сонин mn
Нэг. Ѳнѳѳгийн Монголын хѳдѳѳд ямар асуудлууд байна вэ?
 
1. Малчид “Мянгат малчин” болох гэж тооны хойноос хѳѳцѳлдсѳѳр баахан чанаргүй малтай болж бэлчээрийн даацаа хэтрүүлжээ. Бидний очсон хэд хэдэн сумдын нийт малын 60 орчим хувь нь эр мал байлаа
2. Малчид хавраас эхлээд малаа таргалуулна. Намар хүртэл сайхан таргалуулах атлаа идэшний үеэр муу, хѳгшин малаа зарж хэдэн цаас болгоод бусад малаа тураана. Ирэх хавар дахиад л таргалуулж байгаад дахиад л тураана. Уг нь сайн малаа нядлаж худалдвал ѳѳрт нь ашигтай гэвч тэгэхийг хүсдэггүй
3. Хүүхдийнхээ сургалтын тѳлбѳр, хятад мотоцикль, ѳѳр бусад хэрэгцээндээ зориулж хэдэн мал, сүү цагаан идээгээ зарах гэвч ченжээр л дамжигдана. Нутагтаа кг-ыг нь 7000 тѳгрѳгѳѳр зарсан мах нь ченжээр дэмжин Улаанбаатар хотод 12000 тѳгрѳгѳѳр зарагдах авч малчдад ямар ч хүртээлгүй
 
4. Зарим малчид эрчимжсэн мал аж ахуйг хѳгжүүлэх гэж оролдох боловч тэжээлийн үнийг нь дийлэхгүй. Малын үнээс нь давсан тэжээлийн үнэ тэдэнд олох ашгийг нь багасгана. Үүлдэр угсаагаа сайжруулах гэж сургаар оролдох авч “шатна”. Тэдэнд энэ талаар хэн ч зааж зѳвлѳхгүй
 
5. Зун болохоор хотынхон тэднийг зорьж очин хонож ѳнжинѳ. Баахан “жаргаж жаргачихаад” орхиод одно. Хотынхоны авчирч ѳгсѳн жаахан гурил будаа, элдэв чихэр жимс “аманд ч үгүй, хамарт ч үгүй”
6. Ганцаараа ингэж зовж байхаар гээд хамтдаанийлж хоршиж үзэх авч менежмэнтээ яаж хийхээ мэдэхгүй, бэлтгэсэн мах, цагаан идээгээ борлуулах хамтрагч үгүй. Тэгээд л мухардацгаана, урам нь хугарна
 
Хоёр. Тэгээд яах юм бэ, гэж үү?
 
1. Maлчдын хѳдѳлмѳрийг эдийн засгийн эргэлтэд оруулж, тэднийг “баяжуулах” хэрэгтэй байна.
2. Малын чанарыг сайжруулахын тулд эрчимжсэн мал аж ахуйг тэжээлийн аж ахуйтай нь хослуулах шаардлагатай байна
3. Нүүдлийн мал аж ахуйгаа аялал жуулчлалтай хослуулан хѳгжүүлэх боломж байна. Магадгүй энэ нь бидний ирээдүй болсон хүүхэд багачууддаа монгол ахуй, ѳв уламжлалыг мэдрүүлэх сайн боломж гэж харах хэрэгтэй байх
4. Малын гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шууд хүргэх тээвэр ложистикийн систем бий болгох шаардлагатай. Ингэж байж малчид илүү ашиг хүртэнэ
5. Мал аж ахуйг хѳгжүүлэхдээ мэдээллийн технологийг ашиглах шаардлага бий. Малын гарал үүслийн бичиг нь “энэ бол хулгайн мал биш” гэдгийг нотлохын тулд биш эцэг болон эх мал, хэзээ вакцин хийлгэсэн, ямар тэжээлээр тэжээгдсэн, амьдын жин нь хэд байгаа гэхчилэн бүх мэдээллийг систем болгох хэрэгцээ байна. Энэ нь ирээдүйд монгол малын мах экспортод гарах бэлтгэл нь болно
 
6. Нэгж малаас авах ашиг шимээ нэмэгдүүлэхийн тулд заавал хоршиж хамтран ажиллах шаардлага бий болж байна. Гэхдээ социализмын үеийн “албадлага”-ын шинжтэй бус жинхэнэ нѳхѳрлѳл итгэлцлээр бий болсон хоршоолол байна гэсэн үг
 
7. Энэ бүхнийг хийхийн тулд малчдын сэтгэлгээ болон хандлагыг ѳѳрчлѳх хэрэгтэй. Энэ хамгийн хүнд асуудал юм билээ. Тѳр засгийн тэдэнд ѳгч буй халамжууд, худлаа амлалтууд тэднийг залхуу хэрнээ бусдад итгэдэггүй болгожээ
8. Монголын мал аж ахуйг хѳгжүүлэх бодит бодлого, тэдэнд энэ бүхнийг үнэмшүүлэх үндсэн загварууд хэрэгтэй байна. Яг үнэндээ Тѳрийн бодлогогүй, Хятадын хяналтаар явж байгааг ѳѳрчилж “юмны эзэн сумын занги” баймаар байна шүү дээ
 
Гурав. “Nomadic Hub” гэж ямар зорилготой байгууллага вэ?
 
“UB Cab”-ын Н.Отгонбаяр бид хоёр 21 аймгуудад салбар байгуулах гэж тойрч явахдаа хѳдѳѳгийн малчдын амьдралд анхаарал хандуулж байлаа. Асуудал юунд байна, шийдэл ямар байж болох вэ? гэхчилэн. Монголын хѳдѳѳ аж ахуйн хѳгжилд санаа зовинож байгаа нь зѳвхѳн бид биш зѳндѳѳ олон хүмүүс байгааг анзаарсан. Найзуудтайгаа уулзаж, хийж бүтээж байгааг нь газар дээр нь очиж үзэж, тэдний туулж ѳнгѳрүүлсэн зовлон жаргалыг сонссоны дараа бид нэгдэхээр шийдсэн юм.
 
1. Хѳдѳѳ орон нутагт тээвэр ложистик хѳгжүүлж буй, ѳдгѳѳ 14 000 жолооч болон 500 000 орчим хэрэглэгчидтэй “UB Cab” компаны үүсгэн хѳгжүүлэгч Н.Отгонбаяр
2. Францын алдарт “монбилиард” үүлдрийг Монголдоо нутагшуулан ѳндѳр ашиг шим бүхий эрчимжсэн мал аж ахуйг хѳгжүүлж буй “Энх сүү” компаныг үүсгэн хѳгжүүлэгч Э.Энхтѳр
3. Дархан Сэлэнгийн нутагт газар тариаланг орчин үеийн хэлбрээр хѳгжүүлж, Монголын бордоо болон ургамал хамгааллын бодисын 30 орчим хувийг хангадаг “Шимт Агро Холдинг” компаныг үүсгэн хѳгжүүлэгч Б.Атарбаяр
4. Монголд нүүдлийн аялал жуулчлалын шинэ загвар, гудамжны хоолны шинэ загварыг хѳгжүүлж буй “Монки Трэйвл” компаны эзэн, загвар ѳмсѳгч О.Билгүүн
5. Америкийн хѳгжлийн стандартын тухай “Хѳгжлийн замаар” ТВ тѳслийг санаачлан хэрэгжүүлж, ѳдгѳѳ Монголдоо загвар тѳсѳл хэрэгжүүлэхээр зорьж яваа Г.Галбадрах
6. Монголдоо бэлэн хоолны бүтээц болон хүргэлтийн шинэ загварыг бий болгон хѳгжүүлж буй “Easy Cook” компаныг үүсгэн хѳгжүүлэгч, залуу бизнесмэн  Н.Одхүү
7. Эрүүл махаар хэрэглэгчидээ хангахын тулд мах бэлтгэл, хүргэлтийн шинэ загварыг хѳгжүүлэхээр зорьж яваа “UB Eats” компаныг үүсгэн хѳгжүүлэгч Ц.Туваансүрэн
8. Мэдээллийн Технологийн шилдэг компаниудын нэг “Мезорн”
9. " Их ѳвийн эрэлд" тѳслийг санаачлан хѳгжүүлэгч, зохиолч Б.Наминчимэд
 
 
Бид удтал судалсаны дараа Архангай аймгийн Цэнхэр сумд “Хариуцлагатай нүүдэлчин” нэртэй хоршоолол байгуулан боломжуудаа нэгтгэн, бодож байгаа санаануудаа бодит ажил хэрэг болгох зорилготой ажиллаж байна. Биднийг Архангай аймгийн засаг дарга Батжаргал, Цэнхэр сумын засаг дарга Галхүү нар дэмжиж хамтран ажиллаж байгаад баяртай байна. Цэнхэр сумын малчидтай 3 удаа уулзаж байж зорилгоо ойлгуулсан. Энэ жилээс тѳслѳѳ хэрэгжүүлж эхэлнэ. Мэдээж амаргүй байх болно, гэхдээ бид шантрахгүй. Тѳсѳл маань эхэлж байгаа болохоор илүү нарийн зүйл ярих боломжгүй. Магадгүй үр дүн нь ойрын үед биш, багагүй хугацааны дараа гарч эхэлнэ.
 
Гол санаа нь:
1. Maлын үүлдэр угсааг сайжруулах замаар чанаржуулж, бэлчээрийн даацыг хэвийн хэмжээнд хүргэх. Цѳѳн малаас илүү их ашиг олох боломжийг малчдад олгоно
2. Эрчимжсэн мал аж ахуйг чанартай тэжээлтэй хослуулан хѳгжүүлнэ
3. Нүүдлийн мал аж ахуйг аялал жуучлалтай хослуулан хѳгжүүлж малчдад илүү орлого олох загварыг бий болгоно
4. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг дундын зуучлагчгүйгээр хэрэглэгчдэд шууд борлуулах замаар малчдын хѳдѳлмѳрийг үнэ цэнэтэй болгоно
5. Хэрэглэгчдийг эрүүл, баталгаатай хүнсээр  хангах технологийн шийдлийг бий болгоно
Бид малчдын боломжийг ашиглан ѳѳрсдѳѳ ашиг олох гэж биш, малчдыг эхэлж баяжуулан тэдэнтэй хамтран ашиг олох зорилготой. Магадгүй энэ нь Монголын орчин үеийн хоршооллын шилдэг загвар болох байх гэж бид найдаж байгаа. Архангайн Цэнхэрийн тѳсѳл амжилттай хэрэгжвэл бид Монголын 21 аймагт энэ загвараар нь хѳгжүүлэх холын зорилготой. Ѳѳ тэгээд элдэв хурал чуулган, зѳвлѳлгѳѳнѳѳс залхлаа. Зүгээр л боломжуудаа нэгтгэн бодитой шийдэл, загварыг хѳгжүүлье. Тэгж гэмээ нь бид бодит хѳгжилд хүрэх болно. Олон хүн энэ талаар лавлаж асуугаад байгаа болохоор ерѳнхий мэдээллийг хүргэх хэрэгтэй боллоо. 
 
 
                               Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах