сонин mn
Хэрэв харь гаригийн хүн хаанаас ч юм гэнэт гарч ирээд: -Танайд тавхан минут айлчилья, та эх дэлхийгээ төлөөлүүлж юу үзүүлж амжих вэ гэж асуухад Бетховены “Сарны сонатыг” сонсгоно гэж нэгэн хүн хариулсан гэдэг. Хэрэв тэрхүү зочин тавхан цагт амжиж та юу үзүүлэх вэ гэж асуудагсан бол би л хувьдаа ямар ч эргэлзээгүй Энэтхэг гэж хариулна. Тоост орчлонгийн эрээн бараан өнгө зүсийг энэ оронд л таньж мэдэрч болно гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Тэрбум гаруй хүн амынхаа тоогоор манай урьд хөршийн дараа ордог бол газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийн долоо дахь том гүрэн.
Эдийн засаг нь тогтвортой өсөж, хүн амын худалдан авах чадвараараа сүүлийн арван жилийн дотор тавин орныг ардаа орхин, одоо 125-д жагсаж байна. 
 
 
 Энэтхэгийн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 3260$ буюу манайхаас бараг найм дахин их аж. Хорьдугаар зууны агуу сэтгэгч, Ази тивийн анхны Нобелийн шагналт, зохиолч Р.Таагүрийн “Гора” романыг уншаагүй хүн миний үеийнхэн дотор бараг байхгүй болов уу. Компьютерын боловсролоороо дэлхийд тэргүүлэх байр суурьтай, программ хангамжийн захиалгат ажлуудын тэн хагасыг хийдэг энэ улсын хүн ардын дөнгөж гуравны хоёр нь бичиг үсэгт тайлагдсан байдаг нь цаанаа бас өөр учир шалтгаантай болой. Энэтхэгт хэдэн мянган жилийн турш мөрдөгдөж ирсэн хүнийг удам судар, гарал үүслээр нь ялгаварлан авч үзэх кастын дөрвөн системийг 1948 оны үндсэн хуулиараа хүчингүй болгосон гэх ч, одоо хүртэл хөдөө тосгодуудад энэ ёс журмаа дагасаар байдаг юм билээ. Каст гэдэг нь товчхондоо хаад, ноёдын удам угсаа, харц ардынхтай хутгалдахгүй байх зарчим баримтална гэсэн үг. 
 
  Энэтхэг улс жилд гаргадаг киноныхоо тоогоороо мөн гоо бүсгүйчүүдээрээ ч тасархайд тоологдох орон. Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд Энэтхэг бүсгүй таван удаа аваргын титэм зүүж рекорд тогтоожээ.
 
Өндөр нам, халуун хүйтний хослол Дэлхийн дээвэр гэгдэх Гималайн нурууны нэгээхэн хэсэг энэ улсын хилд оршино. Далай их багш шавь нартайгаа даруухнаар энд аж төрдөг болой. Дэлхийн дөрвөн гол шашны нэг болох Буддаг шүтэгсэд тэнд найман сая гаруй бий. Жилийн аль ч улиралд дэлхийн хамгийн өндөр энэ уулсын оргилд идэр есийн хүйтэн тачигнаж байдаг бол, өмнөд Энэтхэгийн тал нутагт мөнх ногоон зунаараа, говийн халуун нар шарж байдаг юм. Нэг талд нь ой мод, өвс ургамал, жимс цэцэгс алаглаж, алдарт Ганга мөрөн мэлтэлзэн урсаж, далай, тэнгис цалгилж байхад, нөгөө хэсэгт нь хязгааргүй уудам элсэн цөл шаргалтаж байдаг орон бол Энэтхэг. 
 Олон үндэстэн ястны нутаг. Хар, шар, цагаан дэлхийн бүх арьстны төлөөлөгчтэй та энэ оронд л тааралдах болно. Үндсэн хуулиндаа 22 хэлийг албан ёсны гэж зарласан боловч манай халх, дөрвөд, буриад гэдэг шиг 1600 гаруй нутгийн хэл, аялагатай орон. Төрийн хэл хинду, албан ёсны хэл англи, дээр нь тухайн муж улсын хэл гэх мэт гурван хэлийг Энэтхэгийн иргэн бүр эзэмшсэн байдаг онцлогтой. Гадаадын хүн аль ч газар төвөггүй хэл нэвтрэлцэнэ. Английн колонид олон жил болсны хувьд сэхээтнүүд бүү хэл таксины жолооч, буудлын үйлчлэгч, дэлгүүрийн худалдагч ер нь үйлчилгээний албаны хэн болов ч англиар чөлөөтэй ярина. Өдөр тутмын бүх сонин хэвлэл англи хэл дээр гарна. Гуйлгачингууд нь ч англиар дуржигануулж алгаа тосно.  
 
 Энэтхэгт Хятад улс шиг гэр бүл төлөвлөлтийн бодлого байдаггүй болохоор жараад оны манай хөдөөгийнхөн аятай, айл бүр дунджаар таваас зургаан хүүхэдтэй юм билээ. Баян хоосон, хөгжил хоцрогдлын туйл Өнөөдөр Энэтхэгийн хүн амын арав хүрэхгүй хувийг баячууд хорин хувийг үгээгүй ядуучууд эзлэх бөгөөд нэг хүнд ногдох орлогын нийт хэмжээгээрээ ядуу буурай гэгдэх ангилалд багтах бөлгөө. ХХ зууны соёл иргэншлийн сүр сүлд болсон машин техник, сүрлэг өндөр орд харш, цахим тоолуурын хөгжлийг Мумбай мэтийн том хотуудад харж гайхахын зэрэгцээ, та хөдөө тосгонд нь очих юм бол шавар тулган дээр хоол цайгаа болгож идэн, сүрлэн дээвэртэй урцанд толгой хоргоддог, шалдан нүцгэн шахуу хүүхдүүдтэй ядуу тариачны хоцрогдмол амьдралыг нүдээр үзэж өрөвдөх болно. Тэд нарт нийтийн жорлон ч байхгүй, манайхан шиг хаа л бол хаа ил задгай “морь харцгаадаг” улс.
 
  Нэг ам дөрвөлжин километрт гурван зуу шахам хүн чихцэлдэн сууж нийт тариачдынх нь тавны нэг нь өөрийн гэсэн газаргүй, бусдын газар дээр ажиллан амиа зогоодог учир хөдөөгийн амьдрал нь туйлын хүнд. Мөрөндөө эгэлдэргэлсэн хувцаснаас өөр өмчгүй, өмгөр урцанд амьдардаг гуйлгачингууд, шилтгээн мэт орд харшаа хэн ч давж орохооргүй хэрмэн хашаагаар тусгаарласан баячуудтай эн зэрэгцэн амьдарна.
 
Ертөнцийн амьдралын эрээн бараан гэж чухам энэ л ажгуу. Учрал тавиланг зоргоор өөрчилж болдоггүй хойно баян ч ядуу ч өөр өөрсдөд ноогдсон жамаар амьдарцгаах юм. Ядуучууд нь өөртөө гуньж гутсан шинж ер үгүй. Тэдэнд өлсөхийн зовлон, биеийн зүдрэл байхаас сэтгэлийн шаналгаа үгүй мэт. Баяр наадам болоод баясаж цэнгэвэл баячуудтайгаа адилхан л дуулж бүжиглэнэ. 
 
 Манай хүн амын амьдралын дундаж түвшинг Энэтхэгтэй харьцуулбал бид одоогийн яриад бичээд байгаа шиг тийм ч тартагтаа тулчихсан ядуу хүмүүс яав ч биш. Ард түмний хүлээн зөвшөөрөгдсөн удирдагчдын тухай товчхон Нүцгэн шахам биеэ даавуугаар хальт ороосон, хөл нүцгэн, яс арьс болсон туранхай өвгөний хүрэл хөшөөг Москва хотын Ломоносовын өргөн чөлөөнд анх хараад, түүнийг Энэтхэгийн ерөнхийлөгчид зориулан босгосон гэхэд би ихээхэн гайхдаг байлаа. Мхатма Ганди ерөнхийлөгч нь өөрөө улсынхаа хамгийн ядуу хүний жишгээр хувцаслаж, хооллон амьдарч байсныг хожим нь олж мэдээд аргагүй биширч билээ. Энэтхэгийн ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолд амь биеэ буцалтгүй зориулсан түүнийг 1948 оны 1 сарын 30-нд мөргөлийн сүм рүүгээ явж байхад нь хэт даврагч нэгэн этгээд буудан хороожээ. Тусгаар тогтносон Энэтхэг улсын анхны ерөнхий сайд Жавхарлал Неру энэ албанд 17 жил зүтгэсэн хүн. Тэрээр бидний хэлдгээр цагтаа туг ч барьж, тугал ч хариулж байж. 1932-1933 онуудад шоронд сууж байхдаа арван зургаатай ганц охин Индирадаа зориулан захидал хэлбэрээр “Ерөнцийн түүхийг сөхөхөд” номоо бичсэн нь зөвхөн түүнд ч биш, бидний үеийнхэнд асар их үнэтэй сургамж агуулдаг билээ. Охин Индира Ганди нь ерөнхий сайдын албыг 1966-1976 онуудад, дахиад 1980-1984 буюу бусдын гарт амь насаа алдах хүртлээ хашиж, сайн эцгийн нэр төрийг өндөрт өргөн явж чадсан эмэгтэй. Түүний бие хамгаалагч нар нь хуйвалдан амийг нь хөнөөсөн юм. Түүнийг үе залгамжлан хүү Ражив Ганди нь таван жил ерөнхий сайдаар ажиллаад 1991 онд ээжийнхээ адилаар алан хядагч нарын гарт бас амь үрэгдсэн билээ. Ийнхүү аав, охин, ач хүү нар нийлээд тэрбум хүнтэй энэ том орныг дөчөөд жил удирдсан түүхтэй. 
 
 Хүнс болоод хөдөө аж ахуйн тухайд. Нэгэн цагт Нобелийн шагналт, ерөнхийлөгч Мхатма Ганди, газар тариаланд трактор техник ашиглах гэсэн зарим улс төрчдийн санаа бодлыг тас хорьсон тогтоол гаргаж байжээ. Тэрээр: Энэ цаг үед Энэтхэг тариачин өөрийнхөө хүч хөдөлмөрөөр л газраа боловсруулж, амьдралаа залгуулах учиртай. Хэрэв орчин үеийн тэрэг техник хэрэглэж эхэлбэл, тэд тэртээ тэргүй хүн бүрт хүрэлцэхгүй байгаа өчүүхэн газраасаа хүссэн хүсээгүй шахагдан туугдаж, хэдэн зуун саяараа өлбөрч үхэх болно гэж хэлсэн нь туйлын үнэн үг байлаа. Энэ шороон түмэн хүн амаа хүнс тэжээлээр хангахын тулд улсаас туйлын их анхаарал тавьдаг юм билээ. Бордоо, усалгааны зардал, гэрэл цахилгаан, банкны зээлийн хүүгийн хөнгөлөлтөнд засгийн газар жилд гурван тэрбум гаруй доллар төсвөөсөө зардаг гэсэн. Үүний дүнд улаан буудай, төмс, ургамлын тос, цай, цагаан будааныхаа үйлдвэрлэлээр дэлхийд эхний тавд орж одоо хүнсний гол бүтээгдэхүүнээрээ дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байна. 
 
 Жилийн аль ч улиралд дэлгүүр мухлаг, зах хаана л бол төрөл бүрийн ногоо жимс дүүрэн байна. Энэтхэгчүүдийн бараг хагасаас илүү хувь нь мах, өндөг, загас зэрэг амьтны гаралтай бүтээгдэхүүн хүнсэндээ огт хэрэглэдэггүй зарчимтай. Ийм хүмүүсийг “Вежетариан” гэж нэрлэх бөгөөд, тэдгээрт зориулсан хоол хүнс аль ч дэн буудал, гуанз ресторанд байна. Статистикийн мэдээнээс нь харвал, Энэтхэгт хүн жилд дунджаар ердөө хоёрхон кило мах иддэг аж. Мах иддэггүйн учир нь, бие организмд нь зохидоггүйдээ биш, шүтлэг бишрэлтэй нь гол нь холбоотой юм байна. Өөрөө амьд явахын тулд мал ч бай, бусад ан амьтны амийг бүрэлгэхийг тэд том нүгэлд тооцдог. Нөгөө талаар аливаа амьтдын иддэг уудаг зүйл нь оюун бодолд нь шууд нөлөөлдөг гэнэ. Тухайлбал дан амьд амьтны мах, цусаар хооллодог бар, арслан, бүргэд, чоно бүгд л догшин ширүүн зан авиртай, харгис хэрцгий байдаг учир, хүн мах их л идвэл ааш араншин нь яг эдгээр амьтад лугаа адил бусдыг өрөвдөх хайрлах сэтгэлгүй болдог гэх аж. Жагарын орныхон ийнхүү байгалаас заяасан ургамал, түүний үр жимсийг хүнсэндээ хэрэглэж, нүгэл хилэнцийг тэвчиж ариусах замдаа ордог гэнэ. 
 
 Архи дарсны тухайд. Энэтхэгт сар гаруй амьдрахдаа согтуу бүү хэл, сэнгэнүүлсэн хүнтэй ч тааралдсангүй. Хүн адгууснаас ялгагдах ганц гол онцлог нь ухамсарт оюунд нь байдаг учир түүнийгээ хайрлаж, нандигнаж цэвэр ариун байлгахыг аль ч шашин номлодог билээ.
 
Хойд, урд нас байдаг гэдэгт итгэдэг хэнд ч болов ариун сүнс, оюун санаа мөнхөд оршиж, хүний болон бусад орчлонд дахин дахин төрдөг нь ойлгомжтой болно. Архи уухад хүний бие организм гол нь бус, оюун санаа бохиртон хорддог учир хүн, хүн чанараа алдаж, адгуус амьтан лугаа зарим үед түүнээс дор болдогт нь, архи дарсыг Энэтхэгчүүд хэзээ ч хэрэглэхээс цээрлэдэг байна. 
 
 Бурхан шашин болон, бидний тухай бодол. Энэтхэгчүүдийн хамгаас бишрэн дээдэлдэг нь тэдний шашин. Гантиг, боржин чулуугаар урласан хэдэн мянган жилийн түүхтэй сүм хийд, алт мөнгөн эрдэнийн чулуугаар чимсэн бурхдыг хараад танд бишрэх сэтгэл аяндаа төрнө. Хинду, будда, лал, христ, синк дэлхийн бараг бүх шашинтан энэ оронд мөр зэрэгцэн амьдарна. Аль ч шашинтны мөргөлийн сүм хийд нь сүсэгтэн бүрийн оюун санаагаа ариусгах, бясалгах хамгийн цэвэр нандин шүтээн бөгөөд тийшээгээ гуталтай ч үл орно. Олон шашин гаднаас орж ирвэл атомын бөмбөгөөс ч аюултай мэт номлодог хүмүүст Жагарын орныг үзүүлэхсэн. Шашин бүрийн утга учир, мөн чанарыг таниагүйгээр юуг эрхэмлэн дээдлэж, юуг цээрлэж явах ёстойгоо ч ухаараагүй байж, аль ч шашин руу дайрч, давшлах нь мунхаг явдал. Хүн ардыг оюуны ялзрал, ёс суртахууны доройтолд орох замыг хаадаг, туйлын хүчин зүйл бол засгийн хатуу хууль тогтоол, цэрэг цагдаагийн хүч ч бус, хөрөнгө мөнгөний хэмжээ, боловсролын түвшин ч бус гагцхүү чин сэтгэлийн итгэл бишрэл байдагт гол чанар оршино. Тэрбум гаруй хүн багширсан, гурван хүний нэг нь ядуу зүдүүгийн туйлд амьдардаг, хүн амын тэн хагас нь шахам боловсрол нимгэн энэ оронд хулгай дээрэм, аллага таллага, архидан согтууралт, садар самуун явдал манайхтай харьцуулахад бараг үгүйтэй адил мэт. Шашин шүтнэ гэдэг нь хүн бүхэн сахил санваар хүртэж, сүм хийдэд шавилан сууна гэсэн үг огт биш бөгөөд, таны оюун ухаанд эсвэл хаа нэгтээ биднийг ивээн тэтгэж ч, залхаан цээрлүүлж ч, чаддаг бүхний эзэн Бурхан бий гэдэгт итгэж, түүнийг хайрлаж биширч, шүтэж түүнд захирагдаж, түүний өмнө нүглийг тэвчиж, оюун санаагаа бузар муухай бодлоос байнга ариусгаж, бусдын тусын тулд өөрийн үйлийг зориулахыг хичээдэг байхыг хэлдэг болов уу. 
 
 Хуулийн өмнө бол хулгай хийгээд баригдсан хүнийг хулгайч хэмээн бид шийтгэх гэж оромддог бол, Бурханы өмнө хулгай хийсэн л бол, баригдсан ч, баригдаагүй ч хэзээ нэгэн цагт гэсгээгдэх л жамтай. Манай нийгэмд өнөөдөр хүн чанар гэдэг ойлголт хөлийн улан доор гишгэгдэж, хуурч мэхлэх хулгай дээрэм, хүчирхийлэл, архидалт гэмт хэрэг хавтгайрсан нь, зах зээлд шилжсэнээр хүмүүсийн амьдрал ядуурсандаа бус, шашингүйн үзлийг далан жил номолсноос хүн ард нь итгэх бишрэх, айж цэрвэх зүйлгүй болж, гагцхүү эд хөрөнгөний араас улайран хөөцөлдөж, оюун санааны доройтол ёс суртахууны уналтад нийгмээрээ орсны илрэл хэмээн бодном. Хэрэв амьдрал ядуурснаас хулгай дээрэм архидалт танхайралт ихэсдэг бол Энэтхэгт л гэмт хэрэг ид цэцэглэж баймаар. Хүнд эд хөрөнгө хэрэгтэй гэдгийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ түүний төлөө юу ч хийхээс буцахаа больж, өөрсдийгөө болон өрөөл бусдыг егүүтгэгсэд сүүлийн жилүүдэд хичнээн ихээр олшрох болов, гэгээн Дарь эх минь. Шударга бусаар олсон хөрөнгө мөнгө нь өөрт нь болоод үр ач нарт нь сайн сайхныг хэзээ ч үл авчирдаг жамтай билээ.
 
Эд агуурсыг хураах тусам улам ихээр арвижуулахын хүсэл шунал төрж, “Алтан загасны” эмгэн мэт болдог бөгөөд эцэст нь түүгээрээ амар амгалан амьдрах нь бүү хэл, түүндээ сүнс нь хоргодон үхэж ч үл чаддаг ажгуу. Бидний ихэнх маань бурхан шашныг өдөр тутмын амьдралдаа огоорох боловч, үхэл хагацал, өвчин зовлон, гай барцад тохиолдоход нэг хэсэг нь гандан хийд гэж байдгийг сая санаж, лам хувраг, мэргэч төлөгч хайн гүйлдэх, нөгөө хэсэг нь өнгөн дээрээ шүтлэгтэн болж жүжиглэн, өөрийгөө мөн өрөөл бусдыг хэдэн зоосны төлөө хуурч мэхлэн, Бурхан шүтээнийхээ өмнө бузар нүгэл үйлдэж буй нь даанч харамсмаар. Аугаа их Далай багш 1990-ээд оны үеэр манай оронд анх айлчлах үедээ бидэнд: Бүхнийг зоосны нүхээр бүү хараарай Билэг ухаанаа төгөлдөржүүлээрэй гэж захиж байсан бол сая ирэхдээ: Архиа больж, айргаа тавьж уугаарай Номын ёс, сахил санваараа эрхэмлээрэй гэж айлдсан нь цаанаа нэг юм хэлээд байгаа юм биш биз. 
 
1994 онд бичиж байжээ.
 
Ш.Пүрэвсүрэн