сонин mn
Шаравын Пүрэвсүрэн /1957 – 2023/
 
Байгаль орчны төлөө цогтой тэмцэгч, их эрдэмтэн, танин мэдэхүйн нийтлэлээрээ цахим ертөнцийг байлдан дагуулсан  нэрт нийтлэлч Ш.Пүрэвсүрэн 2023 оны 8 сарын 20-нд таалал төгсжээ.
 
Ш.Пүрэвсүрэн 1957 онд Увс аймгийн Цагаанхайрхан сумд мэндэлж, 1976 онд Баруунтуруун сумын арван жилийн сургуулийг, 1982 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг дүүргэж, хөрс судлагч-агрохимич мэргэжил эзэмшж улмаар тус сургуульдаа биологийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. 2005 онд Монголын хэвлэлийн хүрээлэнг сэтгүүлчийн мэргэжлээр төгсчээ. 
 
1982 оноос ХАА яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 1985 оноос ХААИС-д багш, 1992 оноос декан, 1996 оноос Монголын Их Дээд Сургуулиудын Консорциумын анхны гүйцэтгэх захирал, ШУА-ийн Газарзүйн Хүрээлэнд зөвлөх, Монголын Мянганы Сорилтын Сангийн байгаль орчин, нийгмийн асуудал эрхэлсэн захирал, БОНХ-ийн сайдын зөвлөх, Монголын байгаль хамгаалах сангийн тэргүүн зэрэг албуудыг хашиж өдийг хүртэл Монголын “Ногоон Загалмай нийгэмлэг” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байв.
 
Тэрээр байгаль орчин, байгаль хамгааллын чиглэлээр 200 гаруй нийтлэл, ярилцлага, нэвтрүүлэг хийж олон нийтэд хүргэж, түүний бүтээсэн баримтат кино 2007 онд байгаль орчны шилдэг бүтээлээр шалгарч байжээ. Ш.Пүрэвсүрэн таван тивийн 50 гаруй орноор аялж, сонин сэтгүүлүүдэд дурьдатгал тэмдэглэл бичиж, 20 гаруй оронд зохиогдсон эрдэм шинжилгээний олон улсын хурлуудад илтгэл тавьж, эрдэм шинжилгээ, судалгааны 200 гаруй нийтлэл, 20 ном бичиж нийтлүүлсэн байна.
Доктор Ш.Пүрэвсүрэнгийн танин мэдэхүйн цуврал “Миний орчлон ХХ зуун”, “Шөнө дундын нарны орон”, “Цэнхэр гаригийн сонин”, “Алдар сууд хүрэх зам” зэрэг бүтээлүүд нь шилдэг номоор шалгарч, Дэлхийн Банкны санхүүжилтээр хот хөдөөгийн сургуулийн номын сангуудад үнэ төлбөргүй тараагджээ.
Сүүлийн жилүүдэд байгаль орчныг хамгаалах үйлсэд авьяас билиг, мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байв. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж, “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдэг, Алтангадас одон, ойн медалиудаар шагнажээ.
 
Тэрээр Sonin.mn сайтын албан ёсны нийтлэлч, авьяаслаг уран бүтээлч байлаа.
 
Талийгаачийн амжилт бүтээл, алдар нэр, нөхөрсөг зан чанар бид бүхний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.