/Ордост аялсан тэмдэглэл-3/
Ертөнцийн монголчуудыг даллан дуудсан, нэгэн дор цуглуулсан, бишрэл, хүндэтгэл, үнэт зүйлийг нь нэгтгэн хураасан Их эзэн Чингис хааны онгон. Түүнийг найман зууны турш агуулж байгаа онгоны тахилга. Нэг л итгэмээргүй ч юм шиг, сүрдэм, бишрэм, бахдам, бас хайрлам түүх, дархад түмэн...
Хоорондоо хоолойгоор холбогдсон, голынх нь давхар хүрээтэй, бөмбөгөр оройтой малгай мэт харагдах онгоны тахилгын сүм. Урдхан талд нь гантиг суурьтай, дог оройтой хоёр хар сүлд салхины аясаар сүрлэг хийсэх агаад тэдгээрийн голд хадаг яндар тойруулсан бойпор, түүний урд сөгдөн мөргөхөд зориулсан зөөлөвчтэй дөрвөлжин чулуу байрлуулжээ.
Гурван бөмбөгөр оройт тахилын сүмийн голын хаалгаар хүндэтгэл бишрэл дүүрэн бид амьсгаа даран явж орлоо. Үүнийг л үзэхээр хаа холоос, эх нутгаас нь үр хүүхдүүд нь зорин ирлээ шүү дээ. Хүлээн авна уу, аугаа их эзэнтэн минь ээ!
Энэ гурван өргөөнд Их хааны онгоныг хадгалсан цомцог өргөө бий. Тэрхүү жижиг цомцог өргөөнүүд дугуй биш дөрвөлжин хэлбэртэй. Амьд хүнийх биш тул дөрвөлжин хэлбэртэй болгодог уламжлалтай ажээ. Амьд ахудаа дугуй өргөөнд тэнгэр болоод дөрвөлжин өргөөнд. Цомцог өргөөдөд их хааны сүүлчийн амьсгалаа шингээсэн цагаан тэмээний ноос, цамц, өрөөсөн оймс тэргүүтэн бий гэлцдэг. Гэвч түүнийг харсан хүн үгүй. ӨМӨЗО-ны анхны дарга Улаанхүү гуай нэгэнтээ орж харсан, гарч ирээд юу ч дугараагүй мордоод явчихсан тухай яриа байдаг. Бас Бямбын Ринчен гуай нэгэнтээ харсан гэдэг. Гэвч энэ тухайгаа тэмдэглэн үлдээсэн эсэхийг үл мэднэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуай нэг удаа очихдоо харахыг хүссэн боловч харуулаагүй гэдэг. Яагаад түүнд харуулаагүйг хэн мэдлээ...
Тахилгад оролцсоноос хэд хоногийн дараа Хөх хотод найруулагч Чагдар гуайтай уулзаж энэ талаар ярилцаж суухдаа “Яг тэдгээр зүйлс байгаа юу, байгаа бол яагаад хоргонд хийгээд нийтэд харуулж болохгүй байдаг билээ?” гээд асуучихсан нь буруутлаа. “Байлгүй яах вэ!” гэж маш итгэлтэй хариулахдаа дууны өнгө нүүрний төрх тэр асуултад илтэд дургүйцэж байгаа нь тодорхой. Тэнэг асуулт асуусандаа харамссан билээ.
Найман зууны турш элдвийн дайн турханы хөлөөс зугатаалган, амиараа солин байж өдгөөг хүртэл хадгалж ирсэн үнэ цэнийг ямар хялбар үгээр юу гээд хэлчих нь энэ вэ, би. Амнаас гарсан үгийг барьж болдоггүйг яалтай. Дотроо харуусан, өөрийгөө зэмлэн, Их хаанаас өршөөл эрэн залбирлаа. Ийм тахилга байдгийг хэдхэн жилийн өмнө олж мэдсэн ядмаг эвийлэлтэй миний тэнэг үгийг найман зууны турш аминаасаа илүү хамгаалан тахиж ирсэн нэг ч дархад бүү олж сонсоосой, бурхан минь! Сониучирхсандаа өөрийн мэдэлгүй тэнэглэсэн намайг өршөө! Дархад түмэн найман зууны турш тахилгын уламжлалыг тасралтгүй сэргээн авч явсаар өнөөдрийг хүрсэн, үнэ цэнийг хадгалсаар ирсэн нь бултуулж зайлуулж боломгүй үнэн. Баярлахаас, бахархахаас, бишрэхээс өөр яалтай.
Зөвхөн энэ л шалтгаанаар дархадуудыг үеийн үед бүх төрлийн татвараас, цэргийн албанаас чөлөөлдөг, бас төрөөс цалин пүнлүү олгодог нь одоо ч хэвээр. Маогийн үед энэ халамжийг нь цуцлах гэсэн боловч дархад даяараа эсэргүүцэж, хэрэв Их Эзэний зарлиг зөрчиж тахилгыг тасалдуулбал бид амиа егүүтгэх тангарагтай хэмээгээд Дархадууд бүгд тийн үйлдэхийг завдсан тул бүх зүйлийг хэвээр үлдээсэн байна. Харин төрийн албан тушаалд очих эрхгүй. Одоогийн Засгийн газар эрхийг багасгаж 500 өрхийн хүрээнд биш 500 хүнийг дээрх эрх ямбатай үлдээхийг зөвшөөрч байгаа гэнэ.
Ормогц үүдний танхимын голд шармал луу ороосон хоёр бүдүүн баганын голд алтадмал лууг уулзуулан сийлсэн байх агаад түүний голд сэнтийдээ заларсан Эзэн хааны баримал байна. Цул цагаан гантигаар сийлж хийсэн бололтой. Болд барималчийн урласан гадаах сүрлэг хөшөөний сүр бараанд сөгдөн биширч ирсэн бидэнд тэр хөшөө харин доожоогүй, ур хийц муутай, илтэд гологдохоор харагдана. Хөшөөг өндөр тавцан дээр суурилуулаад ард нь Их монгол улсын газрын зургийг хүрэл ялтсаар хийж байрлуулсан нь сүрлэг. Хааны баримлын наана битүү хээ хуар сийлсэн өргөн гэгчийн улаан зандан модон ширээ, түүний урд арц хүж уугиулахад зориулсан том бойпор, түүний урд гурван жижиг хивс дэвссэн мөргөл үйлдэхэд зориулсан дэвсэг байна. Харин тансаг зандан ширээний хажууд хандив өргөх модон хайрцаг байрлуулсан нь ёстой зохисонгүй. Хааны өмнө хандивын хайрцаг! Үнэхээр зохимжгүй санагдаж байлаа. Үүдний танхимын цаана бидний сонссоноор Их хааны дайны хөлс шингэсэн цамц, оймс, сүүлчийн амьсгааг нь хураан шингээсэн цагаан тэмээний ноос тэргүүтэнг хүндэтгэн залсан цомцог ордууд байрлах Их танхим байгаа. Хааны хөшөөний зүүн талын хаалгаар тийш орох бөгөөд баруун талын хаалгаар нь гарна. Хөл хөдөлгөөн тэнд гадаахаас хавьгүй их байлаа, бараг бужигнаж байна ч гэж болохоор. Суурь хэсгийг нь өндөрлөөд таазыг нь монгол гэр мэт хүрээлэн зассан хоймор хэсгийн голд гурван цомцог өргөө байрлажээ. Алтадмал шовгор оройтой, алтан бүслүүртэй цомцог өргөөдийн үүд онгорхой ч тэнд чухам юу байгааг харах боломжгүй байв.
Голын нь мэдэгдэхүйц том өргөөний наана Их эзэн хааны ханхайн суугаа алтадмал баримал сүр хүчин төгөлдөр байрлана. Түүний наана үргэлжилсэн их ширээнд Их эзэндээ зориулан авчирсан идээ будаа, өргөл барьц дүүрнээс гадна гоёмсог алтан мөнгөн цөгц, хундага тэргүүтэн харагдана.Тэрхүү ширээнээс наана танхимын голоор өлзий хээгээр хүрээлсэн өргөн шаргал хивс дэвссэн байх агаад түүн дээр мөргөлчид өвдөглөн суугаад Эзэний онгонд мөргөнө. Зааланд ижил цэнхэр дээлийг цэмцгэр бүсэлсэн, бүрх малгай тавьсан залуучууд хадаг барин ерөөл уншиж байгаа нь тахилчид бололтой. Мөргөлчид хэсэг бүлгээр тахилчид дээр очиж өргөл барьцаа бариад тахилчийн ерөөлийг алга хавсран бишрэн сонсож эзний хишгээс хүртээд залбиран тонголзсоор ухран гарч харагдана. Мөргөлчид том дөрвөлжин цай, сүү, архи, торго, идээ шүүс хүртэл бэлтгэж ирснээ өргөж харагдана.
Яг тахилын өдөр биш байсан ч бид бэлтгэлгүй, гар хоосон ирсэндээ харамсав. Гэвч амьд хүн аргатай, мөнгө байсан тул тахилчид мөнгө бариад ерөөл авахаар шийдэн дараалалд зогслоо. Бидний ээлж ирэхэд тахилч өөрөө бидэнд хадаг өглөө. Бид хадган дээрээ мөнгөө тавиад ерөөлөө сонсон залбирав.
Ерөөл төдийлөн удсангүй. Биднийг өргөлөө өргөөд босох мөчид тахилч “Та бүхэн эзний идээнээс хүртэцгээ” гээд жижиг цөгцөн аяганд хятад архи хундагалан барихад нь бүгд хүндэтгэлтэйгээр хүртлээ. Танхимын хоёр талд зэс пайзанд бичиж өлгөсөн хааны сургаал, багана, таазны хээ хуар, чимэглэл сэлтийг нэгэнтээ тогтон ажиглаад бусдын адилаар залбиран ухарч танхимаас гарлаа. Тэнд зураг авахыг хориглосон тул сайн дүрс буулгаж чадсангүй. Хүний хөдөлгөөн багатайд гол ажлаа амжуулсандаа машид баяртайгаар тахилын сүмээс гарч ирвэл утас дуугарлаа. Гарьд залгаж байна. 15 цаг болж их үд хэдийн болжээ. Бид ч зорьсон газраа ирсэн тул энэ тэрийг ажиглаад ходоодоо анхаарах сөхөө байсангүй, тэгтлээ их өлссөн ч үгүй. Цагаа хармагцаа “Яанаа, нээрээ Гарьд өлсөж байгаа байх даа” гэцгээв.
Тахилын сүмээс доош 2 км орчим зайд нэгэн тэгш талын энг дүүртэл монгол гэр хэлбэртэй хоолон гэрүүд дүүрэн эгнэн байрласан байх агаад тэдний нэгэнд Гарьд хоол захиж бэлтгүүлжээ. Гарьдын багш, бэргэн дүү, бас тэндхийн хоёр бүсгүй, Гарьдын найз нөхөд нийлсэн арваад хүнтэй хамт үдийн зоог барилаа. Мөн л зэс тогоотой сүүтэй цай, өрөм, хуурч болгосон амуу будаа, боорцог, маш гоё элгэн тараг хоолны эхэнд орж ирлээ. Улмаар ногоотой хуурсан самар, пүнтүүзтэй салат, ялз болгосон ямааны мах, үхрийн шарсан мах, сайхан гурилтай шөл тэргүүтэй олон төрлийн хоол ширээ дүүргэлээ. Гарьд машинаасаа сайн чанарын хятад архи гаргахтай зэрэгцэн ресторанаас хүн бүхэнд нэжгээд шилэн жижиг гүц болон хундага тараав. Бариултай, гаднаа хэмжээстэй, амсар задгай бяцхан гүц 150 грамм хирийн багтаамжтай болов уу гэмээр, түүнийг дагуулан 30 грамаас илүү орохооргүй жижиг шилэн хундагууд өгөв. Гарьд архиа задалж хэмжээстэй шилэн гүцэнд дүүргэж хийх бөгөөд бид өөрсдөө гүцнээс мөнөөх жижиг хундаганд хийж тааваараа хүртэх ёстой ажээ. Хундаганы үг хэлэхдээ нэг хүн дараалан гурван удаа ерөөл хэлж, ерөөлтэй хундагаа тогтоодог заншилтай. Биднийг энэ сайхан газар ахан дүүстэй учруулсан, бороо хураар уяран угтсан Их Эзэндээ талархан эхний хундагыг өргөв. Их Эзэнийхээ зарлигийг умарталгүй өнөөдрийг хүртэл найман зууныг өртөөлөн биелүүлж яваа эрхэм үнэнч дархадуудад талархан залбиран удаах хундагаа тогтоов. Энэ л өдөр учран золгож танилцаж андалж суух хувьтай ширээ тойрон суусан угсаа гарвал нэгт нөхдөдөө талархан гурав дахиа хүртвэй... Бид дуулалдан хөөрөлдөн суусаар нар шингээжээ. Гарьд жолооч дууджээ. Хоолон гэрээс дуу шуутайхан гарч бид буцаад хот руу явлаа. Гарьд шөнийн Канбашиг заавал үзэх ёстой гээд дуут усан оргилуур зогсохоос өмнө тийш яаран довтолголоо.
Хятад бүсгүйн уянгалаг хоолойн аясаар найган бүжихдээ өнгө өнгөөр солонгорох усан хөшиг. Ай ямар сэтгэл хөдлөм уянгатай юм бэ, ханьдаа тэврүүлээд уяран зогсоход яг л залуу хосууд болзож байгаа мэт мэдрэмж төрж байв. Дууны үгийг ойлгохгүй ч тэр лав гарцаагүй хайрын дуу байсан байж таарна. Гарьд харин “Уг нь арай эрт ирсэн бол гоё монгол дуу явж байх байсийм” гээд харамсангуй байна.
Усан оргилуур зогсоход бид машиндаа суун шөний Канбашигаар богино аялал хийлээ. Өмнөх тэмдэглэлд өгүүлсэн өдрийн Ордосын тухай магтаал юу ч биш юм гээч. Тэнд гэрлэн чимэглэлгүй үлдээсэн барилга байшин, цэцэрлэг, зам... юу ч алга. Бүгд зохимж төгөлдөр өнгө өнгийн гэрлээр солонгорон асаж хараа булаана. Өөрийн эрхгүй сэтгэл хөвсөлзөн дэгэлзмээр үзэсгэлэнтэй юм аа. Тэртээгээс сэтгэл татаад очиж үзмээр санагдаад байсан Хубилай хааны ордон музей шөнийн гэрлээ асаажээ... Эй Бурхан минь! Их хааны ордон өргөө тэр нэгэн цагт яг л ийнхүү дүнхийн, дотор нь ордны амьдрал буцлан, нэгэнтээ аугаа их хаантан минь ертөнцийн их хэргийг үүтгэн байсан байх даа гэж эрхгүй бишрэн сэтгэмээр. “Бид ийшээ заавал очиж үзэх ёстой шүү” гэж Гарьдад хэлэхдээ гуйсан тахимдуу өнгө аяс алга болоод өөрийн мэдэлгүй “ёстой” гэсэн үгийг захирангуй ч юм шиг аясаар гаргаснаа хэлсэн хойноо анзаарав. Уг нь Гарьд маань бидэнд үйлчлэх “ёстой” хүн биш шүү дээ. Гэвч ар Монголоос ирсэн монголчууддаа үйлчилж байгаа өвөр монголчууд маань яг л “ёстой” мэт үйлчилцгээх юм. Түүний төлөө юу ч нэхэхгүй, харин “Та нар маань хөгжиж хүчтэй байх ЁСТОЙ!” гэдэг үгийг заавал ёстой мэт хэлнэ.
Тиймээ, ЁСТОЙ...
Маргааш маш эрт хааны тахилгад очих ёстой. Жаахан л оройтвол машин оруулахгүй зам хааж 2 км орчим газар явган алхах болохыг Азаа эгч Гарьд хоёр сануулна. Гарьд буудлын үүдэнд биднийг буулгаад үүдээр оруулж өгөхдөө Хуягаад хандан “Ах, дахиад уух уу?” гэж байна. “Маргааш болъё доо, өнөөдөртөө болно. Тэгээд ч өглөө эрт ажилтай. Баярлалаа Гарьд аа! Өнөөдөр их сайхан өнгөрлөө, маргааш өглөө эрт уулзацгаая! Сайхан амраарай!” гэв. Гарьд “Өглөө тийм ч их эрт хэрэггүй дээ, найм гээд хөдөлцгөөе!” гээд бид саллаа. Маргааш гол тахилгын өдөр. Бид хаанд зориулсан өргөл барьц, идээ будаа, өмсөх хувцсаа бэлтгээд сэрүүлгээ тавин унтацгаалаа. Өдрийн явдал, оройн идээ зоог гойд зохицож шөнө сайхан амарч хонолоо.
Өглөө зочид буудлын өглөөний цайгаа тавтай уугаад хөдлөв. Бид оройтож гарч байгаа тул зам хаасан байж магадгүй гэж хаширлаад хөнгөн пүүзээ торонд хийж гарсан нь оножээ. Өчигдрийн хоолон гэрүүдийн дэргэд машинаа үлдээгээд тахилын сүм рүү алхахаар боллоо. Гарьд маань машинтайгаа орох гэж үзээд болсонгүй, танилууд нь инээмсэглэн эелдгээр татгалзсаар л байна. Санаа зовох хэрэггүй дээ, өглөөний цайгаа шингээгээд сайхан алхчихъя. Дээлтэй, бас пүүзтэй. Орчин үед тийм ч хачин харагдахаа больсон л доо.
Замын хажуугаарх өтгөн саглагар моддыг одоо л нарийн сайн ажиглаж авъя. Тэнгэр баганадан жигд өндөр ургасан тэгш гоолиг хуснууд хараа булаана. Замын хоёр талаар хүндэт харуул жагссан мэт тэр гоолиг хуснуудыг харсан Азаа эгч:
-За алив, шүүмжлээрэй, бид чинь юухан хээхнээс өө сэв олж чаддаг даа гэж хошигнов.
-Хэтэрхий жигд ургасан нь бас ч тийм гоё биш юм аа, нарийн харвал дунд нь ганц нэг ургаагүй мод байж л байна, ер нь нэгэн жигд байгаа нь өөрөө байгалийнх биш, хиймэл юм байна, хусны холтсыг нь авч болохооргүй юм, энэ лав харваас шүүс гэхээр юм гарахааргүй хус байна... гэх зэргээр хоорондоо марзаганаж инээлдсээр Онгоны гадаа ирлээ. Өчигдрийнх шиг амар тайван байдал ор мөргүй болоод түм түжигнэж бум бужигнаж байна. Алхам тутамд цагдаа зогсоод зааж чиглүүлж, заасан цэг бүртээ гараа нуруундаа үүрч алцайн зогссон цагдаа нар эргэн тойрныг хянамгай ажиглах нь хүйтэн харагдана. Төмөр хамгаалалтууд битүү хэрж, тэдгээр төмрийн хоорондуур гаргасан нарийн жимээр цагдаа нарын заавраар мөргөлчид цувран орцгооно.
Өчигдөр Гарьдын зөвлөснөөр паспортоо үзүүлэлгүй шууд явж орлоо, үзье ч гэсэнгүй. Адилхан монгол царайнууд ялгагдаагүй биз дээ. Эхний хамгаалалтын хаалгыг өнгөрөөд талбай руу гартал Их таван хаалганы наана төмөр хашлагаар битүүлэн хаагаад голд нь арваад хамгаалалтын хаалга хийжээ. Хаалга болгоны үүдэнд хар дүрэмт хувцастай, бороохой сэлт барьсан хятад цагдаа нар чанга дуугаар шаагилдан шалгаж оруулна. Хамгаалалтын хаалга бүрийн дэргэд том хогийн сав байна.
Тамхины асаагуур, тэсэрч дэлбэрэх бодис, хутга мэсийг хураагаад мэдрэгчээр биеийг нэгбүрчлэн шалгаж оруулна. Хятад цагдаа нар хэзээ ч инээдэггүй болов уу гэмээр төв царай гарган чанга дуугаар заавар өгөн, нямбай нэгжиж, нэг хэсэг нь бороохойгоо гартаа бариад ажиглан зогсох нь дэндүү сүртэй. Азаа эгч “Энэ одоо ямар сонин юм бэ, би янз бүрийн тахилгад бараг арваад удаа оролцож байна, өмнө нь хэзээ ч ингэдэггүй байсан даа... хачин л юм...” гэж байна. Хамгаалалтыг нэвтрээд дотогш орлоо.
Төрөл бүрийн гоёлоо өмссөн нутаг нутгийн монголчууд ёстой нэг цугларчээ. Сэтгэл баясмаар. Бид чинь гуравхан саяулаа биш шүү дээ... гэсэн омогшуу бодол төрж үзэж байна гээч, хөөе!
Өчигдөрхөн бидний биширч ханахгүй байсан Их эзэн хааны хөшөө сүрлэг хэвээр дүнхийх агаад түүнийг тойроод зургаа авахуулж, мөргөж, сөгдөн залбирч байгаа монголчууд дүүрэн. Тойрон шаагилдах үр, ач, хүүхдүүдийнхээ дунд Их эзэн сүглийн орших нь нэг л сэтгэлд дулаан, таатай. Нутаг нутгийн аялгаар шаагилдан ярилцах үндэс нэгтнүүдийнхээ дунд байх нэг л тавлаг өег. Өчигдөр зургаа авахуулсан хэдий ч “Өнөөдөр дээлтэйгээ дахиад нэг авахуулъя” гээд бид гурав дахин нэг зургаа авахууллаа.
“Ашгүй бид нээлт эхлэхээс өмнө амжиж ирлээ” гэж Азаа эгч олзуурхана.
Шатаар өгсөж яваад Ар Монголоос ирсэн олон зочинтой таарсны нэг нь манай Савка /Төвд судлаач, Танхай банди Г.Ням-Очир /байв. Бид олзуурхан уулзалдаж хол ойрын сонин хуучлаад номын үзэсгэлэн худалдаагаар хамтдаа явахаар ярилцав. Бид өчигдөр гол үйлээ гүйцээсэн учир өнөөдөр харьцангуй чөлөөтэй хөтөлбөртэй явахаар шийдэв. Танхай бандитай хамт Их хар сүлдийг тойрлоо. Азаа эгч бид хоёр аанай л дээш гаралгүй гадуур нь гороо хийлээ. Харин Танхай бандитай хамт явсан бүсгүй эрчүүдтэй хамт Их хар сүлд рүү дээш гараад олон хүний нүдэнд өртөж дургүйцлийг нь төрүүлсэн болохыг хожим мэдэв. Нэг өвөр монгол залуу тэсэлгүй “Бид мөргөж байна, чи зайл аа!” гэж шууд хэлжээ. Бүсгүй бууж ирээд учрыг ойлгосон биз ээ. “Зайл” гэдэг нь халх хүнд таагүй бүдүүлэг сонсогдож болох хэдий ч зүгээр л "Холд” гэсэн үг л дээ, манай Сүхбаатар аймагт ч бас “Та түр холдож байхгүй юу” гэхийг “Та зайл даа” гэж хэлнэ. Тэр залуу лав манай Сүхбаатар аймагтай залгаа Сөнөд, Үзэмчин хошууны хүн байсан байж мэднэ.
Бид өчигдөр хаандаа өргөж чадаагүй идээ будаагаа өргөхөөр тахилын гол сүм рүү орлоо. Өчигдрийнхөөс ч илүү бужигнаж байна. Идээ будаа гэж тоймгүй арвин. Нутаг нутгаас ирсэн монголчууд тор тороор идээ будаагаа дамжилж авчраад өргөнө. Том том ууцыг нүсэр том царанд овоолон тавьжээ. Бид онгонд дахин хүндэтгэлээ илэрхийлээд тахилын гол сүмээс гарч тахилын нээлт эхлэхийг хүлээлээ.
Азаа эгчийн хэлснээр урьд өмнөх тахилгуудын нэгэн адил хөгжим хангинаж, цан хэнгэрэг цохиж, нээлтийн арга хэмжээ ёслол төгөлдөр эхлээд урлагийн тоглолт, бүжиг дуугаар үргэлжлэхийг хүлээв. 9 цаг өнгөрлөө, 10 өнгөрлөө, 11 боллоо, нээлт эхэлсэнгүй. Азаа эгч гайхаад барахгүй байна, энд тэндхийн таарсан хүмүүсээс асууна. Сураг дуулах нь ээ, нээлт хийхгүй. Энэ жил сүр дуулиантай нээлт хийх төсөв БНХАУ-ын Засгийн газраас олгоогүй. Ерөөс энэ жил хамгийн сүүлчийн албан ёсны тахилга болж байгаа юм байна. Хятадын засгийн газар энэхүү арга хэмжээг Чингис хааны тахилга гэж санхүүжүүлэхээ болиод аялал жуулчлалын хэмжээнд байлгахаар нэгэнт шийджээ. Тэд маань хүний эрхэнд байна шүү дээ, бид ч яалтай...
Азаа эгч энэхүү ёслолд цөөнгүй оролцсон туршлагатай хүний хувьд бидэнд ярьж өгсөн хүлээлтүүүд талаар болох нь энэ. Хааны цагаан сүрэг – 99 цагаан гүү унагатайгаа гарч ирэхэд монгол хүний нүдний нулимс цийлэгнэхгүй байхын аргагүй гэсэнсэн. Бараг сонсоод л яаран тэмүүлж догдолмоор яриа олонтаа сонссон болохоор догдлон хүлээсээр. Гэсэн ч ёслол болсонгүй. 30 орчим болов уу гэмээр цагаан гүү Алтан гандирын овооны баруун талд байраа эзлэхдээ элдэв сүржин ёслол болсонгүй. Цагаан сүргийн манлай өндгөн цагаан хүлэг гоёл зүүсгэлээ зүүгээд цагаан сүрэгт зориулан зассан талбайн хоймрын тавцанд үүрсэн зогсоно.Түүнийг мөн л тэнгэрийн өнгөт цэнхэр тэрлэгийг цэмцгэр бүсэлсэн бүрх малгайтай адуулагч хөтлөн зогсоно. Өндгөн цагаанаас адис авах гэсэн мөргөлчдийн цуваа уртаас урт эгнэнэ. Хүн болгон очиж мөргөн адис авахад Өндгөн цагаан хэсэгтээ номхон байснаа цахдана, үүрсэнэ. Өндгөн цагааныг залхах бүрийд адуулагч эзэн тайвшруулан хэсэг амраана.
Өндгөн цагааны хажууд ч мөн л хар ёслолын хувцастай цагдаагийн албан хаагч гараа нуруундаа үүрэн хөшөө баримал мэт зогсох бөгөөд өндгөн цагаанд мөргөж байгаа зургаа татуулчих гэсэн мөргөлчдөд саад болно. Тэд адгуулагчид “Та цагдаатай байраа сольж болохгүй юу, зураг авахаар ард нь цагдаа гараад байна” гэх боловч цагдаа яг чихгүй мэт зогсоно.
Мөргөлчид нэг хэсэг нь “Яг намайг мөргөхөд өндгөн цагаан үүрслээ” гэж баясана, мөргөх үед нь янцгаан буруулсан бол чимээгүйхэн байцгаана. Түүнийг мөргөлчид бүгд “тэнгэрийн тэмдэг” хэмээн үзэж байгаа нь илэрхий. Өндгөн цагаанд мөргөх дараалал хэтэрхий урт байсан тул бид энд тэндхийг сонирхон дараалал шингэрэхийг хүлээв. Бүүр сүүлд арай шингэрмэгц очиж мөргөлөө, өндгөн цагаан хүлгийн нүд рүү зориуд тогтон харлаа. Түүний мэлмэгэр нүд өглөөнөөс хойш түмэн амьтанд талхиулаад залхсан ч юм шиг, аврал эрсэн ч юм шиг мэлмэрэн байна. Гэхдээ энд ирсэн бүх хүний хувьд энэ бүхэн бүгдээрээ маш том утга учиртай, сүсэг бишрэлтэй, гүн агуулгатай... Өндгөн цагаан түүнийг ойлгосон ч юм шиг ерөнхийдөө аядуу зөөлөн, тэвчээртэйгээр мөргөл хүндэтгэлийн ёслолыг өнгөрөөж байлаа.
Өндгөн цагаанд мөргөсний дараа тэнгэрт цацал өргөх ёслолыг тэвчээртэй хүлээлээ. Хүлээх завсраа мөргөлчдийг ажиглан явлаа. Өвөр Монголын нутаг нутгаас монголчууд маань хамаг л гоёл зүүсгэлээ өмсөн ирсэн нь хараа булаам. Монгол хувцас, монгол дээл ингэж олон янзаар хувирч болдог оо гэж гайхмаар. Цамц, хантааз, бас урт богино, юүдэнтэй дээлний загварууд. Торго даавуу, эмжээр шилбэ, шүр сувдэн товч сэлт нь гайхалтай. Их хааныхаа тахилгын арга хэмжээнд асар өндөр ач холбогдол өгч эртнээс гоёл зүүсгэлээ бэлтгэн базаадаг нь илт.
Хажуугаар хүүтэйгээ дээл ижилсүүлэн гоёсон аав явж өнгөрлөө. Тав зургаан настай болов уу гэмээр хүү аавдаа хятадаар ямар нэг юм шулагнахад аав нь эрс шийдэмгий хоолойгоор:
-Монголоор яриа, энд хааныхаа дэргэд хятадаар ярьж бүүр болкүэ гэж зандарч дуулдана.
Бас хэсэг монгол залуус шуугилдан явснаа хажуугаар өнгөрөх хоёр хятад хүнийг илтэд гадуурхан дургүйцэж:
-Энд хятад хүн юу хийж явна аа, Хааны тахилгад хамгийн хэрэггүй хүн хятад хүн шүү... гэлцсээр өнгөрлөө.
-Хааны тахилгад ирсээн, одоо сүүгээ өргөж болно оо гэж бас хэсэг хүмүүс хөдөө үлдсэн гэрийнхэнтэйгээ ярилцаж байгаа бололтой байна. Тахилгад ирж чадаагүй Монголчууд бүгд энэ өдөр гэр гэртээ тахилга үйлддэг ёс журамтай гэнэ.
Жинхэнэ монгол хүмүүсийн ямар ч сэвгүйгээр сэтгэл нэгдэн хуран чуулдаг цор ганц нэгдэл, чуулбар энэ биш үү гэж бахдах сэтгэл өөрийн эрхгүй төрлөө. Бид гурав биш арван саяулаа гэх бардам бодол энэ л үед сэтгэл дотор аясаар ургаж энэ бие минь байгаагаасаа томорчих шиг сэтгэгдэнэ. Нэг цустай, нэг түүхтэй, нэгэн бахархалтай, нэгэн үнэт зүйлтэй Монголчууд. Тэнд биш энд бид илүү олуулаа ч юм шиг. Үнэндээ тэнд ганцаарддаг үндэсний үзэл энд өрсөлдөгчгүй, хязгааргүй ноёлох ч шиг. Сэтгэл ер бусын бахдлаар дүүрч хүн бүхнийг хайрлан тэвэрмээр ч юм шиг. Ийм ханамжтай мэдрэмж хэзээ авснаа би санахгүй байв. Ээ ахан дүүс минь дээ, хүний төрийн буулганд олон арван оныг элээж, зовлон зүдгүүрийг туулан өдгөөг хүрэхдээ монголоо алдаагүй, зүсээ, хэлээ хэвээр хадгалсан элэг нэгтнүүд минь дээ! Гашуун түүхийн эрхэнд салж холдоод зуун жил ч өнгөрөөгүй байхад Та нарыгаа бид чинь ямар хямдаар бодож, яасан ч их хүнийрхэж ирсэн юмб дээ! Түмэнтээ өршөөл эрэвч багадам биднийгээ болгоо!
Хүний төрд нугдайж бусдын буулганд бултайж байгаа тэднийгээ яагаад бид өөриймсөлгүй түлхэж, хүнийрхэн харьшааж ирсэн юм бэ?! Бидний ухааны мунхагийнх уу, түүхийн энэрэлгүй нугачааных уу...
“...Бидний амьдрал сайжирсаан, хоногийн хоолонд санаа зовохгүй болсоон. Гэхдээ үндсээ яаж мартах билээ, бусдын төрийн доор эрх чөлөөгөө хасуулахын гачланг та нар мэдэх биш дээ! Хоногийн хоол бол хоногийн асуудал, бидний үндэс угсаа бол бүр үүрдийн асуудал шүү...” гээд нэгэнт хувь заяа нь эргэж буцах нь өнгөрсөн өвөрлөгч залуугийн урдахаа нэгмөсөн хөнтрөх гаслант төрх зүрх зүсэж сэтгэл урах нь яана... Эвий минь дээ, уйлах байтугай үхэх ч багадам...
Ингэж бодон сэтгэл хямарсаар Хатадын сүмийг хайхаар явах замд Тахилын сүмийн баруун талд арваад автобус дүүрэн цагдаа, тав зургаан цагдаагийн машин, арав гаруй дрон ажиллахад бэлэн бэлтгэсэн талбайг олж харлаа. Өмнө нь төрөл бүрийн тахилгад арваад удаа оролцсон Азаа эгч энэ бүхнийг ихэд гайхна. Нээрээ анзаарах нь ээ, гадаа талбайд бараг хоёр хүний нэг нь цагдаа байна. Онгон руу оруулахын өмнөх харуул хамгаалалт, талбай дахь олон цагдаа, хэсэг газарт цугларсан зэвсэгт цагдаа хийгээд, дрон, төхөөрөмж сэлт юунд зориулагдсан юм бол? Өмнө нь ийм сүржин байгаагүй гэнэ. Энэ жил албан ёсны тахилгын сүүлчийн жил, жилээс жилд монголчууд улам олноор цугларах болсон... Яг энд нэг л хүний дор, нэг л зорилгын доор, нэг л үндэстэн Их эзэн Чингис хааныхаа доор омогшин хөөрсөн над мэт монголчууд юу эсийг хийж мэднэ хэмээн болгоомжилсон ч байж болох. Гэвч юу эсийг хийж мэдэх мунхаг санаа над мэтэст орж ирэхээс тэдэнд маань үгүй биз ээ...
Ийм бодол дотроо тэрлэсээр тэнгэрт цацал өргөх ёслолыг зүглэлээ. Алтан гандирын овооны яг зүүн талд монгол гэрийн хана хэлбэртэй хашлагаар дугуйруулан хашсан хүрээн дотор лав 100 литрээс багагүй байх савыг мөргөлчдийн авчирсан эсэг,цэгээгээр бялхтал дүүргэжээ. Тэнгэрт цацал өргөх ёслол ойртож байгааг илэрхийлж ижил хөх дээлтэй зохион байгуулагчид алтан гандирын овооны дагуул овоонуудын чанх зүүн талд, Алтан гадасын чанх хойд талд тусгайлан зассан гантиг хүрээнд тус бүрт нь 9 ноос хатгасан 99 залма хатгалаа. Түүнийг тэнгэрийн суудал гэнэ. Түүгээр дамжин цэгээн цацал тэнгэрт хүрэх учиртай ажээ. Зөвхөн эрчүүд цацал өргөнө. Цэгээнээс хутгаад залмаар дамжин тэнгэрт цацал өргөхдөө элдвийн бодол дундуураа оруулах учиргүй гэнэ. Үргэлжийн мөнхөд есөн шидийн хэрэгтэй хэрэггүй бодлоор дүүрч байдаг тархийг энэхэн үест л юу ч бодуулахгүй ширгээх учир нь ихэсийн ариун зорилго тэнгэр эзэнд хиргүй тунгалаг чигээрээ хүрэхэд чиглэгджээ. Тэнгэрт цацал өргөх ёслолд эрчүүдээ оролцуулахаар үлдээгээд Азаа эгч бид хоёр зургийг нь авахаар бэлтгэн ёслол болох талбайн наагуур татсан олсны наана аль болох эвтэй байрлалыг эзлээд хүлээв.
Ёслол эхэллээ. Эрчүүд ес есөөрөө торхтой цэгээнээс том цацлын халбагаар хутгамагцаа гүйхээрээ ирж тэнгэрийн илч - залма руу цацаад буцаж гүйнэ. Хэрэв цуцахгүй бол 9 удаа өргөж болно. Хэрэв цуцвал дугаарлан зогсох дараагийн эрчүүдэд боломж олгох ёстой. Энэхүү үйлийг зохицуулагч дархадууд дараа дараагийн хүмүүсийг бэлтгэнэ. Азаа эгч бид хоёр утасныхаа камерийг бэлэн болгоод эрчүүдээ хүлээгээд л байлаа, гүйлтэд орж ирдэггүй. Нэлээд байзнасны дараа Хуягаа Ганболд хоёр хүрээд ирлээ.
-Та хоёр яав аа, нүдээ чилтэл харлаа?
-Бид хоёрын хувцас болсонгүй ээ. Тахилгач хавьтуулахгүй байна. Заавал дээлтэй байх ёстой гэнэ. Монгол цамц болохгүй гэнэ. Бас заавал малгай нэхлээ, саравчтай малгай малгайд тооцогдохгүй юм байна шүү дээ. За яахав, Их Эзэний ёслолыг хүндэтгээд бид хоёр зүтгэсэнгүй ээ. Дараа ирэхдээ мэдмээр юм байна...
Биед амар, хөнгөн шингэнийг бодоод дээл биш монгол цамц, саравчтай малгайтай ирсэн нь буруутлаа. За яахав, найман зууны турш ёслол төгөлдөр үргэлжилсэн аугаа их ёс заншлыг хүндэтгэлгүй болохгүй. Тэнгэрт цацал өргөх эрчүүд ёслол төгөлдөр иж бүрэн монгол хувцастай байхыг шаардах нь түмэнтээ зөв.
Их хааныхаа онгонд мөргөлөө, өргөл барьцаа барилаа, өндгөн цагаандаа мөргөлөө, тэнгэрт цацал өргөх ёслолыг харлаа, Их хар сүлдэндээ мөргөсөн. Өөр юу байж болох вэ? Хатдын музей байдаг юм даа.. гэсээр Азаа эгч хайгаад олсонгүй. Харин онгоны тахилын ордны хажууханд цоо шинэ музей нээгджээ. Хаалгаар нь ороогүй ч хальт харахад Си Зинпин даргын томоос том тодоос тод зураг харагдана. Тэр тусмаа сонин санагдаж түүнийг үзэхээр шийдлээ.
Үүдээр ормогц энэхүү музейг Си дарга үзэж, түүнийг тайлбарлагч бүсгүй тайлбарлаж байгаа хана дүүргэсэн зургийн дор өргөн тавцанд ханз үсгээр болон монгол бичгээр, мөн англиар “Намын тугийн ивээлт намираа Нармай амжилттай Чингис хааны онгон” /The magnificent Genghis Khan Mausoleum garden under the glittering Party flag/ гэж бичжээ. Угтах ханыг тэр чигээр нь дүүргэсэн зургийн зүүн талд улаан дэвсэг дээр хятад монголоор “Думдадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бэхжүүлье!” гэж, харин баруун талд нь мөн адил дэвсэг дээр “Думдадын үндэстний нийтийн оюун санааны гэр орныг байгуулъя!” гэсэн уриаг тод томруун бичиж хаджээ.
ҮНДЭСТНИЙ ХАМТЫН ЦОГЦ УХАМСАР, бас НИЙТИЙН ОЮУН САНААНЫ ГЭР...
Ийм уриатай музей бас л сонирхлыг эрхгүй татна. Их эзэн Чингис хаан, түүний онгон монгол үндэстнийх. Гэтэл үүнийг хятад үндэстэнд нэгтгэн нийтийн ухамсар, оюун санааны гэрийг хэрхэн төлөвшүүлэх юм бол оо...
/үргэлжлэл бий...
Г.Уяанга
Сэтгэгдэл(21)
Орк монголчууд сөнөөсэй
Бухимдлаас үүсэлтэй сарказм гэж хүлээж авлаа.Гэхдээ Монголчууд над шиг хүлээж авахгүйг ойлгох байх гэж найдна.
ДАЛД СУРТЧИЛГААНД ХАМРАГДААД БАЙГААГАА ЕР НЬ БОЛ ОЙЛГООД БАЙГАА ЮМ ШИГ БАЙГАА ЮМ БАЙНА ГЭЭД ЯАХАВ ҮНЭГҮЙ ЮМ ҮЗЭХ ЗҮГЭЭР Ш ДЭЭ ККК
‘овоо тахилган дахь уулзалт’ монгол ардын дуу. бүх гятадаараа дуулна. тахилга хориглосондоо каалтаад баахан хамгаалалт авчиж зинпинаа.
103.57.95.53 Битгий худлаа социализм шигээ гүжирдэцгээ том толгой нүүртэй онигор архичин буриадуудаа.Та нар шиг өөрийн хэл ч байхгүй Монголоос ичиж жийрхдэг тосгоны лаларууд Өвөрлөгчид биш шүү. Та нар сүүлчийн буриад хэл заадаг бага сургуулиа 1957 онд хаасан. Өвөр Монголчууд тэгэхэд худам Монгол бичгээ амьд авч үлдсэн.
ар өвөрт алдартай арван тавны сар дууг хятад даяар хятадууд бас их дуулдаг. энэ дууны нэр 'овоон дахь уулзалт' гэж бас өөрөөр нэрлэгддэг юмаа.
bitgii tenegteed bai malaa. chinii hujaa tegeed mandah uu daa. mohol irj bui shuu.
Улны монгол хятад хоёрыг атомын бөмбөгөөр устгачихаад санаа амар авсандаа ороод үхэх юмсан.
АВС ОЛДОХ БОЛУУ ДАА ККК
Эртний монголчуудын үнэнч тууштай занг Өвөрлөгчид тууштай сахиж байгаа юм байна.Манай ар Монголд энэ шүтээн байсан бол бид энэ зэрэгтэй авч үлдэж чадах байсан болов уу гэж бодогдчихлоо.Оросууд бол шууд л устгуулах байсан л даа. Мао-гийн харгис дэглэм устгачихаагүй нь яамай даа !
есөн ес наян нэг. удахгүй морьд эргэхээр айргаар мялаалгаж айрагдах гэж ма мексик картелийхан ёстой гүйлдэх юм байна даа. цай сүүнийхаа дээжийг өргөхдөө өмсдөг далдын хар малгайгаа хойд монголдоо орхичихоод явжээ
xoorxii obormongolchuud
xI zInpIna
Тансаг дүрслэл, хэл найруулга сайн болжээ. Ийм чадвар бас ховор юм.Үхэр чихрийн амт мэдэхгүй гэдэг шиг цэцэрхэгчдийг яамаар юм бэ дээ.
дайн үхлийн нялуун үнэр
ХАМГИЙН ХАРАМСАЛТАЙ НЬ НААД НӨХДҮҮД ЧИНЬ ЧАМ ШИГ СЭТГЭДЭГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ ДАА. ТИЙМЭЭС УУЛ ҮЗЭЭГҮЙ ХОРМОЙ ШУУЖ, УС ҮЗЭЭГҮЙ ГУТЛАА ТАЙЛАХ ХЭРЭГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ ДАА. ЮМ ҮЗСЭН ЮМ ШИГ БАЙЖ СУРМОЙ
Их Эзэн Хааны минь суу их алдар мөнхөд бадартугай. Тэртээд амьдарч байсан догшин ширүүн мөр мөрөө хөөсөн нүүдэлчин монголчуудыг нэгэн сүлдний /,тугийн/ дор эзэн хаан Чингис нэгтгээгүй байсан бол дэлхий даяар тархан суурьшсан 10000000 монголчууд ямар байх бсн бол
Уянга талархаж, нийтлэл нь уран тансаг,сонин содон болжээ. Бичих ур чадвар өндөр чадалтай чансаатай сэтгүүлч бүсгүй .
Очиж үзэх хүсэл төрчихлөө
Уяангад жаахан шүүмжлэлтэй хандахаа болихоос кино шиг сайхан бичжээ 2006 онд 800 жилийн ойгоор би тэнд байх аз тохиосон юм Намайг дархад хүн ирлээ хэмээн гурван том гэрт идээ будаа засаж найр хийсэн би тэдний хувьд Монголоос очсон анхны дархад хүн байсан юм
УЯНГАА ЧИ БИТГИЙ ИНГЭЖ МЭДРЭЛТ. ЮУ ҮЗЭЭГҮЙ ЮМ ШИГ ЗАВАААРАХАА БОЛЬЖ ҮЗ. НААДУУЛ ЧИНЬ ХЭЗЭЭ Ч ЧИНИЙ ТЭНЭГЛЭЛ ШИГ СЭТГЭДЭГГҮЙ ЮМ ШҮҮ ДЭЭ. ҮХСЭН ХАТСНЫ ЧИНЬ ТАСАРСАН МАХ,ҮСЭРСЭН ЦУС. ЦАГАА БОЛОХООР ХЯТАДЫНХАА ТАЛД ОРОХ НОВШУУД ЮМ ШҮҮ ДЭЭ. ЯМАР Ч ГЭНЭН ХОНГОРОВ ДЭЭ. ҮНЭХЭЭР АМАРХАН ХУДАЛДАГДАЖ БАЙНА ШҮҮ. ЯМАР ХЯМДАН ЛАЛАР ВЭ