сонин mn
Эдүгээ 78 настай Оюунаа буурайн дэлхийд давтагдашгүй бас нэг онцгой чадвар нь энэ их сүүний зэрэгцээ бас цусны донор байсан явдал. Тэрээр өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд 48-хан кг турьхан биенээсээ 44л цус бусдад өгч буян үйлджээ. Хүний биед 5л цус байдаг гээд тооцоход буянт энэ ээж биеийнхээ цусыг 9 удаа юүлсэн гэсэн үг. Аваар осолд ордог ч юм уу бусад ямар нэгэн шалтгаанаар үхэл амьдралын дэнсэн дээр дэнжигнэж байгаа ямар ч хүнд өөрөөсөө өгч болох хамгийн том бэлэг бол цус гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Цуснаас 12 төрлийн эм бэлдмэл гаргаж хэрэгтэй хүмүүсийн гарт очдог. Цус сүүний хосолсон донор ийм хүн хорвоо дэлхийд байхгүй гэдгийг “Гиннесийн рекорд” номыг дахин дахин шүүсний хувьд би итгэлтэйгээр хэлж чадна.
Өндөр ээжийн тухай яриагаа цааш нь дараагийн постонд үргэлжлүүлбэл “Би 1963 оноос цусаа өгч эхэлсэн. Нэг удаадаа 400-500 гр цус өгнө. Туваан гуайг ЭМЯ-ны сайд байхад нь “Хүндэт донор” цол авч байлаа. Эрдэнэтийн эмнэлэгт байхдаа дүүдээ 500 грамм цус өгчихөөд байж байтал тэр эмнэлэгт нэг эмэгтэй төрлөө. Тэр эмэгтэйн З дахь төрөлт байсан. Хүүхэд нь эв эрүүл, ээж нь харин цус алдаад шоконд орчихсон хариугүй үхдэгийн даваан дээр. 
 
Сахиж байсан нэг жаахан охин над дээр уйлж гүйж ирээд "Эгч маань цус алдаад хариугүй явчих гээд байна. Та аминд нь орж туслаач дээ" гэхээр нь цусны бүлгийг нь асуусан чинь минийхтэй таарч байна. Уг нь бол донорууд бид нар цусаа өгчихөөд 2-3 сар болж байж дараачийн удаа өгөх ёстой байдаг юм. Гэхдээ тэнд хүн үхэх гээд байхад би яаж үгүй гэж хэлж чадах вэ дээ, яваад орсон чинь нөгөө эмэгтэйн царай нь зэвхий цайчихсан, яг үхчихсэн хүн шиг харагдаж байсан. Цус хийгээд эхэлсэн чинь тэр охины уруул ягаанаар туяарч, татваганаж эхэлсэн. Тэр эмэгтэй ингэж амь орлоо. Гэтэл хэрэг бишдлээ. Хотод цусны станцад тэр дороо мэдээ нь очдог юм байна л даа. Тэр үед цусны станцын дарга Улаанхүү гэж хүн байсан юм. Улаанхүү дарга утсаар " Яахаараа Та нар Оюунчимэгээс  хоногийн дотор 1 литр цус авдаг байна аа. Наад хүн чинь үхчихийг хэн бай гэдэг юм, Та нар наад  хүнээ бодсонгүй юу" энэ тэр гээд баахан загнасан байсан. Тэгэхэд би өөрийн эрхгүй бодсон л доо. "Хэрэв зээ би таарч цусаа өгөөгүй бол тэр нялх дээр нь үлдсэн хоёр хүүхэд нь ээжгүй, хань нь ханьгүй, эцэг эх нь охингүй болох байсан. Сүү, цус хоёр бол юун ус. Жинхэнэ чандмань эрдэнэ юм байна гэдгийг яс махандаа игэж мэдэрсэн, ойлгосон. Удалгүй “Улаан загалмай” нийгэмлэгийн их хурал дээр намайг сүү, цусны хосолсон улсын анхны хошой донор “Нигүүлсэнгүй үйлстэн” гэж зарлаж байсан” гэж ярихыг сонсоод энэ сайхан буурайгаар бахархаж өөрийн эрхгүй нүд чийгтэж сууснаа нуух юун.
 
1962 онд Бал дарга маань “гурван ихрүүдийг хаа төрсөн газраас нь онгоцоор Улаанбаатарт яаралтай авчирч, 4 нас хүртэл нь улсын асрамжинд үнэ төлбөргүй байлгасны дараа аав ээжид нь албан ёсоор хүлээлгэн өгч байх тухай СнЗ-ийн тогтоол гаргуулж байсан тухай намайг ярьж байтал өндөр ээж гэнэт миний яриаг  тасалж, Филатова гуайн тухай асууж, ам уралдан ярьж, бас уйлж  загнаж гараваа.
 
“Юун яасан ийсэн цагаатгал... Ямар гай тарилаа гэж тэр хүний гавьяа шагналыг хураадаг байна аа... Яахаараа “Ихрүүдийн сувиллын газар” гэж тэр хүний Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр босгосон Баянгол зочид буудлын хажууд байсан тэр гоё барилгыг нураадаг байна аа... Би ч хэлэх үг олдсонгүй, тэвдсэндээ 4-р хороололд түүнээс ч илүү том, гоё 75 хүүхдийн асрамж сувиллын газар сүүлд нь бариулсан гэж байж л эмээг жаахан тайвшрууллаа. Оюунаа ээжийг ийм уйлахаа хүн гэж яаж мэдэх билээ. 
Асуудлыг бушуухан өөр тийш нь займчуулж түүнд тохиолдсон нэг ноцтой ослын тухай яриуллаа. “... Автобусны буудал дээр зогсож байтал гэнэт нэг хурдтай машин хоёр автобусны дундуур орж ирж намайг мөргөөд би 10-аад метр шидэгдээд замын голд унасан юм билээ. Тэр үед миний хэл яриа огт байхгүй болчихсон. Миний тархинд цус хураад, нурууны үе, хэд хэдэн хавирга хугарчихсан байсан. Тэгэхэд гэмтлийн эмч "Та ч ёстой аргагүй л их буян үйлдсэндээ амьд үлдэж дээ. Ийм хүнд гэмтэл авсан хүн голдуу газар дээрээ л нам явдаг, бүр сайн бол насаараа өрөөл татанхай болдог гэж ярьж байсан.    
Энэнээс гадна дахиад ч үхэлтэй тулгарсан үеүүд ч байгаа. Олон хүнд цусаа бэлэглэж, сүүгээ өгсний буянд л бурхан намайг аварсан гэж бодож явдаг юм. Сайхан эрүүл чийрэг залуу үеийгээ донор болооч гэж  уриалмаар санагддаг юм” гэлээ.                   
                                                         
 
Ш.Пүрэвсүрэн