
АМЬДРАЛЫН ҮНЭ ӨРТӨГ
 
Далай тэнгис, газар зүйн онцлогоос хамааран Нунавутын 25 омог өөр хоорондоо, тэр ч бүү хэл Канадын эх газартай зам харгуйгаар холбогдоогүй.  Удаан хадгалагдах хоол тэжээл, хувцас хунар, шатахуун, барилгийн материал зэргийг цөн түрж, мөс хайлсны дараа буюу зуны улиралд усан онгоцоор тээвэрлэнэ. Яаралтай бусад бүх бараа, эм, тариаг үргэлж онгоцоор ачна. Тиймээс Канад орондоо амьдралын үнэ өртөг хамгйин өндөр буюу үндэсний дундаж хэмжээнээс 64 хувь их байдаг. Канадын нийслэл Оттава хотод нэг хавтгай дөрвөлжин метр барилга барих үнэ, ажлын хөлстэйгөө 340 доллар бол Нунавутын нийслэл Икалуитэд 1089 доллар ажээ. Суурин хоорондын түргэн тусламжийн нислэг 2600 доллараас буудаггүй байна.
 
 
ДЭД БҮТЭЦ
 
 
 
Нунавут нутаг 30 мянгахан оршин суугчтай тухай өмнө тэмдэглэсэн. Тэгвэл энэ нутагт 25 нисэх буудал, хамгийн орчин үеийн сантехникийн сүлжээ бүхий 25 суурин, 44 сургууль, бүсийн 3 нэгдсэн эмнэлэг, 22 суурин эмнэлэг ноогддогоороо Канад улсдаа тэргүүлдэг ажээ. 
 
 
 
Энэ гарагийн ийм л нэгэн гайхамшигт газар нутгийг бас үзлээ. Нунавутийн нийслэл Икалуйт хотод саатан, орон нутгийн музейг сонирхож явахад эгээ л манай сумын Базар, Балдан гэлтэй залуу өөрийгөө Монгол хүн гэлээ. Улаанбаатарт заавал очиж үзнэ гэж байна. Царай зүс нь ч монголжуу юм байна хэмээн бодож нэг их тоохгүй зогстол  “...Үнэхээр бид Монгол хүмүүс шүү. Нялхс нь хөх толботой төрдөг Монгол шүү” гэж чин сэтгэлээсээ өгүүлж байсан. Тийм ч юм болов уу?
 
 
Түндэвдоржийн ЗАЛАА-УУЛ
 
Оттава-Икалуйт,
 
2010 оны 7 дугаар сар.