сонин mn
2021 онд Монгол газар нутагт тулгар төр үүссэний 2230, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 60, Монгол хүн сансарт ниссэний 40 жил зэрэг олон түүхэн тэгш ойнууд тохиолоо. 
 
2021 онд 70 мянган хүүхэд эх нутагтаа төрж, Ар монголчууд бид 3 сая 400 мянгуулаа боллоо. /Өвөр Монгол, халимаг, буриад болоод гадаад улс орнуудад хичнээн хөх толбот үрс мэндэлснийг тодруулах шаардлагатай/.
 
2021 онд Мал сүргийн тоо 70 сая шахам болж өсөв. Сүүлийн 30 жил аваагүй арвин ургацтай жил байлаа. 
 
2021 онд Токиогийн Зуны XXXII олимп, паралимпын наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ. М.Анхцэцэг маань хүндийн өргөлтийн дэлхийн аварга болж, Монгол эхийн хосгүй чадал тэнхээг дэлхий дахинд харуулсан бахдам үйл явдал боллоо.
 
2021 онд Авьяаслаг хүүхдүүд маань Олон улсын оюуны олимпоос хамгийн олон медаль хүртэж, 100 гаруй орноос эхний 11 дүгээр байранд орж Монгол хүний оюуны чадавхийг олон нийтэд харууллаа. 2018 онд ой тогтоолтын дэлхийн аварга Н.Мөнхшүр, Н.Энхшүр ихэр охидууд маань Гиннессийн номонд бүртгэгдэж, Москва хотод  болсон "Гайхамшигт хүмүүс" теле шоунд  оролцон дэлхий нийтийг шоконд оруулж байлаа. 
 
2021 онд “Оюу толгой” төслөөс хүртэх ашиг нэмэгдэх боломж бүрдлээ. Монгол хүн эх орон, газар нутагтаа эзэн байж, эв хүчээ нэгтгэх аваас ямар ч сорилт, бэрхшээлийг даван туулж чаддагийг харуулж, бид хэзээ ч эх орон, байгалийн баялгаа бусдад дээрэмдүүлэх ёсгүйг анхаарууллаа.
 
2021 онд Монголын ард түмний их удирдагч Ю.Цэдэнбалыг Улсын дээд шүүхээс албан ёсоор цагаатгалаа. Бал дарга маань Монгол төрийг тасралтгүй 44 жил удирдахдаа улс орныхоо хил хязгаар, тусгаар тогтнолыг баталгаажуулсан. Ард түмнээ эрүүлжүүлж, бидний үе тэнгийнхэнд үнэ төлбөргүй боловсрол эзэмшүүлж, Монгол түмнээ гэгээрүүлсэн. Эзэнгүй талд Эрдэнэт, Дархан, Багануур хотыг сүндэрлүүлж, улс орноо үйлдвэржүүлж, цахилгаанжуулж, холбоожуулсан. Харамсалтай нь энэ их хүчин зүтгэлийнхээ “шагналд” амьдралынхаа сүүлчийн долоон жилээ  харийн нутагт цөллөгөнд өнгөрөөсөн. 
 
Түүний  нөр их гавьяа зүтгэлийг нь залуу үеийнхэнд таниулж, эх оронч үзэл санаа, итгэл үнэмшлийг нь түмэн олноо түгээн дэлгэрүүлэх үүрэгтэйг 2021 он миний үеийн ахмадуудад санууллаа.
 
 Мөнх тэнгэрийн хүчин дор өвөг дээдсийн маань зуу зууны турш байгуулж бидэнд үлдээсэн туурга тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай
 
Ш.Пүрэвсүрэн