сонин mn
Саяхан ач маань газар хөдлөлт гэж юу болох талаар намайг баахан байцаалаа. Глобус тавьж байгаад газар хөдлөлтийн шалтгаан, дэлхийн бүтцийг тайлбарлах гэж оролдов. Газар хөдлөлтийг эмээгийн плиткан дээр тавьсан данхтай цай халаад буцалж дэвэрдэгтэй адилтгаж нэг үзэв. Арван настай хүүхдэд газар хөдлөлтийн талаар тайлбарлаж ойлгуулах гэж багагүй хүч хөдөлмөр гаргаж байх зуур тэртээ оюутан цагийн нэгэн үйл явдал өөрийн эрхгүй санаанд буулаа. 1980-аад оны үед Москвагийн Улсын Их сургуульд сурч байх үед миний хувьд хамгийн хүнд сорилтын нэг бол геологийн хичээл байсан юм. Орос хэлэндээ маруухан маньд тэр олон зуун эрдэс чулуулгийг ялгаж танихаас өгсүүлээд  дэлхийн геологийн тогтоц, гарал үүсэл, түүхийн процессууд гээд толгой эргүүлсэн түмэн асуудлуудыг бүтэн хоёр улирал  үзсэний эцэст хаврын шалгалтанд орлоо. Үндсэн асуултуудаа гайгүй хариулсны дараа профессор багш  надаас ХХ зуунд хамгийн хүчтэй газар хөдлөлт хэзээ хаана болсон талаар асуудаг юм байна. Ном сурах бичгээс уншсанаараа 1906 оны Сан Франциско хотын газар хөдлөлтийн сүйрлийн тухай дуржигнуулж байтал багш намайг зогсоож, “Та далайн чанд руу хэтэрхий хол  явчихлаа, Евро-Ази руугаа арай жаахан ойртуулаад бод доо”  гэлээ. 
Бодоод байсан чинь нээрээ 1905 онд манай нутаг Ханхөхийн нуруунд айхтар хүчтэй газар хөдөлж, хонь хариулж явсан хүүхэд хоттой хоньтойгоо гүн ангал руу орж хэд хоног хонь ямаа майлах дуу тасрахгүй шуугисан  гэнэ лээ гэж аавын маань ярьж байсан санаанд орлоо. Энэ тухайгаа өөртөө итгэлгүй там тум ярьж эхэлтэл өвгөн багш маань миний яриаг тасалж тухайн мэдээллийг хаанаас авсныг асуучихаад шууд “онц” тавиад гаргачихаж  билээ. Шалгалтнаас гарангуут шарандаа номын санд сууж энэ талаар тодруулсан чинь 1905 оны 07 сарын 23-нд Булнайн нуруунд 8 баллын хүчтэй хөдлөлт болж,  Ханхөхийн Модон даваа, Цагаан нуурын хойд эрэг, Булнайн нурууг арлан Тэсийн голын эхийг дайрч Сангийн далай нуур хүртэл 500 км хагарал үүссэн ба уг хагарал нь 3-6м өргөн, 2-5м гүн зарим хэсэгтээ 100м хүртэл гүн, 20-60м өргөнтэр рүү нь хүн мал орж сүйдсэн юм билээ. 
Оросын Газарзүйн нийгэмлэгийн даалгавраар эрдэмтэн судлаач А.В.Вознесенский энэ нутгийг зорин Эрхүүгээс ердийн хөсгөөр хэдэн мянган бээрийг туулан ирж судалгаа хийж, газар хөдлөлтийн хүч 11-12 баллд хүрч сая орчим кв.км нутагт доргилт үүссэн гэж дүгнэсэн байлаа. Тэрээр “Тухайн  нутагт хүн ам цөөн учраас онц сүйтгэл учраагүй, Тэсийн хүрээнд 2 шавар байшин нурж, 30 гаруй модон байшин хазайж гэмтсэн, мөн Алтан хөхийн нурууны ойролцоох 3 жижиг нуураас 2 нь алга болсон, жижиг булаг шандууд алга болж шинээр өөр газруудаас гарсан байсан ” гэж тэмдэглэн үлдээжээ. Ингэж ХХ зууны хамгийн хүчтэй газар хөдлөлт Монголд болсныг олж мэдсэн юм.
 
Үүнээс 50 гаруй жилийн дараа 1957 оны 12 сарын 4-нд мөн 8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байдаг. Баян-Хонгор, Говь-Алтай аймгуудын нутгийг дайран, 400 км орчим хагарал үүссэнийг хэдэн жилийн өмнө Америкийн эрдэмтэн судлаачидтай  биеэр очиж үзэх завшаан нада тохиож билээ. Тэр үеэр Баянхонгорын Богд сумын нутаг Орог нуурын хөвөөнд байсан нутгийн нэгэн өндөр настай хүнээс газар хөдлөлтийн талаар сонсож тэмдэглэж авсан нь миний хувьд тун олзуурхууштай зүйл болсон юм.  
 
Балдан өвгөн “Тэр өдөр тэнгэрт бүртийх ч үүлгүй цэлмэг байсан. Аав маань өглөө эрт босож гадаа гарч ирсэнээ хоттой хонин дотор аргал янгир ороод ирсэн байна, энэ нэг л сайны ёр биш, хонио битгий бэлчээрт гаргаарай  гэлээ. Тэгтэл бага үдийн алдад гэнэт тоос шороо манарч, их дуу чимээ нүргэлэн, газар дүнгэнэж, асар хүчтэй донсолж эхэлсэн. Манай өвөлжөө нэг өндөр эгц босоо цохио хадны яг ёроол дор  байсан. Том том үхэр чулуунууд уулнаас ойж буун нисэн, манай гэрийн тоонон дээгүүр шидэгдэн доошоо бууж байгааг харахад үнэхээр аймаар байсан. Миний толгой эргэн дотор муухайрч, манайхан гэрийнхэн ч  мөн дор дороо нам унаад өгч билээ. Хэдэн хормын дараа гарч харвал газар орны төрх тэр чигээрээ өөрчлөгдөж, танигдахын аргагүй болсон байсан. Гэр маань хичнээн дайвалзсан ч нураагүй. Харин хэдэн унь углуургаараа хугарч, гэр доторх эд бурхан тахил бүх зүйлс газраар нэг тарж, бид хүн малгүй бүгд нам дор газар руу сандран бууцгааж билээ. Манай нилээд олон тооны мал уулнаас бөмбөрөн бууж ирсэн том чулуунуудад цохиулан үхсэн. Би дараа нь адуугаа хайхаар явсан боловч, газар орны хэлбэр дүрс өөрчлөгдөж хаана яваад байгаагаа ч мэдэхэд хэцүү болчихсон байсан. Нутгийн хүмүүс ярих нь  газар хөдлөлтийн дараа газар дороос  хүн уйлах, мал майлах чимээ сонсогдож байсан гэсэн. Хавар нь хаанаас үнэртээд байгаа нь мэдэгдэхгүй тэр орчин их үмхий болсон гэж хуучилсан юм. 
Баянхонгор аймгийн Богд сум, Их Богд уулын араас Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг хүртэлх газар хөдлөлтийн хагарлын дагуу явж үзэхэд одоо хүртэл эдгээгүй байдаг юм билээ. Их Богд уулын ард газар хөдлөлттэй холбоотой гэх гайхамшигтай үзэсгэлэнт Орог нуур бий. “Нуурыг тойроод 30 гаруй булаг байсан, ширгэсээр байгаад одоо гуравхан үлдсэн. Нуурын дэргэд чихэр өвс их ургадаг байлаа. Нутгийн ардууд үндсээр нь ухаж авч гадныханд зарсаар байгаад  дуусч байгаа. Энэ нуур гантай жилүүдэд ширгэж алга болсноо намар нь хэд хоног манантаж байгаад эргээд усаар дүүрчихдэг” гэж Балдан өвөөгийн хуучлахыг сонсоод гайхаж суулаа.
Говь алтайн нурууг дамнасан Баруун Богд, Зүүн Богд, Их Богд гээд олон Богд уулсын ард Баянхонгорын Богд, Өвөрхангайн Богд гээд хөөрхөн жижигхэн нүүрийг нь угаачихсан хүүхэд шиг цэвэрхэн хоёр сум мөр зэрэгцэн оршдог юм. Өвөрхангайн Богд сумын дэргэд Таацын Цагаан хэмээх үзэсгэлэнтэй нууранд тэртээ 1997 онд “CAMEL TROPHY-97”  багийнхантай хамтран олон улсын сэлүүрт завины тэмцээн уралдаан зохион байгуулж байсан цаг тун саяхан мэт. Гэтэл энэ аялалын үеэр очоод үзтэл нуур ор мөргүй ширгэн алга болж, нов ногоон нугат хөндий болсон байхыг хараад нүдэндээ итгээгүй билээ.   
Газар хөдлөл нь хэзээ, хаана болох нь тодорхойгүй гэнэт болдог үзэгдэл юм. Энэ талаар эрдэмтэд одоо хүртэл хариултыг нь олоогүй  л байна. Хэдийгээр тоног төхөөрөмж өндөр хөгжсөн ч газар хөдлөх магадлалыг таамаглах хэмжээнд л байдаг аж.
Саяхан оны дараахан 2021 оны 1-р сарын 12-нд тогтсон жаягийнхаа дагуу би шөнө хагаслан босчихоод компьютер шагайж суутал зуслангийн хавь ойрын ноход шаагилдаад явчихлаа. Удалгүй модон байшин маань үл мэдэгдэх шажигнасан. Нойтон банзаар барьсан болохоор агаарын хэм, чийгийн өөрчлөлтөөс байнга тас няс хийн дуугарч байдаг учир нэг их тоогоогүй. Гэтэл удалгүй араажав хүү Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн болохыг дуулгахад нь бага зэрэг сандарч ийшээ тийшээ утасдсан.
 
 
 
Газар хөдлөл судлалын нэр томъёонд их хэрэглэгддэг балл, магнитут хэмээх хоёр хэмжигдэхүүн бий. Энэ хоёр хоорондоо тэмээ ямаа хоёр шиг ондоо хэмжигдэхүүнүүд. Хүмүүс үүнийг хольж хутгаж андуурдаг. Сэтгүүлчид ч хүртэл “Рихтерийн шаталбараар тэдэн баллын хүчтэй газар хөдөллөө” гэж бичиж яриад байгаа нь маш буруу юм.
 
 
 
Балл гэдэг нь Орос зүүн Европын зарим оронд хэрэглэгддэг газар хөдлөлтийг  газрын гадаргуу дээрх илрэл сүйтгэлээр нь хэмжиж үнэлдэг 1-12 хүртэл шатлалтай нэгж. Харин магнитуд гэдэг нь 1935 онд АНУ-ын эрдэмтэн Рихтерийн бүтээсэн газар хөдлөлтийн үүссэн цэгээс нь ялгарах энергийгтусгай багажны тусламжтайгаар тогтоодог 1-9 хүртэл шатлалтай хэмжээс юм. Орчин үед газар хөдлөлтийн хүчийг илэрхийлдэг олон арга байдаг боловч магнитудаар илэрхийлдэг аргыг одоо дэлхий нийтэд өргөн хэрэглэж байна. Магнитудаар илэрхийлэх хэмжээсийн дагуу 6-аас дээш бол хүчтэй газар хөдлөлт , 4-6 магнитуд  гэвэл хүчтэйвтэр болдог, үүнээс доош чичирхийллийг хүмүүс тэр болгон анзаарч мэдрэхгүй. 
Газар хөдлөлт бол хүн төрөлхтөний хамгийн итгэлгүй дайсны нэг, урьд өмнө ч гэсэн, өнөө үед ч гэсэн хэмжээлшгүй уй гашуу, эд материалын хохирол учруулсаар ирсэн гамшиг юм. Газар хөдлөлт дангаараа бол сүртэй сүйтгэл авчирдаггүй, харин хүн төрөлхтөний өөрсдийнх нь бүтээл барилга байшин хүн алдаг. Газар хөдлөлт байнга болдог улс орнуудад амь насаа алдсан иргэдийн 92 хувь нь барилга байшин нурснаас, гал түймэр гарснаас болж амь насаа алддаг байна. 2003 онд Ираны Бам хотод болсон 6.3 магнитудын газар хөдлөлтөнд 35 мянган хүн амь насаа алдаж байхад газарзүйн ижил нөхцөлтэй АНУ-ын нэг хотод 6.5-аар газар хөдлөхөд нэг ч хүн үхэж үрэгдээгүй. Өөрөөр хэлбэл, газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй барилгууд нурж хүний амь насыг олноор нь хөнөөдөг. 
Дэлхий ээж маань үе үе уурсаж, манийгаа сүйтгэж байсан мөн өөрийн нүдээр үзэж гамшигийг мэдэрч байсан зарим түүхээс хэсэгчлэн дурдъя.
Намайг МГУ-д аспирантурт сурч байсан 1988 онд Армений Спитак хотод газар хөдлөлт болсон  юм. Манай оюутны байрны том алаг нүдтэй Армен бүсгүй Нонна учиргүй уйлж орлин шатан дээр сууж байсан нь миний сэтгэлд тод үлджээ. Тэр үед ээж нь түүн рүү үүрээр утасдаж дүүтэйгээ яаралтай ярь. Би урьд шөнө их муухай зүүд зүүдэллээ гэж хэлэхэд нь холбоон дээр очоод залгах гэтэл Спитак хоттой холбоо тасарсан байсан. Удалгүй ТВ-ээр Спитакад газар хөдөлсөн тухай мэдээ явахад нь дүү минь амь үрэгдсэнийг мэдсэн гэж хожим нь ярьж байж билээ. Эхийн сэтгэл үр хүүхэдтэйгээ үүрдийн холбоотой байдгийн тод жишээ юм даа. Нагорный карабахтай байлдаан ид оволзож байх тэр үед Армений хойд бүсийн 4 хот, 50 тосгон балгас болж байлаа. Газар хөдлөлтийн төв  Спитак  хотод Рихтерийн шаталбараар хамгийн дээд түвшинд гэж тэмдэглэгдэж байлаа.   
 
 
 
 
Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их хохирол учруулсан гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдсэн Хятадын Шаньсигийн газар хөдлөлт 1556 онд болж, 830 мянган хүний амь насанд хүрсэн гэдэг. Мөн Хятад улс хатуу хаалттай байсан 1976 онд Таншань хотод аймшигтай газар хөдлөлт болж 250.000 хүн амь үрэгдсэн гэдэг ч зарим судлаачид үүнээс илүү хүн амь эрсэдсэн  гэж үздэг. 
 
 
 
Ханшин-Аважигийн гэх их газар хөдлөлт Японд 1995 оны эхээр болсон юм. Газар хөдлөлтийн голомт болох Хоншю арлын эрэгт оршдог Кобе хот хамгийн ихээр өртөж сүйрсэнийг 1996 онд Японд очих үеэрээ нүдээрээ үзэж, зарим хүмүүстэй уулзаж ярилцаж байлаа. Хүмүүсийг унтаж байх үед үүрээр болсон учраас аймшигт уршиг дагуулж, 6000 гаруй хүн амиа алдсан бол 40 мянга гаруй хүн гэмтэж бэртжээ. Мөн 640 мянган байшин сүйдэж, 340 мянга орчим хүн орон гэргүй болж байжээ. Тэр үед манай хэлмэрч Япон залуугийн аав ээж энэ хотод амьдарч байсан гэж ярьсан. Гэр орон нь юу ч үгүй сүйрсэн ч аав нь ах дүүгээсээ тусламж авахаас татгалзаж байсныг нь сонсоод тэр үед итгээгүй ч, нурсан барилгуудад дарагдсан хүмүүсийн амь насыг аврах ажиллагаанд оролцохоор Францаас нохойгоо дагуулан очсон аврагчдыг “Энэ бол бидний асуудал хэмээн онгоцны буудлаас буцааж байхыг хараад Япон хүний эрмэг бардам занд биширсэн шүү. 
Газар хөдлөлтийн улмаас хүний амь нас, эд хөрөнгөд маш их хохирол учруулдаг хүчин зүйлийн нэг нь цунами юм. Далайн ёроолын газар хөдлөх болон дэлбэрэлт болж буй галт уулын зарим хэсэг тэнгис рүү нуран унах үед цунами үүсдэг. Газар хөдлөлтийн улмаас усан цахилгаан станцын болон томоохон голуудын далан хаалт эвдэрч үүний нөлөөгөөр ойр орчны газар усанд автаж, барилга байгууламжийг эвдэж, усанд автуулдаг. Намайг Тайпей хотод болсон олон улсын нэгэн семинарт оролцож байх 2004 оны 12 сарын 4-нд Энэтхэгийн далайд болсон газар хөдлөлтөөс үүдэлтэй цунамид 285 мянган хүн амь эрсдэж, сураггүй алга болж байлаа. Индонезийн Суматра арлын ойролцоо үүссэн цунамигийн давалгаа 1200км/цаг буюу орчин үеийн тийрэлтэт онгоцноос илүү хурдтайгаар Тайваны эрэгт ирж бид хэд учиргүй сандран бужигналдаж байсансан.     
 
 
Одоогоос арван жилийн өмнө 2011 оны 3 сарын 11-нд болсон  9 магнитудын хүчтэй газар хөдлөлт  нь Японы түүхэн дэх хамгийн том гамшиг болж байв.  Японы Үндэсний цагдаагийн газраас 2014 онд гаргасан хохирлын мэдээгээр энэ үеэр16.000 хүн амиа алдаж, 2600 хүн сураггүй болж, 450.000 хүн гэр оронгүй болсон гэжээ. Энэ нь 1900 оноос хойш Японы түүхэнд болсон хамгийн том гамшиг гэж бүртгэгджээ. Гамшгийн улмаас Япон улс 309 тэрбум ам.долларын хохирол хүлээсэн байдаг. Их цунамигийн үед сүйрсэн хотын гудамжнуудад мөнгөтэй сейфүүд энд тэндгүй хэвтэж байхад ямар ч хүн ойртохгүй байгааг зурагтаар хараад Япончууд ямар айхтар  ёс журамтай шударга хүмүүс болохыг та бүхэн анзаарсан байх.  Цунами яаж үүсдэг, ямар аюул дагуулдагийг та бүхэн ийшээ орж үзэж болно. 
 
 
2008 онд зуны олимпийн өмнөхөн Хятадын Сычуань мужид болсон газар хөдлөлт 21-р зуунд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том байгалийн гамшигуудын нэг болсон юм. Газар хөдлөлтийн чичиргээ нь 1500 км-ийн алсад орших нийслэл Бээжин болон Шанхай хотод мэдрэгдэж, газар хөдлөлтийн улмаас 87 мянган хүн амь насаа алдаж, 374 мянган хүн гэмтэж бэртэн, 4.8 сая гаруй оршин суугч орон гэргүй болж байжээ.
Одон Орон, Геофизикийн Хүрээлэнгийн судалгаанаас харахад он гарсаар сар гаруйхны дотор Хөвсгөл аймгийн Ханх суманд 4-өөс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 50 гаруй удаа, Дорноговь аймгийн Мандах, Дорнод аймгийн Халхгол суманд тус бүр 2 удаа, Говь-Алтай аймгийн Чандмань, Завхан аймгийн Баянтэс, Идэр суманд нижгээд удаа, дөнгөж өчигдөр Хөвсгөл нуураас холгүй Тува улсын нутагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгдсэн байна. Мөн 2020 онд манай орны хойд хилийн зурвасын дагуу нутгуудад нийт 54691 газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн ба үүнээс 37747 нь Монгол орны нутаг дэвсгэрт болсон байдаг. 
Энэ мэтээр газар хөдлөлтийн тоо жилээс жилд эрс ихэсч байгаа нь нийслэлийн  чанар муутай баригдсан хуучин болоод сүүлийн үеийн барилгуудад оршин сууж байгаа олон хүний санааг зовоосоор байгаа юм.  
Иргэд олон нийт ер нь болгоомжтой байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь чухал.  Галт уул дэлбэрч газар байнга хөдөлдөг Индонези улсад хүмүүстэй уулзаж ярилцаж байхад айл бүр “Бэлэн байдлын” 3-5 хоногийн хүнсний нөөц, цэвэр устай байхыг зөвлөдөг, мөн бичиг баримт үнэт эдлэлээ хадгалдаг жижиг чемодан савтай аюулын дохио хангинахад л аваад гарахад  бэлэн байх ёстой байдаг юм билээ. 
 
 
Доктор Ш.Пүрэвсүрэн