сонин mn
 Саяхан Цэргээр барилга бариулах нь зөв, буруу гэж манай улс төрчид талцав. Нэг талаас нь харвал эдийн засгийн практик асуудал. Өнөөгийн нөхцөл байдалд Хятад ажилчидаар зам бариулж байхаар цэрэгт явсан залуусаа ажлын дөртэй болгоод гаргахад юуны буруу байхав гэж санагдана. Гэхдээ улсыг, хүмүүсийн амьдралыг "санагдсанаараа" удирдаж, интервенци хийж бас болохгүй. Нөгөө талаас илүү төрийн либертари философийг баримталж хүний эрх чөлөө, халдашгүй байдал, ардчилалын үнэт зүйлсийг ярьж байх шиг байна. Маш зөв хандлага. Аливаа улс орны асуудлыг ардчилсан төрийн философийн үүднээс л зөвхөн шийдэх ёстой. Хувь хүний сэтгэл хөдлөл байж болохгүй. Социализмийн үед Марксист, Ленинист философийн үүднээс хар цагааныг ялгаж тунгаадаг байв. Харин одоо бидний философи юу болсон бэ? Оюу толгойн гэрээ яриад, цэргүүдээр ажил хийлгэх тухай яриад сууж байгааг бодвол юу ч үгүй болсон бололтой. Уг нь дэлхийн хөгжилтэй улс орнуудад Ижил хүйстний гэрлэлт, Боловсрол, Байгал орчин зэрэг философийн бүүр ахисан шатны боловсрол шаардсан асуудлаар л улс төрчид нь маргалддаг юм билээ. Ганцхан ордны асуудлыг 10 жил ярьдаг улс ховор л байх. Ижил хүйстний гэрлэлтийг жишээ нь авч үзье.
 
Нэг талд нь ультра либертариан нөхдүүд ардчилсан нийгэмд хүн өөрийнхөө биеийг өөрөө мэдэх ёстой, хүний сэтгэл зүрхээ дагах эрхийг нь төр боож болохгүй гэж маргахад. Нөгөө талд нь консервативууд Библи эсвэл аль нэг шашны номлол, байгалийн хууль зохицолыг иш татаж тийм зүйлийг хэрхэвч зөвшөөрч болохгүй гэж үздэг. Цэргээр барилга бариулах нь зөв үү, тэгээд? Бид зүгээр л зөв юм шиг, эсвэл буруу мэтээр түрүүлж сонссоноороо зөв буруу гэж дүгнэж мэдээж болохгүй. Үүний цаана философийн том агуулга явж байгаа. Түүний өмнө Америк улс дэлхий даяар ардчилалыг тулган хүлээлгэх нь зөв үү (асар олон хүний амь насаар дэмжин байж) гэх мэт олон философийн асуудлын учрыг бид бас олох ёстой. Улс төрийн философийн (political philosophy) сэдэв маань халиад Глобал улс төрийн (Global geopolitical philosophy) сэдэв болж ирж байгаа. 1990 онд Зөвлөлтийн систем задарч унаснаас хойш АНУ-н геополитикийн сонирхол нь дэлхий нийтэд ардчилалыг түгээх явдал болж хувирсан. Үүнийгээ терроризмтой тэмцэх далбаан дор хийдгийг одоо бид гадарлана. Асуулт нь харин их сонин. Харьцангуй байдлаар зарчмын хувьд буруу боловч тэнцвэртэй байсан Ойрхи дорнодод учирч буй эдийн засгийн хохирлыг тооцохоо болъё гэхэд амиа алдаж байгаа хүмүүсийн тоо хяналтаас гарсан. Энэ зөв үнэ мөн үү. Зөв философийн үндэслэл мөн үү. Америк дэлхийн лидер байх үүргийг цаг хугацааны эрхээр авсан бөгөөд сайн биелүүлж чадаж байна уу? Одоо бид очоод Сири, Ливи, Ирак, Афганистан иргэдээс ардчилалаа сонгох уу, өмнөх дарангуйлагчаа сонгох уу гэж асуувал юу гэх бол. Сонин. Америкчууд ч яахав. Морьтой дэлхийг эзлэх амархан, буугаад удирдах хэцүү гэдгийг дэлхийн түүхэнд хэд дэх удаагаа ч юм бэ баталцгааж байх шиг байна. Ер нь Харвардтайгаа, философичидтойгоо бүтэлгүйтсэн гэдгийг нь зөвшөөрцгөөвөл яасан юм бэ. 800 жилийн өмнө Монголчууд дэлхийн лидерийн үүргээ сайн биелүүлж чадсан уу? Америкчуудыг Хятадуудаар солиход дэлхийн чиг хандлага хаашаа эргэх вэ. Гэх мэт олон философийн асуултын хариултыг бид үндэстэнийхээ хувьд мэддэг байх ёстой. Улс төрийн, Эдийн засгийн онолуудыг хараад байхнээ дандаа нэг систем дотор. Нэг улс дотор бодож гаргасан байх юм. Глобал орчин, глобал тэмцэл, глобал хамтрал, глобал өрсөлдөөнийг тооцсон нь ховор. Бид улс төрийн философийн либертари үзэл тэргүүтнийг мартаж орхиод үндэстэнийг философи талаас нь авч харъя. Хүн өнөөдрийг хүртэл байгалийн шалгарлын хуулиар амь гарч, амьд үлдэхийн төлөө л тэмцэж ирсэн. Бид ердөө сүүлийн хэдэн жилд л фэйсбүүкт орж амьдраад байгаа болохоос биш. Үндэстэн ч мөн адил. Хүн төрлөхтөний түүхэнд хэдэн ч мянган үндэстэн мөхсөн байдаг юм. Ардчилал өөрөө үндэстэн мөхөхгүй байхын баталгаа юу?
 
Гэтэл бид ардчилалын философийг сайтар ухаж үзвэл эрх ярихаас өмнө үүрэг ярьдаг. Манайд л буруу ойлгоод байгаа болохоос биш. Бид ч бас гэнэн байдлаар ардчилсан нийгэмд хүний эрх нь бусад хүний эрхээр хязгаарлагдана гэж бүдүүлэг томъёолсон. Тэгээд л тэр. Үүргийн тухай үг өгүүлбэр үндсэн хуулинд байхгүй. Гэтэл ардчилсан ч бай, феодал ч бай, коммунист ч бай аливаа төрийн философитой бүх үндэстэнд оногдох хүн төрлөхтөний нийтлэг философи гэж байна. Тэр нь либертари, либерал, консерватив философиос илүү суурь, илүү үнэн юм. Засаглалын ямар ч хэлбэртэйгээс үл хамаараад аливаа үндэстэн мөхөхгүй байх ёстой. Үндэстэн мөхөхгүй, хөгжин дэвшиж, өрсөлдөгч үндэстэнүүдээс давж гарч, лидер үндэстэн болох явдал бол тухайн үндэстэний гишүүн бүрийн үүрэг мөн. Ардчилсан нийгэм болчихоор энэ үүрэг байхгүй болчихдог юм биш. Тэгээд ч энэ сэдвийг одоо болтол улс төрийн философийн школууд хөндөж тавьдаггүйг нь би гайхдаг. Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн ардчилалын үнэт зүйлс, философи ёсоор бол цэргүүдээр барилга бариулж болохгүй. Харин ардчилалаас өмнөх, үндэстэний эрх ашгийн философи ёсоор бол бид цэрэг байтугай бүгдээрээ хөдөлж байж дэлхийд өөрсдийн байр суурийг олж авна. Ялангуяа дэлхийд бүх үзүүлэлтээр 100 дугаар байрнаас хойгуур байгаа манай улсын хувьд. Харвардын докторуудын хэлсэн шиг ардчилсан улс болчихоор л, ардчилсан философийг мөрдчихөөр л хөгжөөд, цэцэглээд, дэлхийн топ 10 орны нэг болчихдоггүй юм байна гэдгийг бид одоо ойлговол ойлгохоор л болсон. 25 жилээс өөр илүү хэдэн жил хэрэгтэй юм.
 
Би өөрөө либертари, утилитариан философиудыг зөв гэж дагадаг хүний хувьд энд ардчилалын үнэт зүйлс, либерал, либертари аль ч философийг үгүйсгэсэнгүй. Бид түүнээс илүү суурь философиудаа ойлгоё л гэж байгаа юм. Либертари үзлээр бол яалт ч үгүй Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжих талдаа байх юм. Гэтэл бүх ижил хүйстнүүд хоорондоо гэрлээд, энэ дэлхийд эр эм хоёр учирдаггүй тийм цаг үе ирвэл яах билээ? Хүн төрлөхтөн мөхнө. Тэгэхээр асуудал нь зүгээр л би либертари, эсвэл консерватив хүн гэж цээжээ дэлдэхээс өмнө мөхөх үү, сэхэх үү гэдэг асуудал дээр буудаг юм шүү гэсэн санааг гаргаж байгаа юм. Тийм ч учраас яг энэ дээрх шалтгаанаар барууны улс төрчид өнөөг хүртэл маш олон асуудал дээр маргалддаг. Маргаанд аль талийг баримталж байгаагаараа өөрийн улс төрийн философийг тодорхойлдог. Тэрнээс манай улс төрч нар шиг цэвэр хувийн ашиг сонирхлоор маргаанд ордог юм биш. Итгэл үнэмшилээ хамгаалж, түүнийхээ төлөө мэтгэлцдэг билээ. Америкчууд мөнгөн тэмдэгт дээрээ "Бид Бурханд Итгэдэг" гэж бичсэн байдгийг сануулаад энэ бичлэгээ өндөрлөе.
 
Өлзийбаярын Ганзориг