сонин mn
…Ѳѳ тэгээд Монголын минь улс тѳр амаргүй юм аа. Хийж, хэрэгжүүлж байгаа ажлууд нь байнга шүүмжлэл дагуулаастай. Үр дүнг нь хүртээд байгаа хэрнээ сэтгэлд нь нийцнэ гэж үгүй. Би ч бас гадаадад байхдаа зѳндѳѳ шүүмжилж, “ингэх хэрэгтэй”, “тэгэх ёстой” гэхчилэн зааварладаг л байсан. Ирээд улстѳрийн бүтэц, үйл ажиллагааны зарчимыг нь ажихад санаснаас ѳѳр байлаа. “Хэлэхэд амархан, хийхэд хэцүү” гэхчилэн тогтолцооноосоо шалтгаалаад амаргүй л харагдана. “Хэнд эрх мэдэл буй, түүнд хилэнц буй” гэдгээр шийдвэр гаргаж буй эрх мэдэлтэн,  сѳрѳг хүчнийхэндээ шүүмжлүүлж зѳнгѳѳрѳѳ эсэргүүцэгчдэд хараалгаж зүхүүлнэ. Гэхдээ л бидний амьдралд дэм болж буй бодит үр дүнгүүдийг үгүйсгэж боломгүй.
 
*БАРИМТ-1
 
Дэлхий дахинд тархсан ковид хэмээх хѳнѳѳлт цар тахлын үед нийтдээ 34 539 иргэнээ гадаадаас эх орондоо татаж авч  иржээ. 27 745 иргэн тусгай үүргийн нислэгээр, 6794 иргэн авто замаар Монгол эх орондоо ирсэнээс ОХУ аас 2493 иргэн, БНХАУ аас 4301 иргэн хамрагдсан аж. ЗГ олон улсуудтай гэрээ хийж ойлголцсоны үр дүнд МИАТ компани АНУ, Австрали, Европын Холбооны улсууд руу шууд нислэг үйлдсэн нь ирээдүйд агаарын тээвэр үйлчилгээний шинэ маршрут хѳгжүүлэх боломж боллоо хэмээн би лав олзуурхаж байгаа. Гадаадад гацсан иргэдээ татан авахад зѳндѳѳ олон асуудал үүсч, иргэдийг бухимдуулсан боловч ЗГ-ын шийдэл нь зѳв байлаа.
 
*БАРИМТ-2
 
Цар тахал дэгдэлт 2 жил үргэлжилсэн хүнд үед 5 удаа хѳл хорио тогтоосноос иргэд, аж ахуйн нэгжүүд санхүүгийн хямралд ѳртѳв. Энэ үед тэднийг эрсдэлээс хамгаалж:
1. 2020 оны 11 сарын 1 нээс 2021 оны 7 сарын 1 хүртэл бүх айл ѳрхүүд болон аж ахуйн нэгжүүдийн халуун хүйтэн ус, цахилгаан, дулааны үнийг Тѳр хариуцаж байгаа. “Эрдэнэт” үйлдвэр энэ зардлыг хариуцаж байгаа нь уул уурхайн баялгийн ашгаас ард нийтэд тэгш хүртээх зѳв шийдэл байлаа
 
 
 
2. Хорио цээрийн дэглэмийн үед түр аргацаах тѳдийгээр бус, алсдаа  сэргэн хѳгжих боломжуудыг тооцоолж “10 их наядын хѳтѳлбѳр” боловсруулан хэрэгжүүлж байгаа нь жижиг эдийн засгаа алдагдал багатай авч үлдэх бодит оролдлого мѳн
 
 
 
3. Ѳнгѳрсѳн намраас хүүхэд бүрт сар болгон 100 000 тѳгрѳг олгож байгаа нь амаргүй энэ үед хүүхэдтэй айл ѳрхүүдийн амжиргаанд бодит дэм болж байгаа
4. Саяхан “Оюутолгой”-н уурхайн татварын орлогын үлдэгдлээс иргэд бүрт тараасан 300 000 тѳгрѳг нь мѳн л уул уурхайн баялгийн ашгаас иргэд бүртээ тэгш хүртээсэн сайн жишээ
5. ЗГ аас шийдвэр гаргаж тэтгэврийн насны ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа “тэглэж”, тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад 1 сая тѳгрѳгийн дэмжлэг үзүүлж байгаа нь бодитой дэмжлэг
Хэдийгээр олон нийтийн зүгээс халамжийн бодлого хэрээс хэтэрч, иргэдийн сэтгэл зүйд муугаар нѳлѳѳлж магадгүй хэмээн сануулж байгаа ч цар тахлын эрсдэлтэй  үед Тѳрийн энэ бодлого ард иргэдийг болзошгүй эрсдэлээс бага боловч хамгаалж чадсан нь үнэн.
 
*БАРИМТ-3
 
Энэ цар тахлаас хамгаалах найдвартай арга нь иргэдээ вакцинжуулах боломж мѳн. Дэлхий даяараа цар тахалд нэрвэгдэж улс бүр иргэдээ вакцинжуулах үүрэг хүлээсэн амаргүй энэ үед, ѳѳрсдѳѳ вакцин үйлдвэрлэдэггүй боловч олон улсын зах зээлээс боломжийн хэрээр вакцин оруулж ирэн иргэдээ вакцинжуулж чадаж байгаа нь зѳв бодлого бас бодит үр дүн гэж харж байна. Одоогийн байдлаар:
-Файзер 25,740 тун
-Астра зенека 214,800 тун
-Синофарм 3,500, 000 тун
-Спутник 60,000 тун
 
Нийтдээ 3,800, 540 тун вакцин оруулж ирэн иргэдээ вакцинжуулж байна. Одоогийн байдлаар:
-1,687,198 иргэн буюу зорилтот бүлгийн 81,2% нь вакцины 1 р тундаа
-631,666 иргэн буюу зорилтот бүлгийн 30,6% нь вакцины 2 р тундаа хамрагджээ.
ЗГ-аас ГХЯ-аар дамжуулан хэд хэдэн орнуудад хандан, уг оронд ажиллаж амьдарч байгаа монголчуудыг визний стастус харгалзахгүйгээр вакцинд хамруулах хүсэлт тавьсаныг нааштай хүлээж авсан гэсэн.
 
*БАРИМТ-4
 
Тѳрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгаж иргэдэд илүү хялбар, сонголттой үйлчилгээг хүргэх зорилгоор ЗГ-аас хэрэгжүүлж буй “E MONGOLIA” хѳтѳлбѳрийн цахим үйлчилгээ сайн үр дүнг үзүүлж байгаа. “E Mongolia”д нийтдээ Тѳрийн 50 орчим байгууллагын 516 үйлчилгээг хамруулжээ. Гадаадад байгаа монголчууд минь:
1.     Нийт иргэдэд хүртээж буй 300 000 тѳгрѳгѳѳ авах боломжтой
2.     Гадаад паспортоо сунгуулах болон шинээр авах үйлчилгээ
3.     Монголтой холбоотой лавлах үйлчилгээнүүд болон бусад олон үйлчилгээнүүдийг хил хязгаараас үл хамааран авах боломжтой боллоо.
Гадаадад байгаа монголчууддаа мѳнгѳн туйвуулгын найдвартай үйлчилгээ үзүүлж буй Sendly.mn  багийнхан ХНХЯ-тай хамтран гадаадад байгаа монголчуудаа нийгмийн даатгалд хамруулах хѳтѳлбѳр хэрэгжүүлж эхэлж байгаа.
 
*БАРИМТ-5
 
Ѳмнѳх ЗГ-ыг тэргүүлж ажилласан У.Хүрэлсүх гадаадын улс орнуудад 6 удаа ажлын айлчлал хийж дараах асуудлуудыг шийдвэрлэн бодит ажил болгож эхэлжээ.
1. 2018 оны 9 сард  АНУ-д албан ёсны айлчлал хийхдээ Улаанбаатар хотын цэвэр усны нѳѳцийг нэмэгдүүлэхэд зориулан 350 сая ам долларын буцалтгүй тусламжийн асуудлыг шийджээ
2. 2019 оны 11 сард ОХУ-д ажлын айлчлал хийхдээ ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх байгууламжийг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах тѳслийн баримт бичигт гарын үсэг зуржээ
3. 2018 оны 4 сард БНХАУ-д айлчлахдаа БНХАУ-тай “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд 11 баримт бичигт гарын үсэг зурж, Тѳр хувийн хэвшлүүдийн хооронд 4,5 тэрбум ам доллартай тэнцэх хамтын ажиллагааны гэрээ, хэлцэлүүд байгуулагджээ
4. 2018 оны 10 сард Япон Улсад ажлын айлчлал хийхдээ “Стратегийн түншлэлийн харилцаа”тогтоож, ОУВС-ийн “Ѳргѳтгѳсѳн санхүүжилтийн Хѳтѳлбѳр”ийн хүрээнд 2 дахь шатны санхүүжилтийг Монгол Улсад олгохоор болжээ
5. 2018 оны 1 сард БНСУ-д албан ёсны айлчлал хийхдээ БНСУ-ын ЗГ-аас 500 сая ам долларын хѳрѳнгѳ оруулалт шийдсэнээр Улаанбаатар хотын Хан Уул дүүрэгт “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны хороолол барих боломж бүрджээ
6. 2019 оны 10 сард БНКазакстан Улсад ажлын айлчлал хийхдээ 2 улсын нийт худалдааны эргэлтийг цаашид 4 дахин нэмэгдүүлэхээр тохиролцжээ
Ерѳнхий сайд асан У.Хүрэлсүхийг олон хүмүүс сайн муугаар нэрлэх боловч, миний хувьд гадаад харилцаанд нѳлѳѳлсѳн бодит ажлуудыг сонирхож орууллаа.
 
 
 
…Бид зѳндѳѳ асуудлуудыг шүүмжилцгээж “Монгол Улс маань хэцүүдлээ” хэмээн хашгирцгаадаг. Ихэнхи хүмүүс бодит баримтуудыг дурдахаас, олж мэдээлэхээс татгалзан, сургаар үзэн ядахад бусад хүмүүсийг уриална. Мэдээж болж бүтэхгүй байгаа олон муу зүйлс бий. Гэхдээ болж бүтэж байгааг бас олж харан ярьж мэдээлж баймаар…
 
 
 
Заримдаа ч залхаж байна шүү. Тэгээд л энэ баримтуудыг хайж олон энэ нийтлэлийг бичих санаа тѳрсѳн юм. Хэрхэн дүгнэх нь таны эрх. Цаг хугацааны урсгалд баримтууд тод үлддэг. Уг нь бид сайн санаачлагуудыг бодитоор дэмжиж, буруу муу үйлдлүүдийг шүүмжилж засч сайжруулан хамтдаа л урагшилж хѳгжмѳѳр байна даа. Цаг хугацаа биднийг хүлээхгүй, бас уучлахгүй.
 
 
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах