сонин mn
Н.Ѳлзийбаяр бид танилцаад удаагүй байгаа. Архангай аймгийн Цэцэрлэг хотод байрлах “Малчин” зочид буудлын эзэн түүнтэй фермэрийн аж ахуй, хоршооллын тухай нилээд ярилцаж байсан юм. Цэнхэр сумд үйл ажиллагаа явуулж буй алтны шороон ордын уурхайдаа нѳхѳн сэргээлт хэрхэн хийгдэж байгааг үзээч гэж санал болгож байлаа. Зѳндѳѳ л олон уулзаж ярилцаж байсан тѳсѳѳллѳѳ нүдээр үзэж, сэтгэлээрээ тэмтрэх гэж энэ 7 хоногийн эхээр Архангай аймгийн Цэнхэр сумыг түүнтэй хамт зорилоо.
 
Цэнхэр сумаас урагш алдарт Ѳлтийн давааг давахад уулын модод аль хэдийн шаргалтаж эхэлсэн байв. 2000 оны үед “Монгол Газар” компанид ажиллаж байхдаа энэ давааг олон ч удаа давж байсан дурсамж сэргэв.
 
“Монгол Газар”, “Алтан Дорнод” зэрэг уул уурхайн салбарт “алдартай” компаниуд эндээс алтны шороон ордоос олборлолт хийж байсныг хүмүүс мэднэ. “MMNC” компани эндээс олборлолт хийж байгаа юм байна. Уурхайн олборлолт болон орон нутгийн зам, боловсруулах үйлдвэр, ажилчдын хотхон зэргийг хамтдаа явж үзэцгээв. Шороон орд угааснаас гарч буй бохир усыг 3-5 далан байгуулан байгалын аргаар шүүж цэвэршүүлэн цэнгэг уст нуур болгон хуримтлуулсан нь надад илүү таалагдав. Ер нь ихэнхи уурхайнууд дээр усны бохирдол хамгийн эмзэг асуудал байдаг.
 
Шороон ордоо блок блокоор нь маш цэгцтэй ухаж, дараагийн хэсэг рүүгээ шилжихдээ ѳмнѳх блокоо шороогоор дарж дээр нь нѳхѳн сэргээлт хийж байгаа юм байна. “Бүх ажил тогтоосон дүрэм журам, тогтсон стандартынхаа дагуу явах нь хаа хаанаа амар байдаг” гэж миний шавь, уулын инженэр, маркшейдэр А.Алтансүх ярьсан. Ажилчдын тосгондоо залуустаа зориулан усанд орох шүршүүр, саун, сагсны талбай, биллиард, удахгүй бялдаржуулах ѳрѳѳгѳѳ ашиглалтад оруулах гэж байна. “Залуусыг манай уурхайд ажиллаж зѳвхѳн мѳнгѳ олох тѳдий биш, бие биетэйгээ сайхан нѳхѳрлѳж хувь хүнийхээ хувьд сайн тѳлѳвшиж, ѳѳрийгѳѳ хѳгжүүлээсэй гэж хүссэндээ энэ бүхнийг хийдэг юм” гэж уурхайн дарга надад хуучиллаа.
 
Ухсан газраа гаргасан шороогоор нь дарж, дээрээс нь хар шороо асган зүлэг болон ургамлын үрээ тарьж байна. 1-2 жилийн хугацаанд ургаж жигдэртэл мал оруулахгүй гэж нѳхѳн сэргээсэн талбайгаа хашжээ. Технологийн болон биологийн нѳхѳн сэргээлтийг байгаль орны үнэлгээний дагуу ингэж хийх ёстой юм байна. Ирэх жилээс зарим газар нь жимс, ногоо тариалахаар тѳлѳвлѳж байгаагаа бидэнд үзүүлсэн юм. Яг үнэндээ уурхайг бүрэн ашиглаж дууссаны дараа нѳхѳн сэргээлт хийдэг гэж ташаа бодож байснаа энд ирээд ойлгов, хэхэхэ. Нѳхѳн сэргээсэн газруудаа хамгаалж хашсаны улмаас бусад газраас илүү ногоон, илүү ѳтгѳн халиурч байгаа нь гоё харагдаж байлаа.
 
Н.Ѳлзийбаяр Архангайн Цэнхэр сумын уугуул болохоор нутагтаа илүү сэтгэл гаргаж анхаардаг. “Нэгэнт алтыг нь авч байгаа болохоор авдрыг нь илүү дүүргэх хэрэгтэй гэж би боддог. Нѳхѳн сэргээлтээ хийхдээ нѳхѳн үржигддэг баялаг болох мал аж ахуйн орчин үеийн фермтэй хослуулахаар хичээж байгаа” гэж тэрээр хуучлав. Уурхай ажиллаж буй нутгийн багийн малчидтайгаа уулзан одоогоор 59 ѳрх айл нэгдэн  хоршоолол байгуулжээ.
 
Айл бүр 1 сая тѳгрѳгѳѳр нэгдэж, уурхайн орлогоосоо жил бүр 250 сая тѳгрѳгийн хѳрѳнгѳ оруулалт хийж хамтдаа хѳгжихѳѳр гэрээ хийсэн гэнэ. Нэг уулын аманд “Герфорд” үүлдрийн үхэрт зориулсан хашаа болон малчдад нь зориулж тохилог орон сууц барьсаныгаа 29 үхэртэй нь хамт залуу малчин гэр бүлд хүлээлгэн ѳглѳѳ. Хэн хэндээ ашигтай хамтран ажиллах эхлэл нь энэ.
 
Мѳн нэг хэсэг газарт хонинуудыг карантилах хашаануудыг барьж, мал угаах байгууламж бүтээснийг үзэж, тэр ѳдѳр хот айлуудын малыг угааж туршив. Ѳвлийн хүйтэн цагт хонь малаа хашин тусдаа тэжээлээр тэжээн хаврын тарчиг цагт хүмүүсийг шинэ махаар хангах санаа юм байна. Энэ жилдээ туршиж үзээд амжилттай болбол улам ѳргѳжүүлэхээр бодож байгаа аж. Хэнтий аймгаас зэрлэг бодон гахай авчирч үржүүлсэн нь ѳдгѳѳ 70 орчим тоонд хүрчээ. Алсдаа эднийгээ түшиглээд ан агнах отог байгуулах санаатай гэнэ. “Герфорд” үүлдрийн үхрийн аж ахуй, хонины аж ахуй, зэрлэх гахайн аж ахуй, тэжээлийн аж ахуй, хүлэмжийн ногооны аж ахуй энэ бүгд уурхайгаас олсон ашгийн орон нутагт үлдэж буй үр шим.
 
“Хариуцлагатай уул уурхай” гэж юуг тодорхойлж, хэрхэн үнэлж байгааг би сайн мэдэхгүй л дээ. Уул уурхайн салбарт бага хугацаанд ажиллаж байсны хувьд “BMNC”-ын залуус уул уурхайг огт ѳѳрѳѳр харж, огт ѳѳрѳѳр хѳгжүүлж байгааг анзаарч тэднээр бахархсан. Магадгүй нутгийн хүүхдүүд нутагтаа илүү санаа зовинодог байж болох. Харин Тѳр аль болохоор бага оролцож, тэднийг дэмжиж байвал сайн сан. Монголд хариуцлагатай уул уурхай хѳгжиж байгаа юм байна.
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах